Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/93

 

                                          Ш.*******д холбогдох
                                         эрүүгийн хэргийн тухай


Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтөлж,
Прокурор Т.Солонго /цахим/
Хохирогч Э.******* /цахим/, Б.******* /цахим/
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, М.Мэндбаяр /цахим/
Иргэний хариуцагч Л.Алтаншагай нарыг оролцуулан,  
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, шийдвэрлэн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЗ/143 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Ш.*******д холбогдох эрүүгийн 2533000640045 дугаартай, 208/2025/0070 индекстэй, 2 хавтас хэргийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.


Боржигон овогт Шагдарын *******, Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын ***-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эмэгтэй, **** настай, **** ***** боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр 3 хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот **** дүүргийн **** дугаар хороо *** байр ****тоотод үндсэн хаягтай, Орхон аймгийн ***** сумын******* баг **** тоотод түр оршин суух (РД:*******)


Шүүгдэгч Ш.******* нь 2025 оны 02 дугаар сарын 24-ны өдрөөс 25-ны өдөр шилжих шөнө 03 цаг 40 минутын орчим Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд буюу Дархан-Уул аймгаас Орхон аймгийн асфальтан замын 105-106 дахь километрт Тоёота приус 20 маркийн 1466 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: 6/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол, Э.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 


Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: Ш.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.


Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч Ш.*******д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж, 
Прокурорт хэрэг очтол яллагдагч Ш.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ...шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.     


Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 7 дугаартай эсэргүүцэлдээ:
...Шүүгчийн захирамжийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны байх, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэж, дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд: 
1.Шүүхийн шийдвэртээ “...Хохирогч Б.******* нь 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хэргийн материалтай танилцаж ослын шинжээчийн дүгнэлт, эрүүл мэндийн шинжээчийн дүгнэлт бүрэн биш дутуу, эргэлзээтэй гэх үндэслэлээр дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг өмгөөлөгч нарын хамт гаргасан байна. 
Хавтаст хэргийн материалтай танилцаад тэмдэглэлд тусгасан оролцогчийн хүсэлтийг мөрдөгч шийдвэрлээгүй төдийгүй түүний прокурорт гомдол гаргах эрхийг хязгаарласныг оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ. Мөрдөгч оролцогчийн тэмдэглэлд тусгасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд үндэслэл тодорхойгүй гэх агуулгаар шийдвэрлэхгүй орхих нь дараагийн шатны байгууллага, албан тушаалтанд хүсэлт, гомдлоо гаргах оролцогчийн эрхийг зөрчиж байгаа үйлдэл гэж үзэх тул прокурорын тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй…” гэсэн шүүх хэрэглэвэл зохих хуулийг  хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэхээр байна. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1-д “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж, тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ” гэж 2-д “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж, 3-д “Хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хуулийн хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ” гэж тус тус хуульчилсан ба хэргийн материалтай танилцах талаар мөрдөгчөөс удаа дараа мэдэгдсэн, хэргийн материалтай танилцах хугацаагаар хангасан болох нь хавтаст хэргийн 164-165 дугаар талд авагдсан байна. 
Мөрдөгчийн зүгээс хэргийн оролцогч хохирогч Б.*******ын эрүүл мэндийн байдлаас шалтгаалан түүний Орхон аймаг, Баян-Өндөр сум Шанд баг ***** тоотод байрлах гэрт нь 2025 оны 05 дугаар сарын 12-ны 21 цагт очиж хэргийн материалтай танилцуулж, гарын үсэг зуруулсан ба хохирогч Б.******* нь хавтаст хэргийн материалтай танилцаад гомдол, хүсэлт гаргаагүй тул хэргийг шүүхэд шилжүүлэх хуулийн боломж бүрдсэн байна. 
Өөрөөр хэлбэл, хохирогч Б.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан заавал өмгөөлөгчтэй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох этгээд биш мөрдөгч хэргийн материал танилцуулсан нь хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна. 
Харин өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэд мөрдөгчөөс хэргийн материалтай танилцах талаар удаа дараа мэдэгдсэн талаар хавтаст хэрэгт авагдсан тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд хэргийг прокурорт шилжүүлсний дараа хэргийн материалтай танилцсан байна. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны талаар гомдол, хүсэлт гаргахаар хуульчилсан ба мөн хуулийн 32.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт хэргийн материалтай танилцаад оролцогчоос гаргасан гомдол, хүсэлтийг мөрдөгч шийдвэрлэхээр хуульчилсан байна.  
Иймд хэргийн материалтай прокурорын шатанд танилцаад гаргасан гомдол, хүсэлтийг мөрдөгч шийдвэрлэх хуулийн боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд прокурор гомдол, хүсэлт гаргах нь тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1, 15.2-д заасан журмын дагуу гаргахаар байна. 
Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/124 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Прокурорын байгууллагад гаргасан өргөдөл, гомдол, хүсэлт мэдээллийг хянан шийдвэрлэх заавар”-ын 2 дугаар бүлгийн 2.1-д “Иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдол, хүсэлт, мэдээллийг Улсын ерөнхий прокурорын газар болон аймаг, нийслэл, тээвэр дүүргийн прокурорын газарт Мэдээлэл лавлагаа хариуцсан ажилтан, сум буюу сум дундын прокурорын газарт бичиг хэргийн ажилтан (цаашид Мэдээлэл лавлагаа хариуцсан мэргэжилтэн гэх) хүлээн авна” гэж заасан ба мэдээлэл лавлагаа хариуцсан ажилтан хүлээлгэн өгөөгүй байна. 
Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай  хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Амаар биечлэн гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч байгаа этгээд тэмдэглэн авч, өргөдөл, гомдол гаргагчийн гарын үсгийг зуруулна. Гарын үсгээ зурж чадахгүй бол энэ тухай тэмдэглэнэ” гэж хуульчилсан ба мөн хуулийн 10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй дурдах нь зүйтэй байна. 
2.Шүүхийн шийдвэрт “...Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх Цагаан Шонхорын жигүүр НҮТБ Байгууллагыг шинжээчээр томилсон байхад 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 46-73/157 дугаартай шинжээчийн дүгнэлтийг иргэн Т.Түвшинбаатар гаргажээ. 
Шинжээчийн дүгнэлт гаргасан Т.Түвшинбаатар нь дээрх байгууллагын удирдлага, төлөөлөх этгээд мөн эсэх нь тодорхойгүй тул мөрдөгчийн тогтоолд авагдсан шинжээч дүгнэлтийг гаргасан гэж үзэхгүй...” гэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна. 
Учир нь мөрдөгч 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол үйлдэж,  “Цагаан шонхорын жигүүр” НҮБТ-ыг шинжээчээр томилсон байх бөгөөд тухайн байгууллагын албан ёсны эрхтэй шинжээч Т.Түвшинбаатар нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 46-73/157 дугаартай дүгнэлтийг гаргажээ. 
Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж баримтжуулна гэж хуульчилсан ба мөрдөгч шинжээчийн дүгнэлт гаргахаар болсон Т.Түвшинбаатарт эрх, үүргийг тайлбарлан, хууль сануулж, ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх, дүгнэлт гаргахаас  татгалзах эрхийн талаар урьдчилан тодруулж, тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулж, тусгай зөвшөөрлийн цахим системийн лавлагаа тодорхойлолтын маягтыг хавтаст хэргийн 60, 62-63 дугаар хуудсанд авагдсан баримтуудаар тогтоогдож байна. 
Шинжээч Т.Түвшинбаатар нь эрх, үүрэг, урьдчилсан тодруулга зэрэгтэй танилцаж, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зам тээврийн ослын дүгнэлт гаргасныг мөрдөгч хэргийн оролцогч нарт танилцуулсан ба шинжээчийн дүгнэлттэй танилцаад гомдол, хүсэлт гаргаагүй болох нь хавтаст хэргийн 61 дүгээр хуудаст авагдсан баримтаар тогтоогдож байна. 
Өөрөөр хэлбэл, хавтаст хэргийн 62 дугаар талд авагдсан урьдчилан тодруулах тэмдэглэлээр шинжээч Б.Түвшинбаатар нь олон жил дүгнэлт гаргасан, “Цагаан шонхорын жигүүр” НҮБТ-ын гишүүн, шинжээч болох нь нотлогдож байна. 
Иймд хавтаст хэргийн шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг хийж гүйцэтгэсэн байхад шинжээчийн дүгнэлт гэж үзэх боломжгүй гэж дурдсан нь ойлгомжгүй байна. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй тул Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/143 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.  
Хохирогч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоогийн байдлаар би сайн ойлгохгүй байна. Хэргийг прокурорт буцааж шийдвэрлүүлье гэв.


Хохирогч Б.*******ын өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хохирогч болон өмгөөлөгчийн эрхийг хязгаарласан гэж үзсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй. Шинжээчийн дүгнэлтийн тухайд хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрдүүлэх ёстой байтал “Цагаан шонхор” төрийн бус байгууллагыг томилсон байдаг. Гэтэл Түвшинбаатар гэх ямар хүн орж ирж дүгнэлт гаргасан болох нь үндэслэлгүй, тодорхойгүй байгаа юм. Тэгэхээр үүнийг тогтоохоор дахин шинжээч томилох, мөн мөрдөн шалгах ажиллагаагаар Түвшинбаатар гэх хүн “Цагаан шонхор” төрийн бус байгууллагын шинжээч эсэх нь тодорхойгүй. Иймд шүүхийн журмаар бүрдүүлэх боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 


Хохирогч Б.*******ийн өмгөөлөгч М.Мэндбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргасан гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд Түвшинбаатар гэх хүнээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан байдаг. Түвшинбаатарын биеийн байцаалтыг тодруулахад удирдах зөвлөлийн гишүүн гэж тэмдэглэлд тусгасан байдаг. Хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн гишүүн үү, хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал уу, эрх бүхий албан тушаалтан уу гэдгийг хуулийн этгээдийн баримт бичгээр тогтоохоос биш амаар бөглүүлсэн хуудсыг үндэслэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, прокурорын эсэргүүцэлд дурдаж байгаа шинжээчийн биеийн байцаалтыг тодруулж, удирдах зөвлөлийн гишүүн гэсэн гэдэг нь үндэслэлгүй. Учир нь, хуулийн этгээдийн үүсгэн байгуулсан баримт бичиг үү, эсхүл хуулийн этгээдийн гэрчилгээг үндэслэн уг асуудлыг тогтоодог болохоос биш асуумжаар тогтоодог асуудал биш гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй. Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Иргэний хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргээ эртхэн шийдвэрлүүлэхийг хүсэж байна гэв.


                                             ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Ш.*******д холбогдох эрүүгийн 2533000640045 дугаартай хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.  


2.Шүүхээс эрүүгийн хэргийг прокурорт буцаахдаа  хэргийн оролцогч хэргийн  материалтай танилцсан хүсэлт гаргасан эсэх талаар тэмдэглэл үйлдэх,  гомдлыг мөрдөгч хүлээн авч  шийдвэр гаргана гэснийг зөрчиж хохирогч Б.******* нь 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хэргийн материалтай танилцаж ослын шинжээчийн дүгнэлт, эрүүл мэндийн шинжээчийн дүгнэлт бүрэн биш дутуу, эргэлзээтэй гэх үндэслэлээр дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг өмгөөлөгч нарын хамт гаргасан ба шийдвэрлэхгүй хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх Цагаан “Шонхорын жигүүр” НҮТБ Байгууллагыг шинжээчээр томилсон байхад 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 46-73/157 дугаартай шинжээчийн дүгнэлтийг иргэн Т.Түвшинбаатар дүгнэлт гаргасан нь Шүүх шинжилгээний тухай хуулийг зөрчсөн гэжээ. 


3.Хавтаст хэргийн материалтай танилцахад мөрдөгчөөс хохирогч Б.*******д  2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр, түүний өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэд 2025 оны 05 сарын 16-ны өдөр тус тус  хэргийн материалтай танилцуулж, гарын үсэг зуруулсан тэмдэглэл үйлдсэн байх ба хохирогч Б.******* нь эрүүл мэндийн хохирлын  дүгнэлтүүд бүрэн биш дутуу эргэлзээтэй байх тул дахин шинжээч томилуулах хүсэлтэй гэсэн тайлбарыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэлд бичжээ. / 1-р хх-ийн 169/ 
Хэргийн материалтай танилцсаны дараа 2025 оны 05 сарын 15-ны өдөр  хохирол нэхэмжлэх тухай  өргөдлийг баримтын хамт сум дундын прокурорын газарт гаргуулсан байх ба шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах болон нэмэлт шинжилгээ хийлгэх талаархи хүсэлтээ бичгээр гаргаагүй байх ба  ингэснээр прокуророос 2025 оны 05 сарын 27-ны өдөр 48 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, яллагдагч Ш.*******д  2025 оны 06 сарын 03-ны өдөр яллах дүгнэлтийн  гардуулж тухайн өдрөө хэргийг шүүхэд шилжүүлжээ. 
Дээрхи баримтуудаар хохирогч Б.******* нь хавтаст хэргийн материалтай танилцаад гомдол, хүсэлт гаргаагүй байх тул хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хохирогчийн хуулиар олгосон эрхийг зөрчөөгүй байна. 


4.Эрхгүй этгээдээр шинжилгээ хийлгэсэн гэсэн үндэслэлийн тухайд: 
Мөрдөгч 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол үйлдэж, “Цагаан шонхорын жигүүр” НҮБТ-ыг шинжээчээр томилсон байх шинжээч Т.Түвшинбаатар нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 46-73/157 дугаартай дүгнэлтийг гаргажээ. Мөрдөгчөөс шинжээч  Т.Түвшинбаатарт эрх, үүргийг тайлбарлан, хууль сануулж, ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх, дүгнэлт гаргахаас татгалзах эрхийн талаар урьдчилан тодруулж, тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулсан байх ба Т.Түвшинбаатар нь шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь тусгай зөвшөөрлийн цахим системийн лавлагаа тодорхойлолтоор тогтоогдсон байхад шинжээчийн эрх зүйн байдал тодорхойгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.   /1-р хх-ийн 60, 62-63/ 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, ...” бол мөрдөн шалгах шатанд нэмэлт дүгнэлт гаргуулах, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол...” шүүхийн шатанд дахин шинжилгээ хийлгэж болохоор хуульчилсан тул шинжээчийн дүгнэлт дутуу гарсан эсхүл эргэлзээтэй гэж үзэж байна бол давтан шинжилгээ хийлгэх тухай хохирогчийн хүсэлтийг шүүх тодруулж  нэмэлт болон дахин шинжээч томилох боломжтой гэж үзлээ. 


5.Иймд давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлээр прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.    


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2,  2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЗ/143 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай. 
2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 
                      

                
         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

             ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Ц.АМАРЖАРГАЛ 
                                   
             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН