Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2018/0408

 
     

Ш.Ж, Д.А нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Ш.Ж, Д.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0289 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ш.Ж, Д.А нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0289 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 56 дугаар зүйлийн 56.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Ж, Д.А нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/488 дугаар “газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжийн “М т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

   Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Манай компани нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №354 дугаартай газар эзэмших эрх олгох тухай захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороонд шатахуун түгээх станцын зориулалттай 1600 м.кв талбайтай газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшиж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны №116 дугаартай, 2016 оны №А/488 дугаартай захирамжуудаар тус газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгагдсанаар эзэмших хэн нэгний хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй үйл ажиллагаа явуулж байсан болно.

Нэхэмжлэгч нь өөрийн эрүүл мэндэд хор хохирол учирсан тул А/488 дугаартай захирамжийн “М т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэвч шүүх Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийг сунгах хугацааг сунгахад хууль зүйн үндэслэлийг шалган үзэхээс илүүтэйгээр уг захирамжийг хүчингүй болгох шалтагыг эрэлхийлж зөвхөн тухайн шатахуун түгээх станцын үйл ажиллагаатай холбогдолтой цахилгаан тоног төхөөрөмжтэй холбоотой акт дүгнэлтийг үндэслэсэн шийдвэрлэсэн. Нөгөөтэйгүүр ШТС-84-ийг галын аюулгүй байдлыг зай хэмжээг зөрчсөн эсэх талаар нэхэмжлэгч нар нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд стандартын дагуу байлгах тухай нэхэмжлэл гарган иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэгдэж байгаа. Энэхүү талуудын хооронд зай хэмжээ стандарт зөрчсөн эсэх талаар маргаантай байгаа үйл байдлыг үндэслэсэн байдаг.

Бид дээрх маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулахдаа Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана:

37.1.1. газар эзэмших эрхийн гэрчилгээ,

37.1.2. газрын төлбөрийг төлсөн тухай баримт,

37.1.3. байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт.

Дээрх шаардлагыг бүрэн хангаж баримт бичгээ бүрдүүлэн өгсний дагуу зохих захирамж гарсан болно.

Мөн шүүхээс Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5 болон 56 дугаар зүйлийн 56.3-т заасныг зөрчсөн хэмээн үзэж 2016 оны А/488 тоот захирамжийн манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ байгаль орчин, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан эсэх ямар ч дүгнэлтгүй, байгаль орчинд ямар сөрөг нөлөө үзүүлсэн, хэний эрүүл мэндийг хэрхэн, яаж хохироосон нь ямар ч баримтгүйгээр хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0289 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ш.Ж, Д.А нар нь “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/488 дугаар захирамжийн “М т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...“М т” ХХК-ийн 84 дүгээр шатахуун түгээх станц нь манай гэртэй хаяа нийлж ажиллаж эхэлснээс хойш байнгын шатахууны үнэр үнэртэж, гал гарчих вий гэсэн айдастай өөрсдийн байрандаа эрүүл амар тайван аж төрөх ямар ч боломжгүй болсон” гэж тайлбарласан байна.

Нийслэлийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 147 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 21 дүгээр гудамжны 3 тоот хашааны 700 м.кв газрыг иргэн Ш.Ж-д өмчлүүлсэн бөгөөд улмаар Эд хөрөнгө өмчлөх эрх, эрхийн улсын бүртгэлийн Г-00000 дугаар бүртгүүлж, иргэн Ш.Ж, Д.А, Ж.Н, Ж.О нарт газар өмчлөх эрхийн 00000 дугаар гэрчилгээг олгожээ.

Харин нэхэмжлэгч Ш.Ж, Д.А нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 21 дүгээр гудамжны 3 тоот хашааны газар дээрх байрлах тэдний өмчлөлийн байшингаас 37.2 метрийн зайд орших 1600 м.кв газрыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 354 дүгээр захирамжаар “М т” ХХК-д шатахуун түгээх станцын зориулалтаар 5 жилийн хугацаатай олгосон байна.

Улмаар гуравдагч этгээд “М т” ХХК-д шатахуун түгээх станцын зориулалтаар олгосон Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөм нутагт орших 1600 м.кв газрын эзэмших, ашиглах эрхийн хугацааг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 116 дугаар, 2016 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн А/488 дугаар захирамжуудаар тус тус сунгажээ.

Нэхэмжлэгч нарын зүгээс “М т” ХХК-ийн 84 дүгээр шатахуун түгээх станцын галын аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар болон “эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь зөрчиж байгаа” гэх гомдлыг эрх бүхий төрийн захиргааны байгууллагад удаа дараа гаргасан байна.

Иргэдийн гаргасан гомдлын дагуу хяналт шалгалт явуулж, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10/73 дугаар дүгнэлт, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №02-04-194/134 дүгээр, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №02-07-104/129 дүгээр “Үйл ажиллагааг зогсоох тухай” актууд, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 33 дугаар дүгнэлт зэргээр “М т” ХХК-ийн 84 дүгээр шатахуун түгээх станц нь Галын аюулгүй байдлын норм дүрмийн БНбД21-07-14-ийн 5 дугаар зүйлийн 5.8 заасан хүснэгтийн 13-т заасныг зөрчсөн, болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь нас, эд хөрөнгөд хохирол учрах эрсдэлтэй” гэж дүгнэжээ.

   Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын газраас “М т” ХХК-ийн 84 дүгээр шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зогсоосон шийдвэрийг гаргасан байхад “М т” ХХК-д газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг Нийслэлийн Засаг дарга 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/488 дугаар захирамжаар сунгасан нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.4, 56 дугаар зүйлийн 56.3-т заасныг зөрчсөн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

   Мөн анхан шатны шүүх “Галын аюулгүй байдлын норм дүрмийн БНбД21-07-14-ийн 5 дугаар зүйлийн 5.8 заасан хүснэгтийн 13-т “газар доор байрлах савтай ШТС-аас хатуу түлшээр галладаг байр хүртэл 50 метр байна” гэж заасан байхад нэхэмжлэгч нарын өмчлөлийн байшингаас 37.2 метрийн зайд шатахуун түгээх станцын зориулалтаар “М т” ХХК-д газар олгосон нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж дүгнэж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

   Тиймээс гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүхээс Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5 болон 56 дугаар зүйлийн 56.3-т заасныг зөрчсөн хэмээн үзэж 2016 оны А/488 тоот захирамжийн манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ байгаль орчин, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан эсэх ямар ч дүгнэлтгүй, байгаль орчинд ямар сөрөг нөлөө үзүүлсэн, хэний эрүүл мэндийг хэрхэн, яаж хохироосон нь ямар ч баримтгүйгээр хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзэж байна...” гэсэн гомдол нь үндэслэлгүй.

   Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0289 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ны давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                 Э.ХАЛИУНБАЯР