Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/84

 

                                Н.*******д холбогдох
                                  эрүүгийн хэргийн тухай


Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтөлж,
Прокурор Т.Солонго /цахим/
Яллагдагч Н.*******
Яллагдагчийн өмгөөлөгч Б.Үржинханд нарыг оролцуулан,  
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЗ/112 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Н.*******д холбогдох эрүүгийн 2433000000125 дугаартай, 208/2025/0060 индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овогт Нямдоржийн *******, Монгол улсын иргэн, **** оны *** дугаар сарын ****-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, *** настай, ****эгтэй, ***** боловсролтой, малчин, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ***** баг, **** гэх газарт оршин суух, (РД: *******), урьд
2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/275 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 02 жил, 02 сар хорих ял шийтгүүлж 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024/ДШМ/74 магадлалаар 01 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилсөн. 


Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг Номгон 3-р багийн нутаг “Хавцал” гэх газраас иргэн Б.*******ийн 1 тооны даагыг хулгайлж 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.


Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас: Н.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 


Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:
Яллагдагч Н.*******д холбогдох 2433000000125 дугаартай эрүүгийн хэргийг Прокурорт буцааж, 
Хэргийг Прокурорт очтол яллагдагч Н.*******д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.


Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ч.Батзориг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №01 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: 
... Шүүгчийн захирамжийг 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1.Шүүгчийн захирамжид “...Иргэн ******* гэх айлын адуунд байсан нэг тооны даага алдагдсан талаар хохирогч Б.******* болон гэрч нар мэдүүлсэн, мөн алдагдсан гэх даагыг худалдаж авах талаар яллагдагч Б.******* ******* /*******/,  нар ярилцаж уг даагыг Ширээ нуруунд байдаг Ойгий /*******/-д үзүүлж байсан талаар гэрч Г.Ганзориг мэдүүлсэн байна. 
Иймд хохирогч, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалжийг магадлан шалгаж алдагдсан даага *******гийн адуунд байсан эсэх, дааганы нас, зүс, тамга зэргийг тодруулж алдагдсан даага хохирогч Б.*******ийнх болохыг тогтоох, ******* /*******/, ******* нараас гэрчийн мэдүүлэг авах...” гэжээ,
Прокурор яллах дүгнэлтэд хохирогч Б.*******ийн мэдүүлэгт үндэслэн хүрэн зүсмийн, даалган насны морь гэж тодорхой бичсэн, хавтаст хэргийн 105-106 дугаар талд Б.*******ийн адууны тамганд үзлэг хийсэн. Энэ талаар хохирогч мэдүүлсэн буюу мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлыг дахин шалгуулахаар тусгасан. 
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шаардлагатай гэрч нараас мэдүүлэг авсан байхад хэнээс, юуг, хэрхэн асууж тодруулах талаар тодорхой нарийвчлан тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчиж байна.  
2. Шүүгчийн захирамжид “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ... Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, сэжигтэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ...” гэж заажээ. 
Яллагдагч хавтаст хэргийн материалтай танилцсан боловч зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зураагүй гэж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор тайлбарлаж байна. 
Мөн гэрч С.Дамдинбаатараас гэрчийн мэдүүлэг авахдаа болон эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баримтад 2024 оны 11 дүгээр сарын өдөр гэж гэрчээс мэдүүлэг авсан байхад түүнд эрх үүрэг тайлбарлаж, хууль сануулсан өдрийг бичээгүй, мөн гараар маш гаргацгүй бичсэн байна. 
Хавтаст хэргийн 109 дүгээр талд авагдсан “хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл”-д яллагдагч Н.******* танилцсан хэсэгт гарын үсэг зураагүй байх бөгөөд танилцсан боловч гарын үсгээ зураагүй талаар мөрдөгч тэмдэглэлд үйлдээгүй байна. 
Иймд хавтаст хэргийг хуулийн дагуу яллагдагчид танилцуулсан байна гэж дүгнэх хуулийн үндэслэлгүй юм. 
Иймд шинээр гэрчийн мэдүүлэг авах, мөрдөн шалгах ажиллагааны шатанд оролцогчийн эрхийг хангаж хэргийн материалтай танилцуулах, нотлох баримтыг хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлэх зэрэг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай…” гэжээ. 
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэл, яллах дүгнэлтийн хүрээнд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдахаар хуульчилжээ.
Гэтэл шүүх шийдвэртээ нотлох баримтуудыг харьцуулан дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт:  “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасныг болон мөн хуулийн 6 дахь хэсгийн 6.1-6.7 дахь хэсгийн заалтуудыг ноцтой зөрчсөн байна. 
Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжтой буюу гэрч С.Дамдинбаатарыг гэм буруугийн шүүх хуралдаанд дуудан оролцуулах хуулийн процесс ажиллагааг хэрэгжүүлээгүй, гэм буруугийн шүүх хуралдаан хүртэл хэргийн оролцогч нарыг хэргийн материалтай танилцах боломжоор хангах ажиллагааг хийж хэрэгжүүлээгүй байна. 
Мөн прокуророос яллагдагч Н.******* нь мөрдөн байцаалт дуусгаад хэргийн материал танилцуулахаар дуудах үед өмгөөлөгчтэй хамт хэргийн материалтай танилцана гэдэг байр сууриа илэрхийлэн өмгөөлөгчийн хамт Цагдаагийн хэлтэс болон Прокурорын газарт яллах дүгнэлт гардан авахдаа 2 удаа танилцсан талаар хариу тайлбар гаргасан байна. 
Шүүхээс хэргийн материал танилцуулсан тухай камерын бичлэгийг гаргуулан авч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. 
Шинжээчийн дүгнэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан ба хавтаст хэргийн 30 дугаар хуудаст Б.*******, 31 дүгээр хуудаст Н.******* нар тус тус танилцаж зуржээ. 
Хэргийн оролцогч нараас шинжээчийн дүгнэлттэй холбоотой гомдол гаргаагүй ба анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хуульчлахдаа “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу гэм буруугийн шүүх хуралдааны үед талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох бүрэн боломжтой гэж үзэхээр байна. 
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/112 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ. 


 Яллагдагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: 
Анхан шатны шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй дараах нөхцөл байдлууд байсан.  Үүнд, яллагдагч Н.*******д хэргийн материал танилцуулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг эх хувиар нь танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.” гэж заасан. Хэргийн материалыг танилцуулсан гэх нотлох баримт байхгүй, шүүхийн камерын бичлэгийг үзэх хуулийн зохицуулалт байхгүй. Мөн гэрч Дамдинбаатараас мэдүүлэг он, сар, өдрийг бичээгүй байсан. Уг мэдүүлгийг улсын яллагч яллах дүгнэлтдээ дурдсан. Иймд анхан шатны шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.


Яллагдагч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Надад хэргийн материал танилцуулаагүй гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/112 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.


                                              ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Н.*******д холбогдох эрүүгийн 2433000000125 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Хэргийн материалыг судлахад, Н.*******д холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
3.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Н.Бат-Эрдэнийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын  Номгон 3 дугаар багийн  нутаг “Хавцал” гэх газраас иргэн Б.*******ийн 1 тооны даагыг  хулгайлж иргэд 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 
Анхан шатны шүүхээс гэрчээс мэдүүлэг авах, мөрдөн байцаалтын шатанд  оролцогчийн эрхийг хангаж, хэргийн материалтай  хуульд заасны дагуу танилцуулах, нотлох баримтыг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзээд хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуульд заасан яллагдагчийн хэргийн материалтай танилцах эрхийг хязгаарласан, гэрчид  эрх үүргийг тайлбарлан өгөөгүй нь  хэргийн оролцогчийн хуульд  заасан эрхийг хязгаарласан зөрчилд  хамаарна. 
Мөн гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хохирогч Б.*******, яллагдагч  Н.******* нарын адуу ижил тамгатай эсэх, иргэн *******гийн адуунд яллагдагчийн адуу байдаг эсэх  болон  яллагдагчийн өөрийн өмчлөлийн даагыг бусдад худалдсан талаар удаа дараа өгсөн мэдүүлгийг  шалгах ажиллагааг  шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, түүнчлэн өөрийн адуунаас ижил тамгатай даагыг андуурсан  эсэхийг тодруулах нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй бол хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх ашигт нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 
Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/Ш/112 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2025/Ш/112 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 
2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.


                             
     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ 

                            ШҮҮГЧ                                   З.ТӨМӨРХҮҮ 
                                   
         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Г.ДАВААРЕНЧИН