| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2531001270120 |
| Дугаар | 2025/ДШМ/91 |
| Огноо | 2025-09-16 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2025/ДШМ/91
М.*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтөлж,
Прокурор А.Эрдэнэдэлгэр
Шүүгдэгч М.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2025 оны 06 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор М.*******т холбогдох эрүүгийн 2531001270120 дугаартай, 316/2025/0108/Э/208/2025/0064 индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт *******ын *******, Монгол улсын иргэн, *****оны *** дүгээр сарын ***-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, **** настай, ***эгтэй, **** **** боловсролтой, ****** ********** мэргэжилтэй, “******* *******” ХХК-д барилгын туслах ажилтан ам бүл 3, хоёр хүүхдийн хамт /4, 2 настай/ Сэлэнгэ аймаг, Ерөө сум, ****** баг,****** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, (РД:*******) урьд
-Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн.
Шүүгдэгч М.******* 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/187 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Toyota prius-20” маркийн 24-14 СЭН дугаартай тээврийн хэрэгслийг 2.52 хувийн согтолттой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг дахин үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: М.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/187 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан шийтгэлээс эдлээгүй үлдсэн 397 хоног эрх хасах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 2 жил, 397 хоногоор тооцож хасч, энэ талаархи мэдээллийг Улсын нэгдсэн бүртгэлд оруулахыг Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасагт мэдэгдэж, хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил, 397 хоногийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,
Шүүгдэгч М.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, ...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо:
...Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 127 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 жил 397 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсний эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон давж заалдах гомдол гаргаж байна.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь яллагдагчийн өөрийн үйлдэлдээ хандаж субъектив байдлын цогц илрэл бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож, чин санаанаасаа гэмшин байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгодог, нийгэмд ашигтай сэтгэл зүйн хандлага гэж үзэж хөхүүлэн дэмжих зорилгоор хуулиар ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлд тооцдог.
Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээж буй нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн эхээр зөвшөөрч, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэргээр өөрийн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа юм.
М.******* нь үйл явдал болох үед гэр бүлийн таарамжгүй харилцаа, эхнэр нөхрийн хамтын амьдрал нь цаашид үргэлжлэх боломжгүй болсон зэргээс шалтгаалан сэтгэл зүйн тогтворгүй байдалтай байсан, түүнийгээ даван туулж чадаагүйн улмаас хууль зөрчсөн үйлдэл хийснээ бүрэн ухамсарлаж байгаа ба харин түүнд хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүхээс анхаарч өгнө үү. Тухайлбал:
М.******* нь баруун талын нүд бүрэн хараагүй болсны улмаас 50 хувиар групп тогтоолгосон эрүүл мэндийн шалтгаан, мөн 2-4 насны буюу бага насны хүүхдүүдээ асарч хүмүүжүүлэх үүргээ биелүүлэх шаардлагатай байгаа зэргийг харгалзан үзэж нийгмээс тусгаарлахгүйгээр ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний баруун нүд хардаггүй, хоригдсоноос хойш өвчин намдаагч хэрэглэж өдөр хоногийг өнгөрөөлөө. Би маш их зүйл ойлгож, ухаарлаа. 2 хүүхэддээ, аавдаа, ар гэртээ маш их санаа зовж байна. Дахин ийм асуудал гаргахгүй гэдгээ хэлмээр байна. Аав маань харвасан учраас хоёр хүүхэд маань идэх хоол, хувцасгүй байгаа, харах ч хүн байхгүй боллоо. Ээж маань дүүгээ алдсан. Та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна. Дахин ийм зүйл хэзээ ч давтахгүй. Би хийсэн гэмт хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн, хууль зүйн дүгнэлт хийсэн, гэм буруугийн холбоотой асуудлаар бид маргахгүй, маш буруу зүйл хийсэн. Дархан-Уул аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад тодорхой хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн нөхцөл байдал байгаа. Энэхүү асуудлаа бидний зүгээс хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ амьдралын нөхцөл байдлын хувьд 2 хүүхдийг нь харах хүнгүй, ээж нь хардаг. М.*******ын аав нь харвасан нөхцөл байдалтай байна. Цагдан хорих байранд ял эдлээд 2 сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ талаасаа ч буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байгаа байх гэж үзэж байна. Тийм учраас давж заалдах шатны шүүхээс боломж олгож, нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, тээврийн хэрэгсэл жолоодохгүй болохыг М.******* маш сайн ойлгосон байх гэж найдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Шүүгдэгч М.*******ыг анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн. Улсын яллагчийн зүгээс торгох ялын санал гаргаж байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж буй эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэх давж заалдах гомдлын хувьд тусгайлан гаргах саналгүй байна. Учир нь, шүүхийн эрх хэмжээний асуудал байгаа гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр М.*******т холбогдох эрүүгийн 2531001270120 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Прокуророос шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтайгаар хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
3.Шүүгдэгч М.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Toyota prius-20” маркийн 24-14 СЭН дугаартай тээврийн хэрэгслийг 2.52 хувийн согтолттой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг дахин үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.
4.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримтыг зөв тогтоож, Эрүүгийн хуулийг тухайн үйл баримтад оновчтой тайлбарлан хэрэглэсэн байх ба хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
5.Шүүгдэгч М.******* нь урьд Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, үндсэн ялаа эдлэж дууссан боловч нэмэгдэл ял болох эрх хасан ялыг бүрэн эдлэж дуусаагүй тул шүүхээс түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд урьд тус шүүхийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялаас эдлээгүй үйлдсэн 397 хоног дээр энэ тогтоолоор оногдуулсан нэмэгдэл ялыг нэмж эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
6.Шүүгдэгч М.******* түүний өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “...би үйлдсэн гэмт хэргээ чин санаасаа гэмшин ухамсарласан, бусдад төлөх төлбөргүй, ар гэрийн гачигдалтай байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг хүсье.” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.
7.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын төрлийг тодорхойлсон байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.
8.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтад түшиглэсэн шүүгчийн дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт юм. Нөгөөтээгүүр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх гэдэгт шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй; хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн; хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснийг ойлгох бөгөөд харин хэрэглэж болох хуулийн зүйл, заалтыг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглээгүй нь үүнд хамаарахгүй болно.
10.Шүүгдэгч М.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны хүүхдүүд эхтэйгээ хамт амьдардаг, түүний эх нь өвчний учир эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа улмаас өнөөдрийг байдлаар бага насны 2 хүүхдийг асрах хүнгүй байгаа нь баримтаар тогтоогдсон зэрэг нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэсэн хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан 6 сарын сарын хорих ял оногдуулсныг хөнгөрүүлж, 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
11.Шүүгдэгч М.******* нь энэхүү магадлал гарах хүртэл 106 хоног цагдан хоригдсоныг хуульд зааснаар дүйцүүлэн хасаж, түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
2 дугаар заалтыг:
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж,
3 дугаар заалтыг:
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагаас илүүгүй хугацаагаар тогтоож хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.” гэж,
4 дүгээр заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/187 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан шийтгэлээс эдлээгүй үлдсэн 397 хоног эрх хасах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж нийт 3 жил 1 сар 2 хоногийн хоногоор тооцож энэ талаархи мэдээллийг Улсын нэгдсэн бүртгэлд оруулахыг Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасагт мэдэгдэж, хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж,
5 дугаар заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 1 сар 2 хоногийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай” гэж тус тус өөрчилсүгэй.
2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч М.*******ын цагдан хоригдсон 106 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай дүйцүүлэн, түүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, түүнийг нэн даруй шүүхийн танхимаас сулласугай.
4.Магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН