| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0222/э |
| Дугаар | 2018/ШЦТ/227 |
| Огноо | 2018-08-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2018/ШЦТ/227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган,
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт М.Б-д холбогдох эрүүгийн 1821000000256 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: М.Б, Хөвсгөл аймгийн Арбулаг суманд ..... оны .... сарын ....-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ........../, бүрэн дунд боловсролтой, дуучин, хөгжимчин мэргэжилтэй, Хилийн цэргийн ........ дугаар ангид хөгжимчин, Дорнод аймгийн Баян-Уул сумын ................... багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдлэж байгаагүй, бие эрүүл гэх.
Шүүгдэгч М.Б нь согтуугаар 2018 оны 07 сарын 29/30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багт гэртээ хамтран амьдрагч Н.Энхзаяатай маргалдан улмаар алгадаж, биед нь баруун зүүн нүд, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ажлын Хуриш ахын төрсөн өдөр болоод манай гэрт хамт архи ууж байтал Энхзаяа ирсэн. Тэгээд архи дуусахаар нь Нарантуяа эгчийг дуудаж сум орж 2 шил архи аваад Хуриш ахтай хувааж уугаад Хуриш ах “амарлаа” гээд гэртээ харьсаны дараа үлдсэн архиа аваад Пүрэв-Очирынд очиж уусан. Пүрэв-Очирын эхнэр “орой болчихлоо хоноод яв” гээд ор засахад Энхзаяа, “тэгье тэгье” гэхэд нь уурлаад гэртээ харьсан. Тэгээд Энхзаяаг “айлд хонох гэлээ, гэр оронгүй хүн шиг” гэж загнахад намайг тоосон шинжгүй байхаар нь нүүр рүү нь 2 удаа алгадсан...” гэжээ. /хх 25-26/
Хохирогч Н.Энхзаяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 сарын 29-ний орой 18 цагийн орчим ажлаасаа ирэхэд М.Б нь Хуриш гэх ажлынхаа хошуучийн төрсөн өдөр гээд хамт архи ууж байгаад Нарантуяа гэх хүнийг дуудаж сум орж 2 шил архи аваад буцаж ирээд ууж байгаад Хуриш “амарлаа” гээд гэртээ харьсны дараа 22 цагийн орчимд Пүрэв-Очир гэх айлд очиж “Тайга” нэртэй архи уусан. Б-г нилээн согтсон байхаар нь Пүрэв-Очирын эхнэр Ундармаа “хоноод яв” гэхэд, Б “гэртээ очиж хононо” гээд шөнө 2 цагийн орчимд гэртээ хүргүүлсэн. Тэгээд гэртээ ирсэн чинь Б намайг “айлд хонох гэлээ” гэж хэлэхээр нь би дуугүй байсан чинь “хөөе би чамд юм хэлээд байна” гээд миний нүүрэн тус газар 2 удаа алгадаж гэмтэл учруулсан...” гэжээ. /хх 7-8/
Гэрч Ж.Пүрэв-Очир мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 сарын 29-ний орой гэртээ байж байхад Б, Энхзаяа нар 750 граммтай “Тайга” гэх архитай орж ирээд Хуриш хошуучийн төрсөн өдөр гээд тэдний гэрээс танай гэрт ирж байна гээд архиа задлаж бид хэд уусан чинь Б нилээн согтохоор нь Энхзаяагийн хамт 01 цаг өнгөрч байхад гэрт нь хүргэж өгөөд буцсан...” гэжээ. /хх 9-10/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 564 тоот дүгнэлтэд: “1.Н.Энхзаяагийн биед баруун зүүн нүд, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтооглоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 19/
Хэрэгт цугларсан нотлох баримтанд: Дээрх болон Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Энхзаяа /хх 11-13/, шүүгдэгч М.Б /хх 14-15/ нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, Аюулын зэргийн үнэлгээ /27-30/, Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт /хх 33-34/, Прокурорын ялын санал /хх 41/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 32/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 35/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч М.Б нь согтуугаар 2018 оны 07 сарын 29/30-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багт гэртээ хамтран амьдрагч Н.Энхзаяатай маргалдан улмаар алгадаж, эрүүл мэндэд нь “баруун зүүн нүд, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:
Гэмт хэргийн эх сурвалжаа зааж, тодорхой мэдүүлсэн хохирогч Н.Энхзаяагийн “...2018 оны 07 сарын 29-ний орой 18 цагийн орчим ажлаасаа ирэхэд М.Б нь Хуриш гэх ажлынхаа хошуучийн төрсөн өдөр гээд хамт архи ууж байгаад Нарантуяа гэх хүнийг дуудаж сум орж 2 шил архи аваад буцаж ирээд ууж байгаад Хуриш “амарлаа” гээд гэртээ харьсаны дараа 22 цагийн орчимд Пүрэв-Очир гэх айлд очиж “Тайга” нэртэй архи уусан. Б-г нилээн согтсон байхаар нь Пүрэв-Очирын эхнэр Ундармаа “хоноод яв” гэхэд, Б “гэртээ очиж хононо” гээд шөнө 2 цагийн орчимд гэртээ хүргүүлсэн. Тэгээд гэртээ ирсэн чинь Б намайг “айлд хонох гэлээ” гэж хэлэхээр нь би дуугүй байсан чинь “хөөе би чамд юм хэлээд байна” гээд миний нүүрэн тус газар 2 удаа алгадаж гэмтэл учруулсан...” /хх 7-8/ гэх,
Гэрч Ж.Пүрэв-Очирын: “...2018 оны 07 сарын 29-ний орой гэртээ байж байхад Б, Энхзаяа нар 750 граммтай “Тайга” гэх эрхитай орж ирээд Хуриш хошуучийн төрсөн өдөр гээд тэдний гэрээс танай гэрт ирж байна гээд архиа задлаж бид хэд уусан чинь Б нилээн согтохоор нь Энхзаяагийн хамт 01 цаг өнгөрч байхад гэрт нь хүргэж өгөөд буцсан...” /хх 9-10/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, Аюулын зэргийн үнэлгээ /27-30/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 564 тоот дүгнэлт /хх 19/ зэрэг нотлох баримтуутаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Б-н үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Шүүгдэгч М.Б-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хохирогч Н.Энхзаяагийн эрүүл мэндэд учирсан “баруун зүүн нүд, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол нь түүний нүүрэн тус газар алгадсан шүүгдэгч М.Б-н үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.
Мөн Прокурорын газраас шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.5-д заасан нөхцөл байдлыг хангасан, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялын саналыг яллагдагч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч М.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн 1821000000256 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хор уршигт “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Б-д анхааруулсугай.
4. Эрүүгийн 1821000000256 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ...................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ