Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/1089

 

2025          09             11                                                                                        2025/ДШМ/1089

 

                                                     Ч.Н-т холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг /томилолтоор болон цахимаар/,

шүүгдэгч Ч.Н- /цахимаар/, түүний өмгөөлөгч А.Ганзориг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-гийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1794 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ч.Н-т холбогдох 2410 04649 0273 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

М- овгийн Ч-ын Н-, ............, /РД:......../,

Шүүгдэгч Ч.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.П-ийг ёс бус үг хэллэгээр байнга доромжилж, догшин авирлаж, дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй холбоотой маргалддаг зэрэг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэний улмаас амь хохирогч А.П- нь сэтгэл санааны гүн хямралд орж, улмаар 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах  Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн дотуур байрны нэг давхрын **** тоотод орноос уяагаар өөрийнхөө хоолойг боомилон, гэрээслэл бичиж амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ч.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М- овогт Ч-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсны улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-т 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тэмдэглэлийн дэвтэр /гэрээслэл/ 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, цэнхэр өнгийн уяа болон ERYTHROMYCIN 500 mg нэртэй эм 8 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-аас нийт 40.049.150 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-гт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.Н-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Ч.Н-ын өмгөөлөгч А.Ганзориг тус шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “...Ч.Н-ын үйлдсэн гэмт хэрэг гэм буруугийн болоод хэргийн зүйлчлэл хохирлын талаар маргах зүйлгүй. Шүүгдэгчээс өөрийн үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны үед мөн шүүх хуралдааны гэм буруугийн хэлэлцүүлгээр хүлээн зөвшөөрөн улмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-гаас уучлалт гуйж эрүүгийн хариуцлагыг хүлээхээ илэрхийлсэн нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөн, гэм буруугаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон юм. Шүүгдэгч Ч.Н-ын хувьд хохирол төлбөрийг ажил хөдөлмөр эрхлэн төлөхөө илэрхийлсэн. Одоогоор шүүгдэгч Ч.Н- нь Улаанбаатар хотод ганцаараа амьдарч байгаа бөгөөд эцэг, эх, эгч, дүү нар нь Герман улсад оршин суун амьдарч байгаа ба эх нь тухайн газартаа өвдсөн учир эмчилгээ хийлгэж байгаа, хохирол төлбөрийн асуудлаар дэмжлэг үзүүлэх боломжгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-гийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэж заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож анхан шатны шүүхээс ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан. Шүүгдэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо шүүгдэгч Ч.Н-т 5 жилийн хорих ял оногдуулсныг хуульд заасны дагуу хөнгөрүүлэх талаар дурдаж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан. Энэ гэмт хэрэгт хүний амь нас хохирсон байгаа учраас шүүгдэгч Ч.Н-т ял хөнгөрүүлэх боломжгүй байна. ...” гэв.

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг талаар дурдаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Анхан шатын шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байна. Иймд шүүгдэгч Ч.Н-, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ч.Н-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний өмгөөлөгч А.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

2. Шүүгдэгч Ч.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.П-ийг ёс бус үг хэллэгээр байнга доромжилж, догшин авирлаж, дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй холбоотой маргалддаг зэрэг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэний улмаас амь хохирогч А.П- нь сэтгэл санааны гүн хямралд орж, улмаар 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах  Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн дотуур байрны нэг давхрын **** тоотод орноос уяагаар өөрийнхөө хоолойг боомилон, гэрээслэл бичиж амиа хорлосон болох нь:

Дуудлагын лавлааны хуудас /1хх13/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх15-25/, шүүх шинжилгээний ерөнхий газрын цогцост үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх74-89/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх90-92/, хэргийн газраас олдсон эд зүйлд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх95-97, 100-103, 106-112/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх183-186/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх189-214/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-гийн “...2024 оны 08 дугаар сард байсан шиг санагдаж байна, охин А.П- над руу утсаар залгаад "ааваа би Б-гаас больдог юм бил үү" гэсэн зүйл ярихаар нь “би яасан юм, юу болсон юм” гэж асуухад "цахим тоглоом утсаар их тоглож, мөнгө төгрөг үрдэг, надаас мөнгө нэхээд байх юм" гэж хэлсэн. Би хариуд нь “үнэхээр болохгүй байгаа бол миний охин өөрөө л мэд, аав нь охиныхоо амьдралаар тоглох биш, миний охин өөрөө л шийд” гэж хэлсэн. ...Мөн “намайг хардаад байх юм, бас цахим тоглоом тоглоод хэцүү юм” гэж хэлдэг байсан. ...10 сарын 26-ны өглөө Ч.Н- гэх залуу над руу чатаар “сайн байна уу” гэхээр нь би “сайн сайн уу, ажил нь сайн уу, юу болсон бэ” гэхэд Ч.Н- “би П-оос больдог юм уу" гэсэн. Би “аан за юунаас болоод байна, үнэхээр болохгүй бол яах вэ, та нар өөрсдөө л мэд” гэж бичсэн. Ч.Н- гэх залуугийн хувийн байдлын талаар бол би сайн мэдэхгүй. Надтай ганц удаа л уулзаж байсан. Манай охинтой цуг Хөвсгөлд ирж манайд нэг хоносон. А.П-, Ч.Н- хоёр лизингээр Приус-30 маркийн машиныг 2024 оны намар авсан. Урьдчилгаа 14 сая гаран төгрөг өгөхөд 6 сая төгрөгийг нь Ч.Н- гаргасан гэсэн. Мөн 10 сарын 26-ны өдөр охин надад хандаж "Ч.Н- надаас болино гэж байна, машинд оруулсан мөнгөө аваад явна гэж байна" гэсэн. Тэгэхээр нь би Ч.Н- луу чатаар "чиний мөнгийг би 3 хоногийн дотор гаргаад өгье, чи зүгээр охиныг минь тайван орхиод явчих" гэж бичсэн. Би охиндоо бас машинаа зараад хэрэггүй шүү миний охин, аав нь мөнгийг нь аргалаад өгчихнө, машинаа унаад ажлаа хий” гэж хэлсэн. Тэр өдөртөө Ч.Н- нь юмнуудаа аваад явсан байсан, тэгэхдээ миний охины ээмэг бөгж зэрэг эд зүйлсийг нь бас аваад явчихсан байсан.

...Миний охиныг ер нь их дарамталдаг байсныг би сүүлд мэдэж байна. Хамт олон, ажил, найз нөхөд хүртэл ажил төрөл дээр нь ирээд ажлыг нь хийлгэхгүй дарамталдаг байсан гэж утсаар ээжийнх нь төрсөн эгчид ярьсан байна лээ. ...Н- гэдэг энэ залуу аягүй их цахим тоглоом тоглодог, охиныг минь есөн шидээр их дарамталдаг, орой үдэш найз нөхөдтэйгөө нэг гарч хоол унданд орсон ч янхан гичий, банзал гээд нь дарамтлаад найз нөхөдтэй нь ч уулзуулдаггүй, асар их тийм хардалд сэрдэлтэд байсан юм байна. Миний охин өөрийн мэдэлгүй тэгээд болохоо байгаад л амиа хорлох байдалд хүрсэн юм байна гэдгийг би мэдээд үнэхээр их гомдож явна. Тэр залууд үнэхээр харамсаж байна.  ...Хамгийн сүүлд нас барахынхаа өглөө хүртэл аавтайгаа видео колл хийгээд “аав аа би одоо энэ Н-аас бүүр больё оо, үнэхээр хэцүү юм байна аа, би өчигдөр орой ингээд найз нөхөдтэйгөө гарч хоол унд идээд ирсэн чинь шөнө утсаар намайг шөнөжин дарамтлаад гичий, нохой, янхан гээд хараадаг шигээ л хараагаад дарамтлаад, тэгээд болохоо байгаад манай үеэлүүд намайг өмөөрсөн” гэж ярьсан. ...Тэгээд би “миний охин үнэхээр болохгүй бол боль оо боль, болохгүй юм юуныхан болгох гээд өөрийгөө зовоод яах вэ” гэдгийг хэлсэн байсан юм. Нээрээ тийм, миний охин аавтайгаа ярьсан өглөө Н- тэр өдөр нь дарамталчхаад хамаг ээмэг бөгж бүх юмыг нь аваад яваад өгсөн гэж байсан, аваачаад ломбардад тавьчихсан байсан. Тэгээд л тэрнээс хойш холбогдоогүй ч үгүй, тэгээд л тэр чигээрээ таг. Бас охиныгоо бас амьдрал руу айхтар оролцоод яах вэ гэж бодоод би бас өөрөө ухаан муутай зан гаргачихжээ. Тухайн үед нь анхаарал хандуулсан бол өдийд миний охин амьд сэрүүн л байгаа л даа. Надад үнэхээр хэцүү байна, миний охиныг амиа хорлох нөхцөл байдал туйлд хүргэсэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна, мөн миний охин гэрээслэлдээ ч уг хүний нэрийг дурдсан байдаг, ямар нэгэн шалтгаангүйгээр тэгж дурдах ухаангүй хүн биш, харин ч нөхцөл байдлыг үнэлж үнэнийг бичиж шалтгаан холбоогоо илэрхийлж нотолгоо бичиж өгсөн нь зөв болсон хэмээн сүүлдээ хатуугаар бодож байна. Би оршуулгын зардал болон сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ." /1хх32, 35-38/,

гэрч Ч.Л-гийн “...2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр орой 22 цагийн орчимд сургалтын албанаас над руу залгаж “байранд чинь юу болсон бэ” гэхэд нь би жижүүрээс асууя гээд тасалсан, тэгээд жижүүрээс тодруулж асуухад "**** тоотод амьдардаг охин амиа хорлосон байна" гэж надад хэлсэн. Тэгээд би 23 цаг өнгөрч байхад тус байранд ирээд харахад цагдаа нар ирчихсэн **** тоотод үзлэг хийж байсан. Тус тоотод А.П- гэх охин 2022 оны өвөл найз залуу гэх эрэгтэйн хамт түрээслэн амьдардаг болсон. А.П- нь ХААИС-д мал аж ахуй биологийн сургуульд суралцаж байгаад 2023 оны 05 сард төгссөн. Тэгээд түүнээс хойш энд найз залуу болон эрэгтэй үеэлтэйгээ гурвуулаа амьдардаг байсан. Урьд нь амиа хорлох үйлдэл хийж байгаагүй. ...” /1хх42-43/,

гэрч М.Ж-гийн “...Би амь хохирогчийн үеэл дүү нь байгаа юм. Би 2022 оны өвлөөс хойш амь хохирогчтой хамт ХААИС-н 1 дүгээр оюутны байранд амьдардаг байсан. Тэгээд 2023 оны намраас эхэлж Н- гэх залуутай амь хохирогч танилцаж, Н-, амь хохирогч, бид гурав тус **** тоотод хамт амьдардаг болсон. Амь хохирогч нь Н-тай өмнө нь хэрэлдэж муудалцдаг байсан. Учир нь, Н- нь барилга дээр ажилласан цалингаараа покер мөрийтэй тоглоом тоглодог амь хохирогч уурлаж хоорондоо маргалддаг байсан. Амь хохирогч, Н- хоёр ББСБ дээр приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй бөгөөд тухайн ББСБ-ийн зээлээс нь Н- төлдөггүй, харин дандаа амь хохирогч төлдөг талаар надад хэлж байсан. Өөр мөн амь хохирогчийг хааяа гарах үед Н- нь хардаж хэрүүл маргаан үүсгэдэг байсан. Мөн сая хамгийн сүүлд 2024 оны 10 дугаар сарын 25-аас 26-нийг шилжих шөнө би үүрийн 6 цагийн орчимд **** тоот руу ороход амь хохирогч болон Н- болон хөршийн эрэгтэй, эмэгтэй хоёртой цуг дөрвүүлээ байж байсан. Тухайн үед Н-ын гараас нь бага зэргийн цус гарчихсан, хувцас нь шороо болчихсон, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд удалгүй Н- гар утсаа гаргаж ирээд цагдаад зодуулсан гэж дуудлага өгсөн. Тэр өдөр амь хохирогч нь Хандармаа болон эрэгтэй хоёр үеэлтэйгээ хамт ХААИС-н гадаа машин дотроо архи ууж байхад нь тааралдаад Н- нь амь хохирогч руу дайрч “яагаад гар утсаа авахгүй байгаа юм янхан минь" гэх мэтээр дайраад Хандармаа нь Н-ыг холдуулахад хажууд нь байсан хоёр эрэгтэй үеэл нь Н-ыг нийлж зодсон байсан. Тэгээд Н- нь түүнээс болж цагдаад зодуулчихлаа гээд дуудлага өгөөд Хан-уул дүүргийн цагдаа нар ирээд Н-ыг авч явсан. Дараа нь удалгүй Н- нь цагдаагаас 10 цагийн орчимд ирээд амь хохирогчтой маргалдаж “салъя, машинаа би авна” гэх мэтээр амь хохирогч руу дайрах үед амь хохирогч эсэргүүцэж машинаа өгөөгүй. Тэгээд Н- нь амь хохирогчтой маргалдаж барьцалдаж аваад байхаар нь би орон дээрээ хэвтэж байгаад эргэж хараад “больцгоо, төмрөөс болж хэрэлдээд яах вэ эсвэл зараад мөнгө төгрөгөө хувааж аваач” гэж хэлэхэд тэр хоёр хэсэг чимээгүй болоод түүнээс хойш Н- нь суугаад амь хохирогчоос 6.600.000 төгрөг нэхээд байх үеэр нь би шөнө нойргүй хоносон байсан учир зүүрмэглээд унтчихсан байсан. Тэгээд би 14 цагийн орчимд сэрэхэд Н- байхгүй, харин амь хохирогч гар утсаа оролдоод байж байсан. ...Тэгээд орой 18 цагийн орчимд би босоод гаднах хувцсаа өмсөөд байж байтал гаднаас амь хохирогч уйлсан байдалтай орж ирээд утсаар яриад “Н-аас салчихлаа” гэсэн утгатай зүйл ээждээ хэлсэн. Тэгээд би эгчээс "та ажлаасаа гарч байгаа юм уу, Хөвсгөл руу явах гэж байгаа юм уу" гэж асуухад амь хохирогч нь “нэг дэх өдөр машинаа зараад Хөвсгөл руу явлаа” гэж надад хэлсэн. Тэгээд би хувцсаа өмсөөд амь хохирогчийг **** тоотод үлдээгээд ажил руугаа явсан. Ийм л зүйл болсон. ...” /1хх46-48/,

гэрч Б.Х-гийн “...Миний бие талийгаач А.П-той оюутан байх цаг хугацаандаа найзалж нөхөрлөж эхэлсэн бөгөөд сүүлд дотуур байрны хажуу талын хөршүүд болж амьдрах болсон. Талийгаач маань их нийтэч яриасаг нээлттэй, хэлэх гэсэн зүйлээ чөлөөтэй хэлчихдэг охин байсан. П-, Н- нарыг хэзээ үерхсэнийг сайн мэдэхгүй байна, гэхдээ 1 жил гаран л болж байгаа байх гэж бодож байна. Н- нь хааяа нэг хэрэлдэх маргалдах үедээ муухай үгээр л хэлдэг байсан хэмээн ярьж байсан. Талийгаач П- ч тэр бууж өгөхгүй маргалддаг байсан юм шиг байна лээ. Харин гар хүрэх зодож цохиж байсан зүйл бол байхгүй байх гэж бодож байна, тийм зүйл ярьж байгаагүй. Гэрээслэлийн талаар мэдэхгүй, хараагүй, гэхдээ хүмүүсээс л сонссон болно. Гэрээслэлдээ Н-ын талаар бичсэн гэж байсан. Маргалдаж муудсанаас л болсон байхаа, хэрэлдэж муудахдаа муухайгаар харааж янз бүрээр хэлдэг байсан гэж байсан. Мөн Н-ыг өмнө нь амьдрал зохиож байсан хүүхэдтэй гэдгийг нь сүүлд мэдсэн байх. Нэмж хэлэхэд П-, Н- хоёр ББСБ-р зээлж машин авснаас хойш хэрүүл маргаан тасраагүй гэж ярьж байсан, мөн Н- нь ажил хийхгүй байж мөрийтэй тоглодог гэх зэрэг зүйлс ярьж байсан. Талийгаачийн нас барахаас өмнөх өдөр нь гэж ойлгох уу даа, эсвэл нас барсан өдрийн өглөөгүүр гэж ойлгож болно. Н- нь П- бид хоёр гадуур гарсныг мэдээд байрны үүдэнд хүлээж байсан юм байна лээ. Тэгээд байрны үүдэнд ирсэн чинь П-той маргалдаад “янхан” зэрэг үгс хэлж доромжилсоор байсан ба тухайн үед хамт байсан үеэл хоёр дүүгийнхэн нэрийг мэдэхгүй байна, тэгээд Н-тай маргалдсан юм шиг байна лээ, Н- цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Үүний дараа П- байр руу орж машины тэрэг, өөр зүйлсийн талаар ч маргалдаад байсан, манайх хажуу хөрш амьдардаг байсан тул сонсогдож байсан. Н- л хашхираад уурлаад л загнаад байсан, намайг хүмүүсээр зодуулсан, цагдаа дуудсан байгаа, цагдаа ирнэ” гээд л хүлээгээд байсан.. Амь хохирогч нь өмнө нь амиа хорлох талаар ярьж байгаагүй, Н-аас салах гээд зөндөө үзсэн. Салахгүй, машин тэрэг байраа ярьсаар салж өгдөггүй байсан гэсэн. Ер нь бол Н-ын амнаас гарч байгаа үг аягүй хүнд, хүнд үг хэлж маргалддаг байсан. Нэг удаа ямар ч хамаагүй аргаар салмаар байна гэж талийгаач хэлж байсан ба зодоод ч хамаагүй салгаад өгөөч гэж гуйж байсан. Ер нь бол Н- таалагддаггүй байсан, бие авч яваа байдал, П-той харьцаж байгаа харилцаа энэ тэр нь. Чамайг бөгсөднө, энэ тэр гээд буур аймар сонин сонин үг сонгож хэрэлддэг. Нэг удаа талийгаач манай гэрт орж ирээд надад л ярьсан л даа, "Н- муу новш, гаж донтон" гэхээр нь “яасан юм бэ, зүгээр үү” гэсэн чинь "Н- надтай бараг хүчээр сая бэлгийн харьцаанд орлоо тэгэх үү, заваан юмаа, найз залуу маань л юм даа" гэх утгатай зүйл ярьж хэлж байсан. Үүнээс харахаар тэр хоёрын харилцаа ил биш далд ч зүйлс зөндөө байсан байх гэж боддог юм. ...” /1хх55-57/,

гэрч Д.Т-ийн “...Тэр хоёр ганц нэг, хааяа нэг хэрэлдэж маргалдлаа л гэдэг байсан юм. ...Ер нь маргалдахдаа ер нь нэлээн ширүүн маргалддаг байсан юм шиг байгаа юм. Н- л талийгаачид гар хүрдэг байсан байх. Манай дүү хааяа цуг хонодог байсан. Тэгэнгүүт нөгөө П- эгч Н- 2 зодолдоод л ер нь бол тийм гар хүрэлцдэг л байсан юм шиг байна. ..Тэгээд сүүлд тэр нас барахын өмнө өглөө маргалдахад бол Н-ыг талийгаач “зүгээр одоо яваад өгөө, би одоо дахиж чамтай баймааргүй байна” гэхэд нь Н- болохоор “одоо чи миний машины төлсөн 6 сая төгрөг билүү тэрийг өгчих, тэгвэл би яваад өгье” гээд тэр шөнө бол мөнгөн дээрээс нэлээн болж маргалдсан. Тэгээд манай найз охиноос сонсоход амь хохирогч нь “за чи ядаж эхлээд энийг авч бай” гээд ээжийнхээ авч өгсөн ээмэг бөгжийг Н- өгөөд явуулсан гэсэн. Тэр шөнө манай найз охин тэр 2 баар орчхоод ирсэн чинь Н- үүдэнд нь зогсож байсан гэсэн. Тэгээд тэр 2-г ирсэн чинь “та муу 2 янхан янхандаж яваад ирэв үү, энэ тэр” гэсэн чинь нэг үеэл дүү нь Н-ыг барьж аваад хэд хэд цохисон гэсэн. Тэгээд Н- өөрөө зодуулчихлаа гээд цагдаа дуудсан гэсэн. Н- өөрөө жоохон тийм сүржин хүн болохоороо л би хүнд зодуулчихлаа гэсэн юм шиг байна лээ, тэрнээс биш ямар нэгэн байдлаар зодуулсан шарх сорви байгаагүй. Н-тай нийлээгүй байсан бол тийм зүйл болохгүй байсан байх гэж бодож байна. ...” /1хх60-63/,

гэрч Э.О-ийн “...Тухайн үед А.П- над руу “байна уу” гэж бичихэд нь би “байна” гэж хариулаад над руу “найз залуу Н-тайгаа маргалдаад байгаа” бичлэгээ явуулсан. Тэгэхээр нь би тэр бичлэгийг нь үзэхэд Н- нь А.П-ид хандан "чи намайг хүн авч ирж зодууллаа, муу янхан минь, чи угаасаа янхан, одоо миний машины мөнгийг өг, би тэгж байж явна" гэж хэлж байсан. Тэгэхэд нь А.П- хариу хэлэхгүй байсан. Тэгээд удалгүй бичлэгээ устгасан, тухайн үед өөр чат бичээгүй. А.П-, Н- нар 2023 оны 09 дүгээр сард Приус-30 маркийн цагаан өнгийн машин банк бусын зээлээр авсан юм. Тухайн машиныг авахдаа А.П- 9.000.000 төгрөг, Н- 6.000.000 төгрөг гаргасан юм байна лээ. Түүнээс хойш А.П-, Н- нар маргалдах болгондоо бие биеэсээ машинд оруулсан мөнгөө нэхээд байдаг байсан. Тэгээд тэр өдөр нь 15 цаг 21 минутад би А.П- руу "за юу болж байна" гэж чат бичихэд" А.П- "юу болох вэ, унтаж сэрээд л байж байна, ээмэг, бөгж, гинжээ ломбардад тавиад 1.000.000 өгөөд явуулсан" гэж хариу ирүүлсэн. Тэгэхээр нь би "ээмэг, бөгжөө хэнд ломбардад тавьсан юм" гэхэд "Б- авч яваад ломбардад тавьсан, миний нэр дээр ломбардад тавьсан байсан, тэр хүн нь залгаж байсан" гэж бичсэн. А.П- найз залуу Ч.Н-ыгаа "таксинд явж олсон мөнгөөрөө покер тоглож алга болоод байгаа, түүнээс болж муудалцаад байгаа” гэж хэлсэн. Ер нь бол 2023 оны 10 сард А.П-, Ч.Н- нар 2, 3 удаа салж нийлсэн. Ч.Н- нь А.П-оос салаад 2, 3 хоног алга болж байгаад уучлалт гуйгаад ирдэг байсан. Ч.Н- нь ааш муутай, харахад гайгүй юм шиг хэр нь уурлахаараа хараалын үг хэлээд байдаг. Миний бодлоор А.П- нас барсан нь Ч.Н-тай холбоотой гэж бодож байна. Ч.Н- нь А.П-ийг элдвээр хэлж сэтгэл зүйг нь унагаасан байх гэж бодож байна. ...Ч.Н- нь өмнө нь эхнэр хүүхэдтэй байсан бөгөөд түүнээсээ салсныхаа дараа А.П-той танилцаж энэ хоёр нийлсэн юм. Тэгээд А.П- руу Ч.Н-ын өмнөх эхнэр нь залгаж загнаад байдаг байсан, мөн Ч.Н-ын өмнөх эхнэрийнх нь ээж нь залгаад мөнгө нэхээд, Б- утсаа авахгүй байна, чи охиноо мөнгө өг гэж хэл гэж хэлдэг байсан гэсэн. А.П- өмнө нь амиа хорлох үйлдэл гаргаж байгаагүй. Яагаад тэгснийг нь мэдэхгүй байна. Ч.Н- нь их хартай байсан, байнга А.П-ийн утсыг шалгадаг байсан. ...” /1хх67-68/,

гэрч Э.А-ийн “...Миний бие Ч.Н-ын ээж У-ын эгч У-эхийн төрсөн охин нь байгаа юм. Н-ын аав, ээж дүү нар нь Герман улсад оршин суудаг 10 гаран жил болж байна. Харин төрсөн эгч Н- нь Шведэд мөн оршин суудаг болно. Иймд Монгол улсад төлөөлөөд ойр байдаг хүн нь би. Ер нь Н-ын даруухан хүнтэй их эвсэг, хүний үгээр, илүү дутуу зангүй хүн байгаа юм, найз охинтой болсон гэж л хэлж байсан, тэрнээс өөрөөр илүүтэй мэдэхгүй тул хоорондынхон харилцааны талаар сайн хэлж мэдэхгүй байна. Дархижав гэдэг нэг охинтой дундаасаа хүүхэдтэй хэрхэн яагаад салсан талаараа бол бид нарт хэлээгүй, сураг сонсох нээ тэр эмэгтэй нь өөр хүнтэй болоод салсан гэж байсан. Найз охин нь амиа хорлосон гэдгийг бол мэдсэн, тэрнээс өөрөөр нарийн зүйл мэдэхгүй байна. Үнэхээр харамсалтай гэнэтийн сонин зүйл болсон, амь хохирогчийн ар гэрийн зүгээс хохирол төлбөр нэхэмжилсэн тохиолдолд бүрэн барагдуулахад бэлэн болно. ...” /1хх71-72/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

3. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Н- нь ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй эрх зүйн дүгнэлт хийсэн байна.

          Шүүгдэгч Ч.Н- нь амь хохирогч А.П-ийг сэтгэл санааны гүн хямралд оруулж, ёс бус үг хэллэгээр байнга доромжилж, догшин авирлаж, дундын эд хөрөнгө захиран зарцуулах эрхтэй холбоотой маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсны улмаас амь хохирогч А.П- нь сэтгэл санааны хямралд орж улмаар амиа хорлох нөхцөлд хүргэсэн гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Учир нь, Хүнийг амиа хорлоход хүргэх гэмт хэргийн шинж нь гэмт этгээд хохирогчийн нас барах хор уршгийг хүсээгүй боловч байнга доромжилсон, зодсон, айлган сүрдүүлсэн үйлдлийн улмаас тухайн хор уршигт хүргэсэн идэвхтэй үйлдлээр илрэх ба гэм буруутай этгээдийн үйлдэл ба амь хохирсон үр дагаврын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаардана.

Хэрэгт авагдсан баримтуудыг өөр хооронд нь харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч Ч.Н-ын амь хохирогчийг байнга зүй бус үг хэллэгээр доромжилдог, өөрийн эрхшээлдээ байлгах зорилгоор байнгын хардалттай, эдийн засгийн хувьд байнгын маргаантай байлгасан зэргээс үүдэн амь хохирогч сэтгэл санааны гүн хямралд орж, гэрээслэл бичин өөрийнхөө амийг хорлосон нөхцөл байдал гэрч нарын мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, үүнийг үгүйсгэн няцаах баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймээс шүүгдэгчийн амь хохирогч рүү эсрэг чиглэсэн биемахбод, сэтгэл санаа, эдийн засаг, эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан удаа дараагийн үйлдлээс шалтгаалж хохирогч нас барсан буюу өөрийгөө боомилж амиа хорлосон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд заасан “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэмт хэргийн шинж хангагдсан, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

          Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ч.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

4. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ч.Н-ын өмгөөлөгч А.Ганзориг “...шүүгдэгч нь хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байна. Иймд түүнд оногдуулсан 5 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.  

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2-8 жил хорих ялын санкцтай бөгөөд анхан шатны шүүхээс тухайн зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-т 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Харин, шүүгдэгч Ч.Н- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр оршуулгын зардал болох 10.349.150 төгрөгийг нөхөн төлсөн баримтыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн, мөн гэм буруугийн талаар маргахгүй, гэмшиж байгаа байдлыг харгалзан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх ...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Ч.Н-т оногдуулсан 5 жил хорих ялыг 4 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээр дурдсан үндэслэлээр, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1794 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ч.Н-ын өмгөөлөгч А.Ганзоригийн гаргасан “...ял хөнгөрүүлж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ч.Н-ын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 51 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1794 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-т 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-т 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ч.Н- нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал 10.349.150 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-ын цагдан хоригдсон 51 /тавин нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                        Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                        С.БОЛОРТУЯА