| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2431001910160 |
| Дугаар | 2025/ДШМ/89 |
| Огноо | 2025-09-16 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2025/ДШМ/89
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтөлж,
Прокурор Д.Номин-Эрдэнэ
Шүүгдэгч Х.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Х.*******т холбогдох эрүүгийн 2431001910160 дугаартай, 175/2024/0196/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
**** ******* овогт *******гийн *******, Монгол улсын иргэн, **** оны **** дугаар сарын ***-ний өдөр Хөвсгөл аймгийн Идэр суманд төрсөн, **** настай, ***эгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 3, 2 охины хамт, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын **** баг, *****тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай (РД:*******)
Шүүгдэгч Х.******* нь 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байсан иргэн И.*******гийн өмчлөлийн үхэр дундаас нэс гүйцсэн сувай үнээ 1 ширхэг, нас гүйцсэн эр гуна 1 ширхэг нийт 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, 4,100,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын прокурорын газраас: Х.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч **** ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын олон тооны мал хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* нь хохирогчийн зүгээс гомдол, саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэнд үндэслэн шүүгдэгчийн энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож,
Шүүгдэгч Х.******* нь энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй сүх 1 ширхэг, 6 метрийн цагаан уяа 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорьж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан давж заалдах гомдолдоо:
Эрүүгийн 2431001910160 дугаартай Х.*******т холбогдох хэргийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн 133 дугаартай шийтгэх тогтоол гарч Х.*******т 2 жилийн хорих ял оногдуулан нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийтгэх тогтоолд хүндэтгэлтэй хандаж байна. Энэ хэргийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Х.*******т зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгт байгаа цугларсан нотлох баримтаар Х.******* санаатай зорьж очиж уг 2 тооны үхрийг хулгайлаагүй нөхцөл байдал байдаг. Иймд өмгөөлөгчийн зүйлчлэлийг өөрчлүүлэн шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж мэтгэлцэж анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Прокурорын эсэргүүцлий дагуу хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж магадлалын 3 дахь заалтаар Эрүүгийн хуулийн тусгай нгийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн учир зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн гэж үзнэ гэж тодорхойлсон байдаг. Ингээд 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.******* “Бусдын олон тооны мал хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шийтгэх тогтоолд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэсэн тодотгол хийж 2 жилийн хорих ял оногдуулсан. Х.*******ийн хувьд би зорьж очиж айлын гэрийн гаднаас авчираагүй, туугдаж ирсэн, өглөө өгье хэнийх юм бол гэж бодож, өглөө босоод уг үхрийг муулж, охиныхоо хуримд хэдэн төгрөг нэмэрлэх санаа төрсөн ийм буруу үйлдэл хийснээ шүүхийн өмнө хүлээн зөвшөөрч байгаагаа мэдүүлдэг.
Харин өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэл дээр мэтгэлцсэнг шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх нь үндэслэлгүй юм. Х.*******ийн нөхөр нь 2010 онд нас барснаас хойш 2 өмчөөс охиныхоо хамт Цагааннуур суманд мал маллаж амьдардаг өрх толгойлсон эмэгтэй юм. Хоёр охин нь ээжийнхээ шүүхээр шийдвэрлэгдэх үед жирэмсэн эмчийн хяналтад байсан. Бага охин 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрж хүүтэй болсон боловч хүйний хүндрэлээр экваторт бойжиж байгаа харамсалтай үйл явц тохиолдлоо. Энэ талаар ээжид нь хэлээгүй байгаа болно. Мэдээж хоёр охинд нь муу ч сайн ч ээжийн халамж дутагдаж байгаа. Ямар хэцүү байгааталаар бага охин Оюунболороос сонссон. Сэтгэл эмзэглэж сууна. Том охин нь өөрөөсөө 14 насаар ах хүнтэй суусан, байнгын гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрхшээлд амьдардаг. Х.*******т өөрийн учирсан зовлн жаргалын талаар анхан шатны шүүх хуралд ярьж сэтгэлийн минь шимшрүүлж байсан.
Х.*******тэй очиж уулзахад хоёр охиноо л асууна. Өөрөө бие муутай даралт өндөртэй, ухаан алдаж унадаг, эрүүл мэнд сайнгүй хүн байна. Цагдан хорих байрны эмч Алтангэрэл надад Х.*******ийн биеийн талаар таагүй байгаа талаар мэдээлэл өгсөн.
Энэ хүний эрүүл мэндийн байдал анх удаага гэмт хэрэгт холбогдсон бусдад төлөх төлбөргүй байдал, охидуудын хувь заяа, хэргээ хүлээн зөвшөөрч байгаа байдал, ар гэрийн байдлыг харгалзан 2 жилийн хорих ялаас 1 жилийн хорих ялыг хасаж шийдвэрлэж өгнө үү. Гомдолд 4 хуудас баримт хавсаргав гэжээ.
Шүүгдэгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 2 охиндоо маш их санаа зовж байна. Дахин ийм үйлдэл хийхгүй. Би өрх толгойлсон эмэгтэй. Айлд төлөх төлбөргүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн учраас хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Энэ гэмт хэрэг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр үйлдэгдсэн. Өмгөөлөгчийн хувьд зүйлчлэлд маргаж байсан. Шүүгдэгчийн хувьд зүйлчлэлийн талаар ямар нэг мэдлэг байхгүй. Миний маргасан асуудлын талаар миний үйлчлүүлэгчид нялзаахгүй байна уу гэж хүсэж байна. Тийм учраас оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Шүүгдэгчийн хувьд эрх зүйн мэдлэггүй байж болох ч өөрийн эрх зүйн байдлыг тайлбарлах чадвартай хүн юм. Алдуул мал, мал хулгайлах хоёрын шинжийг ялгахгүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Ял хөнгөрүүлэх саналд тусгайлсан саналгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Х.*******т холбогдох эрүүгийн 2431001910160 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
3.Шүүгдэгч Х.******* нь 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байсан иргэн И.*******гийн өмчлөлийн үхэр дундаас нэс гүйцсэн сувай үнээ 1 ширхэг, нас гүйцсэн эр гуна 1 ширхэг нийт 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, 4,100,000 төгрөгийн хохирол санаатай учруулсаншүүгдэгч Х.******* нь гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч И.*******гийн “өглөө сэрээд хотлуулсан үхрээ хартал 1 тооны хүрэн халзан эр бүдүүн үхэр, 1 тооны улаан халзан сувай бүдүүн үнээ дутуу байсан... гэрийнхээ ойр орчим хайгаад явж байхад манай сумын иргэн Х.*******ийн хашаанд манай 2 үхэрийг эврээс нь уясан ... Эрдэм сүхээр манай үхрийн толгой руу нэг цохисон.... би хөөе үхрээ авья гээд орилсон... үхрээ авсан.” гэх мэдүүлэг,
Гэрч М.*******гийн “...манай сумын Х.******* эгч манайд ирээд нөхрийг 2 үхэр муулаад өгөөч охины хуримд хэрэглэх гэсэн гэж хэлсэн... манай нөхөр үхрийг нь гаргаж өгөхөөр болоод хашаанд нь очсон... нөхөр үхрийг муулахаар нэг цохих үед хашааны гаднаас хүн орилсон... ******* гэх эгч “үхрээ авья” гэсэн... манай нөхөр Х.******* эгчид “ та чинь хүний үхэр янзлуулах гэж байсан юм уу” гэтэл... өөрийн үхрээ танихгүй байгаа юм гэж хариулсан.. Нөхөр бид 2 гэртээ харьсан.” гэх мэдүүлэг,
Гэрч Д.******* “ ...******* эгч үхэр муулаад өгөөч гэсэн... хашаанд нь 4-5 үхэр байсан... тэгээд би хүрэн халзан үхрийг нь бугуйлдаад эврээс нь уяад *******гээр бариулж байгаад үхрийг хальт цохисон чинь ... хашааны гадаа Бааска ирээд “ үхрээ авья” гэж орилоод байхаар нь “үхрийг тавиад” та одоо хүний үхэр авчихсан юм уу” гэж асуусан гэтэл ******* эгч би аваагүй Бааска үхрээ танихгүй байна” гээд маргасан... “ гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн талаар мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.
5.Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн байна.
Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хуульд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш бөгөөд харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтад түшиглэсэн шүүгчийн дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт юм. Шүүхээр хэргийг хэлэлцэх үед шүүгдэгч бусдын 2 тооны үхэрийг авсан талаараа хүлээн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн үйлдэл нь прокуророос зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлтэй тохироогүй талаар мэтгэлцсэнийг шүүгдэгч нь гэм буруугаа хүлээгээгүй гэж үзэх нь үндэслэл болохгүй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Х.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол, төлбөргүй байдал, түүний хувийн байдал, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэсэн хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчид анхан шатны шүүхээс 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг хөнгөрүүлж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8.Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Х.*******ийн ял хөнгөрүүлэн өөрчлөх тухай давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолын
2 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.*******т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэсүгэй” гэж,
3 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.
2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2025 оны 09 дүгэзэр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 103 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН