Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/87

 

                                         Б.*******од холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай    

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтөлж           

Прокурор Г.Тунгалаг /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргал /цахим/ нарыг оролцуулан,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж, шийдвэрлэн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Б.*******од холбогдох эрүүгийн 2432000880047 дугаартай, 149/2024/0132/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт гийн *******, Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын ***-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, **** настай, ****эгтэй, **** **** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ***** дугаар баг,**** гэх газар оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээгээгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, (РД: )

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Сэлэнгэ аймаг Мандал сумын нутаг Хорилоогийн ам гэх газраас 4 метрийн урттай 21 ширхэг 13.854 метр куб хуурай нарс модыг бэлтгэж Э.*******ын эзэмшлийн Зил-131 загварын ******* СБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тээвэрлэж ойн санд 17,553,344 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******ыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.******* нь 3.000.000 төгрөгийн торгох ялыг 10 сарын хугацаанд 10 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн YD-85.95 загварын бензин хөдөлгүүртэй модны цахилгаан хөрөөг улсын орлого болгох, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдан,

Энэ хэргийн улмаас хураагдан тээврийн хэрэгсэл саатуулах байрны хашаанд байгаа 4 метрийн урттай 21 ширхэг хуурай /нойтон/ нарс модыг хурааж улсын орлогод буюу Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд оруулахыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалган,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497. 1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******оос ойн санд учирсан хохиролд 17,553,344 төгрөгийг, ******* СБА улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгслийн үнэ 4,000,000 төгрөгийг /дөрвөн сая/ тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд оруулан,

Энэ хэргийн улмаас Э.*******ын эзэмшлийн Зил-131 загварын ******* СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгон,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

Эрүүгийн 2432000880047 дугаартай хэрэгт шүүгдэгч Б.*******од хууль зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр нь оролцож байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолыг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шийдвэрийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Б.*******ыг 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Хорилоогийн ам гэх газраас 4м урттай, 21ш 13.854м3 хуурай нарс модыг бэлтгэж Э.*******ын өмчлөлийн Зил-131 маркийн ******* СБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр тээвэрлэж ойн санд 17,553,344 төгрөгийн хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.*******ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хятад улсад үйлдвэрлэсэн бензин хөдөлгүүртэй модны цахилгаан хөрөө, 4 метрийн урттай 21 ширхэг хуурай нарс мод, ******* СБА улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 4 сая төгрөгийг тус тус улсын орлого болгохоор, Б.*******оос ойн санд учруулсан хохиролд 17,553,344 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэхээр тус тус шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь анхан шатны шүүхээс Б.*******од холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болно. Үүнд:

Нэг. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар

1.1. Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт хүргэсэн” шинжтэй байх ёстой. Тэгвэл хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар гэм буруугийн санаатай хэлбэр үгүйсгэгдэж байна. Үүнд:

- Б.*******ын гэрчээр өгсөн “... Хорилоо гэх газраас дээрх модыг Тайгын нарс ХХК-ийн мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу бэлтгэсэн” гэх мэдүүлэг /1хх 43-44/

- Гэрч Б.*******ийн “Тайгын нарс” ХХК-ийн тусгаарласан талбайгаас мод бэлтгэж байгаа гэж ойлгосон. Жолооч *******той хөлсөө тохироод явсан” гэх мэдүүлэг /1хх 51/

- Гэрч М.*******ын /“Тайгын нарс” ХХК захирал/ “...******* СБА дугаартай тээврийн хэрэгслээр *******ын бэлтгэж явсан мод нь манай байгууллагын захиалгаар байсан” гэх мэдүүлэг /1хх 58-60/

- Гэрч Б.******* /“Тайгын нарс” ХХК-ийн ойн инженер/ “...Манай компани Мандал сумын нутаг дэвсгэр болох Хорилоо гэх газраас 1625га газрын ойн санг гэрээгээр эзэмшдэг....манайх 2023 онд Хорилоо гэх газрын 58-р хэсэглэлийн 11-р ялгарлаас мод бэлтгэхээр талбай тусгаарлалт хийлгэсэн 40м3 нөөц үлдсэнийг 2024 онд үргэлжлүүлэн бэлтгэхээр ойн ангид мэдэгдэж Мод бэлтгэх гэрээ байгуулан 2024 оны 02 дугаар сарын 06-нд гоожингийн мөнгө болох 1,195,451 төгрөгийг Төрийн сангийн 100130400945 тоот дансанд тушааж мод бэлтгэх ажлаа эхлүүлсэн” гэх мэдүүлэг /2хх 8-10/

- “Тайгын нарс” ХХК-ийн 2023 онд Ойн ангитай байгуулсан Мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ, талбай сонгосон акт /Хорилоо гэх газар, 58-р хэсэглэл, 11-р ялгарал/ /1хх 160-161/

- Ойн санг эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ 2015.05.27 /Мандал сум Тарни 8-р баг Ганга өндөр уул, Байц уул 1651 га талбай бүхий ойн санг “Тайгын нарс” ХХК-д 11 жилийн хугацаатай гэрээгээр эзэмшүүлэв /1хх 184/

- Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан мод бэлтгэсэн гэх газрын солбицлын цэг нь Мандал сумын Засаг даргын тамгын газрын 2024.04.22-ны өдрийн 3/19 албан бичигт дурьдсанаар Мандал сумын Баянхангай 6-р баг Ганга өндөр уулын зүүн доод Хорилоогийн аманд байрлах газар нутагт хамаарна гэсэн байна. /1хх 190/

- Гэрч М.*******ын /Байгаль хамгаалагч/: “Тайгын нарс” ХХК-нд Хараа бүсийн Ойн ангиас 2024 оны 02 дугаар сарын 02-08 өдрийг хүртэл мод бэлтгэх эрхийг олгосон боловч тус хугацаанд мод бэлтгэлийн ажиллагаа явуулаагүй бөгөөд 3 дугаар сарын 06-10 хооронд сунгалт хийж мод бэлтгэлийн үйл ажиллагаа явагдсан. ...Ойн ангиас эрхийн бичиг болон дагалдах хяналтын хуудсыг олгож миний бие хяналтыг тавьж ажилласан. 38м3 хэрэглээ, 2м3 түлээ буюу нийт 40м3 гоожинтой бөгөөд нийт 4ш хяналтын хуудсаар бэлтгэхээс 13, 15, 16 кодтой 3ш хяналтын хуудсаар 25.8м3 модыг бэлтгэж 14.1м3 үлдэгдэлтэй байгаа /2хх 14-15/

- Гэрч Б.гийн /Хараа бүсийн ойн ангийн ойн инженер: Экологийн цагдаагаас өгсөн цэгүүд нь Мандал сумын нутаг Тайгын нарс ХХК-ийн эзэмшлийн ойн сан болох Хорилоо гэх газар байна. Ас: Бэлтгэсэн мод нь ямар нэр, огтлолтын төрлийнх байна? Хр: Арчилгааны огтлолтын нарс байна. Ас: Тэгэхээр тухайн бэлтгэсэн мод нь олгосон эрхийн бичигтэй таарч байна гэсэн үг Үү? Хр: Тийм /2хх 16-17/

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд Б.*******ын мод бэлтгэсэн Хорилоо гэх газар нь “Тайгын нарс” ХХК-ийн ойн сан бүхий 2023 онд 58-р хэсэглэлийн 11-р ялгарлаас мод бэлтгэхээр Ойн ангиар тусгаарлалт хийлгүүлсэн талбай болох нь тогтоогдож байна. 

Тухайн тусгаарласан талбайгаас бэлтгээгүй үлдсэн 40м3 модыг 2024 оны 3 дугаар сард бэлтгэхээр модны төлбөр хураамжийг компаниас төлөөд Ойн ангиас бэлтгэх модны хэмжээнд нийцүүлэн 13, 14, 15, 16 кодтой 4ш мод тээвэрлэх хяналтын хуудсыг авч 13, 15, 16 дугаартай Зш хяналтын хуудсаар ойгоос 25.8м3 модыг бэлтгэж, 14.1м3 модны үлдэгдэлтэй байсан байна.

Ингээд үлдэгдэл 1ш 14 дугаартай хяналтын хуудсаар Б.******* нь 13м3 буюу заасан тоо хэмжээнээс илүүгүй буюу хууль ёсны дагуу нарс модыг бэлтгэж, тээвэрлэж яваад саатуулагдсан байна.

Б.*******ыг ямар шалтгааны улмаас анх гэмт хэрэгт холбогдуулан шалгах болсон бэ гэхээр “Тайгын нарс” ХХК-ийн 2024 онд тусгаарлалт хийлгэсэн талбайгаас өөр газарт мод бэлтгэсэн гэж түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг.

Гэтэл Б.******* нь “Тайгын нарс” ХХК-ийн 2023 онд тусгаарлалт хийсэн талбайн үлдсэн нөөцөөс мод бэлтгэсэн болох нь тогтоогдож байх тул түүнийг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

1.2. Хохирол, хор уршиг учраагүй талаар

- “Тайгын нарс” ХХК-ийн 2023 онд Ойн ангитай байгуулсан Мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ, талбай сонгосон акт /Хорилоо гэх газар, 58-р хэсэглэл 11-р ялгарал/ /1хх 160-161/

- Ойн санг эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ 2015.05.27 /Мандал сум Тарни 8-р баг Ганга өндөр уул, Байц уул 1651 га талбай бүхий ойн санг Тайгын нарс ХХК-д 11 жилийн хугацаатай гэрээгээр эзэмшүүлэв /1хх 184/

- Тайгын нарс ХХК-ийн 2023 онд Хорилоо ам гэх газрын 58-р хэсэглэлд талбай тусгаарлалт хийлгэсэн талбайн үлдэгдэл нөөц 40м3 модыг бэлтгэхээр нөөц ашигласны төлбөр болох 1,195,451 төгрөгийг Төрийн сангийн 100130400945 тоот дансанд тушаасан талаарх лавлагаа /шүүх хуралдаанд шинээр нотлох баримтаар гаргаж өгсөн/

- Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан мод бэлтгэсэн гэх газрын солбицлын цэг нь Мандал сумын Засаг даргын тамгын газрын 2024.04.22-ны өдрийн 3/19 албан бичигт дурьдсанаар Мандал сумын Баянхангай 6-р баг Ганга өндөр уулын зүүн доод Хорилоогийн аманд байрлах газар нутагт хамаарна гэсэн байна. /1хх 190/

- Гэрч М.*******ын /Байгаль хамгаалагч/: “Тайгын нарс” ХХК-нд Хараа бүсийн Ойн ангиас 2024 оны 02 дугаар сарын 02-08 өдрийг хүртэл мод бэлтгэх эрхийг олгосон боловч тус хугацаанд мод бэлтгэлийн ажиллагаа явуулаагүй бөгөөд з дугаар сарын 06-10 хооронд сунгалт хийж мод бэлтгэлийн үйл ажиллагаа явагдсан. ...Ойн ангиас эрхийн бичиг болон дагалдах хяналтын хуудсыг олгож миний бие хяналтыг тавьж ажилласан. 36м3 хэрэглээ, 2м3 түлээ буюу нийт 40м3 гоожинтой бөгөөд нийт 4ш хяналтын хуудсаар бэлтгэхээс 13, 15, 16 кодтой Зш хяналтын хуудсаар 25.8м3 модыг бэлтгэж 14.1м3 үлдэгдэлтэй байгаа /2хх 14- 15/

- Гэрч Б.гийн /Хараа бүсийн ойн ангийн ойн инженер: Экологийн цагдаагаас өгсөн цэгүүд нь Мандал сумын нутаг Тайгын нарс ХХК-ийн эзэмшлийн ойн сан болох Хорлио гэх газар байна. Ас: Бэлтгэсэн мод нь ямар нэр, огтлолтын төрлийнх байна? Хр: Арчилгааны огтлолтын нарс байна. Ас:Тэгэхээр тухайн бэлтгэсэн мод нь олгосон эрхийн бичигтэй таарч байна гэсэн үг үү? Хр: Тийм /2хх 16-17/

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзэхэд Б.******* нь “Тайгын нарс” ХХК-ийн зохих төлбөр хураамжийг нь төлж, Ойн ангиас олгосон мод бэлтгэж тээвэрлэх хяналтын хуудасны дагуу тухайн компанийн 2023 онд тусгаарлалт хийлгэсэн талбайгаас мод бэлтгэсэн нь хууль ёсны үйл ажиллагаа байх тул энэ үйлдлийн улмаас ойн санд хохирол, хор уршиг учирсан гэж үзэхгүй.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг болохын тухайд бол объектив, субьектив шинжийн аль аль нь хангагдсан буюу үйлдэл, гэмт санаа зорилго харилцан нөхцөлдсөн тохиолдолд гэмт хэргийн шинж хангагдана гэж үздэг.

Тэгвэл Б.*******ыг хууль бусаар мод бэлтгэсэн гэж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт цугларсан баримтуудаас түүний үйлдэлд гэм буруугийн санаатай хэлбэр тогтоогдоогүй, мөн хохирол, хор уршиг учраагүй болох нь дээр дурьдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэргийн объектив, субьектив шинжийн аль аль нь үгүйсгэгдэж байна.

Гэтэл анхан шатны шүүхээс дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, мөн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтын аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй тул шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгана гэж заасан байна.

Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс “Б.*******ын ойгоос мод бэлтгэсэн гэх Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн нутаг, Хорилоо гэх газар нь “Тайгын нарс” ХХК-ийн гэрээгээр эзэмшиж буй ойн санд хамаарч байна. “Тайгын нарс” ХХК нь тухайн газраас мод бэлтгэхээр 2023 онд талбай тусгаарлалт хийлгэсэн байх бөгөөд уг талбайгаас бэлтгэх модноос 40м3 нөөц үлдсэнийг 2024 онд үргэлжлүүлэн бэлтгэхээр болсны дагуу Хараа бүсийн ойн ангиас өгсөн 14 дугаартай мод тээвэрлэх хяналтын хуудасны дагуу шүүгдэгч Б.******* нь 2024 оны 3 дугаар сарын 8-10 хооронд мод бэлтгэсэн байна. Мөн “Тайгын нарс” ХХК-аас нийт 40м3 мод бэлтгэх ойн нөөц ашигласны төлбөрийг төлсөн байх тул ойн санд хохирол хор уршиг учирсан гэж үзэхгүй тул Б.*******од холбогдох хэргийг цагаатгах байр суурьтай оролцож, санал дүгнэлтээ гаргасан боловч шийтгэх тогтоолд өмгөөлөгч миний санал, шүүх хуралдаанд шинжлэн судалж үндэслэл болгосон баримтуудыг хэрхэн үгүйсгэж няцаасан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд гомдолд дурьдсан дээрх нөхцөл байдлуудыг анхаарч үзэж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.*******од холбогдох Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...“Тайгын нарс” ХХК-аас нийт 40м3 мод бэлтгэх ойн нөөц ашигласны төлбөрийг төлсөн байх тул ойн санд хохирол хор уршиг учирсан гэж үзэхгүй тул Б.*******од холбогдох хэргийг цагаатгах байр суурьтай оролцож, санал дүгнэлтээ гаргасан боловч шийтгэх тогтоолд өмгөөлөгч миний санал, шүүх хуралдаанд шинжлэн судалж үндэслэл болгосон баримтуудыг хэрхэн үгүйсгэж няцаасан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд гомдолд дурьдсан дээрх нөхцөл байдлуудыг анхаарч үзэж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.*******од холбогдох Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.*******ын үйлдлийг Монгол Улсын Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн 35.4.1 дэх заалтад “гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн;” гэх, 35.4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэх, 35.4.3 дахь заалтад “засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн.” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүх хэргийн бодит байдал, нотлох баримтад тулгуурлан эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү  гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б.*******од холбогдох эрүүгийн 2432000880047 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2.Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

3.Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Сэлэнгэ аймаг Мандал сумын нутаг Хорилоогийн ам гэх газраас 4 метрийн урттай 21 ширхэг 13.854 метр куб хуурай нарс модыг бэлтгэж Э.*******ын эзэмшлийн Зил-131 загварын ******* СБА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тээвэрлэж ойн санд 17,553,344 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд

-Гэрч Б.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр модонд явсан. Би тухайн үед гоожинг бичиж өгөөд хяналтын хуудас бичиж өгч явуулсан. Тэгээд 13-нд Ялбагийн постонд манай жолооч Б.*******ыг саатуулсан байсан. 05 сард манай компанийг эрүүгийн хэрэг биш зөрчлийн хэрэг гээд Зөрчлийн тухай хуулиар 10,000,000 төгрөгөөр торгосон. ...20240014 гэсэн хяналтын хуудас нь 2024 оны мод бэлтгэх эрхийн бичиг. Манайх чинь арчилгааны огтоор нарс гээд дээр нь биччихсэн. Эд нар чинь наашаа орж ирээд юун дээр орж ирээд хяналтын пост дээр орж ирж модоо цагаалаад орж ирж бүртгүүлдэг. Бид нар цагаанаар нь өгч явуулдаг. Тэмдэглэгээ хийх бид нарт бол эрх байхгүй. Эд нар манай уулын мастер жолооч нар өөрсдөө явч явж уулнаасаа мод тээвэр бэлтгэлээ хийчихээд өөрснөө саалж бөглөх ёстой....” гэх мэдүүлэг /2хх-ийн 144-147-р тал/,

-Иргэний нэхэмжлэгч М.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Тайгын нарс ХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн нутаг дэвсгэр Хорилоогийн ам гэх газар мод бэлтгэлийн ажиллагаа явуулдаг...” гэх мэдүүлэг /1хх-ийн 37-р тал/,

-Иргэний нэхэмжлэгч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Миний нэр дээр ******* СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа. Энэ машиныг ээжийн төрсөн дүү Тайгын нарс ХХК-ний захирал М.******* нь Батсайхан гэх миний өөр нагац ахад тус болох гээд авч өгөхдөө миний нэр дээр бүртгэсэн тээврийн хэрэгсэл юм. Түүнээс энэ машин миний нэр дээр бүртгэлтэй болохоос миний өмчлөл эзэмшлийн машин бол биш юм. Надад ******* СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоотой ямар нэг авлага, өглөг байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 67-68-р тал/,

-Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...Би ******* гэх хүнтэй ******* СБА улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй Тайгын нарс ХХК-ний мод бэлтгэх тусгаарлалт хийгдсэн талбайгаас 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн үед мод бэлтгэж тээвэрлэж явсан. Бид нар мод бэлтгэх талбайгаас 6 юм уу 7 мод унагааж тайрч ачсан, мөн унанги мод бас ачсан. ******* өөрөө тайрах модоо сонгоод тайрсан. ******* ах Тайгын нарс ХХК-ний мод бэлтгэх тусгаарлалт хийгдсэн талбай гэж хэлж байсан болохоос би сайн мэдэхгүй байна. Бид нарын мод бэлтгэсэн газар нь Хорилоо гэх газар байсан бөгөөд тайрсан хожуулыг нь зааж өгч чадна” гэх мэдүүлэг /1хх-ийн 51-р тал/,

-Гэрч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...би ******* ахтай танилцаж 1 тээврийг 150,000 төгрөгөөр тооцож явахаар болоод явж байна. Тэрнээс ямар нэртэй газар болон ямар төрлийн мод бэлтгэж байгааг сайн мэдэхгүй байна. ******* ах энэ тусгаарласан талбайгаас бэлтгэнэ гэж хэлээд бэлдсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 53-55-р тал/,

-Гэрч М.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.******* нь энэ оны 03 дугаар сарын 08-ны өдөр манай үйлдвэрийн хашаанд байсан ******* СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 20240014 дугаартай мод тээвэрлэх эрхийн бичгийг аваад манай ойн сангаас мод бэлтгэхээр явсан. Би Б.*******ыг нойтон палк гарах хэмжээтэй бүдүүн нарс бэлтгээд ирээрэй гээд явуулсан. ...Энэ манай байгууллагын захиалгаар бэлтгэж явсан мод юм. Би *******ыг мод бэлтгээд ирье гэхээр нь хяналтын хуудас өгөөд модоо захиалаад явуулсан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 58-61-р тал/,

-Гэрч М.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “... оны 03 дугаар сарын дунд үед санагдаж байна. Би Б.*******ыг модонд яваад ир гээд байгууллагын мод бэлтгэх хяналтын хуудсыг өгч тухайн 2024 онд мод бэлтгэх эрх авч талбай тусгаарлалт хийлгэсэн Хорилоо гэх газраас нойтон нарс мод бэлтгээд ирээрэй гээд явуулсан үйл явдал болсон... Б.*******од уг талбай тусгаарлалт хийлгэсэн газрыг нарийн зааж өгөөд явуулсан юм. Тэгэхэд Б.******* надад хэлэхдээ талбай тусгаарлалтад очиход машин зам дээр мөстэй халиа гүйж тээврийн хэрэгсэл явах боломжгүй байсан болохоор өөр газраас бэлтгэсэн гэж надад хэлсэн юм....” гэх мэдүүлэг /2хх-ийн 112-113-р тал/,

-Гэрч Ю.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Ойн мэргэжлийн байгууллага нь Ойн тухай хууль болон түүнийг дагаж гарсан БОАЖС-ын 2016 оны А/133 тоот Ойгоос мод бэлтгэх журмын хүрээнд мод бэлтгэл явуулдаг. Ойгоос мод бэлтгэлийн ажлыг явуулахдаа мэргэжлийн боловсон хүчин уулын мастерыг ажиллуулах үүрэгтэй... Ойгоос мод бэлтгэх журам”-ын хүрээнд мод бэлтгэлийг явуулна. Тус аж ахуйн нэгж нь мод бэлтгэлийн ажлыг уулын бригадын зохион байгуулалтын хэлбэрээр явуулна. Сод бэлтгэх эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно. Ойгоос мод бэлтгэхдээ ойн ангийн зааж өгсөн мод бэлтгэх талбай тусгаарласан газраас мод бэлтгэлийн ажлыг явуулах үүрэгтэй. Өөр газраас мод бэлтгэсэн бол Ойн тухай хууль болон түүнийг дагаж гарсан дүрэм журмыг зөрчсөн гэж ойлгож болно ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 75-76-р тал/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 04 сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

5.Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр  торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна гэж үзэв.

6.Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, хохирол, хор уршиг учраагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг ач холбогдолтой хэрэгт хамааралтай талаас нь үнэлж үндэслэл бүхий тогтоол гаргаагүй, шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй тул шүүгдэгч Б.*******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү” гэж давж заалдах гомдол гаргасан байна.

7.Шүүгдэгч Б.******* нь “Тайгын нарс” гэх компаний тусгай зөвшөөрлөөр тухайн компаний модыг бэлтгэхээр урдчилгаа төлбөр авч талбайг заалгаж явсан гэх боловч “...машин зам дээр мөстөж халиа гүйсэн” гэх шалтгаанаар уг газарт бэлтгээгүй, зөвшөөрөлгүй өөр талбайгаас бэлтгэсэн буюу эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж, үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 05 тоот магадлалаар уг гэмт хэрэгт мод бэлтгэх зөвшөөрөл бүхий “Тайгын нарс” ХХК нь Б.*******од зөвшөөрөл өгч мод бэлтгүүлэхээр явуулсан үйлдлийг шалгуулах, дээрх үйлдэлд эрх зүйн дүгнэлт хийлгэхээр буцаасан ба уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж “Тайгын нарс” ХХК-ний дээрх гэмт үйлдэлд оролцсон оролцоог шалган тогтоож эрх зүйн дүгнэлтийг хийж ирүүлсэн байх тул дахин шалгах, шүүгдэгч Б.*******ын гэм бурууд үндэслэл бүхий эргэлзээ үүсээгүй гэж дүгнэв.

Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт  хамаарч  байгаа  ба  энэ  гэмт  хэргийн  объект нь  Ой  мод,  түүнийг бэлтгэх, ашиглах журам бөгөөд халдлагын зүйл нь бүх төрлийн модлог ургамал, мод юм.

Ойн тухай хууль болон холбогдох журмаар ой модыг арчлах, цэвэрлэх, үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх, ашиглах, тээвэрлэх үйл ажиллагааг зохицуулсан байдаг ба шүүгдэгчийн мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж давж заалдах шатны шүүх үзэж байгаа бөгөөд Б.******* нь ургаа модыг огтолж тасалсан үйлдлийг идэвхтэй хэлбэрээр хийж гүйцэтгэсэн нь нотлогдсон байна.

Ургаа модыг тайрч бэлтгэх нь байгаль орчныг бохирдуулах, доройтуулах, гэмтээх, нөөц баялгийг хомсдуулах болон экологийн тогтолцоог алдагдуулах үр дагаварт хүргэх боломжтой хүрээлэн байгаа орчин буюу нийгмийн хор аюул ихтэй гэж үзэх бөгөөд Эрүүгийн хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.” мөн зүйлийн 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...” гэж тус тус заасан.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9-д заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, Сэлэнгэ аймгийн Мандал дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 2025/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                       

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                            ШҮҮГЧ                                    З.ТӨМӨРХҮҮ

                            ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ