Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/98

 

        Д.*******д холбогдох

                  эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтөлж,

Прокурор Б.Урангоог оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/143 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Д.*******д холбогдох эрүүгийн 2531000000180 дугаартай, 316/2025/0121/Э/208/2025/0066 индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******ийн *******, Монгол улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, **** настай, ****эгтэй, **** **** боловсролтой, мэргэжилгүй, мал маллаж амьдардаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Хушаат сумын *** дугаар баг, ******* газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй  (РД:*******)

Шүүгдэгч Д.******* нь 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 00 цаг 17 минутын үед Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр багийн авто замд өөрийн эзэмшлийн ******* ДАУ улсын дугаартай “Бонго” загварын тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ  архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэж 0,80 хувийн согтолттойгоор жолоодож хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Д.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулж,

Энэ хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж мөн хугацаагаар үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Д.*******ыг тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ...шийдвэрийг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2025 оны 07 сарын 08-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцэлдээ:

...Шийтгэх тогтоолыг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т заасан үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн.  Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахаар хуульчилжээ.

Гэтэл анхан шатны шүүх нь шүүгдэгч Д.*******д хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 болон 7.1 дүгээр зүйлд заасан хуулийн зохицуулалтаас аль зүйл заалтыг баримталсан нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрийн бүтцэд тавигдах шаардлага” мөн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 29 дугаартай “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол боловсруулах аргачлал”-ын 3.1.5-т тус тус заасан шаардлагыг хангаагүй буюу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 болон 7.1 дүгээр заалтад зааснаас аль тохирох заалтыг баримтлан тогтоон заагаагүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 2025/ШЦТ/143 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-д зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Д.*******д холбогдох эрүүгийн 2531000000180 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2. Прокуророос шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтайгаар хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

3. Шүүгдэгч Д.******* нь 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 00 цаг 17 минутын үед Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр багийн авто замд өөрийн эзэмшлийн ******* ДАУ улсын дугаартай "Бонго" загварын тээврийн хэрэгслийг  жолоодох эрхээ хасуулсан үедээ архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэж 0,80 хувийн согтолттойгоор  жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан  нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 4.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримтыг зөв тогтоож, Эрүүгийн хуулийг тухайн үйл баримтад оновчтой тайлбарлан хэрэглэсэн байх ба хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

5.Харин шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тохирох зохицуулалтыг хэрэглээгүй орхигдуулсан алдаа гаргасан байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/143 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтыг:  

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэлийг хүлээн авсугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                           

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.АМАРЖАРГАЛ

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН