Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 304/ШШ2026/00144

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б***** аймаг, Т******* сум, ** дугаар багт оршин суух Д.О*******-Э*******ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2026/00044/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Хүсэлт гаргагч Д.О*******-Э*******э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.О*******-Э*******э нь хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1966 онд төрсөн. 1988 оны 03 сарын 14-ний өдрөөс 1993 оны 10 сарын 05-ны өдрийг хүртэл 05-ны өдрийг хүртэл хугацаанд Т******* сумын Шинэ амьдрал нэгдэлд тасралтгүй малын бага эмчээр ажилласан. 1988 оны 03 сарын 14-ний өдрөөс 1993 оны 10 сарын 05-ны өдрийг хүртэл 05-ны өдрийг хүртэл цалингийн лавлагаа, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул ажилласан жил ороогүй хохироход хүрээд байна. Тиймээс 1988 оноос 1993 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд:

-Иргэний үнэмлэхийн лавлагаа,

-1988 оны 03 сарын 07-ны өдөр Д*******гийн О*******-Э*******эд олгосон Хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар,

-Б***** аймгийн Т******* сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 03 сарын 14-ний өдрийн Ажилд томилох тухай захирамж,

-Б*********** аймгийн Архивын тасгийн лавлагаа зэрэг болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь Булган аймгийн Т******* сумын Шинэ амьдрал нэгдэлд 1988 оны 03 сарын 14-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарыг хүртэл малын бага эмчээр ажиллаж байсан бөгөөд тухайн үеийн цалингийн лавлагаа, ажлаас чөлөөлсөн тушаал архиваас гараагүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.Д*******гийн О*******-Э*******эд 1988 оны 03 сарын 07-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарын ажлын тухай мэдээ хэсэгт:

-Сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1988 оны 03 сарын 07-ны өдрийн 15 дугаар захирамжаар МАА-н 3-р хэсгийн малын бага эмчээр томилон ажиллуулав гэх,

-Сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны даргын 1993 оны 10 сарын 05-ны өдрийн 65 дугаар захирамжаар Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон учир МАА-н 3 дугаар хэсгийн малын бага эмчийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэх,

-Улсын үзлэгээр нийт цэргийн алба хаасан хугацааны хамт 8 жил 06 сар 21 өдөр ажилласанд тооцов гэх,

3.2.Булган аймгийн Т******* сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 03 сарын 14-ний өдрийн Ажилд томилох тухай захирамж, захирамжид: 1.Малын бага эмч нарыг бэлтгэх курс төгсөж ирсэн ...Д******* овогтой О*******-Э*******ийг МАА-н 3 дугаар хэсэгт малын бага эмчээр 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай гэх,

3.3.Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 12 сарын 22-ны өдрийн 14 тоот цалингийн лавлагаанд: 1988 оны 3-6, 8-12, 1989 оны 1-6, 8, 10-12, 1990 оны 1, 3-7, 9-12, 1991 оны 1-3, 5-6, 10 саруудад ажилласан цалингийн цэс архивт байгаа тул лавлагаа олгов гэх,

3.4.Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01/22 тоот албан бичгээр ирүүлсэн Т******* сумын Шинэ амьдрал нэгдэлийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн (НД-16)-аар 1992 онд тус газарт нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно,

-Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон мэдээлэл: 1993 оны 10 сараас 2000 оны 12 сарыг дуустал тооцуулсан гэх,

3.5.Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 сарын 30-ны өдрийн 12/70 тоот Иргэн Д.О*******-Э*******ийн анх иргэний үнэмлэх, паспорт авч байсан ХААТР-1, Маягт-1 лавлагаа зэрэг болно.

4.Мөн хүсэлт гаргагч нь Булган аймгийн Т******* сумын Шинэ амьдрал нэгдэлд 1988 оны 03 сарын 14-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарыг хүртэл малын бага эмчээр ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, түүнд хавсарган ирүүлсэн баримтууд болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Гэрч Д.Э*******ын Би 1980 онд Булган аймгийн Т******* сумын Шинэ амьдрал нэгдэлд сүү тосны заводын гачигараар ажилд орж байсан. 1982 оноос 1984 оны хооронд Булган аймгийн Т******* сумын Шинэ амьдрал нэгдэлд сүү тосны заводын засварчинаар ажилласан. Д.О*******-Э*******э нь Булган аймгийн Т******* сумын Шинэ амьдрал нэгдэлийн сүү тосны заводод малын эмч, зоо техникчээр сургуулиа төгсөж ирээд ажилд орж байсан. Бид 1987 оноос 1993 оныг хүртэл хамт ажиллаж байсан. Надтай ажиллаж байх хугацаандаа Д.О*******-Э*******э тасралтгүй ажиллаж байсан гэх,

Гэрч Ж.Т*******ийн Би 1980 онд Булган аймгийн Т******* сумын Шинэ амьдрал нэгдэлд трактор комбайнчаар ажилд орж байсан. 1990-ээд оны үед Шинэ амьдрал нэгдэл нь Шинэ амжилт ХХК болсон. Би Шинэ амжилт ХХК болсоноос нь хойш 2002 оныг хүртэл ажиллаж байсан. Д.О*******-Э*******э нь Булган аймгийн Т******* сумын Шинэ амьдрал нэгдэлд малын эмч, зоо техникчээр сургуулиа төгсөж ирээд ажилд орж байсан. Бид 10 гаруй жил хамт ажилласан. Надтай ажиллаж байх хугацаандаа Д.О*******-Э*******э тасралтгүй ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

5.Иймд хүсэлт гаргагч Д.О*******-Э*******ийн Булган аймгийн Т******* сумын Шинэ амьдрал нэгдэлд 1988 оны 03 сарын 14-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарыг хүртэл малын бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Уутай овогт Д*******гийн О*******-Э*******ийг Булган аймгийн Т******* сумын Шинэ амьдрал нэгдэлд 1988 оны 03 сарын 14-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарыг хүртэл малын бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА