Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 117

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,

Шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Б.Л-д холбогдох 1826001800119 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт Б.Л

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Л нь 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн үед Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх А0301 улсын асфальтан зам дээр Приус-11 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч О.Ц, Д.Ч нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Л шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Ах, дүү нартайгаа уул, ус тахих ажлаар Ховд аймаг явсан. Тэгээд тэндээсээ Улаанбаатар луу буцаж явж байгаад 01 цагийн үед Говь-Алтай аймаг өнгөрөөд шороон зам руу ороод тэндээ унтсан. Өглөө 06 цагийн үед тэндээсээ хөдлөөд Нарийнтээл дээр хоол идчихээд наашаа явсан. Бүрдэн цохио гэх газар явж байсан чинь машин гэнэт дайвалзаад явсан. Зүүн талын урд дугуй хагарсан байх гэж  бодож байгаа. Гэнэт эсрэг урсгал руу орсон. Тэгэхээр нь би буцаагаад хариулж дарсан чинь замын хажуу руу унасан. Машин хамраараа газар цохиод араараа газар унасан. Тэгээд цагдаа, эмнэлгийн тусламж авсан. хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”гэв.

Хохирогч Д.Ч мөрдөн байцаалтанд өгсөн: “... Авто ослын үеэр миний сээр нурууны 7 дахь үе цуурсан байсан. Миний биеийн байдал одоо сайн байгаа өвдөж зовиурласан зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-19 дугаар хуудас/,

Хохирогч Д.Ч мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цагийн үед Ховд аймгаас Улаанбаатар хот руу Л гэж хүний Приүс-11 маркийн машинд надаас гадна 4 том хүн 2 хүүхдийн хамт гарсан. Ингээд замд Л жолоо барьж явсан ба Говь-Алтай аймаг өнгөрөөд унтчихсан. Би ихэнхдээ унтаж явсан. Осол болох үед бол мөн унтаж байсан болохоор юу ч санахгүй. Машин нэг зүйл рүү уначих шиг л болсон. Сэрээд харахад машин хажуу талаараа хараад уначихсан байсан. Өөр зүйл санахгүй байна. ... Би юунаас болсныг мэдэхгүй байна. Манай хэд дугуй хагарсан гэж л хэлж байх шиг байсан. Говь-Алтай өнгөрөөд унтахад амарсан байх. Архи бол хэрэглээгүй эрүүл байсан. ... Нурууны нэг яс бага зэргийн цууралттай байна гэсэн. Одоогоор далны араар хөндүүрлэж өвдөж байна. ... Гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Хохирогч О.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Авто ослын үеэр миний хүзүүний сэртэн яс цуурсан байсан. Одоогийн байдлаар миний бие бүрэн эдгэж ямар нэгэн өвдөж зовиурласан зүйл байхгүй. Ажилдаа орчихсон ажлаа хийж байгаа. Улаанбаатар хотод Гэмтэл согогийн үндэсний төвд үзүүлж чиг бариулан боолгож, өвчин намдаах эм уусан. ... Миний хүүхэд тухайн үед хөл нь бага зэрэг арьс нь шалбарсан байсан. Одоо зүгээр байгаа болохоор надад ямар нэг гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Хохирогч О.Ц-н мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цагт Ховд аймгийн төвөөс Улаанбаатар хот руу Л ахын машинтай нийтдээ 5 том хүн 2 хүүхэдтэй гарсан. Жолооч бол Л ах бариад хажууд нь О эгч Л ахын хүүхэд Б хоёр ар талд би зүүн талын хаалганы хэсэгт миний хажууд Ч, О, С гээд миний төрсөн хүүхэд /6 настай/ явсан. Замдаа Говь-Алтай аймаг өнгөрөөд 01 цагаас 06 цаг хүртэл унтсан. Тэгээд Баянхонгорт нэг хоол идээд явсан. Осол болох үед унтаж байсан болохоор би юу ч санахгүй байна. Харин осолд орсны дараа Арвайхээр лүү явах гэж байхад 16 цаг өнгөрчихсөн байсан. ... Ховд аймгаас гарснаас хойш Л жолоо барьж явсан. приүс-11 маркийн машин байсан. Хэдэн км цагийн хурдтай явж байсан гэдгийг нь мэдэхгүй байна ... Унтаж байсан болохоор юу ч мэдрээгүй. Архи дарс хэрэглээгүй эрүүл байсан. ... Хүзүүний сэртэн яс хугарсан толгой хавантай байгаа. Өөр онош гараагүй. Надад гомдол санал алга байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Л.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цагийн үед Ховд аймгийн төвөөс Улаанбаатар хотруу Л гэж хүнтэй машинд нь суугаад явсан. Өмнө нь Л-тэй хамт хотоос Ховд аймагт ирсэн байсан. Ховдоос гарахдаа жолооч Л-с гадна Ч, Ц, О мөн хоёр хүүхдийн бүрэлдэхүүнтэй байсан. Машинд жолооч Л жолоо бариад хажуу талд нь О, Б гэх хүүхэдтэй, би жолоочийн ар талын суудал дээр С гэх хүүхдийг өвөр дэрээ аваад миний хажуу талд буюу зүүн талд Ч, түүний цаана Ц сууж явсан. Замдаа Говь-Алтай аймаг өнгөрөөд шөнийн 01 цагаас 06 цаг хүртэл унтсан. Би замдаа унтаад явж байсан болохоор осол яаж, хэдэн цагийн үед болсон гэдгийг мэдэхгүй байна. Нэг сэрээд харахад хүмүүс намайг машинаас гаргаж байсан. ... Би унтаж байсан болохоор мэдэхгүй байна. ... Замдаа унтаж явж байсан болохоор юу ч мэдэхгүй байна. ... Баруун талын эгэмний холбоос яс салсан тархины хуйх бага зэрэг язарсан байна гэсэн. Өөрөөр ямар нэгэн гэмтэл алга байна. ... Гомдол санал алга байна. Ах дүү хамаатан садан хүмүүс болохоор гомдолгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч Д.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цагийн үед Ховд аймгийн төвөөс Улаанбаатар хот руу гарсан. Ингэхдээ би өөрийн төрсөн эгч Ч, Ц, О жолооч Л хоёр жоохон хүүхдийн хамт приус-11 маркийн машинтай гарсан. Замдаа Говь-Алтай аймгийн төв өнгөрөөд шороон зам дээр унтсан. 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 06 цаг гэж босоод хотр уу явсан. Ингээд 15 цагийн үед Өвөрхангай аймаг руу орж ирж байсан байх ба жолоочийн хажуу талын суудал дээр Л-н хүүхэдтэй хамт сууж явсан. Тэгээд машин гэнэт шарваад явчих шиг болсон тэгсэнээ замын хажуу тал руу уначихсан. Тухайн үед машин урд хамраараа босоод ирэх шиг болсон. Тэрнээс хойш бол санахгүй байна. Ямар ч байсан машин хажуу талаараа уначихсан байсан. Хүмүүс ирээд машиныг дөрвөн дугуй дээр нь түлхэж босгосон. ... Автомашиныг Л Ховд аймгаас гарсан цагаасаа хойш жолоо барьж явсан. Яг хэдэн км цагийн хурдтай явж байсныг нь анзаарч хараагүй. ... Жолооч тухайн үед дугуй хагарчлаа гээд хэлэхэд машин дайвалж эхэлсэн. Тэгээд л замын хажуу хэсэг рүү уначихсан. ... Одоогоор хөдлөхөд цээж хэвлий хэсгээр хөндүүр байна. Бусдаар бол гайгүй гэж бодож байна. ... Надад гомдол санал алга байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Б.Л-н Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд жолоодож явсан ногоон өнгийн Приүс-11 маркийн автомашин нь миний эзэмшлийн автомашин байгаа юм. Тухайн үед манай дүү болох Б.Лнь орон нутаг руу явах ажилтай болчихлоо гээд та авто машинаа өгөөч гээд аваад явсан. Тэгсэн ийм асуудал болчихсон байна. Бид ах дүүс хүмүүс надад Л-с нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 110 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шижилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 254 дугаартай: “... Д.Ч -ийн биед сээр нурууны 7 дугаар нугаламийн цуурсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон  гэх нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь учирсан үедээ үзүүлэгчийн амь насанд аюул учруулахгүй. Уг гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шижилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 258 дугаартай: “... О.Ц-н биед тархи доргилт, хүзүүний 6 дугаар нугаламын арын сэртэнгийн хугарал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон  гэх нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байх боломжтой. Дээрх гэмтэл нь учирсан үедээ үзүүлэгчийн амь насанд аюул учруулахгүй. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/,

Техникийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай: “... Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.4 дэх заалтанд “...Зам тээврийн осол нь...” зам тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдлыг хэлнэ...” гэсэн заалт уг хэргийг зам тээврийн осол мөн гэдгийг тодорхойлж байна. Жолооч Б.Л нь ногоон өнгийн Тоёота Приүс-11 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалт “...Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна гэж дүгнэлт гаргав. Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Б-н 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт. /хх-ийн 55 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10 дугаар хуудас/,

Зам тээврийн осолд тогтоосон акт, хэргийн газрын схем зураг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

№01063793 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 95 дугаар хуудас/

Хөрөнгө даатгал хохирлын үнэлгээний “Лэндс” ХХК-ий 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №05/45 дугаартай тайлан /хх-ийн 57-59 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 113, 118 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 115, 121 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 116, 120 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Л-н хувийн байдлыг тодохойлсон иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймгийн авто тээврийн төвийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 01/185 дугаартай тодорхойлолт, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1254 дугаартай тодорхойлолт, иргэний цахим үнэмлэхийн хуулбар, № 1122001942 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, №877170 дугаартай жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 85, 88-91 94, 98 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Л-г яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 105-106 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Л нь 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн үед Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх А0301 улсын асфальтан зам дээр ногоон өнгийн Приус-11 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч О.Ц, Д.Ч нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Л-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авсагдсан хохирогч Д.Ч-н “... Авто ослын үеэр миний сээр нурууны 7 дахь үе цуурсан байсан. ... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-19/, хохирогч Д.Ч гэрчээр өгсөн мэдүүлэг. /хх-ийн 21-22/, хохирогч О.Ц-н “... Авто ослын үеэр миний хүзүүний сэртэн яс цуурсан байсан. ... Надад ямар нэг гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-15/, хохирогч О.Ц-н гэрчээр өгсөн мэдүүлэг. /хх-ийн 23-24/, “...шүүгдэгч Б.Л-тэй хамт явж байгаад осолд орсон талаар...” өгсөн гэрч Л.О, Д.О нарын мэдүүлэг. /хх-ийн 28-29, 31-32/, “... Шүүгдэгч Б.Л-г осол гаргасныг мэдсэн талаар...” өгсөн иргэний нэхэмжлэгч Б.Б-н мэдүүлэг. /хх-ийн 110/, Шүүгдэгч Б.Л-н зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Д.Ч, О.Ц нарт хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн шүүхийн шижилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 254, 258 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 38, 45/, Шүүгдэгч Б.Л-г зам тээврийн осол гаргасан тогтоосон Техникийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт. /хх-ийн 55/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10/, Зам тээврийн осолд тогтоосон акт, хэргийн газрын схем зураг /хх-ийн 11-12/, №01063793 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 95/, Хөрөнгө даатгал хохирлын үнэлгээний “Лэндс” ХХК-ий 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №05/45 дугаартай тайлан /хх-ийн 57-59/, Эд мөрийн баримтаар хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 113, 118/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 115, 121/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 116, 120/, шүүгдэгч Б.Лхагвасүрэнг яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 105-106/ зэрэг болно.

Шүүгдэгч ******* овогт Б.Л-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч ******* овогт Б.Л-г автотээврийн хэрэгслийн

жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны
хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан
гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /Зургаан  зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /Зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Л-д хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 300000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Л нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, 

Шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Л-н В ангиллын жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Б.Л-д, Toyota prius маркийн суудлын автомашиныг иргэний нэхэмжлэгч Б.Б-д, хохирогч Д.Ч-н гэмтлийг харуулсан рентгэн зураг 1 ш, хохирогч О.Ц-н гэмтлийг харуулсан рентгэн зураг 2 ш, компьютер, томографикийн шинжилгээний хариу 3 хуудас зэргийг хохирогч Д.Ч, О.Ц нарт буцаан олгохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Б.Л-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17,4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Б.Л-г автотээврийн хэрэгслийн
жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны
хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан
гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт Б.Л-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 300.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Л В ангиллын жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Б.Л-д, Toyota prius маркийн суудлын автомашиныг иргэний нэхэмжлэгч Б.Б-д, хохирогч Д.Ч-н гэмтлийг харуулсан рентгэн зураг 1 ширхэг, хохирогч О.Ц-н гэмтлийг харуулсан рентгэн зураг 2 ширхэг, компьютер, томографикийн шинжилгээний хариу 3 ширхэг хуудас зэргийг хохирогч Д.Ч, О.Ц нарт тус тус буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч. иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.