Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 111

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Д.Б-д холбогдох эрүүгийн 1826000660122 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт Д.Б

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” ХХК-ий мах боловсруулах үйлдвэрийн хашаанд хохирогч Б.А-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Энэ хэрэг нь хувь хүмүүсийн хувийн харьцаа болон, ямар нэг өс хонзон санаснаас болж үйлдэгдээгүй. Гол шалтгаан нь тухайн хүн манай үйлдвэрт согтуугаар халдан довтлон орж ирсэн. Улмаар энэ хэрэг гарах нөхцөл байдлыг эхлүүлсэн. Миний хувьд энэхүү гэмт хэргийг үйлдье гэсэн санаа байгаагүй. Манай үйлдвэр нь улсын онцгой объект, аюултай объект юм. Олон хүн ажилладаг. Их хэмжээний хутга, шөвөг хэрэгсэл байдаг. Манай үйлдвэр нь аммиакан хөргөлттэй. Хөргөлтийн 1 ширхэг крантийг хөдөлгөхөд Арвайхээр сумын иргэдэд аюул учирна. Би уг аюулаас урьдчилан сэргийлж таслан зогсооё гэсэн байдлаар ийм үйлдэл хийсэн. Үүнээсээ болоод Монгол улсын шүүхийн өмнө ял авах гээд зогсож байна. Би бүх үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, нуун дарагдуулах үйлдэл хийгээгүй. Цаашид хуулийн хүрээнд асуудлыг шийдэж байхаа ойлгож байгаа. Би нийтийн эрх ашиг, аюулгүй байдлын төлөө явснаар энд ингээд зогсож байна...” гэв.

Хохирогч Б.Ан мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 29-ний орой 18 цаг өнгөрч байхад нядалгааны газар өөрийн үхрээ ажил тарсны дараа нядалгааны газрын хашаанд оруулна гэдгээ үхрээ нядалгаанд оруулах гэж байсан иргэдтэй ярьж тохирсон байсан учир тухайн хашаанд байсан үхэрнүүдийг одоо ингэж болохгүй би хашаанаас гаргалаа гэсэн чинь иргэд зөвшөөрсөн юм. Би тухайн хашааны үхэрнүүдийг туугаад гаргаж байсан чинь миний хажуу талаас Д.Б гарч ирээд цээжний хэсэг рүү өшиглөөд намайг газарт унагасан. ... Миний нүүрэн хэсэгт Б гараараа нэлээн хэдэн удаа цохисон. Яг хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Мөн Б нь миний нуруу, толгой хэсэг рүү өшиглөсөн. ... Намайг газар нүүрээ дараад хэвтэж байхад Б намайг дээш нь татаж босгоод дахин нүүрэн хэсэгт гараараа цохисон. ... Миний уруул руу Б цохиж миний биед гэмтэл учруулсан. ... Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

Гэрч Э.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 19 цагийн орчим гарч ирэхэд малын хашаан дотор үйлдвэрийн дарга, нэг залуутай зодолдож байсан. ... Тэгээд би даргыг түлхээд салгасан. Нөгөө залуу нь газар ойчсон байхаар нь босгосон чинь босч ирээд намайг гараараа цохих гэж оролдсон. Тэр үед би дугтраад унагасан. Тэгсэн чинь дарга ирээд нөгөө залуугийн гэдэс хавьцаа нь 2  удаа өшиглөсөн. Тэгээд би даргыг түлхээд нягтлан М хажууд байж байгаад аваад явсан. ... Нөгөө залуу хашаанаас гараад цагдаад хэлнэ гээд явсан.  

...Миний биеийн байдал зүгээр, намайг цохих гэж оролдох үед би оногдоогүй. Би цохиж зодсон зүйл байхгүй, дугтарч унагасан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

Гэрч Б.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 19 цагийн орчим махны үйлдвэрийн хашаан дотроос малчдын малыг нэг эрэгтэй хүн хөөгөөд           гаргах гэсэн. Тэгэхээр нь бид нар малчдын малыг дундуур нь оруулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Бид нарыг шаардлага тавихад өөдөөс хэл амаар доромжлоод

байсан. ...Тэр үед үйлдвэрийн дарга Б ирээд шаардлага тавихад мөн өөдөөс нь хэрэлдээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд байж байтал нөгөө  залуу гартаа хөлдүү малын баас барьчихсан байж байгаад даргыг цохиод авсан.        Тэгээд дарга барьж газар унагаасан. Дарга гараараа толгой хэсэг рүү нь дөрөв юм уу таван удаа цохиж авсан. ... Н шир тоолж өгөх гээд доор байж байгаад хүмүүс шуугиад байхаар нь салгах гээд гарч ирсэн. Н нэг удаа дугтраад унагаж байгаа харагдсан, цохиж зодсонг хараагүй. Тэр залуу хүн ойртуулахгүй цохих гээд дайраад байсан. ... Би цохиж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

Гэрч Э.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн өдөр бид нар ажил тарах дөхчихсөн байж байтал манай үйлдвэрийн мал хашдаг хашаанд согтуу хүн хашгираад байна гээд байхаар нь гараад хартал нэг согтуу хүн мал хашдаг хашаан дотор малаа өгөх гэж байгаа малчидтай хэрүүл хийгээд яваад байсан. Тэгсэн манай үйлдвэрийн дарга Б болиулах гээд өмнөөс нь очтол тухайн согтуу хүн өмнөөс нь маргалдаад байгаа бололтой байсан. Тэгээд намайг харж байхад нөгөө танихгүй согтуу хүн Б даргыг цохих үед нь Б дарга зүүн гараараа хаагаад гаран дээрээ цохиулж байгаа харагдсан. Тэгээд Б дарга барилцаж аваад газар давхралдаад унаж байгаа бололтой байсан ба дээр доороо орж хөрвөөгөөд л байсан. ...Н миний харснаар бол ерөөсөө гар хүрээгүй. Н хажууд нь байж байгаад салгасан хүн нь байгаа юм...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 92 дугаартай шинжээчийн: “... Б.А-н биед тархи доргилт, доод уруулд мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь учирсан үедээ үзүүлэгчийн амь насанд аюул учруулахгүй. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 26 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Б-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “... Би өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрч хохирогчид эмчилгээний зардал болох 700.000 төгрөг барагдуулсан. Хохирогчтой сайн дураараа эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 94-95 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Б-н хувийн байдлыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний цахим үнэмлэхний хуулбар, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаартай тодорхойлолт,  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаартай тодорхойлолт, №921654 дугаартай бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний хуулбар, №138 дугаартай гэрлэлийн гэрчилгээний хуулбар, №0419864 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 76, 78-82 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” ХХК-ий мах боловсруулах үйлдвэрийн хашаанд хохирогч Б.А-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дарыаах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Д.Б-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан Хохирогч Б.А-н шүүгдэгч Д.Б-д зодуулсан талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 4-5/,  “... 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 19 цагийн орчим шүүгдэгч Д.Б хохирогч Б.А-г зодсоныг харсан талаар...” өгсөн гэрч Э.Н-н. /хх-ийн 12-14/, “... 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 19 цагийн орчим шүүгдэгч Д.Б хохирогч Б.А-г зодсон талаар...” өгсөн гэрч Б.М-н мэдүүлэг. /хх-ийн 15-17/, “... Шүүгдэгч Д.Б, хохирогч Б.А хоёрыг зодолдсон талаар...” өгсөн гэрч Э.Б-н мэдүүлэг. /хх-ийн 22-23/, Шүүгдэгч Д.Б-н үйлдлийн улмаас хохирогч Б.А-д хөнгөн хохирол учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 92 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 26/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/ зэрэг болно.

Шүүгдэгч ******* овогт Д.Б-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалгаалсан, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /Зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /Зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Б-д хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 300000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, 

Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Д.Б-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Б-д оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 300.000 төгрөгөөр хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурьдсугай.      

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.