Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 304/ШШ2026/00085

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Булган аймаг, Т******* сум, *** дугаар баг, *** дүгээр хороо, **** тоотод оршин суух, Ч******* овогт Д******* З******* хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Д.Золбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Д.Золбаяр нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

-Миний бие Дуламжав овогтой Золбаяр нь 1983 оноос Булган аймгийн Т******* сумын Ш******* А******* нэгдлийн сүү тосны заводод засварчнаар ажиллаж байгаад **** оны 06 дугаар сард цэргийн албанд татагдсан. Энэ хугацааны ажиллаж байсан жил тодорхойгүй байгаа тул шүүхэд хандсан. Иймд 1983 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Булган аймгийн Т******* сумын Ш******* а******* нэгдлийн сүү тосны заводод засварчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас:

-Д******* З******* иргэний үнэмлэхийн хуулбар,

-Булган аймгийн Архивын тасгийн 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаар тодорхойлолт,

-Булган аймгийн Т******* сумын Ш******* а******* нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Ажилд томилох тухай **** тоот тушаал,

-Д******* З******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ****дугаар тодорхойлолт,

-1985 оны 03 дугаар сарын 30-ны өдөр олгосон мэргэжлийн үнэмлэх,

-Булган аймгийн Т******* сумны Ш******* А******* нэгдлийн сүү тосны заводоос олгосон Баярын бичиг зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3.Хүсэлт гаргагч Д.Золбаярын хүсэлтээр Д.О******* асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №53 дугаартай албан тоотоор ирүүлсэн 1983, 1984, 1985 оны цалингийн тодорхойлолт, хавсарган ирүүлсэн баримтуудыг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Д.Золбаярын Булган аймгийн Т******* сумын Ш******* А******* нэгдлийн сүү, тосны заводод 1983 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл засварчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Хүсэлт гаргагч Д.Золбаяр нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

-Булган аймгийн Архивын тасгийн 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Булган аймгийн Т******* сумын Жаргалант багийн харъяат Дуламжав овогтой Золбаярыг Булган аймгийн Т******* сумын "Ш******* а*******" нэгдлийн Сүү тосны заводад 1983 оны 01-р сарын 05-наас засварчнаар томилсон нэгдлийн даргын 1983 оны 01-р сарын 04-ний 01 тоот. "Ш******* а*******" нэгдлийн уурын зууханд 1984 оны 11-р сарын 20-ноос слесариар томилсон нэгдлийн даргын 1984 оны 11-р сарын 27-ны 61 тоот, "Ш******* а*******" нэгдлийн сүү тосны заводад 1987 оны 04-р сарын 01-нээс засварчнаар томилсон нэгдлийн даргын 1987 оны 04-р сарын 01-ний 28 тоот, 1991 оны 04-р сарын 01-нээс сүү тосны засварчны үүрэгт ажлаас чөлөөлж сумын АДХГЗ-ны мэдэлд шилжүүлсэн нэгдлийн даргын 1991 оны 07-р сарын 28-ны 45 тоот, БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 58-р тогтоол, Эрчим хүчний яамны 1991 оны 61-р тушаалын заалтуудыг үндэслэн хөдөө сумдад аж ахуйн тооцоотой биеэ даасан Эрчим хүчний төвтэй болж байгаа тул 1991 оны 04-р сарын 01-нээс Т******* сумын эрчим хүчний төвд 0.4-ийн монтёроор томилсон Булган аймаг дахь Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 04-р сарын 05-ны **** тоот тушаалууд архивт байгаа тул лавлагаа олгов. гэсэн №181 дугаар тодорхойлолт,

-Булган аймгийн Т******* сумын Ш******* а******* нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Ажилд томилох тухай 61 тоот тушаал /Тушаалын 1 дэх заалтад ...Д.Золбаярыг 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн слесерээр тус тус томилсугай./ гэсэн,

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Булган аймгийн Т******* сумын 5-р багийн харъяат Дуламжав овогтой Золбаяр нь Т******* сумын Ш******* а******* нэгдэлд 1983, 1984 онд ажиллаж байсан цалингийн цэс архивт байгаа тул лавлагаа олгов. гэсэн №32 дугаар тодорхойлолт,

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №53 дугаартай албан тоотоор ирүүлсэн Д.З******* Т******* сумын Ш******* а******* нэгдэлд ажиллаж байсан хугацааны баримтыг шүүн үзээд 1983-1985 оны цалингийн баримт гарч ирснийг лавлагаагаар хүргүүлж байна. Ш******* а******* нэгдлийн даргын 1983 оны тушаалыг шүүн үзэхэд Д.Золбаяртай холбогдолтой тушаал гарч ирээгүй болно гэсэн тодорхойлолт,

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Булган аймгийн Т******* сумын 5-р багийн харъяат Дуламжав овогтой Золбаяр нь Т******* сумын Ш******* а******* нэгдэлд 1983-1985 онд ажиллаж байсан цалингийн цэс архивт байгаа тул лавлагаа олгов. гэсэн №13 дугаар тодорхойлолт,

-Булган аймгийн Архивын тасгийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Булган аймгийн Т******* сумын Ш******* а******* нэгдлийн 1983 оны тушаал архивт байгаа боловч Дуламжав овогтой З******* холбогдолтой баримт байхгүй болохыг тодорхойлов. гэсэн №22 дугаар тодорхойлолт зэрэг баримтууд,

 

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

Гэрч Д.Отгоны: Би 1981 оноос Булган аймгийн Т******* сумын Сүү тосны заводод ажиллаж эхэлсэн. Д.Золбаяр нь 1983 оноос тус Сүү тосны заводод засварчнаар ажиллаж эхэлсэн. 1992 онд Сүү тосны завод нь татан буугдаад бид нар ажлаасаа гараад би малчин болсон. Д.Золбаяр нь харин хувиараа ажиллаж эхэлсэн гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.

 

3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ч******* овогт Д******* З******* Булган аймгийн Т******* сумын Ш******* А******* нэгдлийн сүү, тосны заводод 1983 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА