Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 1049

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Б*******” ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.Б*******, О.Э******* нарын 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 240122443 дугаар актыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө*******, О.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Татварын улсын байцаагч нар тус компанийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 240122443 дугаар актаар 24.134.370 төгрөгийн нөхөн татвар, 18.407.983,9 төгрөгийн торгууль, 12.157.281,1 төгрөгийн алданги, нийт 54.699.635 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн. 

Татварын хяналт шалгалт хийгдэж байх үед Засгийн газраас Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, эдгээр хуулийн төслийг хэлэлцэж байсан. Уг хуулийн төслийг хэлэлцэхтэй холбоотой Татварын ерөнхий газраас татварын хяналт шалгалтын ажлыг зогсоох чиглэлийг татварын хэлтэс, газарт өгсөн байдаг. Гэтэл Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.Б*******, О.Э******* нар хяналт шалгалт хийж акт тогтоосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг зөрчсөн байна. 

Тус компани 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12/15 дугаар албан бичгээр Татварын ерөнхий газрын Хууль, эрх зүйн хэлтэст хандан татварын улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахыг хүссэн албан бичгийг өгсөн. 

2016 оны 01 дүгээр сард албан бичгээр Гааль, татварын ерөнхий газрын дэд дарга О.Даваасүрэнгээс “...харьяа татварын хэлтэст хүсэлтээ гарган шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг ирүүлсэн. Үүний дагуу манай компани Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст 2016 оны 01 дүгээр сард албан бичгээр хандсан. Гэтэл өдийг хүртэл тус татварын хэлтэс Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу актаар тогтоосон нөхөн татвар, хүү, торгууль, алдангийг хүчингүй болгохгүй байна. 

Татварын улсын байцаагчийн актын тогтоох хэсгийн 1.5-1.8-д баримтаар нотлогдоогүй, түүхий эд материалын зардлыг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулан тооцсон зөрчилд нөхөн татвар, алданги, торгууль ногдуулсан. 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар 12.1.1-т “түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уур, ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын зэрэг бүх төрлийн материалын зардал”-ыг албан татвараас хасч тооцохоор заасан. 

Татварын хяналт шалгалтын ажлын журмын 6 дугаар зүйлийн 6.3.9-т заасны дагуу татварын улсын байцаагч нь ямар баримтын хүрээнд хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл үйлдэж, татвар төлөгчөөс баримт гаргуулан авах ёстой. Гэтэл татварын улсын байцаагч нар дээрх журамд заасан ажиллагааг хийгээгүй, түүнчлэн тус компаниас гаргаж өгсөн баримтыг үнэлээгүй нь уг хяналт шалгалтыг хууль бус болохыг харуулж байна. 

Иймд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.Б*******, О.Э******* нарын 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 240122443 дугаар актыг Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж өгнө үү” гэв. 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Г******* шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө*******, О.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 24150300111 дүгээр томилолтын дагуу “Б*******” ХХК-ийн 2011-2014 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Э*******, Г.Б******* нар 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн ба энэ хугацаанд нэхэмжлэлд дурдсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг Улсын Их Хурал батлан гаргаагүй, мөрдөгдөж эхлээгүй, энэ хуулийн нэр тодорхой бус байсан. 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг Улсын Их Хурал батлан гаргаагүй, мөрдөгдөж эхлээгүй, энэ хуулийн сурагч байгаагүй болно. Иймд батлагдаж гараагүй, мөрдөгдөж эхлээгүй хуулийг зөрчсөн гэх нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан байх боловч тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Энэ хуулийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан байх тул энэ өдрөөс өмнө төлөгдсөн хүү, торгууль, алданги буюу захиргааны хариуцлага нь өршөөлийн хуульд хамрагдахгүй гэж заасан. Мөн Гааль татварын ерөнхий газрын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03/807 дугаар хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлын чиглэлийн 4-д “Татварын улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийн нөхөн ногдуулах татварыг бүрэн барагдуулсан тохиолдолд өршөөлийн хуулинд хамруулна гэж тус тус заасан байна. Иймд тус компанид 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 240012443 дугаар актаар захиргааны хариуцлага хүлээлгэсэн нийт 54.699.635,00 төгрөгийн төлбөрийн дүнд багтсан нөхөн ногдуулсан татварын 24.134.370,00 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд алдангийн 30.565.265,00 төгрөгийг төлбөрийг дээр дурдсан хуулийн дагуу бүрэн чөлөөлж болно. 

Өнгөрсөн хугацаанд татвар хураалтын тасгийн ажил хариуцсан байцаагч нэхэмжлэгч байгууллагад утсаар удаа дараа мэдэгдэж татвар өр барагдуулах үйл ажиллагаа хийгдэж байсан. 

Хяналт шалгалтын ажил нь жилд батлагдсан хуваарийн дагуу үргэлжлэн явагддаг ба нэхэмжлэгч хяналт шалгалтанд хамрагдаж актаар төлбөр тавигдсан нь ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл биш бөгөөд “Б*******” ХХК нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдлээс болж хуулийн дагуу эдлэх эрхээ эдэлж чадахгүй байгаа нь хариуцагч байгууллагын буруутай үйлдэл гэж үзэх үндэслэлгүй юм. 

Хяналт шалгалт хийх явцад баримтаар нотлогдоогүй зарлагыг түүхий эд материалын зардалд тооцсон зөрчил илэрч түүний хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн ба тухайн үед захирал Т.Оюунчимэг, захирлын нөхөр Э.Дамба, нягтлан бодогч Б.Баттулга нар эдгээр зөрчлийг хүлээн зөвшөөрч акт, түүний бүрэлдэхүүн хэсэг болох хяналт шалгалтын бусад материалд газрын үсэг зурж, компанийн тамга, тэмдгийг дарж баталгаажуулсан байна. 

Татварын хяналт шалгалтын журмын дагуу Хүлээн авсан баримт бичгийн бүртгэл /Маягт ХШ-04/1/, Хүлээлгэн өгсөн баримт бичгийн бүртгэл /Маягт ХШ-04/2/-ийг хөтлөн бүртгэж баримт авсан, өгсөн тухай гарын үсэг зурж татвар төлөгч өөрөө мөн гарын үсэг зурж, компанийнхаа тамга тэмдгийг дарж баталгаажуулсан баримт нь манай хэлтсийн хяналт шалгалтын тасгийн БЗД 2015 оны 6 дугаар сарын хяналт шалгалтын акт /1-295/ нэртэй 17 тоот баримтын 111, 112 дугаар хуудсанд үдээтэй байна. 

Иймд нэхэмжлэгч байгууллагад хийсэн хяналт шалгалтын ажил хуулийн хүрээнд хийгдсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. 

Татварын хяналт шалгалт хийх 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 24150300111 дүгээр томилолт, татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу “Б*******” ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын улсын байцаагч О.Э*******, Т.Оюунчимэг нар хяналт, шалгалт хийж 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 240012443 дугаар актаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 дахь заалтыг үндэслэн 24.134.370 төгрөгийн нөхөн татвар, 18.407.983,9 төгрөгийн торгууль, 12.157.281,1 төгрөгийн алданги, нийт 54.699.635 төгрөгийн төлбөр тогтоосон. 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэжээ; Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д “татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид энэ хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.2-т “татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3-т “энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж тус тус заасны дагуу татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил, түүнд хүлээлгэж байгаа хариуцлага болох торгууль, алданги нь захиргааны шийтгэл байна. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан торгууль, алданги нь захиргааны шийтгэлд хамаарах ба нөхөн татварыг төлөх үүрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахгүй гэж шүүх үзлээ. 

Иймд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан хугацаанд хамаарч байх бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу татварын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 240012443 дугаар актаар 24.134.370 төгрөгийн нөхөн татвар, 18.407.983,9 төгрөгийн торгууль, 12.157.281,1 төгрөгийн алданги, нийт 54.699.635 төгрөгийн төлбөр тогтоосноос 18.407.983,9 төгрөгийн торгууль, 12.157.281,1 төгрөгийн алданги, нийт 30.565.265 төгрөгийн шийтгэлээс “Б*******” ХХК-ийг өршөөн  хэлтрүүлж, нэхэмжлэлийн үлдэх “24.134.370 төгрөгийн нөхөн татварыг өршөөлд хамруулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Э*******, Т.Оюунчимэг нарын 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 240012443 дугаар актаар тогтоосон 18.407.983,9 төгрөгийн торгууль, 12.157.281,1 төгрөгийн алданги, нийт 30.565.265 төгрөгийн шийтгэлээс “Б*******” ХХК-ийг өршөөн хэлтрүүлж, нэхэмжлэлийн үлдэх “24.134.370 төгрөгийн нөхөн татварыг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.САЙХАНТУЯА