| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2018/00113/Э |
| Дугаар | 118 |
| Огноо | 2018-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Энхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 118
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Улсын яллагч Ч.Энхжаргал,
Шүүгдэгч Б.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Өндөр овогт Б.Д холбогдох эрүүгийн 1826000000133 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Өндөр овогт Б.Д.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Ц.Б-г зүүн гаран тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Ц.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг Арц-2 хороололд Ренчин гэх айлд А, Д, бид гурав даалуу тоглоод 0.5 литрийн “Харзтай” нэртэй архи 2 ширхгийг хувааж уусан. Архиа ууж дуусаад тоглоомноосоо болж А, Д нар хоорондоо маргалдсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг боль гээд салгасан чинь гэнэтхэн Д хутга барьчихсан байснаа миний зүүн суга, булчин хэсэг рүү хутгаараа дүрчихсэн юм. Тэгэхээр нь би Ренчин гэх айлаас гараад урд талын хашааны Н гэх айлд цусаа тогтоох гээд орсон чинь Ү эмч байсан. Тэгээд намайг эмнэлэг яв гэхээр нь би хүүхдээр нь эмнэлэг дээр хүргүүлээд С эмчид үзүүлээд 9 оёдол тавиулсан. ...Бага зэргийн согтолттой байсан. А, Д, Р ах бид дөрвөөс гадна Р ахын эхнэр, охин хоёр нь байсан, өөр хүн байгаагүй. Хутгыг Р ахын гэрээс авсан байх. ...Д надад эмчилгээний мөнгө болох 200000 төгрөг өгсөн. Одоо цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул 200000 төгрөг нэхэмжилж байна. Д миний хохирлыг бүрэн барагдуулчихвал надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/,
Гэрч Ц.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 06-ны орой харанхуй болж байхад Р ахын хашааны араас нь даваад хашаан дотор нь ороод ирсэн чинь гэрийнх нь гадаа Б, Да 2 зогсож байхаар нь би тэр 2 дээр очоод Д-д хандаад аав чинь хөдөө малтай ядарч явахад нь чи энд архидаад хөдөө гэр рүүгээ яв гэсэн чинь Д “аав юм хэлээгүй байхад чи захирдаг хэн бэ” гээд над руу дайрсан юм. Тэгтэл Б, А ахыг яаж байгаа юм гээд намайг өмөөрөөд Д-г барьж аваад тэр хоёр барилцаж аваад би босоод хашааны хаалга руу гарах гэж явсан чинь Б гүйж ирээд Г ахаа намайг Д хутгаар эсгэчихлээ гэхээр нь би Б-г тэндээс аваад явсан. ...Би Р ахын ар талын гудманд Цэвээнээ гэх хүний нөхөр Отгоо гэдэг залуутай 0.5 литрийн “Харзтай” нэртэй архи 2 шилийг хувааж уучихаад харих гээд явж байсан юм. ...Би Р гэх айлд ороогүй, Д, Б нартай би архи уугаагүй. ...Согтууруулах ундаа хэрэглэсэн нь мэдэгдэж байсан, үг яриа нь үйлдэл нь мэдэгдэж байсан. ...Би мэдрэлээ алдатлаа согтоогүй байсан, гэхдээ яг Б-г Д хутгалах үед санахгүй байна. Б-г гараа зүсүүлчихээд ирэхэд нь ухаан орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,
Гэрч Ш.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16-17 цагийн орчимд байх Б.Д орж ирээд хүйтэн цай уучихаад баруун орны өмнүүр хэвтэж байтал гаднаас Ц.Б орж ирээд Д, Б хоёр нэг шил 0.5 литрийн “Харзтай” архи хувааж ууж байтал гаднаас А халамцуу орж ирээд Д, Б хоёрын ууж байсан архинаас хувааж уучихаад дахиад 0.5 литрийн нэг шил архи гаргаж ирээд задлахаар нь би тэр гуравт хандан манайх ямар архины гэр үү гэж загнасан чинь тэр гурав дахиж уухгүй энийг уучихаад гарлаа гэж хэлэхээр нь манай охин О тэр гуравт хандан та нар наад шилтэй архиа уучихаад зайлцгаагаарай гэж хэлсэн. Тэгээд охин бид хоёр гэрээсээ гараад хашаанаасаа доош 3 хаалга яваад Баярмэнд гэх айлд ороод 15 минут орчим болоод тэндээсээ гараад О гэх айлаар орох санаатай явж байтал манайд архи ууж үлдсэн хүмүүс маргалдсан сураг гарахаар нь эргээд ирсэн чинь Д ганцаараа гэрийн үүдэнд сууж байсан. А, Б хоёр байхгүй байсан. Гэрийн хойморт байсан ширээний баруун талаас цус дусаад гэрийн баруун талаар үүдээр гарсан байсан. Би Б, А хоёрыг хаашаа явсан талаар асуусан чинь хашаанд тоглож байсан жаахан хүүхдүүд манай урд талын Н-х руу орсон гэж хэлсэн. Тэгээд би гэр дэх цусаа цэвэрлэчихээд Д-н хажуугаас хутгаа аваад үүдний гишгүүр модон доороо хийчихсэн. Тэгээд манай охин О цагдаа руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. ...Манай нөхөр Р нь Д, Б, А гурвыг манайд орж ирэхээс өмнө архи уугаад согтоод унтаад өгсөн байсан. Энэ хутга манай тогооны савны доод татуурганд байсан хутга байгаа юм. Энэ гурвыг юунаас болж маргалдсанг мэдэхгүй. Охин бид хоёрыг гэрээс гарахад А Б хоёр шагайн харваа ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/,
Гэрч Р.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16-17 цагийн орчимд байх манай аав Р согтуу унтаж байсан. Ээж Б, О эгч бид гурвыг даалуу тоглож суутал гаднаас Д согтуу орж ирээд бид хэдтэй тоглох гээд байхаар нь бид хэд тоглохоо больчихсон чинь О эгч гэр рүүгээ явсан. Тэгтэл гаднаас Б нэг шил “Харзтай” нэртэй архитай орж ирээд архиа задлах гэхээр нь ээж Б-т хандан манай гэр ямар архины оромж биш архи уух гээд байгаа юм бол өөр газар очиж уу гэж загнасан чинь Б гарах гэсэн чинь Д явахгүй ганцхан үүнийг энд уучихаад гаръя гээд архиа хувааж уугаад дуусах дөхөж байтал гаднаас А ах согтуу орж ирээд үлдэгдэл архийг нь хувааж уучихаад Б дахиад архи аваад ирсэн. Тэгээд А ах, Б, Д нар хувааж уух гэхээр нь би тэр гуравт хандан түрүүнийхээ архийг уучихаад гарлаа гэсэн биз дээ, юун давруу юм дахиад архи уух гэлээ гэсэн чинь А ах одоо үүнийг уучихаад гарлаа гэж хэлэхээр би ээжид хандан хоёулаа О эгчийнхээр орж ирэх үү гэсэн чинь ээж тэгье, энд согтуу хүмүүс харж сууж байхаар гээд гэрээс гарсан. Гэрт аав унтаад, Д, А, Б нар үлдсэн. Ээж бид хоёр О эгчийнх рүү явах замдаа Б гэх айлаар ороод 10-15 минут орчим болоод тэндээсээ гараад О эгчийнх рүү явж байтал манайд архи ууж байсан хүмүүс нэгнийгээ хутгалчихсан гэнэ гэх сураг сонсоод ээж бид хоёр эргээд гэрийн гадаа ирээд ээж гэр рүү орсон. Би гэртээ оролгүй хамар хашаандаа ороод хашааны завсраар харсан чинь ээж Д-г загнаад хөөгөөд явуулж байгаа бололтой байсан. Би Д-г явсны дараа гэртээ орсон чинь ээж гэрт дуссан байсан цусыг цэвэрлэчихсэн сууж байсан. Тэгээд хашааны завсраар харсан чинь Б Ү эмчийн хашаанд эмнэлэг явах гэж байгаа байдалтай байсан. ...Намайг гэртээ орж ирэхэд манай аав гэртээ унтаж байсан. Энэ хутга манай хутга мөн, тогооны саванд байсан. Манайд Д, Б, А нар байсан байх, манай аав гэрийн баруун хойд талд унтаж байсан. ...Энэ гурвыг юунаас болж маргалдсныг мэдэхгүй, ээж бид хоёр гэрээс гарахад А ах Б хоёр шагайн харваа яриад байсан. ...А, Б, Д нар нь сүрхий согтуу манайд орж ирсэн. Ээж бид хоёрыг гарсны дараа авч ирсэн нэг шил архиа уусан байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №368 дугаартай шинжээчийн: “1. Ц.Б-н биед зүүн гарын бугалга хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлын үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна:” гэсэн дүгнэлт /хх-27 хуудас/,
Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хх-6/,
Шүүгдэгч Б.Д-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-53/, Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-54/, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2017 оны тооллого /хх-55/,
Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг Арцатын 2-3-58 тоот хашаанд Ц.Б-г зүүн гаран тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн гарын бугалга хэсэгт шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Б.Д нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ц.Б-н “шүүгдэгч Б.Д-д хутгалуулсны улмаас зүүн гарын бугалга хэсэгт гэмтэл авсан” талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Ц.А /хх-13-14/, Ш.Баярмөнх /хх-18-19/, Р.О /хх-21-22/ нарын мэдүүлэг хохирогч Ц.Б-н эрүүл мэндэд “зүүн гарын бугалга хэсэгт шарх гэмтэл” учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №368 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-27 хуудас/, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хх-6/, шүүгдэгч Б.Д-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Б.Д-н үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Өндөр овогт Б. Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд прокуророос уг хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Д-г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хангасан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүхэд гаргасан хүсэлт, хохирогч С.Э-н “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Иймд прокурорын ялын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өндөр овогт Б.Д-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Д-д мэдэгдэж,
Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.6, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 6, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өндөр овогт Б.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өндөр овогт Б.Д-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.