| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2025/14043/И |
| Дугаар | 191/ШШ2026/02501 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2026/02501
2026 02 12 191/ШШ2026/02501
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ..... тоотод оршин суух, ......-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ....-ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Т.Мя нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Заыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд
Миний бие нь Б.Затой анх 2021 онд анх танилцаж, бид дотносон улмаар хамтран амьдрах болсон. Бидний дундаас 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүү З.Гтөрсөн.
Бид 2021 оноос 2025 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд хамтран амьдарсан боловч зан харилцааны таарамжгүй байдал болон Б.За нь миний биед гар хүрдэг байсны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймээс хүүгийн боловсрол, хувцас болон бусад зардлуудыг миний бие хариуцахад хүндрэлтэй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү З.Ган-Очирт эцэг Б.Заоос хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү хэмээн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийг гаргаж 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүссэн.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШЗ2025/45822 дугаартай захирамжийн үндэслэх хэсгийн 2 дахь хэсэгт зааснаар хариуцагч хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдож үүний улмаас иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Заыг эрэн сурвалжилж оршин суугаа хаяг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
2.1 Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/
2.2 Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-4/
2.3 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШЗ2025/45822 дугаар захирамж /хх-5-6/
3. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШЗ2025/55732 дугаар захирамжаар Б.Заын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Т.Мя нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Заыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.
Т.Мя нь Б.Заын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргаанд хэрэгт хамаарал бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоох үүднээс шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулна.
Шүүхээс нотлох баримт бүрдүүлэх тухай захирамж гарган Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс Б.Заын оршин суух хаягийн бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар гаргуулахад иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.За нь :...... тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлсон байна.
Тус хаягаар 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ.
3. Б.За нь шүүхэд хүрэлцэн ирж, Миний бие .......гэх хүсэлт болон К105-76 тоот хаягт түр оршин суудаг талаарх Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтыг өгсөн байна.
Иймд хүсэлт гаргагч Т.Мягийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Заыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. Хүсэлт гаргагч Т.Мягийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч Т.Мягийн хүсэлтийг хангахгүй орхиж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ....-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Т.Мягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ