| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2018/00115/Э |
| Дугаар | 120 |
| Огноо | 2018-06-29 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ч.Энхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 120
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ч.Энхжаргал,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: П.Санчирмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Энхтуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дамбийням,
Шүүгдэгч: М.Ө-д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Жаран овогт М.Ө-д холбогдох 1826000000107 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай
аймгийн Арвайхээр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсрол мэргэжилгүй, малчин, ам бүл-7, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Жаран овогт М.Ө-д
Шүүгдэгч М.Ө-д нь 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын Онги 8 дугаар багийн нутаг дэвсгэр Онги хорооллын зүүн талд улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3в дэх заалт “мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, ЗХД-ийн 2.7А “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, Мөн дүрмийн 21.8 дахь заалт “Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн” тээвэрлэхийг хориглох заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Ө шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Би тухайн үед согтууруулах ундаа бага зэрэг хэрэглэсэн байсан. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Миний буруугаас осол гарч хүний биед гэмтэл учирсан. Хохиролд 250000 төгрөг төлсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Хохирлоо баримтаар бүрдүүлж өгсөн байгаа. Эмчилгээний зардалд 250000 төгрөг авсан. Сард эмчилгээний зардалд 500000 төгрөг ордог. Түүнийг сар сард нь төлөхөөр шүүгдэгчтэй тохиролцсон. Үүнийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 05 дугаар сарын 13-ны орой 18 цаг өнгөрч байх үед М.Ө эхнэр А-н хамт манайд ирсэн. Манайд тухайн үед ээж, би, манай хүүхэд бид 3 байсан. Өөр хүн байгаагүй. Тэгээд тэр хоёрыг хөдөө явахад нь манай ээж зөрөөд тэр хоёрын мотоциклийн араар сундлаад хөдөлсөн. Удалгүй 10-20 минутын дараа ээжийг ойчсон гээд ээжийн утсаар М.Ө ярьсан. Намайг очиход манай гэрээс зүүн тийш булан тойроод 3 гудамж яваад ойчсон байсан. Ойчсон газар нь цус болчихсон, нүүр нь нилдээ цус болчихсон, чихнээс нь цус гарсан, манй ээж ухаангүй байсан. Тэгээд би сандарсандаа хүргэн ах Ж хэл дуулгасан. Тэгээд түргэний машин ирсэн. /хх-ийн 14-15 хуудас/,
Гэрч Ж.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр сумын төвд хадам ээж П-н гэрт орой 19 цагийн үед очиход М.Ө эхнэр А-н хамт тэдний гэрт байж байсан. Мөн хадам ээжийн хүүхэд С байсан. Намайг гэрт ороход М.Ө, А хоёртой хамт хадам ээж П хөдөө явах гээд байж байхаар нь би та энэ хоёртой явж яах гээд байгаа юм бэ? М.Ө согтуу байна, нэмэргүй байх гэхэд хадам ээж П зүгээр байхаа, араар нь суугаад явахаас гэж хэлээд тэр гурав М.Ө-н мотоцикльтой сундлаад гурвуулаа хөдөлсөн. Яг хэн нь хаана сууж явсныг мэдээгүй. Араас нь гараад харахад гудамж тойроод хойд зүг рүү явсан. Би шууд гараад аавынхаа гэр рүү явсан. Замд утас дуугарахаар нь автал хадам дүү С залгаад та хүрээд ирээч, ээж мотоциклиос унаад ухаангүй байна гэхээр нь хаана унасан юм бэ? гэхэд гудамж тойроод хойшоо явахаар байгаа гэж хэлсэн. Тэгээд Онги хорооллын зүүн талын үзүүрийн хашаа өнгөрөөд гараад ирэхэд зам дээр хадам ээж П толгой хэсэг нь хойд зүг рүү харчихсан дээшээ харсан байдалтай газар хэвтэж байсан. Намайг очиход тэнд М.Ө, А, С гурав зогсож байсан. Бууж харахад хадам ээжийн яг хаанаасаа цус гарсан байсныг мэдэхгүй. Ямар ч байсан нүүр нь улаан эрээн болчихсон байсан. Тэгээд шууд эмнэлэг дээр ирээд эмч аваад буцаж очсон. Мотоцикль дээр манай хадам ээжтэй гурвуулаа сууж явна гэж яриад гэрээс гарсан. Араас нь харахад гудамж тойроод явсан. Тэр гурав сундалж явсан. /хх-ийн 17-18 хуудас/,
Гэрч Н.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Манай гэр Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар баг Бөөрөлжүүт Мээтэн гэх газар байдаг бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр сумын төв дээр хүнээс мөнгө авах гэж нөхөр М.Ө-н хамт нөхрийнхөө эзэмшлийн мотоцикльтой ирсэн. Тэгээд 18 цаг өнгөрч байхад нөхөр бид хоёр мөнгө авах гэсэн хүнээсээ мөнгөө авчихаад буцаад гэр рүүгээ явах гээд сумын төвөөс гарч байтал манай нөхрийн гар утас нь дуугараад П эгчийн хүүхэд С залгаад манай гэрт хүрээд ир, аавын чинь бие тааруу байна, эмнэлгээс ээж эм тариа авчихсан байна, тэрийг ирээд аваад яваач гэхээр нь нөхөр бид хоёр буцаад Уянга сумын төв дээр байх П эгчийн гэрт яваад очсон. Тэгтэл П эгч нөхөр бид хоёртой хамт хөдөө гэр рүү явахаар болоод манай нөхрийн мотоцикль дээр суугаад явсан. Ингэхдээ манай нөхөр М.Ө жолоо бариад би дундуур нь суугаад миний араар П эгч суугаад мотоцикль дээр гурвуулаа суугаад хөдөлсөн. Гудамж өнгөрөөд хойшоо эргэхэд манай нөхөр тухайн үед их хурдтай явж байсан тул П эгч би бууя, та хоёр явчих гэхэд манай нөхөр зогсоогүй. Тэгтэл П эгч би үсрээд буулаа шүү гэхэд манай нөхөр М.Ө огцом тоормос гишгэхэд П эгч миний баруун гар тал руу даваад газар унасан. Тэгээд М.Ө мотоциклио эргүүлээд буцаад П эгч дээр очиход П эгчийн хамар болон чихнээс нь цус гарчихсан, ухаангүй байдалтай байхаар нь би та зүгээр үү? гэхэд хариулахгүй байхаар нь болохоо болилоо гэж бодоод П эгчийн хүүхэд С руу утсаар залгаж дуудсан. С удалгүй хүрээд ирсэн. Бас хүргэн ах Ж ирээд түргэн дуудсан. Ингээд сумын эмч Г ирээд П эгчийг эмнэлэг рүү аваад явсан. М.Ө дунд зэргийн согтолттой байсан байх. /хх-ийн 19-20 хуудас/,
Гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн үед мотоциклиос хүн унасан, ухаангүй байна гэх дуудлага аваад сумын төвийн Онги хорооллын зүүн талын үзүүр хэсэгт очиход мотоцикльтой хэдэн хүн байсан ба осолд орсон хүн газар шороон дээр толгой ертөнцийн зүгээр хойшоо харсан байдалтай газар дээшээ харчихсан хэвтэж байсан. Нүд амаа нээгээд хагас ухаантай, юм ярьж чадахгүй, асуусан асуултанд хариу үйдэл үзүүлж байсан. Хэлээ гарга гэхэд команд биелүүлж хэлээ гаргаж байсан. Ингээд өвчтөнг зөөвөрлөж эмнэлэг дээр авч ирсэн ба анхны тусламж үзүүлж цус тогтоох, өвчин намдаах, тархины даралт буулгах шингэн, үрэвслийн эсрэг антибиотик гэх зэрэг эмчилгээ хийж хоносон. Мөн БОЭТ-ийн гэмтлийн зөвлөх эмч Батсайхан болон жижүүр эмч Ганзоригоос зөвлөгөө авч ажилласан. Маргааш өдөр нь буюу 2018 оны 05 дугаар сарын 14-ний өглөөний 11 цагийн үед аймгийн төв рүү БОЭТ-д шилжүүлж явуулсан. Энэ үед өвчтөний биеийн байдал тогтвортой, амин үзүүлэлт хэвийн байсан. Биед ил харагдах шарх сорви байхгүй. Чихнээс цус гарсан, толгойны орой баруун дээд талд цус хурсан гэмээр овойж памбайсан байсан. Бусдаар гэмтэл бэртэл ажиглагдаагүй. /хх-ийн 21-22 хуудас/,
Гэрч Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Б.П нь толгой өвдөнө, үе үе дэмий ярина, ухаан бүдгэвтэр гэсэн зовиуртай манай тасагт хэвтэж эмчлүүлээд биеийн байдал харьцангуй сайжирч гэрээр эмчилгээ хийж, сумын эмнэлэгт хэвтэж үргэлжлүүлж эмчлүүлэх талаар зөвлөгөө өгсөн. Одоо биеийн байдал нь сайжирч байгаа. Анх ирэхдээ суурь ясны цууралттай, тархины няцралттай байсан. /хх-ийн 24 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №323 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:.. Б.П-н биед гавлын баруун суурийн хөндийд цус хуралт. Баруун талын суурь яс чихний гадна суваг дайрсан цуурсан хугаралт, баруун талын чамархайн хэсэгт хуйхан доор цус хуралт. Дух, зүүн чамархай, баруун гарын 5-р хурууны 2-р үед зулгаралт, баруун мөр, баруун дал хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь учирсан үедээ үзүүлэгчийн амь насанд аюул учруулах боломжтой. Уг гэмтэл нь үзүүлэгчийн ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 31 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №20 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:... Жолооч М.Ө нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн зарим нэг зүйл заалтыг зөрчсөн. Жолооч М.Ө нь МУ-ын ЗХДүрмийн 2.7 а “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, МУ-ын ЗХДүрмийн 2.3 в “мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, МУ-ын ЗХДүрмийн 21.8 дахь заалт “Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн” тээвэрлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзлээ. Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Б-н гаргасан ослын акт гэх зүйлийг тайлбарлах боломжгүй. 1826000000107 тоот хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар ямар нэгэн нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ. /хх-ийн 39 хуудас/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам орчны байдал, хэрэг, осол дээрх эд мөрийн баримтыг бэхжүүлсэн схем, зураг, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 34-35, 46 хуудас/,
Шүүгдэгч М.Ө-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 06/359 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа /хх-ийн 52, 69-70 хуудас/,
Шүүгдэгч М.Ө-н урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тус хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Ө нь согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Онги хорооллын зүүн талд улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3в “мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 2.7а “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 21.8 “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.П-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ө-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.С-н эмчилгээний зардалд 250000 төгрөг авсан. Эмчилгээний зардалд сар сард 500000 төгрөгийг төлөхөөр шүүгдэгчтэй тохиролцсон гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.С-н 2018 оны 05 дугаар сарын 13-ны орой 18 цаг өнгөрч байх үед М.Ө эхнэр А-н хамт манайд ирсэн. Тэгээд тэр хоёрыг хөдөө явахад нь манай ээж тэр хоёрын мотоциклийн араар сундлаад хөдөлсөн. Удалгүй 10-20 минутын дараа ээжийг ойчсон гээд ээжийн утсаар М.Ө ярьсан. Намайг очиход ойчсон газар нь цус болчихсон, нүүр нь нилдээ цус болчихсон, чихнээс нь цус гарсан, манай ээж ухаангүй байсан. Гэрч Ж.Ж-н хадам ээж П нь М.Ө, А хоёртой хамт хөдөө явах гээд байж байхаар нь би хадам ээжид та энэ хоёртой явж яах гээд байгаа юм бэ? М.Ө согтуу байна гэхэд хадам ээж П зүгээр байхаа, араар нь суугаад явахаас гэж хэлээд тэр гурав М.Ө-н мотоцикльтой сундлаад гурвуулаа хөдөлсөн. Яг хэн нь хаана сууж явсныг мэдээгүй. Араас нь гараад харахад гудамж тойроод хойд зүг рүү явсан. Би шууд гараад аавынхаа гэр рүү явсан. Замд утас дуугарахаар нь автал хадам дүү С залгаад та хүрээд ирээч, ээж мотоциклиос унаад ухаангүй байна гэхээр нь очиход хадам ээж П толгой хэсэг нь хойд зүг рүү харчихсан дээшээ харсан байдалтай газар хэвтэж байсан. Бууж харахад хадам ээжийн яг хаанаасаа цус гарсан байсныг мэдэхгүй. Ямар ч байсан нүүр нь улаан эрээн болчихсон байсан. Гэрч Н.А-н 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр П эгч нөхөр бид хоёртой хамт хөдөө гэр рүү явахаар болоод манай нөхөр М.Ө жолоо бариад би дундуур нь суугаад миний араар П эгч суугаад мотоцикль дээр гурвуулаа суугаад хөдөлсөн. Гудамж өнгөрөөд хойшоо эргэхэд манай нөхөр тухайн үед их хурдтай явж байсан тул П эгч би бууя, та хоёр явчих гэхэд манай нөхөр зогсоогүй. Тэгтэл П эгч би үсрээд буулаа шүү гэхэд манай нөхөр М.Ө огцом тоормос гишгэхэд П эгч миний баруун гар тал руу даваад газар унасан. Тэгээд М.Ө мотоциклио эргүүлээд буцаад П эгч дээр очиход П эгчийн хамар болон чихнээс нь цус гарчихсан, ухаангүй байдалтай байсан. М.Ө дунд зэргийн согтолттой байсан байх. Гэрч Д.Г 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн үед мотоциклиос хүн унасан, ухаангүй байна гэх дуудлага аваад сумын төвийн Онги хорооллын зүүн талын үзүүр хэсэгт очиход мотоцикльтой хэдэн хүн байсан ба осолд орсон хүн газар шороон дээр толгой ертөнцийн зүгээр хойшоо харсан байдалтай газар дээшээ харчихсан хэвтэж байсан. Нүд амаа нээгээд хагас ухаантай, юм ярьж чадахгүй, асуусан асуултанд хариу үйдэл үзүүлж байсан. Хэлээ гарга гэхэд команд биелүүлж хэлээ гаргаж байсан. Маргааш өдөр нь буюу 2018 оны 05 дугаар сарын 14-ний өглөөний 11 цагийн үед аймгийн төв рүү БОЭТ-д шилжүүлж явуулсан. Энэ үед өвчтөний биеийн байдал тогтвортой, амин үзүүлэлт хэвийн байсан. Биед ил харагдах шарх сорви байхгүй. Чихнээс цус гарсан, толгойны орой баруун дээд талд цус хурсан гэмээр овойж памбайсан байсан. Гэрч Б Б.П нь толгой өвдөнө, үе үе дэмий ярина, ухаан бүдгэвтэр гэсэн зовиуртай ирсэн. Анх ирэхдээ суурь ясны цууралттай, тархины няцралттай байсан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №323 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №20 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам орчны байдал, хэрэг, осол дээрх эд мөрийн баримтыг бэхжүүлсэн схем, зураг, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолоор нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч М.Ө-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг согтуурсан үедээ, автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч М.Ө-д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч М.Ө-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.Ө-д оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,
Шүүгдэгч М.Ө-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч М.Ө-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолж,
Шүүгдэгч М.Ө-д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тус шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг,
Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг,
Мөн шүүгдэгч М.Ө-д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрт 250000 төгрөг төлсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Жаран овогт М.Ө-г согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч М.Ө-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Ө-д оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч М.Ө-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө-д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тус шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг мөн шүүгдэгч М.Ө-д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрт 250000 төгрөг төлсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.