Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 119

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ч.Энхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дамбийням,

Шүүгдэгч: Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Зузаан овогт Л.Н-д холбогдох 1826000000132 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Зузаан овогт Л.Нэргүй

Шүүгдэгч Л.Н нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг Ховд хороололд байх Ч.Г-н хашаанд хохирогч Г.Н-н хамар тус газар нь мөргөж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна. Хохирогчид хохирол төлбөрт 120000 төгрөг төлсөн гэв.

Хохирогч Г.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед Н ахын гэрт манай найз залуу болох Л.Нэргүй миний Facebook хаягаар ороод надад ирсэн чатыг уншиж байгаад Д гэх чат руу гар утасны зураг явуулсан байсныг харчихаад чи энэ бандиасаа утас авсан байна. Би чамайг ээж аавд чинь хэлчихээд гэр рүүгээ явлаа гээд Н ахын гэрээс намайг чирж гаргаад манай гэр рүү чирээд байхаар нь би доошоо суухад намайг босгож ирээд татаад мөргөсөн. Тэгээд би ээжээ, ааваа гээд орилход ээж, аав хоёр гарч ирсэн. Тэгээд ээж, Л.Н хоёртой хамт сумын эмнэлэгт үзүүлэхэд аймаг явж үзүүл гэсэн. Аймгийн БОЭТ-д ирж хамраа үзүүлэхэд миний хамарыг хугарсан байна гэсэн. Л.Н бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 6-7 хуудас/,

Гэрч Ч.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Намайг 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 15 цаг 20 минутад өөрийн гэртээ байж байтал манай охин Г.Нааваа, ээжээ гээд орилохоор нь гэрээсээ гараад хартал манай гэр Н-н гэр хоёрын хооронд Г.Н-н хамарнаас нь цус гарчихсан Л.Н хажууд нь зогсож байхаар нь яасан юм бэ? гэж асуухад Л.Н хамар руу нь мөргөчихлөө гэж хэлсэн. Юунаас болсныг нь асуухад утасны мессежнээс болж маргалдсан гэж хэлсэн. /хх-ийн 12-13 хуудас/,

Гэрч Ч.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг Ховд хороололд манай гэрийн гадаа гэнэт манай охин Г.Н ээжээ, ааваа гээд орилохоор нь гэрээсээ гараад хартал манай охин Г.Н-н хамарнаас нь цус гарчихсан, цусаа гойжуулаад сууж байхаар нь яасан бэ? гэхэд манай найз залуу Л.Н мөргөчихлөө гэхээр нь би босгоод гэртээ оруулчихаад хонь руугаа явсан. /хх-ийн 14-15 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №371 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Г.Н-н биед хамрын таславч дунд 1/3 хэсэгт зөрөөтэй хугарал, хянга яс баруун талдаа зөрөөтэй хугарал хамрын нуруу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 21 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 25 хуудас/,

Шүүгдэгч Л.Н-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06/368 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа /хх-ийн 46,49-50 хуудас/,

Шүүгдэгч Л.Н-н урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тус хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Н нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Ховд хороололд байх иргэн Ч.Г-н хашаанд хохирогч Г.Н-н хамран тус газар нь мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Н-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Н-н 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед Н ахын гэрийн гадаа намайг Л.Н мөргөсөн. Аймгийн БОЭТ-д ирж хамраа үзүүлэхэд миний хамарыг хугарсан байна гэсэн. Гэрч Ч.Д 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 15 цаг 20 минутын орчимд манай охин Г.Нямжаргал Л.Нэргүй хамар руу мөргөчихлөө гэж хэлсэн. Гэрч Ч.Г-н манай охин Г.Н-н хамарнаас нь цус гарчихсан, цусаа гойжуулаад сууж байхаар нь яасан бэ? гэхэд манай найз залуу Л.Н мөргөчихлөө гэж хэлсэн гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №371 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолоор нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Л.Н-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч Л.Н-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулсан болно.

Шүүгдэгч Л.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Мөн шүүгдэгч Л.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид хохирол төлбөрт 120000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Зузаан овогт Л.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, мөн шүүгдэгч Л.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид хохирол төлбөрт 120000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.