Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/1088

 

2025          09             11                                                                                       2025/ДШМ/1088

 

        Д.Б-д холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Б- /цахимаар/,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/1828 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-ын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.Б-д холбогдох 2408 00105 0738 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б- овгийн Д-ийн Б-, ........., урьд:

2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр суллагдсан,

2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, одоо ял эдэлж байгаа /РД:......./, 

Шүүгдэгч Д.Б- нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр фейсбүүк цахим орчинд "Соната-7 маркийн машин хямд зарлаа" хэмээн хуурамч зар байршуулсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны эцэст байрлах “******” ХХК дээр ажлын байран дээрээ байсан хохирогч О.Д-гээс 500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ******* тоот дансаар шилжүүлэн авч бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорыг газраас: Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт Д-ийн Б-ыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овогт Д-ийн Б-ыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1195 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил, 2 сар, 01 хоногийн хорих ялд энэ тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож, 90 хоногийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 01 жил, 5 сар, 01 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-ын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 49 хоногийг эдлэх ял оруулан тооцож, элдэх ялаас хасаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Д.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 1195 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ялаар шийтгүүлж тухайн ялыг биечлэн эдэлж байх хугацаанд өмнө нь үйлдсэн гэмт үйлдэл дээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн хорих ангид шилжүүлэн цагдан хорьж энэхүү гэмт үйлдэл маань Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1828 дугаартай шийтгэх тогтоолоор 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж тухайн ялыг өмнөх шийтгэх тогтоолын эдлээгүй үлдсэн ял дээр нэмж нэгтгэн 1 жил, 5 сар, 1 хоногийн ялаар шийтгэсэн болно. Гэвч 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн прокурорын газраас 461 дугаартай яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэн дахин шийтгэж байна. Миний бие эдгээр гэмт хэргүүдийг нэмж нэгтгэн шийдүүлэх хүсэлт гаргасан боловч авч хэлэлцээгүй байж дахин дахин шийтгэх гэж байгаад гомдолтой байна. Ингэж удаа дараа ял нэмж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймээс миний бие эдгээр гэмт хэргүүдийг нэмж нэгтгэн шийдүүлэх хүсэлтэй байгаа тул энэхүү гомдлыг минь хүлээн авна уу. ...” гэв.

Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 720 цагийн нийтэд тустай ажил хийх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сар 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгч Д.Б- 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн цагдаагийн байгууллагаас эрэн хайж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Шүүгдэгч Д.Б- урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн учраас заавал нэгтгэх шаардлага байхгүй гэж үзэж байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр ял эдэлж байсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Д.Б- нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр фейсбүүк цахим орчинд "Соната-7 маркийн машин хямд зарлаа" хэмээн хуурамч зар байршуулсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны эцэст байрлах “******” ХХК дээр ажлын байран дээрээ байсан хохирогч О.Д-гээс 500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ******* тоот дансаар шилжүүлэн авч бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Д-гийн “цахим орчинд “Санота-7 маркийн автомашин хямд зарлаа” гэсэн зар байхаар нь ******* дугаар руу нь залгасан чинь мөнгөний хэрэг гараад зарах гэж байгаа юм. Би одоо Налайх дүүрэгт байгаа болохоор очиж үзүүлэх боломжгүй байна. Маргааш өглөө 8 цагт Улаанбаатар хот ороод уулзъя, одоо урьдчилгаа мөнгө болох 500.000 төгрөг шилжүүлчих гэсэн. Удалгүй над руу ******* дугаараас залгаад дансны дугаараа өгсөн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд урьдчилгаа 500.000 төгрөгийг ******* дугаартай Б- гэх хүний данс руу шилжүүлсэн. Маргааш өглөө нь босоод ******* дугаар луу залгасан чинь миний дугаарыг блок хийсэн байсан. Би данс руу нь мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь “машин” гэж бичсэн...” /хх23/,

дахин өгсөн “...тухайн хүнд шилжүүлсэн 500.000 төгрөгөө буцаан авмаар байна. Би сэтгэцэд учирсан хор уршгийн талаар ойлголоо. Надад ямар нэг сэтгэцийн хариу урвал, сэтгэцийн эмгэгт өөрчлөлт илрээгүй. Хэвийн амьдрал алдагдаагүй, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй, нэхэмжлэхгүй. ...” /хх25/,

Д.Б-ын яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах түр оршин суух гэртээ байхдаа өөрийн фейсбүүк хаягийн нэрийг “Эмэгтэй, эмэгтэй” гэж өөрчилж байгаад “Соната-7” маркийн автомашин зарна гээд өөрийн ******* дугаараа оруулаад пост хийсэн. Тэгтэл над руу үл таних хүн залгаад машин зарах юм уу гэхээр нь би тиймээ би одоо Налайхад байна, маргааш хот ороод үзүүлье, авахаар бол урьдчилгаа 500.000 төгрөг шилжүүлээрэй гээд хүний утаснаас өөрийн хаан банкны ******* тоот дансны дугаараа явуултал удалгүй 500.000 төгрөг “Машин” гэх гүйлгээний утгатай орж ирсэн. Тэгэхээр нь би тухайн машин худалдаж авна гэсэн хүний дугаарыг блок хийгээд шилжүүлсэн мөнгөөр нь онлайн покер тоглож, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж дуусгасан. Тухайн хүний хохирлыг барагдуулах болно. ...” /хх109-110/ гэсэн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх17/, дуудлага лавлагааны хуудас /хх19/, Д.Б-ын Хаан банк дахь ******* тоот дансны хуулга /хх70-79/, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх80-81/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б-ын залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Б- нь мөнгөний хэрэг гарсан тул хямдхан машинаа зарна гэсэн нэрийдлээр хохирогч О.Д-гийн машинтай болох гэсэн хүсэл зоригийг нь далимдуулан түүнээс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ******* тоот дансаар шилжүүлсэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болжээ.

Мөн, шүүгдэгч Д.Б-ын Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1195 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил, 2 сар, 01 хоногийн хорих ялд энэ тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож, 90 хоногийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 01 жил, 5 сар, 01 хоногийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6, 6.9 дүгээр зүйлд заасан зохицуулалтад нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Б- “...Миний бие гэмт хэргүүдээ нэмж нэгтгэн шийдүүлэх хүсэлт гаргасан боловч авч хэлэлцэхгүй, дахин дахин шийтгэж байгаад гомдолтой байна. Удаа дараа ял нэмж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь, Д.Б- нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/1195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, уг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хорих ял эдэлж байгаа нөхцөл байдал тогтоогдсон байхаас гадна энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөр төрлийн гэмт хэрэг байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аливаа хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин тогтоох, нэмж нэгтгүүлэхээр дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй болно. 

Анхан шатны шүүх оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялд нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг тогтоож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөв тайлбарласан хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Харин, анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ын цагдан хоригдсон хоногийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс тооцсон нь буруу болжээ. Учир нь шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн ялын үлдэгдэл тооцоог хавтас хэргийн 106 дугаар талд авагдсан “ялын тооцооны тодорхойлолт”-д үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон тооцсон атлаа 2025 оны 06 дугаар сарын 03, 04-ний өдрүүдийг орхигдуулж шийдвэрлэсэн байх тул энэ талаар зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж, бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Б- 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 49 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/1828 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-ын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 49 хоногийг эдлэх ял оруулан тооцож, эдлэх ялаас хассугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-ын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 51 хоногийг эдлэх ял оруулан тооцож, эдлэх ялаас хассугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийт 49 /дөчин ес/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.АЛДАР

                                                ШҮҮГЧ                                       Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                       С.БОЛОРТУЯА