Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 115

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Д.Д-д холбогдох эрүүгийн 1826002200121 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн ******* овогт Д.Д

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар цэцэрлэгийн хүлээлгийн өрөөний цонхны тавцан дээрээс Б.П эзэмшлийн “Samsung Galaxy-J” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Улсын яллагчийн уншиж сонсгосон мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Б.П-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 17 цаг 30 минут гээд цэцэрлэгийн манай ангийн хүүхдүүд тарах болоод эцэг эхчүүд хүүхдүүдээ ирж авсан. 18 цагийн үед би хүүхдүүддээ тоглолтын билет тараасан. Тараасаар байгаад манай ангид 2-3 хүүхэд л үлдсэн байсан. Тухайн үед би үүдний хүлээлгийн өрөөнд байсан юм. Тэнд байхад манай нөхөр над руу залгаад тарах болж байна уу гэж ярьсан. Би нөхөртэйгөө ярьж дуусчихаад утсаа цонхны тавцан дээр хажуудаа тавьчихсан юм. Тэгээд мартаад буцаад анги руугаа ороод гал тогоо руу аяга аваачиж өгсөн. Тэгэхэд манай ангийн Т ээж нь надтай гадаа зөрөөд орсон. Тэгэхээр нь би хүүхэд чинь уйлаад байна шүү, хурдан орж аваарай гэж хэлээд явсан. Тэгээд гал тогоо орж аягаа угаалгачихаад манай нэг багш трико зарж байна гэхээр нь нэг трико авчихаад л шууд анги руугаа орсон. Тэр хооронд  5-6 орчим минут л болсон. Тэгээд шууд анги руугаа орсон. Ангидаа ороод утсаа хайтал байхгүй байсан. Хүлээлгийн өрөөнд ярьж байснаа санаад очтол байхгүй, буцаад ангидаа үзтэл бас байхгүй байсан. Тэгээд манай хойд талын ангийн нэг туслах багш Г гээд байдаг хүний утсаар гуйгаад өөрийнхөө утас руу залгасан чинь холбогдох боломжгүй байсан. Тэгээд би арга зүйчийн өрөө рүү орох гээд бэлтгэл бүлгийн 2 багш дээр ороод би утсаа алдчихлаа, арга зүйч байна уу гэсэн чинь байна, яваагүй байна гэхээр нь дэлгэрэнгүй судалгаа бүртгэлээ авах гээд арга зүйчийн өрөөнд орж авсан. Тухайн үед манай ангийн 2 хүүхдийн нэг нь явах гээд ах нь ирээд авчихсан байсан, хувцсаа өмсөж байсан, нөгөө нь уйлаад үлдсэн байсан. Тэгээд би тэр 2 хүүхдийн эцэг эх рүү залгаад дуудсан. Т ээж рүү яриад миний утас алга болчихлоо харсан уу гэсэн чинь би хараагүй гэсэн. Тэгэхээр нь нөгөө хүүхдийнхээ ээж рүү нь залгаад дуудсан. 2 хүүхдийн ээжүүд ирсэн ба цагдаа дуудаад камер шүүж үзсэн чинь бичлэг хадгалагдаагүй байсан. Ямар ч бичлэг байхгүй байсан. Уг нь манай анги камертай юм байна лээ. ...Би 18 цаг өнгөрөөд 5-10 орчим минут л болж байсан байхаа яриад хүлээлгийн өрөөний цонхны тавцан дээр тавьсан. ...Яг тухайн үед манай ангийн 2 охины ээж С, О 2 байсан. Надтай юм ярьж сууж байгаад явцгаасан. Тэр хоёрыг явахад миний утас байсан. Тэр хоёр ямар ч хамаагүй. Харин намайг гал тогоо руу гарч явахад Т ээж надтай зөрсөн. Бас Г гээд хүүхдийг ах нь авч явах гээд хувцаслаад үлдсэн байсан, өөр хүн бол байгаагүй. ...Би гар утсаа 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн Мобикомын төвөөс лизингээр 479000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ямар нэгэн сэв зураас юу ч байхгүй. Цоо шинээрээ байгаа, би аваад л битүү кэйс утасны гэр хийчихсэн байсан юм. ... Би манай ангийн Т ээжийг сэжиглэж байна. Яагаад гэхээр орой камер шүүхэд эхний ярьсантайгаа зөрөөд байсан. Эхлээд ярихдаа болохоор бүр хойгуур явсан гэж хэлсэн, дараа нь камер шүүгээд тэрүүгээр яваагүй байна гэж хэлэхэд урлаг заалны хойд талаар өргөтгөлийн дундуур явсан гэж хэлсэн. Тэгээд яриа нь зөрөөд байгаа юм. ...Би бол одоо аваад 2-3 сар л болж байна. Цоо шинээрээ байгаа учраас би анх авсан үнээрээ л үнэлнэ. Би 479000 төгрөгөөр үнэлнэ. ...Би гомдолтой байна. Утсаа олж авахыг л хүсч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас/,

Гэрч Х.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэр утсаа алддаг өдөр нь би ажлаасаа чөлөө авсан байсан. Маргааш нь ажилдаа ирэхэд П багш гар утсаа алдсан гээд байж байсан. Тэр өдөр П багш утсаар ярьж байгаад ангийнхаа хүүхдүүдийн хувцас сольдог өрөөний цонхны тавцан дээр утсаа тавьсан, тэр үед ангийн хоёр хүүхдээс бусад хүүхдүүд тарсан байсан, аяга, тавгаа угаалгачихаад ирэх хооронд утас алга болсон байсан гэхээр нь тэр үед хүүхдээ ирж авсан гэх Д, дүүгээ авах гэж ирсэн хүүхэд хоёрыг дуудаж уулзсан. Д гэх эгч болохоор би аваагүй, та энд утас байсныг яаж мэдэж байгаа юм гээд уурлаад байсан. Тэгээд цагдаа дээр ирж учраа олцгоосон байсан. Сүүлд нь Д эгчээс утсаа олж авсан гээд П цагдаа дээрээс хүлээж авч байсан. Цагдаа нарт Д эгч гаргаж өгсөн юм байна лээ. Д эгч болохоор та нар худлаа гүтгэлээ, ийм багш байдаг юм уу, ийм багшаар хүүхдээ сургахгүй гээд тэр асуудлаас хойш хүүхдээ цэцэрлэгт нь явуулаагүй, утсаа авах үед нь сим карт нь байхгүй байсан гэсэн. ...Д гуайг урьд нь хүний утас авчихаар хүн биш гэж бодож байсан. Утас алга болсон талаар ярихаар уурлаж уцаарлаад аашилж загнаад байсан. Ер нь зан байдлын хувьд үг дуу цөөтэй, идэвхи султай л хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,

Гэрч Д.У-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай эхнэр П нь 3 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажилладаг юм. Яг гар утас алдах өдөр нь би гэртээ байгаагүй, хотоос ирж байсан. Жи-3 маркийн гар утас Мобикомоос гэрээгээр авсан байсан. Тэр утас алддаг өдрөө манай эхнэр ангийнхаа хүүхдүүдийг тарааж байж байгаад гар утсаа хүлээлгийн өрөө буюу хүүхдийн хувцас сольдог өрөөний цонхны тавцан дээрээс алдсан гэж байсан. Тухайн үедээ хүүхдээ хамгийн сүүлд нь ирж авсан гэх нэг эмэгтэйг гар утсаа авсан байж магадгүй гэж хардаад байсан юм. Хэзээ нь билээ манай эхнэр тэр эмэгтэйг цэцэрлэг дээр ирэх үед чамд зааж өгье гээд нэг эмэгтэйг зааж өгөхөөр нь би тэр эмэгтэйтэй уулзаж утасны талаар нь асуухад тэр эмэгтэй “би аваагүй, чи намайг гүтгэлээ, би цагдаагаар нэр төрөө сэргээлгэнэ” гэж аашилж загнаад байсан. Тэгсэн чинь нэлээд хэд хоногийн дараа эхнэрийг дуудахаар нь би хамт ирэхэд манай эхнэрийн алдсан гар утсыг гаргаж харуулсан. Тэр утас нь манай эхнэрийн алдсан гар утас мөн байсан. Хэн гэж ямар хүн авсан байсан талаар тодорхой хэлээгүй, манай эхнэрт л таны хардаад байсан эмэгтэй чинь авсан байна лээ гэж хэлж байсан. Тэгээд хэд хоногийн дараа манай эхнэрийн гар утсыг хүлээлгэж өгсөн. Гар утасны сим карт нь байхгүй байсан болохоор би Мобиком орж сим картыг нь сэргээлгэж өгсөн. Сим сэргээх үед 3000 төгрөгийн төлбөр гарсан. Мөн алдсан эд зүйлээ үнэлүүлэх үед 15000 төгрөг гарсан. Тэр төлбөрүүдийг гаргуулж авах хүсэлтэй байна. Тухайн үедээ тэр эмэгтэй гар утас авсан талаараа ерөөсөө хэлээгүй, харин ч уурлаад гүтгэлээ, нэр төрөө сэргээлгэнэ гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/,

Гэрч Н.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...            Манай эхнэр Д.Д нь Өвөрхангай аймгийн ******* суманд 1977 онд төрсөн. Бид хоёр гэр бүл болоод 15-16 жил болж байна. Гурван хүүхэдтэй. Эхнэр маань ******* сумын 8 жилийн сургууль, Есөн зүйл суманд 10 дугаар анги төгссөн. Бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй байж байгаад 2010 оны үед тогоочийн курс төгсөж тогооч болсон. Одоо Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж байгаа. 5, 14, 18 насны гурван хүүхэд байгаа. Бага нь 3 дугаар цэцэрлэгт явдаг. Би өөрөө ажил олдохоор хөдөөгүүр явж жолоочоор ажилладаг хүн байгаа юм. Эхнэр маань хүүхдүүдээ асарч байдаг хүн. Ахуй амьдралын хувьд дундын амьдралтай, гэр хашаатай, гэхдээ өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй байгаа. Зан байдлын хувьд олон дунд ажилладаг ч гэсэн дуу цөөтэй, даруухан хүн байгаа юм. Урьд нь ямар нэг хэрэгт холбогдож байгаагүй хүн. Ажиллаж байгаа газраа хамт олон дотроо нэр хүнд сайтай л явдаг хүн. Сая хэрэгт холбогдох үед нь бол би гэртээ байгаагүй болохоор би сайн мэдэхгүй юм. Хүүхдээ цэцэрлэгээс нь авахдаа гарч явах үед гадаа цонхон дээр нь эзэнгүй утас байхаар нь авсан гэж ярьж байсан. Авсан утсаа буцаагаад өгсөн гэж байна лээ. Надад энэ асуудлынх нь талаар өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,

Шүүгдэгч Д.Д-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Би хүний эд зүйл зөвшөөрөлгүй авсан асуудалд холбогдоод байгаа. Би тэр асуудал болдог өдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүүхдээ цэцэрлэгээс нь аваад гарч явтал цэцэрлэгийн үүдний өрөөний цонхон дээр саарал өнгийн мэдрэгчтэй гар утас байж байхаар нь авчихсан юм. Тэр үед ямар ч хүн байхгүй байсан. Манай хүүхэд цэцэрлэг дээрээ ганцаараа үлдсэн байхад нь очиж аваад гарч явахад гар утас таарахаар нь авсан юм. Тухайн үедээ багшийн гар утас гэж мэдээгүй. Маргааш нь би хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх үед манай хүүхдийн ангийн багш П гар утсаа алдчихсан гээд байж байсан. Тэр үед камер шүүгээд цагдаа ирчихсэн байсан болохоор өгч чадаагүй, сүүлд нь 5-6 хоногийн дараа цагдаа дээр ирж гар утсыг нь хүлээлгэж өгсөн. ...Би ямар ч хүн байхгүй болохоор нь хүмүүс гээсэн юм байх гэж бодоод л авсан. Миний буруу гэдгээ ойлгож байна. Санаа зовоод өөрт нь хэлье гэж бодоод хэлж чадаагүй. Тухайн үед зөндөө олон багш нар ирчихсэн, Пүүжээ багшийн нөхөр нь болон цагдаа нар ирчихсэн байсан болохоор санаа зовоод хэлж чадаагүй юм. ...Гар утсыг нь эргүүлээд өгчихсөн байгаа. ...Энэ асуудал миний буруу гэдгийг ойлгож гэмшиж байгаа. Би энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №05/20 дугаартай: “..Samsung Galaxy J-3, 16 гб багтаамжтай, үйлдвэрлэгч БНХАУ үйлдвэрлэсэн, үнэлгээ-400000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 31 хуудас/,

Эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-67/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-68/,

Шүүгдэгч Д.Д-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-44/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/, Өвөрхангай аймгийн ******* сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-46/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-47/, охин Д.Т, охин Д.Т, хүү Д.Т нарын төрсийн гэрчилгээний хуулбарууд /хх-48-49 хуудас/,

Хохирогч Б.П-н шүүхэд ирүүлсэн: “...П миний бие Д-д холбогдох хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Алдсан утсаа буцаагаад авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул надгүйгээр шийдвэрлэж өгнө үү..” гэсэн хүсэлт зэрэг болно.

Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар цэцэрлэгийн хүлээлгийн өрөөний цонхны тавцан дээрээс Б.П-н эзэмшлийн “Samsung Galaxy J-3” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 400000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Д.Д нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.П-н “...2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18 цаг өнгөрөөд 5-10 орчим минут л болж байсан байх, нөхөртэйгөө утсаар яриад хүлээлгийн өрөөний цонхны тавцан дээр утсаа тавьсан. Ангидаа ороод утсаа хайтал байхгүй байсан. Мөн хүлээлгийн өрөөнд үзэхэд байхгүй байсан. ...Би гар утсаа 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн Мобикомын төвөөс лизингээр 479000 төгрөгөөр худалдаж авч байсан.” /хх-12-13/, гэрч Х.Б-н “...П багш утсаар ярьж байгаад ангийнхаа хүүхдүүдийн хувцас сольдог өрөөний цонхны тавцан дээр утсаа тавьсан, тэр үед ангийн хоёр хүүхдээс бусад хүүхдүүд тарсан байсан, аяга, тавгаа угаалгачихаад ирэх хооронд утас алга болсон байсан гэхээр нь тэр үед хүүхдээ ирж авсан гэх Д, дүүгээ авах гэж ирсэн хүүхэд хоёрыг дуудаж уулзсан. Д гэх эгч болохоор би аваагүй, та энд утас байсныг яаж мэдэж байгаа юм гээд уурлаад байсан. Тэгээд цагдаа дээр ирж учраа олцгоосон байсан. Сүүлд нь Д эгчээс утсаа олж авсан гээд Пүрэвдолгор цагдаа дээрээс хүлээж авч байсан. Цагдаа нарт Д эгч гаргаж өгсөн юм байна лээ.” /хх-17-18/, гэрч Д.У-н “...манай эхнэрт л таны хардаад байсан эмэгтэй чинь авсан байна лээ гэж хэлж байсан. Тэгээд хэд хоногийн дараа манай эхнэрийн гар утсыг хүлээлгэж өгсөн...” /хх-20-21/, гэрч Н.Д-н “...Хүүхдээ цэцэрлэгээс нь авахдаа гарч явах үед гадаа цонхон дээр нь эзэнгүй утас байхаар нь авсан гэж ярьж байсан. Авсан утсаа буцаагаад өгсөн гэж байна лээ...” /хх-22-23/ гэсэн мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №05/20 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 31 хуудас/, Д.Д-с “Samsung Galaxy J-3” маркийн гар утсыг  түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-67/, “Samsung Galaxy J-3” маркийн гар утсыг  хохирогч П-т хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-68/, шүүгдэгч Д.Д-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-42-43/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Д.Д-н бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.Д-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд прокуророос уг хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон” болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн “үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт, хохирогчийн шүүхэд ирүүлсэн “гар утсаа буцааж авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5-д зааснаар шүүгдэгч нь оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Д нь ял шийтгүүлж байгаагүй, хохирогч Б.Пүрэвдолгорт гэмт хэрэг үйлдэж авсан “Samsung Galaxy J-3” маркийн гар утсыг  нь буцаан өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- /, хохирогчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Д.Д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Д-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Доржхандад тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавж байгаа эрх бүхий албан байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

5. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Д.Д-г бүртгэн, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.