Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 181

 

 “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал,

 газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   М.Батсуурь,

                                                   Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “ЧХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан ХҮ-004167 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай, мөн хамгаалалтын бүс тогтоох тухай Засгийн газрын 2011 оны 101 дүгээр тогтоолоор баталсан Амарбаясгалант хийдийн хамгаалалтын бүстэй давхцсан тул үйл ажиллагаа явуулах боломжгүй харилцаа байгааг тогтоолгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0875 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 128 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0875 дугаар шийдвэрээр: 1. Ч ХХК-ийн гаргасан ХҮ-004167 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай, мөн хамгаалалтын бүс тогтоох тухай Засгийн газрын 2011 оны 101 дүгээр тогтоолоор баталсан Амарбаясгалант хийдийн хамгаалалтын бүстэй давхцсан тул үйл ажиллагаа явуулах боломжгүй харилцаа байгааг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч ХХК-ийн ХҮ-015341 тоот тусгай зөвшөөрөлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 128 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0875 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Дийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч Ч ХХК-ийн маргаж буй асуудалд шууд хамаарах, гол хууль бол Соёлын өвийг хамгаалах тухай хууль бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх энэ хуулийг огт хэрэглэхгүй шийдвэр гаргалаа. Нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг “хийдийн хамгаалалтын бүсэд хамруулсан харилцааг” тусгай хамгаалалттай газарт хамруулсан харилцаа гэж захиргааны байгууллага, анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэж байна. Ийнхүү эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, тухайн хийдийн хамгаалалтын бүсэд хамруулсан харилцаа байгааг цаад утгаараа үл зөвшөөрч байгаа нь нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хохироож байна.

4. Нэхэмжлэгчийн хайгуулын ХҮ-004167 тоот тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2011 оны 101 дүгээр тогтоолоор баталсан Амарбаясгалант хийдийн хамгаалалтын бүсэд орсон билээ. Энэ тогтоол Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.6-г үндэслэж, тогтоолын 1-д ийнхүү заажээ: “Түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт орших Амарбаясгалант хийдийн хамгаалалтын бүсийг 53782.0 га газар байхаар тогтоож, хамгаалалтын бүсийн хилийн цэгүүдийн геодезийн солбицлыг хавсралт ёсоор баталсугай. ” Энэ тогтоол үндэслэсэн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн (2001 он) 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт “газрыг тусгай хамгаалалтанд авах тухай” үг, өгүүлбэр байхгүй, харин үүнээс огт өөр харилцаа болох хамгаалалтын бүс тогтоох тухай заасан. “Эртний хот суурины үлдэгдэл, байшин барилга, археологи, палеонтологи болон уран барилгын цогцолбор зэрэг түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор хамгаалалтын болон түүх, соёлын дурсгалт цогцолбор газрын бүсийг Засгийн газар тогтооно." гэж заасныг үндэслэсэн.

5. Хийдийн хамгаалалтын бүс улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах уу? Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиас үзвэл, тус хуулийн 3. дугаар зүйлд (1) дархан цаазат газар; (2) байгалийн цогцолборт газар; (3) байгалийн нөөц газар, (4) дурсгалт газрыг тусгай хамгаалалттай газар нутагт хамааруулахаар заасан бөгөөд хийдийн хамгаалалтын бүс тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй байна. Хийдийн хамгаалалтын бүс болон тусгай хамгаалалттай газар нутгийн бас нэг ялгаатай тал нь энэ асуудлыг шийдэх субьект өөр. Тусгай хамгаалалтай газар нутагт хамруулах бүрэн эрхийг УИХ, харин хийдийн хамгаалалтын бүсэд хамруулах бүрэн эрхийг Засгийн газар хэрэгжүүлэхээр хуулиудад заасан байна. (мөн хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэг). Нэр томьёо, тодорхойлолтын хувьд авч үзвэл хийдийн хамгаалалтын бүс гэх нэр томьёо нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тусгай хамгаалалттай газар нутагт болон Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.13-т заасан тусгай хэрэгцээний газарт хамаарахгүй.

6. Иймд үйл ажиллагаа явуулах боломжгүй харилцаа байгааг тогтоохдоо Ашигт малтмалын тухай хууль биш, харин Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38.1 дэх хэсэгт заасныг үндэслэж шийдвэрлэх нь 2001 оны Засгийн газрын 101 дүгээр тогтоолын эрх зүйн үндэслэлд нийцнэ гэж үзэж байна. Тодруулбал: 38.1 .Соёлын өвд хохирол учруулж болзошгүй дараах үйл ажиллагааг хориглоно: 38.1.1 түүх, соёлын дурсгалт газар түүний орчны бүсэд дэд бүтцийн барилга байгууламж барих, уул уурхай, газар тариалан эрхлэх, үйлдвэрлэл явуулах; 38.1.2 палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэхгүйгээр хот суурин барилга байгууламж барих, шинээр зам тавих, тариалангийн талбай олгох, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж газар олгох;

7. Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй шүүхийн шийдвэр, магадлал дахь хуулийн дутуу хэрэглээ нь нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хохироож байна. Иймд нэхэмжлэгч тал шүүхээр энэ харилцааны агуулгыг тодорхойлуулж, тухайн эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох зүй ёсны хэрэгцээ, шаардлага үүсээд байна. Ийнхүү нэхэмжлэгч нь хайгуулын ХҮ-004167 тоот тусгай зөвшөөрлийн талбайдаа үйл ажиллагаа явуулах боломжгүй харилцаа байгааг тогтоолгосноор АМГТГ-д одоо ажиллаж буй ажлын хэсэгт Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тухай асуудлаа тавьж хандах боломж бүрдэх юм.

8. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Амарбаясгалант хийдийн хамгаалалтын бүсийг “Улсын тусгай хамгаалалтын газар” гэж буруу тайлбарласан нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоход шууд нөлөөлсөн байна. Тусгай хамгаалалттай газар, тусгай хэрэгцээний газарт холбогдуулан хэрэглэдэг Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нөхөх олговортой холбоотой зохицуулалтыг захиргааны байгууллага, мөн анхан болон давж заалдах шатны шүүх хийдийн хамгаалалтын бүсэд хамруулсан газарт хамаатуулан буруу тайлбарлаж хэрэглэсэн.

9. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд “14.4.Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө. 14.6.Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй.” гэж заасан. Энэ заалтууд нь тусгай хэрэгцээний газар авах тохиолдолд хэрэглэгдэх заалт билээ. Хуулийн зохицуулалт ийм байтал нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг хийдийн хамгаалалтын бүсэд хамруулсан харилцааг Ашигт малтмал, газрын тосны газар нь тусгай хамгаалалттай болон тусгай хэрэгцээний газарт тооцон, улмаар анхан болон давж заалдах шатны шүүх мөн тусгай хамгаалалттай газарт авсан мэтээр дүгнэж Ашигт малтмалын тухай хуулийн нөхөх олговрын заалтыг хэрэглэсэн нь эрх зүйн тодорхой, бодит харилцааг үгүйсгэж хуулийг буруу хэрэглэсэн.

10. Тодруулбал, Ашигт малтмалын газрын (хуучин нэрээр) 2013 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 6-2945 тоот албан бичигт “Танай компанийн эзэмшилд буй 4167Х ... тоот тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор тусгай хамгаалалтанд авсан газар нутагт хамрагдаж байна” гэж мэдэгдсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх “Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “...” гэж, 14.5-д “...” гэж, 14.6-д зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх, шийдвэрлээгүй тохиолдолд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй байжээ” гэж дүгнэсэн. Ийм учраас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг хийдийн хамгаалалтын бүсэд авсан харилцааг эрх зүйн зохицуулалтын хувьд буруу тодорхойлсныг хянуулж, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд үндэслэн эрх зүйн тодорхой харилцаа буюу үйл ажиллагаа явуулах боломжгүй харилцаа байгааг тогтоолгохыг хүсэж байгаа юм.

11. Нөхөх олговрын талаарх Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйл бол тусгай хэрэгцээний газарт авсан тохиолдолд хэрэглэгдэх заалт билээ. Гэтэл энэ заалтыг баримталж “нэхэмжлэгч компанид нөхөх олговрыг төлөөгүй бол үйл ажиллагаагаа цааш явуулах боломжтой байсан” мэтээр анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 217 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг баримталж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

12. Хяналтын шатны шүүхээс гомдлын хүрээнд хэргийг хянаж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

13. Нэхэмжлэгч “Ч” ХХК-иас “...манай компанийн эзэмшиж байсан ХҮ-004167 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг, Гол, мөрний урсац бүрэлдэх эс, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах хориглох тухай хууль болон Засгийн газрын 2011 оны 101 дүгээр тогтоолд заасны дагуу төр буцаан авсан учир цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. ...хайгуулын зардлын нөхөх олговорт хайгуулын өөр талбай дүйцүүлэн авахаар эрх бүхий байгууллагуудад хандсан боловч шийдвэрлэхгүй чирэгдүүлж, мөн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлээгүй хохироосон...” гэж марган, “ХҮ-004167 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай, мөн хамгаалалтын бүс тогтоох тухай Засгийн газрын 2011 оны 101 дүгээр тогтоолоор баталсан Амарбаясгалант хийдийн хамгаалалтын бүстэй давхцсан тул үйл ажиллагаа явуулах боломжгүй харилцаа байгааг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага гаргажээ.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахыг, 52 дугаар зүйлийн 52.5.3-т нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэх нь нэхэмжлэлийн үндэслэлд хамаарахыг, 106 дугаар зүйлийн 106.3.5-д шүүх эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргахыг хуульчилсан.

15. Нэхэмжлэгч “Ч” ХХК-д, Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1319 дүгээр шийдвэрээр, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт байрлах 864.43 гектар, Сант сумын нутагт байрлах 922.82 гектар талбайн ашигт малтмалын хайгуулын XY-004167 дугаар тусгай зөвшөөрлийг иргэн Ч.Ааас шилжүүлж эзэмшүүлсэн байх бөгөөд Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 480 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар, 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1354 дүгээр шийдвэрээр 1 жилийн хугацаагаар тус тус сунгаж бүртгэн, улмаар 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдөр АӨҮА201103 тоот гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, гэрээний хугацааг дахин 2 жилээр сунгаж, уг тусгай зөвшөөрлийн хугацаа 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон байна.

16. Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХҮ-004167 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай нь бүхэлдээ, 2009 онд батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбай болон Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 101 дүгээр тогтоолоор баталсан Амарбаясгалант хийдийн хамгаалалтын бүстэй давхцалтай болох нь тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

17. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж хуульчилсан. Мөн Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор баталсан “...ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.4-т нөхөх олговор олгохгүй байх нөхцлүүдийг заасан, тухайлбал, 3.4.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эс, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлтээ гаргаагүй бол, 3.4.3-т тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 53.3-д заасан үүргээ биелүүлээгүй бол нөхөх олговор олгохгүй байхаар тус тус журамласан.

18. Гэвч, нэхэмжлэгч нь ашигт малтмалын хайгуулын ХҮ-004167 тоот тусгай зөвшөөрлийн талбайд нөхөх олговор авах тухай хүсэлтийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд эрх бүхий байгууллагад гаргаж байгаагүй, харин 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 12/05 тоот албан бичгээр “...4167Х, 15341Х тусгай зөвшөөрлүүд 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Засгийн газрын шийдвэрээр Амарбаясгалант хийд улсын тусгай хамгаалалтын газарт хамрагдсанаар цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, манай компанид нийт 685,551,566 төгрөгийн хохирол учирч байгаа тул энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасанд, тус газраас 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 6-2945 тоот албан бичгээр “...танай эзэмшилд буй 4167Х, ... хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор тусгай хамгаалалтад авсан газар нутагт хамрагдаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д ...заасны дагуу Засгийн газар, тусгай зөвшөөрөл эзэмшигч нар хоорондоо тохиролцож, нөхөх олговрын гэрээ байгуулж ажиллах нь зүйтэй байна” гэсэн хариуг өгсөн боловч нэхэмжлэгч нь нөхөх олговрын асуудлаар Засгийн газарт хандаж байгаагүй байна.

19. Дээр дурдсан нөхцөл, байдлуудыг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-004167 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбай нь хууль болон Засгийн газрын тогтоолоор хориглосон талбайтай давхцаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь илэрхий үйл баримт тул шүүхээс “үйл ажиллагаа явуулах боломжгүй харилцаа байгааг тогтоох” үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон, нэхэмжлэгчээс хууль болон журамд заасны дагуу, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд нөхөх олговор авах тухай хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргаж байгаагүй нь тогтоогдсон, эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон 2 шатны шүүхийн шийдэл зөв байна.

20. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0875 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 128 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ТУНГАЛАГ

                       ШҮҮГЧ                                                          Б.МӨНХТУЯА