Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 683

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: С.Оюунжаргал /томилолтоор/,

Хохирогчийн төлөөлөгч: Ж.А, түүний өмгөөлөгч Ж.Э,

           Шүүгдэгч: Б.Х өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Хд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803005230276 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Х, 1960 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч, механик мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүд, хадам эхийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ......тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гандангийн хашааны дотор замд 46-72 УН улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д “...Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Жыг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Хы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Гандангийн хашаа руу машинтайгаа орсон. Ороход зогсоол битүү байсан. Хоёр хүнээ буулгаад зогсоол хүлээж байхад баруун талаас нэг машин гарсан. Тэгэхээр нь би зогсоол руу ухарч орохдоо хохирогч Х.Жыг мөргөсөн. Ахмад настай хүнийг мөргөсөндөө харамсаж байна. Хохирогчийн охин 3.000.00 төгрөг өг гэсэн. Би гэрээсээ ганцаараа ажил хийдэг. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Ж.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Тухайн өдөр аав Х.Ж өглөө гараад явсан. Тухайн осол болсон газар байгалын чулуун гарцтай газар байсан. Маш хол шидэгдсэн байсан. Шүүгдэгч манай аавд 10.000 төгрөг өгье гэж хэлсэн байсан. Тухайн орчимд байсан хүмүүс цагдаа дуудсан. Шүүгдэгч Б.Х нэг л удаа ирсэн. Надтай утсаар яриагүй, эргэж ирээгүй. Манай аав хоёр хөл дээрээ явдаг байсан. Байр түрээсэлж байсан, одоо гэр хороололд амьдарч байгаа. Аавын бие эхэндээ гайгүй байсан, улам муудаад наадмаар таталт өгсөн. Баримттай хохирол 1.683.000 төгрөг нэхэмжилж байна, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэв. 

Хохирогч Х.Жын мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 30 минутын орчим Гандангийн хашаан дотор зүүн талын зогсоолтой замын хойд талын нарийн явган хүний зам дээр машинд суух санаатай зогсож байтал зогсоолоос Ландкруйзер машин урдаасаа хойшоо хүчтэй мөргөөд би газар унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/,

Шинжээчийн 7639 тоот дүгнэлтэд: “...Х.Жын биед зүүн атгаал яс, зүүн дунд чөмөг ясны далд хугарал, зүүн мөр, түнх, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 31/,

Техникийн шинжээчийн 446 тоот дүгнэлтэд: “...Т.Ландкруйзер-200 маркийн 4672 УН улсын дугаартай автомашины жолооч Б.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Х.Ж нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-н 33/,

Яллагдагчаар Б.Хы мөрдөн байцаалтад өгсөн: “...Зогсоолоос машин гарахаар нь талбай дээрээ маниавар хийгээд зүүнээс баруун чиглэлтэй явж байгаад зогсоол руу 1 удаа маниаварлаад хойшоо ухраад зогсоол руугаа орж байтал миний зүүн талд зогсож байсан машины хажууд явсан хүн хүүё чи хүн мөргөчихлөө, зогсооч гэхээр нь би тэр дороо зогсоод машинаасаа буугаад ар талаа хараад очтол машин ард талд 70-80 насны эрэгтэй хүн зүүн хажуугаараа газар уначихсан байсан. Тэгээд тэр хүнийг өргөтөл хажууд зогсооч гэсэн хүн бууж ирээд хамт өргөлцөж тусалсан” гэсэн мэдүүлэг /хх-н 38-41/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 4-8/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 43-55/, хохирогчийн өвчний түүх /хх-н 64-75/, хохирлын баримтууд /хх-н 80-85, 89-90/, хохирогчийн хүсэлт /хх-н 96/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гандангийн хашааны дотор замд 46-72 УН улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д “...Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Жыг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Х.Жын: “... би 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 30 минутын орчим Гандангийн хашаан дотор зүүн талын зогсоолтой замын хойд талын нарийн явган хүний зам дээр машинд суух санаатай зогсож байтал зогсоолоос Ландкрузер машин урдаасаа хойшоо хүчтэй мөргөөд би газар унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/, шинжээчийн 7639 тоот, техникийн шинжээчийн 446 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Хы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Хы үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Жын биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь хохирогчид шүүх хуралдаанаас өмнө 3 сая төгрөг төлсөн байна.

Хохирогчийн төлөөлөгч Ж.А нь тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Х.Жын эрүүл мэндэд нь учирсан гэмтэлд эмчилгээ хийлгэсэн зардал, хохирогчийг асарсан хугацааны цалин, өмгөөлөгчийн хөлс зэрэг 1.683.000 төгрөгийн баримтыг шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн ба уг хохирлыг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, төлнө гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Хохирогч Х.Ж нь цаашид гарах хор уршигийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Б.Хыг  гэм буруутайд тооцсон бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгч Б.Хы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ надад торгуулийн ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Хд шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Хыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Хд шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хаас 1.683.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Ж, хохирогчийн төлөөлөгч Ж.Ад олгосугай.
  5. Хохирогч Х.Ж, түүний хууль ёсны төлөөлөгч нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР