Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/92

 

    
 

   

                                           П.*******д холбогдох
                                          эрүүгийн хэргийн тухай


Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч З.Төмөрхүү, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтөлж,
Прокурор А.Эрдэнэдэлгэрийг оролцуулан,  
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр П.*******д холбогдох эрүүгийн 2531001640155 дугаартай, 316/2025/0120/Э/208/2025/0067 индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.


******* овогт *******ын *******, Монгол улсын иргэн, **** оны **** дугаар сарын ****-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, **** настай, ****эгтэй, **** **** боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, Болд төмөр Ерөө гол ХХК-д барилгын засал чимэглэлчин ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум ***** баг, **** хэсэг **** тоотод оршин суух хаягтай, урьд 
-Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179.1, 155.1 дэх хэсэгт тус тус зааснаар 4 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай (РД:*******)


Шүүгдэгч П.******* нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 117 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хүртэл 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шөнийн 00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт 1,01 хувийн согтолттой үедээ Приүс 30 загварын ******* СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. 


Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: П.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 


Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 08 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэж, 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.******* нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулж, 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж мөн хугацаагаар үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолж, 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар П.*******г тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдан,
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 828698 тоот жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн газарт хүргүүлж, 
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 


Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Эрдэнэдэлгэрийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаартай эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  
...Шийтгэх тогтоолыг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 
Анхан шатны шүүх шүүгдэгч П.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 8 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т заасан үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн. 
Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахаар хуульчилжээ. 
Гэтэл анхан шатны шүүх нь шүүгдэгч П.*******д хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 болон 7.1 дүгээр зүйлд заасан хуулийн зохицуулалтаас аль зүйл заалтыг баримталсан нь тодорхойгүй байна. 
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрийн бүтцэд тавигдах шаардлага” мөн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 29 дугаартай “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол боловсруулах аргачлал”-ын 3.1.5-т тус тус заасан шаардлагыг хангаагүй буюу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 болон 7.1 дүгээр заалтад зааснаас аль тохирох заалтыг баримтлан тогтоон заагаагүй байна. 
Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 2025/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв. 
                                              ТОДОРХОЙЛОХ нь:


1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр П.*******д холбогдох эрүүгийн 2531001640155 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Прокурорын газраас шүүгдэгч П.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл ангид зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулан, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 08 сараар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг оногдуулахаар тохиролцон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
3.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдаж хэргийг хянан шийдвэрлэсэн нь  хэргийн бодит байдалтай нийцсэн байна. 
Шүүгдэгч П.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэрт  ******* СЭҮ улсын дугаартай Toyota prius-30 загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
-П.*******гийн “2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан үед согтуурал хэмжих багажаар шалгахад 1,01% согтолтой байсан...” гэх согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-р тал/, 
-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 117 дугаартай “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар ******* овогт *******ын *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай” гэх шийтгэвэр /хх-ийн 24-р тал/
-Гэрч Э.Балсангийн “Би 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 20 цагаас 26-ны өдрийн 02 цагийн хооронд хэсгийн цагдаа дэд ахлагч Б.Батсайханы хамтаар хуваарийн дагуу шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Тухайн өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд Бугант гүүрэн дээр хяналт тавиад шалгалт хийгээд байж байхад Тоёота приүс 30 маркийн ******* СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад ******* овогтой ******* гэх жолооч байсан бөгөөд жолооны үнэмлэх тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шалгуулсан тухайн үед жолоочийн лавлагааг цагдаагийн сангаас шүүж үзэхэд хүчинтэй гэж гарч байсан харин тухайн жолоочоос архи согтууруулах ундааны зүйл машинаас өөрөөс нь үнэртсэн тухайн үед жолооч П.******* нь ганцаараа явж байсан. Тэгээд та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү гэхэд тиймээ хэрэглэсэн замдаа 3 татсан Ерөө сумын төвөөс ирж байгаа гэж хариулсан. Цагдаагийн хэсгийн байранд тухайн жолооч П.*******г авчирч согтуурал хэмжигч драгер багаж болох алкотест 6820 багажаар шалгах гэтэл үлээж согтуурлаа хэмжүүлэхээс татгалзаж угаасаа би архи уучихсан байгаа үлээгээд яахын гэж хариулсан тэгээд би за та үлээхээс татгалзсан бөгөөд шалгуулахаас зайлсхийсэн гэж мэдээллээр оруулж байтал буцаж цагдаагийн байранд П.******* нь орж ирээд би согтуурлаа хэмжүүлье гэхээр нь драгер 6820 багажаар шалгахад 1,01 хувийн согтолтын зэрэг гарсан болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/ зэрэг шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.  

 
4.Анхан шатны шүүх шүүгдэгч П.*******гийн прокурортой тохиролцсон ялын хэмжээ хүрээнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 08 сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журамд нийцсэн байна.


5.Прокуророос гаргасан “...Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрийн бүтцэд тавигдах шаардлага” мөн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 29 дугаартай “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол боловсруулах аргачлал”-ын 3.1.5-т тус тус заасан шаардлагыг хангаагүй буюу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 болон 7.1 дүгээр заалтад зааснаас аль тохирох заалтыг баримтлан тогтоон заагаагүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолт өөрчлөлт зөвтгүүлэх” талаар гаргасан эсэргүүцлийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ. 
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан. 


Иймд анхан шатны шүүх дээрх хуулийн зүйл заалтыг баримтлалгүйгээр хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийн хэрэглэвэл зохих зүйл  заалтыг хэрэглээгүй алдаа гэж үзнэ.  
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.  


Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 1.3,  39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
2 дахь заалтыг: 
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч П.*******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 08 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэсүгэй” гэж өөрчлөлт оруулсугай. 
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангасугай. 
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

                             
         ДАРГАЛАГЧ,
         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН                   

                            ШҮҮГЧ                                    З.ТӨМӨРХҮҮ 
                                   
                            ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ