Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар  2025/ДШМ/1090

 

2025          09             11                                                                                        2025/ДШМ/1090

 

                                                     Б.Т-т холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Оргилбат /томилолтоор болон цахимаар/,

шүүгдэгч Б.Т- /цахимаар/, түүний өмгөөлөгч Д.Жамъяндагва /цахимаар/,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1820 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т- болон түүний өмгөөлөгч Д.Жамъяндагва нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Т-т холбогдох 2410 03067 0181 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

М- овгийн Б-ийн Т-, ........., /РД:............/,

Шүүгдэгч Б.Т- нь 2024 оны 07 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө, 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны * тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Ц-тай маргалдаж улмаар хэвлий тус газарт нь зэвсгийн чанартай зүйл болох бор өнгийн иштэй хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн баруун урд ханаар хатган элэгний 8-р сигмент, өрц нэвт хатган цээжний хөндий рүү нэвтэрч төгссөн хатгагдсан шарх, цээж, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М- овогт Б-ийн Т-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч М- овогт Б-ийн Т-ийг 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дугаар зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Т-өөс 3.293.400  төгрөгийг гаргуулж хохирогч Э.Ц-ад олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Ц- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Б.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөр шилжих шөнө хохирогч Э.Ц-ын биед согтуурсан байхдаа бэлгийн харьцаанд орох гэж хувцас тайллаа гэх шалтгаанаас болж гэмтэл учруулсан. Би хохирогчийг хутгалснаа хүлээн зөвшөөрдөг. Хохирогчийн утсаар ярьж нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийг төлсөн. Хохирогч гомдолгүй гэсэн өргөдөл өөрийн биеэр болон бичгээр мэдүүлсэн. Иймд бага насны 2 хүүхэдтэй, өндөр настай эмээгээ харж халамжилдаг зэргийг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дахь зүйлчлэлд зааснаар ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Д.Жамъяндагва давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь хуулийг буруу хэрэглэж, буруу тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөвөөр шинжлэн судлахгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Б.Т- нь 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өөрийн найз н.А-гийн хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны * тоотод байж байтал өдрийн 14 цагийн орчимд гаднаас н.Т- ирэхдээ "Агар" нэртэй 0,75 граммын хэмжээтэй архи 1 шил, 2,5 литрийн хэмжээтэй пивотой ирж уусан. Тухайн үед Тэмүүжин нь “надтай цуг ажилдаг байсан нэг танил ах байгаа дуудчихъя” гэж өөрөө шийдээд дуудсан. Удалгүй 17 цагийн орчимд Э.Ц- нь ирж тэд танилцаад 4-лээ цуг ууцгаасан байдаг. Гэтэл Тэмүүжин урьд шөнө ажилтай хоносон учраас ядраад байна гэж хэлээд 19 цагийн үед хэвтээд унтаад өгсөн, харин ...найз Н.А- ...“өлсөөд байна дэлгүүр гарч хоолны юм авчирч хоол хийж идье” гэж хэлээд дэлгүүр гарсан байдаг. А-г гараад удаагүй байхад Э.Ц- нь Б.Т- лүү гэнэт дайрч түүний дээр гарч дарж хэвтээд 2 гарыг нь дээшлүүлэн дарж оролдож эхлээд, эсэргүүцэж, чанга орилж, тусламж дуудсан боловч дийлэхгүй байсан бөгөөд ноцолдож түүний дотуур хувцсыг тайлж, Б.Т-ийн эмзэг эрхтэн рүү хуруугаа хийж, оролдож, хүчээр бэлгийн харилцаанд орохыг шаардаж, хүч хэрэглэж байтал гаднаас найз А- нь Б.Т-ийн чанга орилох дуунаар “утсаар бичлэг хийлээ” гэж айлгаж орж ирэхэд Э.Ц- нь түүний дээрээс босоод А- Б.Т- нараас уучлалт гуйсан байдаг. А-, Э.Ц- нар нь суугаад үлдэгдэл архиа ууж, харин Б.Т- ...унтаад өгсөн хойгуур түүнтэй хамтран амьдардаг найз Н- нь 23 цагийн орчим орж ирээд гарсан. Б.Т-ийг унтаж байхад Э.Ц- нь А-г 00 өрөө орох гээд гарсан хойгуур дахин үргэлжилсэн үйлдлээр оролдож түүнийг сэрээсэн бөгөөд үүнээс үүдэж Б.Т-, н.А- нар нь хамтран Э.Ц-ыг өөрсдийн амьдарч буй газраас гарахыг шаардаж, гадуур хувцсыг өгөөд явахыг хүссэн боловч улам агсарч, хэл амаар доромжилж, “гичий нар, янхан нар, лалрууд, пизда нар” гэх мэтээр тэдний биед халдсан. Дийлдэхгүй байсан учраас Б.Т- нь өөрийгөө болон бусдыг хамгаалахаар Э.Ц-ыг айлгах зорилготойгоор гарт ойрхон байсан хутгыг авч, хаалга онгойлгоод гарч явахыг шаардсан боловч А-г нүүрэнд нь цохиж, Б.Т-ийн хоолойг багалзуурдаж улам их агсарсан тул Б.Т- нь аргагүй байдалд орж, гарцаагүй байдлын улмаас өөрийн болон бусдын амь насанд учирч болзошгүй нөхцөл байдлыг таслан зогсоох зорилготойгоор зэвсгийн шинж чанартай зүйл хэрэглэж, гэмт үйлдлийг таслан зогсоосон.

Улмаар бусдад учруулсан хор уршгаа ухамсарлаж, анхан шатны тусламж үзүүлж, холбогдох эрх бүхий байгууллагад дуудлага өгсөн бөгөөд Э.Ц- нь үргэлжилсэн үйлдлээр шууд санаатайгаар бусдад сэтгэцэд нөлөөлөх архи согтууруулах зүйлийг хэрэглүүлж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, байдлыг мэдсээр байж далимдуулж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн нь нотлох баримт, гар утасны бичлэгээр тогтоогдож байна.

Б.Т- аргагүй хамгаалалт хэрэглэж, хүчээр бэлгийн харилцаанд орохоос урьдчилан сэргийлж бусдад гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог. Дээрх Э.Ц-ын үйлдлийг шалгуулахаар Б.Т- нь холбогдох байгууллагад гомдол гаргасныг хүлээн авч, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Т-, Э.Ц- нарын дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдэл нэг цаг хугацаанд, нэг газар орон зайнд үйлдэгдсэн байх тул хуульд заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хэргийн бодит байдлыг тогтоох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, Э.Ц- нь үргэлжилсэн үйлдлээр шууд санаатайгаар бусдад сэтгэцэд нөлөөлөх архи согтууруулах зүйлийг хэрэглүүлж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, байдлыг мэдсээр байж далимдуулж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоож, эрүүгийн гэмт хэргийг нэгтгүүлж шалгуулахаар хэргийг буцааж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Оргилбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг прокурорын зүгээс үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Т-ийн үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь өөрөө 5-12 жилийн хорих ялтай, анхан шатны шүүх Б.Т-т 5 жилийн хорих ял оногдуулсан нь тухайн зүйл хэсэгт заасан ялын хамгийн бага хэмжээг оноосон байна. Шүүгдэгч нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Б.Т-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Б.Т- болон түүний өмгөөлөгч Д.Жамъяндагва нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, шүүгдэгч Б.Т- нь анх 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Ц- манай найзыг болон намайг та нар бүгд янхан гээд уурлаад байсан. Тухайн үед намайг бэлгийн харилцаанд орсонгүй гэж хэлэхээр нь би босоод Ц-ыг цохиод авсан...” /хх28/ гэж, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Ц- хөлөөс татаж унагаад дээр гараад миний хувцсыг тайлсан. Тэгэхээр нь би “яах гээд байгаа новш вэ” гээд хэрэлдээд эсэргүүцэл үзүүлээд байж байтал А- орж ирээд “чи миний найзыг яаж байна аа” гэж хэлээд гар тусаараа бичлэг хийсэн...” /хх91/ гэж, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгтээ “...Ц- шал дээр хэвтэж байснаа над руу мөлхөж ирээд миний түрсикийг тайлсан. Тэгээд Ц- дээр гарч ирээд миний баруун гар дээр цээжээрээ дарж байгаад баруун гарынхаа хурууг миний бэлэг эрхтэн рүү оруулсан. Тэр үед би Ц-ыг болиоч гээд орилсон. ...нойл орох гээд явж байтал Ц- газар хэвтэж байснаа миний хөлөөс татаж дахиад миний дээр гараад ирсэн. Энэ үед А- “чи одоо хэтрээд байгаа юм биш үү, жинхэнээсээ манай гэрээс яв гээд хөөсөн...” /хх154-155/ гэж, гэрч Б.А- нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...гэнэт Т- уурлаад “ёооё өвдөж байна” гэж хэлээд уурласан. Би Ц-ыг “чи зайл хөөе, яах гээд байгаа юм” гэж хэлээд гэрээсээ хөөгөөд гаргасан...” гэж тус тус мэдүүлсэн байх бөгөөд энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Жамъяндагвын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр /хх130-131/, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр /хх144-145/ Хан-Уул дүүргийн прокурорын газарт, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газарт /хх188-189/, 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Э.Ц- нь Б.Т-ийг хүчиндэхийг завдсан эсэх, хүчээр бэлгийн харилцааны шинжтэй үйлдэл хийсэн байж болзошгүй нөхцөл байдал байх тул үүнийг шалгаж, хэргийг нэгтгэж шалгаж өгнө үү...” /хх193-195/ гэх, шүүгдэгч Б.Т- нь “...Ц- гэж хүн хүчиндэх гэж завдсан бөгөөд энэ үйлдлийг шалгаж өгнө үү...” /хх162/ гэх агуулга бүхий хүсэлтүүд гаргаж байжээ.

Мөн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр яллагдагч талаас хэрэгт эд мөрийн баримтаар хохирогч Э.Ц- нь Б.Т-ийг хүчиндэхийг завдсан байж болзошгүй талаар холбогдох баримт хэрэгт хавсаргуулахаар өгсөн байх ба мөрдөгч тухайн баримтыг хүлээн авч, улмаар гар утасны зурагт үзлэг хийсэн тэмдэглэл үйлдсэн байна. /хх156-159/

Түүнчлэн, хэргийн 161 дүгээр талд 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “...мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй 2410030670181 дугаартай хэргийн яллагдагч “Б.Т- нь Э.Ц-ад хүчиндүүлэхээр завдуулсан” гэх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гаргасны дагуу тус цагдаагийн хэлтсээс иргэний гаргасан өргөдөлд Х-2-5171 дугаар гомдол мэдээллийн бүртгэлд авч, мөрдөгч С.Дөлгөөн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг тэмдэглэв...” гэх мөрдөгчийн тэмдэглэл авагджээ.

Дээрх нотлох баримтуудаар хохирогч Э.Ц- нь шүүгдэгч Б.Т-ийг хүчиндэхээр завдсан байж болзошгүй нөхцөл байдал байхад хохирогчоос 2024 оны 8 дугаар сарын 12, 2025 оны 01 дүгээр сарын 07, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус тус мэдүүлэг авахдаа энэ талаар огт шалгах ажиллагаа явуулаагүй байна. /хх18-26/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, проокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хэргийн бодит байдлыг нотлохын тул хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох учиртай.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-д гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг заавал нотлохоор хуульчилсан болно.

Гэтэл, анхан шатны шүүх нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байх ба энэ нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлж болохыг анхаараагүй хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.  

Түүнчлэн, энэхүү хэрэгт шүүгдэгч Б.Т-ийн хувийн байдлыг бүрэн тогтоож чадаагүй байна. Шүүгдэгч Б.Т-ийг яллах дүгнэлтэд ам бүл 1, ганцаараа амьдардаг гэсэн байх боловч анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг талаар мэдүүлж байна.

Тодруулбал, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд ганцаараа амьдардаг эсэх, эсхүл 2 хүүхэдтэй эсэхийг тодруулж, энэ талаар холбогдох баримтыг хэрэгт хавсаргаснаар бага насны хүүхдийн эрх ашгийг хэн хамгаалах, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоогдсон эсэх, тогтоогдоогүй бол хэрхэн талаар шийдвэрлэх нь М- Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах болон Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхдийг эрхийг хамгаалах зохицуулалтад нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1820 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Жамъяндагвын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ. 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.Т-ийн “...ял хөнгөрүүлэх тухай...” давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэж, шүүгдэгч Б.Т-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1820 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Жамъяндагвын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Шүүгдэгч Б.Т-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.АЛДАР

                                           ШҮҮГЧ                                         Л.ДАРЬСҮРЭН

       ШҮҮГЧ                                        С.БОЛОРТУЯА