Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/94

 

                                Ж.*******, М.******* нарт

                                холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтөлж,

Прокурор Т.Солонго /цахим/-г оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, шийдвэрлэн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЗ/141 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Ж.*******, М.******* нарт холбогдох эрүүгийн 2533000000031 дугаартай, 208/2025/0069 индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, ***** оны *** дүгээр сарын ****-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, **** настай, ****эгтэй, **** **** боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Ивэн 1 дүгээр багийн нутагт оршин суух хаягтай, /РД: *******/

******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, ***** ны **** дугаар сарын ****-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, **** настай, ****эгтэй, **** ***** боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, ****** дүгээр баг ******* ******* орчимд оршин суух хаягтай, /*******/

Яллагдагч Ж.******* нь 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 18 цаг 00 минутын орчим Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр багийн нутаг Зүүвчийн ам гэх газарт өөрийн гэртээ М.*******тэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар хоорондоо маргалдаж таарамжгүй харьцаа үүссэн улмаас М.Болд-Эрдэнийн баруун мөр бугалга болон баруун суганд хутгалж биед нь хүнд хохирол учруулсан,

Яллагдагч М.******* нь 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 18 цаг 00 минутын орчим Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр багийн нутаг Зүүвчийн ам гэх газарт байрлах иргэн Ж.*******гийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.*******гийн нүүр хэсэгт цохиж зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас: Ж.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар, М.Болд-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч Ж.*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч М.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж,

Прокурорт хэрэг очтол яллагдагч Ж.*******, М.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонгын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 5 дугаартай эсэргүүцэлдээ:

...Сайхан сум дахь Сум дундын шүүх 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгчийн 2025/ШЗ/141 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Шүүх шийдвэртээ: "...Яллагдагч Ж.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зуйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт буюу хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт холбогдсон байна.

 Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар дугаар зүйлийн арван нэг дэх хэсэгт "эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална"; 19 дугээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж тус тус заасан.

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж хуульд заасан.

Яллагдагч Ж.******* нь 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин О.*******, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү О.******* нарын хамт амьдардаг. Өрх толгойлсон эцэг болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаартай тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.

Иймд шүүх хэргийг прокурорт буцааж, хүүхдүүдийн төрсөн эх ******* овогт ийн /РД:/ хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой эсэх?, Хэрэв боломжгүй хүүхдийн эрх ашиг сонирхол зөрчигдөхөөр бол хүүхдүүдийн хамт арсан хамгаалагчийг тогтоолгож, нотлох баримтыг шүүхэд ирүүлэх ажиллагааг хийж гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэжээ.

Шүүгчийн захирамжийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, танилцаад захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан гэж дүгнэж, дараах үндэслэлүүлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д зааснаар “бага насны бүтэн өнчин хүүхдийг” асран хамгаалах, харгалзан дэмжих, гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэхээр зохицуулжээ.

Хүүхдүүдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхэд “эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг эх Ж.******* нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хүнд нөхцөлд байгаа бага насны буюу насанд хүрээгүй хүүхдийг иргэн гэр бүлдээ авч, өөрийн зардлаар асран хүмүүжүүлж болно гэж заасны дагуу аав Ж.******* өөрийн 2 хүүхдийг асрамжид авч, асран хүмүүжүүлж байгаа гэх үйл баримт тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлд асран хамгаалагч цагдан хоригдсон болон бусад шалтгааны улмаас асран хамгаалагчаар тогтоох эрхийг хязгаарлахаар хуульчилсан.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан журмын дагуу сум, дүүргийн Засаг дарга тогтоох үүрэгтэй.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй буюу Ж.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдсон боловч гэр буруутай эсэх нь тогтоогдоогүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй байх тул түүний эцэг эх байх эрхийг хязгаарлах үндэслэлгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд прокуророос асрамжийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг прокурорт буцааж, улмаар уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байна.

Өөрөөр хэлбэл шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчид хорих ял өгөхөөр нөхцөл байдал үүссэн тохиолдолд өөрийн эрх хэмжээний хүрээнд хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох талаар сумын засаг даргад даалгаж шийдвэрлэх бүрэн боломжтой ажиллагаа байна.

2. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнөх шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа бөгөөд тухайн шатанд яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэл, яллах дүгнэлтийн хүрээнд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдах журамтай.

Гэтэл шүүх Ж.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдсон буюу хорих ял оногдуулахаар хуульчилсан гэмт хэрэгт холбогдсон тул түүний асрамжид байгаа 2 хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж тайлбарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйл заалтыг ноцтой зөрчсөн байна.

Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон прокурорын тайлбрыг улсын яллагчийн тайлбар гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36:2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй тул Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/141 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.             

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Ж.*******, М.******* нарт холбогдох эрүүгийн 2533000000031 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Ж.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар, М.*******д холбогдуулан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

2.Яллагдагч Ж.*******, М.******* нарт холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүхийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 2025/ШЗ/133 тоот захирамжийг гарган шүүх хуралдааныг товлосон бөгөөд шүүх хуралдааныг хийж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгч дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх агуулгыг тусгасан шийдвэр гаргажээ. 

Ийнхүү хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь дараах хуулийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.   

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл дээрх хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

4.Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 60 хүртэлх хоногоор хойшлуулж, зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон байна.

Анхан шатны шүүхээс “...яллагдагч Ж.*******д Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт холбогдсон...” гэж дүгнэсэн нь шүүхээс түүний гэм бурууг тогтоогоогүй, тогтоох талаар хэлэлцээгүй атлаа хорих ял оногдуулж болох гэж дүгнэсэн урьдчилсан дүгнэлт хийсэн шинжтэй болсныг анхааруулав.

Хэрэв өсвөр насны хүүхдүүдээ асран хамгаалдаг эцэг нийгмээс тусгаарлагдах хуулийн шаардлага үүссэн нөхцөлд хүүхдүүдэд асран хамгаалагч тогтоох, тэднийг хамгаалалтдаа авахыг даалгаж шийдвэрлэх бололцоо нээлттэй болохыг дурьдав.

5.Иймд  прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын  шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/141 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэсэн  болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/141 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2.Яллагдагч Ж.*******, М.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхэд хэрэг очтол хэвээр хэрэглэсүгэй.  

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                            

     ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.АМАРЖАРГАЛ

                        ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ