Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00210

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00210

 

 

 

Б.Т -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03213 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Т -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.О , Г.О нарт холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 14 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С

Хариуцагч нарын өмгөөлөгч Д.Энхтунгалаг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн Б.Т - шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Т - нь 2008 онд АПУ ХХК-ийн гэрээт борлуулагчаар ажиллаж байхдаа Г.О , Г.О нарт 45 359 200 төгрөгийн үнэ бүхий бараа өгсөн. Хариуцагч нар нь 10 359 200 төгрөгийн барааны үнийг төлж, 29 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнээс надад 15 000 000 төгрөгт Ч.Нэргүйн эзэмшлийн Изусу маркийн автомашиныг тооцож өгсөн. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 857 дугаар тогтоолоор Г.О , Г.О нарт холбогдох хэргийг иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан гэж дүгнэн шийдвэрлэж 14 359 200 төгрөгийн хохирол төлөгдөөгүй тухай тогтоосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ТМБТ ХХК нь манайх нэхэмжлэгч биш, Б.Т - компанид учирсан хохирлыг төлж барагдуулсан тул Б.Т - өөрөө буруутай этгээдээс мөнгөө нэхэмжилж авах нь зүйтэй гэх хүсэл зоригоо илэрхийлсэн.

Иймд хариуцагч нараас 14 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь тухайн үед намайг болон миний төрсөн дүү Г.О ыг хууль бусаар хориулсан. Миний нөхрийн нэр дээрх автомашиныг дээрмийн аргаар авсан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон зүйл байхгүй. 2011 онд намайг эрэн сурвалжлах тухай шийдвэр гараагүй. Энэ хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Г.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд Б.Т -өөс 45 359 200 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн зээлдсэн асуудалд маргаантай байсан тул цагдаагийн байгууллага шалгаж, мөнгө төлөх үндэслэлгүй бөгөөд уг маргаан иргэд хоорондын маргаан гэж үзэж шийдвэрлэсэн. Би 29 000 000 төгрөгийг төлөх талаар ямар нэг баталгаа болгон амлалт өгөөгүй. Харин уг үнийн дүнд маргаантай байр суурьтай байсан. 15 000 000 төгрөгт тээврийн хэрэгслийг тооцон Б.Т - рүү шилжүүлээгүй. 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн захирамжаар намайг эрэн сурвалжлуулсан гэсэн байна. Гэтэл 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бидний хооронд үүссэн маргааныг эрүүгийн журмаар шийдвэрлээд хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн прокурорын тогтоол гарсан. Намайг цагдаагийн байгууллагаас ямар нэгэн шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлуулж байгаагүй, хэрэгт авагдсан бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн зарлага, орлогын баримт дээр зурагдсан гарын үсэг минийх биш бөгөөд уг баримтыг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад нотлох баримтаар үнэлээгүй. Иймд хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа тул үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.О , Г.О нараас 14 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Т -д олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 227 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С , өмгөөлөгч Д.Энхтунгалаг нар нь давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 857 дугаар тогтоолоор Б.Т -өөс бараа материал авсан үйлдэл нь хуурч мэхлэх замаар авсан гэдэг нь тогтоогдохгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол авагдсан байдаг. Гэтэл шүүхээс нэхэмжлэгч Б.Т -ийг ТМБТ ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан гэж бичиж байгаа нь нэхэмжлэх эрхтэй этгээд мэт андуурагдахаар болжээ. Бодит байдалд нэхэмжлэгч Б.Т - нь ТМБТ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар харагддаг. Хэрэгт 3 удаагийн падаан авагдсан байдаг ба энэ ТМБТ ХХК-ийн нэр дээр гүйлгээ хийгдсэн нотлох баримтууд авагдсан байдаг Б.Т -өөс бараа материал авсан гэх ямар ч нотлох баримт байдаггүй. Гэтэл шүүхээс нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжилж байхад нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж байгаа нь нотлох баримтад тулгуурлаагүй байна. Мөн ТМБТ ХХК-аас Б.Т -д Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх шилжсэн гэж үзэж байвал нэхэмжлэгчийг ТМБТ ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа гэж шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхойлж өгснөө үгүйсгэж байна. ТМБТ ХХК болон Б.Т - нарын хооронд гэрээгээр хүлээсэн үүрэг үүссэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Хэдийгээр ТМБТ ХХК-ийн гаргаж өгсөн тодорхойлолтод Б.Т - нь манай компанийн өмнөөс АПУ трейдинг ХХК-д Г.О , Г.О нарын учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь үнэн гэж байдаг боловч энэ талаар нотлох баримт байхгүй.

Г.О , Г.О нь өөрсдөө АПУ трейдинг ХХК-тай зээлийн гэрээ байгуулж бараа материал авч борлуулдаг байсан.

Иймд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Т - нь хариуцагч Г.О , Г.О нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 14 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, нэхэмжлэгч шаардах эрхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэл заан маргажээ.

Хэрэгт авагдсан АПУ трейдинг ХХК-ийг төлөөлж борлуулалтын газрын дарга О.Цэрэн-Аюуш, ТМБТ ХХК-ийг төлөөлж захирал Б.Т - нарын байгуулсан 2009 оны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ, борлуулалтын зарлагын баримт, зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Т - нь тус компанийн гэрээт борлуулагч хийж байсан үйл баримт тогтоогдсон байна. /хх-149-153, 155-171, 173-176/

Анхан шатны шүүх худалдах-худалдан авах гэрээний харилцааг ТМБТ ХХК болон Г.О , Г.О нарын хооронд үүссэн, тэрээр компани шаардах эрхээ Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Т -д шилжүүлсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Хариуцагч талын энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй хэдий ч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхөөргүй байна.

Хариуцагч Г.О , эгч Г.О гийн хамт нэхэмжлэгч Б.Т -өөс АПУ трейдинг ХХК-ийн нэрийн бүтээгдэхүүнийг зээлээр авч борлуулалт хийдэг байсан талаар эрүүгийн журмаар шалгуулж байхдаа мэдүүлсэн байх ба уг бичгийн нотлох баримт мөн хэрэгт авагджээ. /хх-11-12/ Түүнчлэн хэргийн 154 дүгээр талд авагдсан 2009 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн зарлагын баримтад 24 751 800 төгрөгийн үнийн дүн бүхий барааг Б.Т -өөс Г.О хүлээн авч, гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Мөн 2009 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 10 068 200 төгрөгийн үнийн дүн бүхий зарлагын баримт, 2009 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 10 539 200 төгрөгийн үнэ бүхий зарлагын баримтад барааг хүлээн авагч гэсний ард Отгоо гэсэн гарын үсэг зурагджээ. /хх-7-8/ Хариуцагч тал дээрх бичгийн нотлох баримтыг няцаах, үгүйсгэх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйн гадна шүүхэд Б.Т -өөс бараа, бүтээгдэхүүн худалдан авч байсан тухай тайлбар шүүхэд гаргасан байна. /хх-16/

Иймд нэхэмжлэгч Б.Т -, хариуцагч Г.О , Г.О нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх тул талуудын хэн аль нь нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох машин хүлээлцсэн акт, хариуцагч Г.О ын эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байхдаа өгсөн мэдүүлэг, гэрч Б.Нямхүүгийн мэдүүлэг, бараа, бүтээгдэхүүн хүлээн авсан тухай зарлагын баримт, зохигчдын тайлбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээд хариуцагч нарыг худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 14 000 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, тэдгээрээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцэж байна. /хх-4,6-8,11-12, 172, 184-185/

Хариуцагч нар гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж татгалзлын нэг үндэслэлээ тайлбарлажээ.

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.Т -ийн хүсэлтээр хариуцагч Г.О , Г.О нарыг эрэн сурвалжлах тухай Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1375 дугаар шийдвэр гарч, тэдгээрийн оршин суугаа газар 2019 онд тодорхой болсноор эрэн сурвалжлах ажиллагаа дуусгавар болсон болох нь Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 304/959 дугаартай албан бичиг зэргээр нотлогдсон байна. /хх-13,75/ Дээрх хугацаанд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх бөгөөд мөн зүйлийн 79.7 дахь хэсэгт заасны дагуу хугацааг дахин шинээр тоолно. Нэхэмжлэгч 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хугацаанд багтах тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй.

Иймд хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул тэдгээрийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03213 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Ч.ЦЭНД