| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2018/00107/Э |
| Дугаар | 112 |
| Огноо | 2018-06-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 112
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ц.Батзориг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дамбийням,
Шүүгдэгч: С.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт С.П-д холбогдох 1826001700113 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт С.П
Шүүгдэгч С.П нь согтуурсан үедээ 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Г.Д-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.П шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Маргаан үл ойлголцлоос энэ хэрэг болсон. Хохирогчид хохирол төлбөрт 520000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Г.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 04 дүгээр сарын 11-ний оройн 19 цагийн орчимд байх, би согтуу байсан учир цагийг нь сайн санахгүй байна. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт С.П гэх манай найз миний нүүрэн хэсэгт гараараа 2 удаа цохиж баруун талын нүдийг хөхрүүлсэн ба хамар өмнө нь муруйсан байсан нь дахиж муруйсан байсан. Тэгээд би газар унахдаа эвгүй гишгэж унаад баруун талын хөл гэмтсэн. Эмнэлэгт үзүүлэхэд зөөлөн эдийн гэмтэл гэж хэлсэн. Одоо надад гомдол санал байхгүй. Би өөрийн эмчилгээнд зарцуулсан 520000 төгрөгийг гаргуулж авна. /хх-ийн 10-11 хуудас/,
Гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Г.Д-тэй уулзаад захаар явж байгаад 13 цагийн үед манай гэрт очиж тоглоом тоглохоор болоод Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 20-05 тоотод байрлах манай гэрт очоод тоглоом тоглох зуураа Г.Д бид 2 Хараа нэртэй 0.5 литрийн 1 шил архи хувааж уугаад дууссан. Орой 18 цагийн үед манайд С.П ганцаараа ирсэн ба 1 шил архи авч ирсэн байсан. Тэгээд тэр архийг нь манайд сууж байгаад 3-уулаа хувааж ууж дууссан ба тоглоод сууж байхдаа С.П, Г.Д 2 хоорондоо маргалдаад байгаа бололтой байсан. Тэгээд тэр 2 бие засах гээд 20 цаг өнгөрч байхад манай гэрээс гараад явсан. Намайг араас нь гартал С.П гэх залуу Г.Д-г гэрийн гадаа хашаан дотор маргалдаж
байгаад 2 удаа гараараа нүүрэн хэсэгт нь алгадаад авах шиг болсон. Тэгээд би
зүгээр бай гэж салгачихаад гэртээ орж тоглоомоо унтраачихаад эргээд гараад иртэл
Г.Д газар суучихсан байхаар нь очтол С.П Г.Д-д хандаж
чи ингэж болохгүй шүү дээ гээд байсан. Тэгэхээр нь би С.П-г холдуулаад Г.Д-г яасан юм бэ? гэхэд сая эвгүй гишгэчихлээ гэхээр нь баруун талын хөлийн гутлыг нь тайлаад хартал хавдчихсан байсан. Г.Д бид 2 нэлээн согтуу байсан. Харин С.Псүүлд ирсэн ба бид хоёроос бага архи уусан байсан болохоор бага согтсон байсан. /хх-ийн 21-22 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №232 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:... Г.Д-н биед тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун хөлийн хурууны угийн шивнүүрний зөөлөн эдийн гэмтэл. Зүүн нүд, хамрын нурууны зүүн хэсэгт цус хурал, хамрын нуруу хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь
гэмтлийн эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үзүүлэгч Г.Д-н биед үүссэн хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун хөлийн хурууны угийн шивнүүрт үүссэн зөөлөн эдийн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 29 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч С.П-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Д-н хохирол төлбөрт 520000 төгрөг авсан, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт /хх-ийн 60, 64-65 хуудас/,
Шүүгдэгч С.П-н хувийн байдлыг тогтоосон Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 87 тоот, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолтууд, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51,54, 57 хуудас/,
Шүүгдэгч С.П-н урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тус хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.П нь согтуурсан үедээ 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 20-05 тоотод хохирогч Г.Д-н нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.П-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Д-н 2018 оны 04 дүгээр сарын 11-ний оройн 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт С.П миний нүүрэн хэсэгт гараараа 2 удаа цохиж баруун талын нүдийг хөхрүүлсэн ба хамар өмнө нь муруйсан байсан нь дахиж муруйсан байсан. Тэгээд би газар унахдаа эвгүй гишгэж унаад баруун талын хөл гэмтсэн. Гэрч Г.А-н 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр С.П, Г.Д 2 хоорондоо маргалдаад байгаа бололтой байсан. Тэгээд тэр 2 бие засах гээд гэрээс гарсан. Намайг араас нь гартал
С.П гэх залуу Г.Д-г гэрийн гадаа хашаан дотор маргалдаж
байгаад 2 удаа гараараа нүүрэн хэсэгт нь алгадаад авах шиг болсон гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №232 дугаар шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч С.П-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Д-н хохирол төлбөрт 520000 төгрөг авсан, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч С.П-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.П нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч С.П-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулсан болно.
Шүүгдэгч С.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Мөн шүүгдэгч С.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Г.Д-д хохирол төлбөрт 520000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт С.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.П-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, мөн шүүгдэгч С.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Г.Д-д хохирол төлбөрт 520000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.