Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 676

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: С.Оюунжаргал,

Хохирогч: И.М, түүний өмгөөлөгч О.Б,

           Шүүгдэгч: Б.Д өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803005170280 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Д, 1994 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, Стандарт хэмжил зүйн газарт химич, шинжээч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 07 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Nice pub-ын хойд замд Ж.Лын эзэмшлийн 36-41 УБ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч И.Мыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дүүгээ цэцэрлэгт хүргэж өгөх гээд зогсоолд машинаа тавих үед хашлага тулсан. Тэгээд сандарсандаа тормозоо гишгэх гэж байгаад хаазаа гишгэж хохирогчийг мөргөсөн” гэв.

Хохирогч И.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Явган хүний замаар явж байгаад шүүгдэгчийн унаж явсан приус маркийн машинд мөргүүлж хананд хавчуулсан. Би юу болсныг мэдэхгүй шоконд орсон. Номертой хэсгээр нь өвдгөөрөө хананд хавчуулагдсан. Тухайн хэрэг болсон газар цаг орчим байсан. Хэдэн цаг болж байсныг сайн мэдэхгүй байна. Гэмтлийн эмнэлэгт очоод хоёр хөлийг минь гипсдэх шаардлагатай гэж хэлсэн. Надад зөөлөн эдийн гэмтэл учирсан, чагтан холбоос хугарсан. Ямар нэгэн хурдан хөдөлгөөн хийх боломжгүй болсон. Би 5 хүүхэдтэй, гомдолтой байна. Гурван сар ажилгүй байгаа. Нарантуул зах дээр хадам ахтайгаа хамтарч бүрээс оёж зардаг, шүүгдэгчээс 3 сарын цалингийн мөнгө, аудит хийлгүүлсэн төлбөр, эмчилгээний зардал нийт 7.313.850 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч И.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 7 цаг 55 минутын орчимд Nice pub-ын үүдээр ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй явган замаар явж байтал биеийн зүүн гар талаас Приус маркийн автомашин хашлага давж гарч ирээд намайг ханатай хавчсан. Тэгээд автомашин ухарч намайг гаргаж авсан. Би түргэн тусламжийн автомашинаар гэмтлийн эмнэлэг хүргүүлсэн. Автомашин миний биеийн зүүн гар талаас мөргөж 2 хөлийг автомашиныхаа буфер, хана хоёрын хооронд хавччихсан. Тухайн үед гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд зөөлөн эдийн гэмтэлтэй хоёр хөлөө гипсдүүлэх шаардлагатай, ил харагдах ясны хугарал алга байна гэсэн. Тэгээд осол болсноос хойш 4-5 хоногийн дараа MRI зураг авахуулж гэмтлээ нарийн тогтоосон. Тэгэхэд баруун өвдөгний чагтан холбоос урагдалтай 2 өвдөгний тахилзуур яс хугарсан гэж гарсан. Одоогоор хагалгаа хийлгээгүй байна. Хөлний гипс авсны дараа хагалгаа хийх эсэхээ шийднэ гэсэн. Хоёр хөл дээрээ гишгэж чадахгүй шөнөдөө өвчин намдаагч ууж байж унтахгүй бол өвдөөд унтаж чадахгүй байна, эдгэрэлт бол удаан байна, хэзээ зүгээр болохоо мэдэхгүй байна, одоогийн байдлаар эмчилгээний зардалд өөрөө 700-800 орчим мянган төгрөг гаргаад байна, цаашид хэдэн төгрөг гарахыг мэдэхгүй байна, жолоочийн талаас 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 500.000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 35-36/,

Шинжээчийн 6998 дугаартай дүгнэлтэд: “...И.Мын биед баруун өвдөгний урд чагтан холбоос, дотор холбоосын хэсэгчилсэн урагдал, тахилзуур ясанд үений гадаргуу дайрсан шахагдсан хугарал, зүүн өвдөгний урд чагтан холбоосын суналт, тахилзуур ясны шаанттай үе үүсгэж байгаа хэсгийн хугарал, хоёр өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун тахимд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-н 106/,

Техникийн шинжээчийн 431 дугаартай дүгнэлтэд: “...Тоёота приус маркийн 36-41 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэнг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч И.М нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл осол гарахад нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт /хх-н 124-125/,

Яллагдагчаар Б.Дгийн өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 07 цаг 55 минутын орчимд ээж Ж.Лын эзэмшлийн тоёота приус маркийн 36-41 УБ улсын дугаартай автомашиныг жолоодон дүү Эийг цэцэрлэгт хүргэж өгөх гээд төмөр замын Варьета чуулганы замын урд талын зогсоолд автомашинаа байрлуулах гэж байгаад ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явган хүний замаар явж байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн. ...автомашинаа зогсоолд тавих гээд автомашинаа тэгшлээд тормозоо гишгэхдээ андуурч хаазаа гишгээд явган хүний замаар явж байсан хүнийг пабын ханатай шахаж гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 130-131/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 12-15/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-н 16-17/, хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 37-42/, Хохирлын баримтууд /хх-н 44-57, 59-100/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 132-139/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 07 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Nice pub-ын хойд замд Ж.Лын эзэмшлийн 36-41 УБ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч И.Мыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч И.Мын: “...2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 7 цаг 55 минутын орчимд Nice pub-ын үүдээр ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй явган замаар явж байтал биеийн зүүн гар талаас Приус маркийн автомашин хашлага давж гарч ирээд намайг ханатай хавчсан. Тэгээд автомашин ухарч намайг гаргаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 35-36/, шинжээчийн 6998, техникийн шинжээчийн 431 дугаартай дүгнэлтүүд, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Дгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Дгийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч И.Мын биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын явцад хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлсөн байна.

Хохирогч И.М нь шүүх хуралдаанд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн зардал, ажилгүй байсан үеийн орлого, аудитын үнэлгээний төлбөр зэрэг нийт 7.313.850 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилсэн баримтыг гаргаж өгсөн болно.

Хохирогч И.М нь Нарантуул худалдааны төв дээр монгол гэрийн бүрээс, бүслүүр зэрэг эд зүйл худалдаалдаг ба өөрийн орлогыг бүртгэсэн хувийн бүртгэлийн хуулбарыг хэрэгт гаргаж өгчээ.

Уг бүртгэлээ үндэслэн өөрийн орлогоо тодорхойлуулахаар Пантер Мидланд аудитын компанид хандан орлогоо тодорхойлуулсан байх ба түүний өдрийн орлого 76.854 төгрөг болохыг тухайн аудитын компани тодорхойлж гаргаж өгсний дагуу ажилгүй байсан үеийн орлогоо нэхэмжилснийг шүүх үндэслэлгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин хохирогч, түүний өмгөөлөгчийн тооцоолсон ажилгүй байсан өдөр нь буруу байна гэж шүүх үзлээ.

Уг гэмт хэрэг гарсан өдрөөс хойш шүүх хуралдаан болтол 89 хоног өнгөрсөн байх ба энэ хугацаанд Нарантуул худалдааны төв ажилладаггүй 7 хоног бүрийн мягмар гариг, мөн түүнчлэн, Үндэсний их баяр наадмын өдрүүдээр ажиллаагүй өдрүүдийг хасаж нийт 72 хонгоор тооцон ажил, орлогогүй байсан өдрийн орлогыг тооцон хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт автомашины эзэмшигч Ж.Лыг иргэний хариуцагчаар тогтоосон байх ба Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан тул баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал 541.240 төгрөг, аудитын үнэлгээний төлбөр 240.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны орлого өдрийн 76.854 төгрөг нийт ажлын 72 өдөр 76.854*72=5.533.488 төгрөг, нийт 6.314.728 төгрөгийг иргэний хариуцагч, шүүгдэгч нараас гаргуулж хохирогчид олгох олгох нь зүйтэй байна.

Хохирогч нь цаашид хагалгаанд орох шаардлагатай гэж мэдүүлсэн тул хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Б.Дг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч Б.Дгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасах нэмэгдэл ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь торгуулийн ялыг төлөх хугацааг урт хугацаагаар тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Дд шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Дгийн ............ дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

    Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Дг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар шүүгдэгч Б.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, уг нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Дд шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, иргэний хариуцагч Ж.Л нараас нийт 6.314.728 төгрөгийг гаргуулж хохирогч И.Мад олгосугай.
  6. Хохирогч И.М нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7.   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шүүгдэгч Б.Дгийн ...... дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР