| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2026/00038/И |
| Дугаар | 304/ШШ2026/00145 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 304/ШШ2026/00145
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б***** аймгийн Б*** сумын ** дүгээр баг, А******* шинэ хороо, ** дугаар гудамж, **** тоотод оршин суух Г******* овогт Д*******гийн М*******ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай 304/2026/00038/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Д.М*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.М******* нь М.Б*******тай хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие Д.М******* нь 1985 оны эхээр нөхөр М*******ийн Б*******/*******/-тай танилцаж, улмаар 1985 оны 10 сард гэр бүл болж Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант бригадад хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 1991 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр том хүү Б*******ын Ө******* /*******/ төрсөн бол, 1999 оны 01 сарын 22-ны өдөр бага хүү Б*******ын -/ /төрсөн.
Нөхөр М.Б******* бид хоёр гэр бүл болж хамтран амьдрахдаа гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй явж ирсэн ч 1985 оны 10 дугаар сараас 2007 оны 02 сарын эхэн хүртэл 21 жилийн хугацаанд эхнэр нөхөр, 2 хүүхдийн эцэг эх болж амьдарсан. Энэ 20 гаруй жилийн хугацаанд Булган аймгийн Бугат суманд хоёул мал маллаж амьдарч байсан. М.Б******* бид хоёр сүүлдээ таарч тохирохоо больж улмаар 2007 оны 02 сараас өдийг хүртэл амьдрах тусдаа амьдрах болсон.
Миний бие одоо 55 нас хүрч малчнаар ажилласан тэтгэвэр тогтоолгох гэтэл нөхөр М.Б*******тай албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй тул 1986 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд М.Б*******ын хамтаар мал маллаж байсан 4 жилийн хугацаагаа тооцуулах боломжгүйд хүрээд байгаа тул М*******ийн Б*******тай 1985 оны 10 дугаар сараас 2007 оны 02 сарыг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4-р хуудас/,
-Булган аймгийн Бугат сумын Засаг даргын тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/,
-Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/,
-Б*******ын -гийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 7-р хуудас/,
-Н.Н, Л.Х нарын тодорхойлолт /хэргийн 9, 10-р хуудас/,
-Л.Х, Н.Н нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 11, 12-р хуудас/,
-М.Б*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 14-р хуудас/,
-Фото зураг /хэргийн 15-р хуудас/,
3.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг үндэслэн шүүх Л.Х, Н.Н нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.М*******ийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь 1986 оноос 2007 он хүртэл М.Б*******тай хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Хүсэлт гаргагч Д.М******* нь нөхөр М.Б*******тай 1986 оноос хамтран амьдарсан бөгөөд тэдний дундаас 1999 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү Б*******ын -гийн эцгийн мэдээлэл хэсэгт Мэжидийн Б******* гэж бичигдсэн хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Б*******ын Ө*******ын эцгийн мэдээлэл хэсэгт М*******ийн Б******* гэж бичигдсэн хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Л.Хгийн Д.М******* нь М*******ын Б******* гэх хүнтэй багаасаа гэр бүл болж, мал маллан амьдарч байсан. Д.М*******, М.Б******* нар нь 1991 онд Сэлэнгэ аймаг руу мал маллахаар нүүсэн. Гэр бүл болоод 2 хүүтэй болсон. Тэр талаар сайн мэдэхгүй байна. Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багт байхдаа багаасаа гэр бүл болооод амьдарч байсан. Д.М*******, М.Б******* нар анх л айл гэр болсон. Өмнө нь хэн аль нь өөр хүнтэй сууж байгаагүй. Их бага насандаа гэр бүл болсон хоёр байгаа юм. Аав М.Б*******аар овоглодог. Гэр бүл болохдоо тэд хурим хийж байсан гэх, гэрч Н.Нгийн Д.М******* нь М*******ын Б******* гэх хүнтэй гэр бүл болж, мал маллан амьдарч байсан. М******* гэх Б*******ын аав нь ч одоо амьд байна. Надтай адилхан дүлий хүн байгаа. 1990-ээд онд Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант хэсгийн дарга би хийдэг байсан юм. Тэр үед Д.М*******, М.Б******* нар гэр бүл болчихсон мал маллаад амьдарч байсан. Гэр бүл болоод 1 хүүхэдтэй байсан. Тэр үед нилээн бүдүүлэг байсан. Малын тоонд би явдаг байсан. Тэр үедээ гэрлэлтийн батлах нэхдэггүй, шууд тоолоод явдаг байсан. Уг нь хэсгийн даргын хувьд би хариуцах ёстой байсан юм шиг байна. Бүх юм надаар дамждаг байсан. Д.М*******, М.Б******* нар анх л айл гэр болсон. Өмнө нь хэн аль нь өөр хүнтэй сууж байгаагүй. Их бага насандаа гэр бүл болсон хоёр байгаа юм. 18 нас хүрсэн байсан юм болов уу даа. Аав М.Б*******аар овоглодог. Тухайн үед хурим хийгээгүй. Энэ 2 нэг голын 2 хүн. Тэгээд суусан гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан М*******ийн Б*******, Д*******гийн М******* нарыг 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА