2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/11710

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 17 191/ШШ2025/11710

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ч........тоотод оршин суух, ....

 

Нэхэмжлэгч: ......... тоотод оршин суух, С.Хогийн эрх залгамжлагч С.Түнарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 62/1 байр, 80 тоотод оршин суух, Боржигон овогт Балдрашийн Дамдиндоржид холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага:

Ш.Дагийн нэхэмжлэлтэй, Б.Даид холбогдох хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, Б.Даоос 562,452,800 төгрөг гаргуулах тухай,

С.Хогийн эрх залгамжлагч С.Түын нэхэмжлэлтэй, Б.Даид холбогдох 6,056 ам.доллар, 384,685 евро гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тү,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ......г,

Хариуцагч Б.Да,

Хариуцагчийн өмгөөлөгч Т...

Гэрч Т.Га, Д.М, С.Зо, С.Тү

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Ш.Да шүүхэд 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охинтой Б.Да нь 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр, 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр, 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдөр тус тус Ш.Дад хандан ...Найман шаргын хажууд барилга барих бизнесийг хамтарч хийе, хөрөнгө оруулаач... гэхэд нь итгэж хэлцэл хийсэн. Тус хэлцлийн дагуу Б.Даийн дансанд 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 160,000 евро /479,452,800 төгрөг/, 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 63,000,00 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Гэвч Б.Да нь авсан мөнгөө зориулалтын дагуу ашиглаагүй байсан ба тэрээр барилга бариагүй тул мөнгөө буцаан авахаар шаардсан боловч өгөөгүй. Анх мөнгө авах үедээ ...танай охин С.Хотай сууж байгаа, бид удахгүй нэг гэр бүл болно, барилгын бизнес хугацаа шаарддаг, амар биш ажил, харин та нэмж хөрөнгө оруулаач, нэг л эхэлчихвэл асуудалгүй, түрээсийн орлогоороо л хөрөнгө оруулалтаа нөхөөд өөрийн гэсэн үл хөдлөхтэй болох унац ихтэй бизнес... гэх мэтээр ятгаж, ...барилгын зураг хийлгэж байна, батлуулах гэж байна, мэргэжлийн хяналтаас зөвшөөрөл хүлээж байна... гэж хугацааг хойшлуулж байсан. Гэтэл Монгол улсад өөр гэр бүлтэй байсан ба Унгар улсад ажиллаж, амьдарч байсан миний охин С.Хотай гэр бүл болох зорилгогүйгээр, Унгар улсад удаан хугацаагаар оршин суух эрхтэй болохын тулд гэрлэлт бүртгүүлж, улмаар 2015 оны 5 дугаар сард гэрлэлтээ цуцлуулсан байсан. Энэ нь түүний хууран мэхлэх, Ш.Даг төөрөгдүүлэх үйлдлийнх нь нэг хэсэг байсан гэж үзэж байна. Учир нь, Б.Да нь 2016 оноос эхлэн барилгын ажилтай холбоотой зөвшөөрлийг авч чадахгүй болсон тул барилга барихааргүй болсон гэсэн тул төрийн холбогдох байгууллагуудаас лавлахад, Балдрашийн Дамдиндорж гэх хүн барилга барихтай холбоотой асуудлаар төрийн зохих байгууллага, Барилгын хөгжлийн төв, Барилгын яам Газрын алба гэх мэт байгууллагад хандаж байгаагүй гэсэн. Б.Даоос мөнгөө шаардахад өгнө гэдэг байснаа 2016 оны намраас хойш зугтаж, алга болсон тул Цагдаагийн байгууллагад хандахад хэргийг шалгаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон. Б.Да нь миний охин С.Хо болон Ш.Да бид нараас мөнгө авахын тулд дээр дурдсан нөхцөл байдлыг үүсгэж, хууран мэхэлж, ноцтой төөрөгдүүлснээр 160.000 евро, 83,000,000 төгрөгийг авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул Б.Даоос 562,452,800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгч С.Хогийн харгалзан дэмжигч С.Тү2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эгч Б.Хосбаярмаа нь 2015 оноос бамбай булчирхайн хордлого, 2019 онд тархины цус харвалт өвчнөөр өвчилж, хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдаж, хүний асаргаанд орсон бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн А/27 дугаар захирамжаар С.Тү эгч С.Хогийн харгалзан дэмжигчээр тогтоосон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар С.Хог төлөөлөн Б.Даид холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна. С.Хо нь Унгар улсад 1991 онд очиж, 1997 онд Б.Датой танилцаж, 2008 оноос эхлэн дотно харилцаатай болсон. С.Хо нь Унгар улсад хэд, хэдэн бизнес эрхэлдэг байсан ба их хэмжээний орлого олдог байсан. Б.Да нь С.Хотай хайр сэтгэлийн харилцаатай, хамтран амьдрах юм чинь дундын хөрөнгө бий болгоё гэж хэлснээр 2008-2014 он хүртэлх хугацаанд түүний болобн түүний ээж Ч.Мөн данс руу өөрийн олсон мөнгөө шилжүүлдэг байсан. Гэвч Б.Да нь Унгар улсад удаан хугацаагаар оршин суух эрх авахын тулд, гэр бүл болох зорилгогүйгээр миний эгч С.Хотай 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулсан боловч тогтвортой хамтран амьдраагүй, Монгол улсад өөр гэр бүл зохиосон байсан. Улмаар Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүчин төгөлдөр бус байх гэрлэлтээ 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүсэлт гаргаж гэрлэлтээ дуусгавар болгосон байдаг. Б.Да нь Унгар улсад оршин суух эрх олж авахын тулд тус улсад бизнес эрхэлж, хууль ёсоор оршин сууж байсан С.Хотай дүр үзүүлсэн харилцаа үүсгэж, хууль бусаар гэрлэлт бүртгүүлж, улмаар тус байдлаа ашиглан ...Монгол Улсад үл хөдлөх эд хөрөнгө авъя, мөнгийг өөрийн дансаараа дамжуулан авч, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч өгье, чи гадаад улсад олон жил амьдарсан юм чинь би үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад чинь тусална... хэмээн Монгол Улсын банк дахь өөрийн дансаар 2008 оноос 2014 он хүртэлх хугацаанд их хэмжээний мөнгө буюу 6,056.77 ам.доллар, 453,743.57 евро шилжүүлэн авсан. С.Хог Монгол Улсад ирэхэд нь ...би чиний мөнгийг тоглоом тоглож үрсэн тул чи миний ажиллуулж байгаа караокег ажиллуулж, мөнгөө олж ав, мөн би боломжоороо мөнгийг чинь төлнө... гэсэн ба тэрээр 2014 оны 1 дүгээр сараас сар бүр 500,000-1,200,000 орчим төгрөгийг С.Ход төлж, С.Хо түүний хэлсний дагуу караокег хэсэг хугацаанд ажиллуулсан. Гэвч тус бизнес нь огт ашиггүй байсан ба Б.Даоос мөнгөө олж авах боломжгүй, мөн эрүүл мэндийн байдлын улмаас караокег ажиллуулах боломжгүй болсон тул энэ байдлыг хэлж, мөнгөө шаардахад, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 100,000,000 төгрөг /47,112 евро1/-ийн үнэ бүхий 1 орон сууцыг "бэлэглэлээр" шилжүүлээд, үлдсэнийг нь өөрийн боломжоороо төлж барагдуулна хэмээсэн боловч 2019 оны 3 дугаар сар хүртэл дээр дурдсан 500,000-1,200,000 төгрөг хүртэлх хэмжээгээр цувуулан нийт 53,700,000 төгрөг /21,946 евро/ төлсөн. Тодруулбал, Б.Да Б.Хосбаярмаагаас үндэслэлгүйгээр олж авсан 6,056.77 ам.доллар, 453,743.57 еврогоос дээр дурдсанаар тооцвол 153,700,000 төгрөг буюу 69,058 еврог буцаан төлж, 6,056.77 ам.доллар, 384,685 еврог буцаан төлөлгүйгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн болно. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар Б.Даоос С.Хогаас үндэслэлгүйгээр олж авсан 6,056 ам.доллар, 384,685 евро гаргуулж, Б.Хосбаярмаад олгохоор шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй. С.Хотай Унгар улсад танилцаж, 1997 оноос эхлэн хамтран амьдарч байгаад 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болсон. 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулсан. Гэрлэлтээ ямар нэгэн ашиг хонжоо хайж, буруу зөрүү зорилго агуулснаар батлуулаагүй. Хайр сэтгэлийн харилцаатай байсан. Ойрын хүмүүс маань бидний насны зөрүүнээс болж, харилцааг дэмждэггүй байсан бид хамт амьдарч, гэрлэлтээ батлуулж байсан тул оршин суух эрхтэй болохын тулд гэрлэлтээ батлуулсан гэсэн нь үндэслэлгүй. Унгар улсад анх танилцах үед хоёулаа бичиг баримтгүй, хамт зах дээр бараа зарж байсан. Миний бие 1996 онд Унгар улсад очсон, 1997 онд бичиг баримтгүйн улмаас 3 жилийн хугацаатай хар даруулж, Монгол улсад ирсэн. Улмаар өөрийн найз Т.Гын пасспортоор 1999 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Унгар улсад амьдарч, ажилласан. 2003-2008 он хүртэлх хугацаанд наймаа, арилжаа хийсэн мөнгөө Монгол улс руу татахын тулд нэхэмжлэгч нь өөрийн ээж Ш.Дагийн нэр дээр еврогийн данс нээж, би өөрийн ээж Ч.Мийн нэр дээр америк долларын данс нээсэн. Тухайн данснуудаар мөнгөө шилжүүлдэг байсан. 2009 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн өөрийн нэрээр Унгар улсад амьдарч, ажиллаж эхэлсэн. 2008 оны 9 дүгээр сард өөрийнхөө нэр дээр Голомт банкинд анх данс нээлгэж, мөнгөө С.Хогаар шилжүүлж, татаж эхэлсэн. 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 43,609 евро, 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 128,418 евро, 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 90,905 евро, 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 92,905 евро, 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 97,905 евро, нийт 453,743 евро С.Хогаас над руу шууд шилжүүлсэн ба үүнд Ш.Дагээс надад шилжүүлсэн гэх 160,000 евро хамаарна. Энэ хугацаанд буюу 2008 оны 9 дүгээр сарын намар нь ирж мөнгөө ээжээс авсан. 2010 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Монголд би ирж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хамт бүх зүйлээ ярилцаж, тохирдог байсан. Гэтэл ээж маань 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан. Мөнгөө алдсан, ээж нас барсан учраас би амиа хорлох тухай бодож байсан. Гэвч надад байгаа ганц зүйл нь С.Хо байсан. Ингээд би 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Унгар улсад очсон, бид тухайн оны 5 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Үүний дараа 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Монголд ирж, Олон улсын арилжааны дансаа цэнэглээд буцдаг байсан ба 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Унгарт очсон. Бид хоёулаа Олон улсын арилжаа хийдэг байсан ба эхэндээ гайгүй байж байгаад сүүлдээ бүх мөнгөө алдсан. Найман шарга дээр валют арилжаа хийдэг байсан. 2013 оны 3 дугаар сарын 09-ний өдөр би Монголд ирсэн, дахин буцаж яваагүй. Талийгаач 2013 оны 6 дугаар сарын эхээр араас ирсэн. Бид бусдаас мөнгө зээлж, караоке ажиллуулж байсан боловч талийгаачийн бие муудаж эхэлсэн ба хамт ажиллах боломжгүй болсон. Би 2014 оны сүүл, 2015 оны эхээр эхнэр н.Отггаа танилцсан байсан. н.Отг бид хоёр ярилцаад талийгаачид их тусалсан, над дээр олон удаа уйлж ирсэн ба амьдрах газаргүй байна гэхэд нь орон сууц авч өгч, улмаар сар бүр мөнгө шилжүүлж тусалдаг байсан. Түүнээс нэхэмжлэлд дурдсанчлан, хуваарьт төлөлт хийгээгүй юм. 2018 оны эхээр утсаа авахаа больчихсон, 2018 оны 12 дугаар сарын үед огт холбоогүй болсон. 2019 оны эхээр холбогдох үед дүү нь гэж хүн утсыг нь аваад ...манай эгч цус харвасан, утсыг нь би хэрэглэж байгаа гэсэн.... Ингээд уулзах үед гадаад явж эмчлүүлэх хэрэгтэй байна мөнгө, тусламж хэрэгтэй байна гэхээр нь би хангалттай тусалсан, үүнээс болж миний гэр бүлд асуудал үүсч байгааг хэлээд тусалч чадахгүй гэссэн. Гэтэл энэ уулзалтаас хойш 10 хоногийн дараа Цагдаагийн газраас гомдол ирсэн гэсэн. Тухайн гомдолд утсаар ярьж, мөнгө зээлсэн гэсэн. Ш.Да гэж хүнтэй 2 удаа тааралдсан ба мэнд мэдээд л өнгөрсөн. Түүнээс танихгүй. 70 настай хүн, 30 настай хүнд итгэж, их хэмжээний мөнгө өгөхгүй. Миний хувьд, С.Ход төлөх ямар нэгэн өр төлбөргүй, гэрлэлтээ цуцлуулах үед эд хөрөнгийн маргаангүй гэдгээ харилцан зөвшөөрч, энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж өгснөөр гэрлэлтээ цуцлуулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

4.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Монгол улсын Ерөнхий прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /хх1-7/, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-8/, Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт /хх-9/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны А/27 дугаартай захирамж /хх2-8/, Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөл, хавсралт /хх2-9-13/, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ /хх2-14/, Депозит дансны хуулга /хх2-15-66/, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх2-67/, Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт /хх2-68/, Мэндцолмон ӨМЭТ-ийн тодорхойлолт /хх2-69/, Тэтгэврийн дэвтэрийн хуулбар /хх2-70-72/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх2-73/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх2-105-110/, Дансны хуулга /хх3-8-11, 82/, Компаний гэрчилгээ /хх3-12-34/, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх3-42/, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ /хх3-43/, Унгар улсын хуулийн этгээдүүд болох ALTANORGIL Bt болон ARANYCSUCS Kft компаниудын бүртгэлийн мэдээлэл /орчуулга/ /хх3-144-174, хх4-108-190/, Өвлөх эрхийн гэрчилгээ /хх3-216,234/, Нас барьсны гэрчилгээний хуулбар /хх3-235/, Нийслэлийн архивын газрын тодорхойлолт /хх4-87/,

5. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 751 дугаартай Прокурорын тогтоол /хх-77-79, 109/, Гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-80-82/, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-94/, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаартай Прокурорын тогтоол /хх-95/, С.Хогийн Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-96-100/, Хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-101/, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-102/, Хариуцагчийн гадаад пасторын хуулбар /хх-103-108/, Дансны хуулга /хх-111-115, 119-120, 122-123,125-142/, Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-117/, зэрэг баримт авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.Да нь хариуцагч Б.Даид холбогдуулан анх шүүхэд 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр, 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр, 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хийсэн барилгын ажилд хөрөнгө оруулах хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 562,452,800 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, тодруулж, эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо, хууран мэхлэгдэж, ноцтой төөрөгдсөний улмаас Б.Даид шилжүүлсэн 562,452,800 төгрөгөөр хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн тул буцаан гаргуулах гэжээ.

 

2. Нэхэмжлэгч С.Хогийн эрх залгамжлагч С.Түнь хариуцагч Б.Даид холбогдуулан хүчин төгөлдөр бус гэрлэлтийн үндсэн дээр шилжүүлсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 6,056 ам.доллар, 384,685 еврог гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Дээрх хоёр нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШЗ2021/00763 дугаартай Хэрэг нэгтгэх тухай хүсэлтийг шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар нэгтгэсэн болно.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч С.Хогийн эрх залгамжлагч С.Түнь шүүхэд анх 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн харгалзан дэмжигчийн байр сууриар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч С.Хо нас барж, хууль ёсны өвлөгч С.Түнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлагчаар оролцох хүсэлт гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШЗ2023/15208 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар С.Хогийн эрх залгамжлагчийн байр сууриар оролцсон болно. /3хх233-235, 239-241/

 

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ш.Дагийн нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч С.Хогийн эрх залгамжлагч С.Түын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ш.Дагийн хариуцагч Б.Даид холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 562,452,800 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

 

3.1. Нэхэмжлэгч Ш.Да нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ миний охин С.Хогийн нөхөр болох гэж байгаа хүн гэх Б.Да нь Найман шаргын хажууд барилга барих бизнесийг хамтарч хийе, хөрөнгө оруулаач гэсэн учраас 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 160,000 евро /479,452,800 төгрөг/, 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 63,000,00 төгрөгийг тус тус түүний дансанд шилжүүлсэн. Гэвч миний охин С.Хотай гэр бүл болох зорилгогүй байсныг мөн барилга барих гэж байгаа нь хүртэл худал байсныг сүүлд мэдсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагад хандсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг дуусгавар болгосон. Иймд түүнд хууран мэхлэгдэж, ноцтой төөрөгдсөний ултаас шилжүүлсэн мөнгөөр тэрээр үндэслэлгүй хөрөнгөжсөн тул шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулна гэж тайлбарлажээ.

 

3.2. Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, С.Хотай Унгар улсад танилцаж, 1997 оноос эхлэн хамтран амьдарч байгаад 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болсон. 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулсан. Дундын эд хөрөнгийн маргаангүй. Хамтран амьдарч байх хугацаандаа би өөрийн олсон бүх мөнгөө С.Хо, түүний ээж Ш.Да, өөрийн ээж Ч.Мөнхөө нарын дансаар шилжүүлснээр татаж авдаг байсан. Энэ нь, тухайн үед өөрийн дансгүй байсан бас 20 гаруй настай хүн дансаараа их хэмжээний шилжүүлэг хийвэл бусдын анхаарлыг татах эрсдэлтэй байсантай холбоотой юм. 2008 онд Монгол улсад ирж, Найман шарга төв дээр валют арилжаа эрхэлдэг байсан, С.Ход үлдээсэн мөнгийг тэрээр ээж Ш.Дагийн дансаар дамжуулан над руу шилжүүлсэн, түүнээс Ш.Да нь тэтгэвэрт байдаг хүн ба 70 гаруй настай хүн, 30 настай надад итгэж, их хэмжээний мөнгө өгөхгүй гэж татгалзжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогджээ.

 

4.1. Ш.Дагийн Голомт банк ХК дахь ...тоот данснаас Б.Даийн 1103019884 тоот данс руу 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 160,000 евро мөн Ш.Дагийн Голомт банк ХК дахь 1102951348 тоот данснаас Б.Даийн 1105028126 тоот данс руу 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 63,000,000 төгрөг тус тус шилжүүлжээ.

 

4.2. Ш.Да нь С.Хогийн төрсөн эх бөгөөд С.Хо, Б.Да нар нь 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байна.

 

Дээрх үйл баримтууд нь хэрэгт авагдсан Голомт банк ХК-ийн Харилцагчийн хувь гэсэн баримт, дансны хуулга, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, талуудын тайлбараар тогтоогдож байна. /1хх 5-6, 75, 102/

 

5. Талууд дээрх мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, хүлээн авсан, тэдгээрийн хооронд аливаа төрлийн гэрээ байгуулагдаагүй болон Ш.Да нь С.Хогийн төрсөн эх гэдэгт маргаагүй боловч мөнгөн хөрөнгийг шилжүүлэх болсон үндэслэл болон С.Хо, Б.Да нарын гэрлэлтийн харилцаа бодит байсан эсэхэд маргажээ. Тодруулбал, нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан мөнгөн хөрөнгийг Б.Да руу шилжүүлэх болсон үндэслэл нь миний охин С.Хогийн нөхөр гэх Б.Да нь барилга барьж, бизнес хийе, хөрөнгө оруулаач гэсний дагуу шилжүүлсэн гэсэн бол хариуцагч нь мөнгөн хөрөнгө шилжүүлж авсан үндэслэлээ, Ш.Да гэж хүнтэй 2 удаа уулзаж байсан, мэнд мэдсэнээс өөрөөр юм ярьж үзээгүй. Түүний над руу шилжүүлсэн мөнгө нь миний Унгар улсад ажиллаж байх үедээ олсон мөнгө бөгөөд би тухайн мөнгөө С.Ход үлдээсэн байсныг ээж Ш.Дагийн данс руу шилжүүлж, улмаар ээж нь над руу шилжүүлсэн төдий гэх үндэслэл заан маргажээ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж зохицуулсан.

 

6. Нэхэмжлэгч Ш.Да нь Б.Датой аливаа төрлийн гэрээ бичгээр байгуулахгүйгээр, түүнд хууртагдаж мөнгө шилжүүлсэн гэж тайлбарласан ба хариуцагч нь тухайн мөнгийг хүлээн авсанд маргаагүй мөн захиран зарцуулалтын талаар тодорхой тайлбар гаргаагүй. Иймд хариуцагч Б.Даийг нэхэмжлэгч Ш.Дагээс шилжүүлэн авсан 160,000 евро, 83,000,000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэв.

 

7. Хариуцагч нь дээрх байдлаар шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгөө буцаан өгөхгүй гэх татгалзал, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй.

 

7.1. Тодруулбал, Ш.Дагээс Б.Да руу шилжүүлсэн 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 160,000 евро, 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 20,000,000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 63,000,000 төгрөгийг С.Хо, Б.Да нарын гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзэх эсхүл Б.Даоос С.Ход тухайн үед үлдээсэн мөнгө гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Учир нь, Б.Да, С.Хо нар нь гэрлэлтээ захиргааны журмаар цуцлах үедээ эд хөрөнгийн маргаангүй гэдгээ илэрхийлсэн байх ба Ш.Дагээс Б.Да руу 160,000 евро шилжүүлсэн 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар тэдгээр нь гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан.

 

Түүнчлэн, гэрч С.Түмаагийн ...Эгч С.Хо нь Унгар улсад 1991 онд очсон, лангуу ажиллуулж, оёдлын цэхтэй байсан... санхүүгийн хувьд өндөр чадамжтай, өөрөө мөнгө олдог байсан. Хажуугаар нь ар гэрээ бүгдийг нь тэжээдэг, өөрийгөө тэжээдэг. Дээрээс нь хөндлөнгөөс харахад Дамдиндоржийн хамаг юмыг нь зохицуулаад тэжээдэг байсан...Би эгчтэйгээ хамт 2 лангуу ажиллуулдаг байсан... 2001-2006 он хүртэл ажиллаж, амьдарч дараа нь сургуульд сурсан. С.Хо бид 2 нийлж 1 удаа ээж рүү 160,000 евро шилжүүлж байсан... гэх мэдүүлэг, Унгар улсаас ирсэн хуулийн этгээдийн лавлагаагаар С.Хо нь Унгар улсад амьдарч байх хугацаандаа буюу Б.Датой гэрлэлтээ бүртгүүлсэн 2011 оноос өмнөх цаг хугацаанд ......гэсэн хуулийн этгээдүүдийг үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулдаг байсан үйл баримт /3хх143-181,191-204/, Ш.Дагийн Голомт банк ХК дахь ...тоот дансны 2007 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны хуулгаар С.Хо, С.Түмаа нар нь өөрийн эх Ш.Да рүү мөнгө шилжүүлж байсан үйл баримт /1хх71-75, 3хх8-9/, ...... тоот дансны 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны дансны хуулгаар С.Хо нь Б.Да руу 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 43,609.99 евро, 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 128,418.58 евро тус тус шилжүүлж байсан үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлвэл, миний охин С.Хогийн нөхөр гэж ойлгоод хамтран бизнес хийх зорилгоор барих барих ажилд хөрөнгө оруулсан гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж, хариуцагчийн миний мөнгийг С.Хо өөрийн дансаар шилжүүлсэн гэх татгалзлыг үндэслэлгүй гэж үзлээ.

7.2. Нэхэмжлэгч нь хариуцагчид 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр нийт 562,452,800 төгрөгийг шилжүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, анх шүүхэд 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Үүнээс өмнө нь энэ нэхэмжлэл бүхий асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан боловч 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 751 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаартай Прокурорын гаргасан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай тогтоол, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1/1887 тоот Гомдлын хариу гэсэн мэдэгдлээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг хаагдсан байна. /1хх77-79, 95, 109/

 

Нэхэмжлэгч нь шаардах эрхээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэрээний бус үүрэг гэж тодорхойлсон тул түүний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан ерөнхий хугацаа буюу арван жилд хамаарна. Мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгө шилжүүлсэн хамгийн сүүлийн огноо болох 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болгохоор байна. Нэхэмжлэгч Ш.Да нь анх шүүхэд 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацааны дотор хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна.

 

7.3. Дээрхээс гадна, нэхэмжлэгч Ш.Да нь 160,000 еврод холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг 479,452,800 төгрөг гэж тодорхойлсон байна. Нийтэд илэрхий үйл баримт болох Монголбанкны ханшийн лавлагаагаар https://www.mongolbank.mn/mn/currency-rates нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 1 евро нь 3,008.11 төгрөгтэй тэнцүү буюу 160,000 евро нь 481,297,600 төгрөг байх боловч шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх зарчимтай тул нэхэмжлэгчийн тодорхойлсон дүнгээр шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Даоос 562,452,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Дад олгож шийдвэрлэв. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 2,970,214 төгрөг гаргуулж, улсын төсөвт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

8. Нэхэмжлэгч С.Хогийн эрх залгамжлагч С.Түнь хариуцагч Б.Даид холбогдуулан гаргасан хүчин төгөлдөр бус гэрлэлтийн үндсэн дээр шилжүүлсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 6,056 ам.доллар, 384,685 еврог гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

 

8.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ, Б.Да нь С.Хотай гэрлэх зорилгогүйгээр гэрлэлтээ бүртгүүлж, улмаар энэ үндэслэлээр гэрлэлтээ захиргааны журмаар цуцалсан, өөр гэр бүлтэй байсан, Унгар улсад оршин суух виз авахын тулд гэрлэлтээ бүртгүүлсэн тул С.Хогаас Б.Да руу 2008 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд шилжүүлсэн нийт 6,056.57 ам.доллар, 453,743.57 еврогоос буцаан авсан 100,000,000 төгрөгийн орон сууц, 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд шилжүүлсэн нийт 53,700,000 төгрөг, 153,700,000 төгрөг буюу 69,058 еврог хасч, 384,685 еврог нэхэмжилнэ гэжээ.

 

8.2. Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ, С.Хотай Унгар улсад танилцаж, хайр сэтгэлийн харилцаатай болсон ба 1997 оноос эхлэн хамтран амьдарч байгаад 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Гэвч хүүхэдтэй болж чадахгүй бас таарамжгүй харилцааны улмаас бид 2014 оноос эхлэн хамт амьдрахаа болж, улмаар 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дундын эд хөрөнгийн маргаангүй, насанд хүрээгүй хүүхэдгүй гэсэн үндэслэлийг зааж хүсэлтээ гаргаснаар гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулсан. ..... аливаа ашиг сонирхлын үүднээс гэрлэлтээ батлуулсан гэж байгаа нь үндэслэлгүй. Бид 1997 оноос хойш олсон мөнгөө өөрсдийн ээж нарын данс руу хийдэг байсан ба сүүлд бүх мөнгөө алдаж, Монгол улсад 2013 онд хоосон ирсэн. Бид хүнээс мөнгө зээлж, караоке ажиллуулж байсан, одоогийн эхнэр н.Отгонтуултай 2014 оны сүүл, 2015 оны эхээр танилцсан, манай эхнэр бид хоёр С.Ход маш их тусалсан, байр авч өгсөн, сар бүр мөнгө өгдөг байсан нэхэмжлэл бүхэлдээ худал гэж маргажээ.

 

9. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогджээ.

 

9.1. С.Хо, Б.Да нар нь 1997 оноос хойш хамтран амьдарч, улмаар 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас хүүхэд төрөөгүй, 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулсан үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асуугдсан гэрч нарын мэдүүлэг, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрлэгчдийн гар бичмэл бүхий хүсэлтээр тогтоогдсон.

 

9.2. Дээрх гэрлэлт хүчин төгөлдөр бус байсан, гэрлэх санаа зорилго байгаагүй, гэрлэнэ гэж хуурч мэхэлж байсны улмаас ноцтой төөрөгдөж, мөнгөн хөрөнгө шилжүүлсэн гэх нэхэмжлэгч талын тайлбар хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна. Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт энэ хуулийн 9-д заасныг зөрчиж гэрлэсэн, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь илэрсэн тохиолдолд гэрлэгчдийн хэн нэгний, эсхүл эрх нь зөрчигдсөн бусад хүний болон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын нэхэмжлэлээр шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж зохицуулсан. Нэхэмжлэгч тал нь хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх шаардлагын үндэслэлдээ, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн тул тухайн гэрлэлт хүчин төгөлдөр бус гэх боловч энэ талаар бие даасан шаардлага гаргаагүй. Түүнчлэн, гэрлэх санаа зорилго байгаагүй гэдэг үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, С.Хо, Б.Да нар нь гэрлэлт бүртгүүлэхээс өмнөх цаг хугацаанд хамтран амьдарч, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж, харилцан мөнгө шилжүүлж байсан нь гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17.1, 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч С.Хогийн эрх залгамжлагч С.Түын гаргасан хариуцагч Б.Даоос 6,056 ам.доллар, 384,685 евро гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Хогийн эрх залгамжлагч С.Түын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар С.Түаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,392,195 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.Даоос 562,452,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Дад олгож, Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17.1, 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч С.Хогийн эрх залгамжлагч С.Түын гаргасан хариуцагч Б.Даоос 6,056 ам.доллар, 384,685 евро гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Да тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 2,970,214 төгрөг гаргуулж, улсын төсөвт олгож, нэхэмжлэгч С.Хогийн эрх залгамжлагч С.Түын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,392,195 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ