| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2431002410235 |
| Дугаар | 2025/ДШМ/99 |
| Огноо | 2025-09-17 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/99
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтөлж,
Прокурор Д.Номин-Эрдэнэ,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* /цахим/
Шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүгч Л.Энхтайван, шүүгч Б.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Э.*******т холбогдох эрүүгийн 2431002410235 дугаартай, 316/2025/0075/Э/208/2025/0065 индекстэй, 2 хавтас хэргийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын ***-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, **** настай, ****эгтэй, ***** *** боловсролтой, ***** мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, ганцаараа Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, **** дугаар баг, *** дугаар хэсэг, **** тоотод оршин суух хаягтай (РД: *******)
Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 05 цаг 00 минутын орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум **** дугаар баг, *** дугаар хэсэг, **** тоот гэртээ согтуурсан үедээ архины шилээр насан хүрээгүй хохирогч Д.*******ын биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун чамархай ясны зөрүүтэй шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрх голомтот цусан хураа, дух, хоёр зулай дагз, зүүн чихний дэлбэн, зүүн доод зовхи, зүүн хацар, зүүн сарвууны ар хэсэгт няцарсан шарх, баруун чамархай, баруун шанаа, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, зүүн шанаа нуруунд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
-хоёр хүний буюу насанд хүрээгүй хохирогч Д.*******г бие хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зүүн зулай, дагзны хуйх, зүүн чамархай, зүүн хөмсөг, баруун хацар, хамрын зүүн угалзанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол, гэмт үйлдлийг таслан зогсоохоор оролцсон хохирогч С.*******ын эрүүл мэндэд баруун гарын 2 дугаар хуруу шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Э.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Согтуугаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалах чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан согтуугаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг” 2.7 дахь заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалах чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч ******* овогт *******ийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, шүүгдэгч Э.*******ын нийт эдлэх ялыг 5 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар тооцож оногдуулж шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан 5 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 15 хоногийн түүний эдлэх ялд нь оруулан тооцож,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас эрүүл мэнд хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нийт 7,739,361 /долоон сая долоон зуун гучин есөн мянга гурван зуун жаран нэгэн/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд орлуулж,
Бага насны хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б.*******, хохирогч ******* нар нь гомдол саналгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорьж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж, сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан давж заалдах гомдолдоо:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Энэ хэрэгт бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг дахин хийлгүүлэхээр хүсэлт гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн “энэ хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгээр өмнө нь хэлэлцсэн байна” гэсэн огт үндэслэлгүй, өмнө нь хэлэлцээгүй байхад хүлээн авахаас татгалзсан байна. Өмгөөлөгчийн зүгээс өмнө нь урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулахдаа хэргийг прокурорт буцаах буюу хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхийг зөрчсөн үндэслэлээр хүсэлт гаргасан байхад шинжээч томилуулах хүсэлтийг өмнө нь хэлэлцсэн гэсэн агуулгаар татгалзсан нь шүүх бүрэлдэхүүн хэргийг нарийвчлан заагаагүй гэж үзэхээр байна.
Энэ хэрэгт Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Нансалмаагийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 8238 дугаартай дүгнэлт хуульд заасан шаардлагыг хангаагүй, эргэлзээтэй байсан учраас Шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан.
Шинжээчийн дүгнэлтийн 1 дэх заалтаар Д.*******ын биед “баруун чамархай ясны зөрүүтэй шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрх голомтлог цусан хураа нь амь насанд аюултай тул... хохирлын хүнд зэрэгт хамаарна... гэжээ.
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн /хэргийн 61 дүгээр хуудсанд/ 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хийсэн “Томографийн шинжилгээ”-нд “гавал ясанд гэмтэл болон деструкци өөрчлөлтгүй” 2 талын ухархайнд бүтцийн эмгэг өөрчлөлтгүй гэсэн онош гарсан байсан.
Энэ хэрэгт шинжээчийн дүгнэлттэй холбоотой өвчтөний өөр материал хэрэгт огт хавсрагдаагүй байсан тул дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг мөрдөгчийн зүгээс 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хангахаас татгалзсан.
Хэргийг хянаж буй прокурорын зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “яллах дүгнэлт” үйлдсэн. Өмгөөлөгчийн зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гомдол гаргасан. Үүний дагуу Улсын Ерөнхий прокурорын газарт 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хариу ирэхдээ “оролцогчийн гомдлыг хяналгүйгээр шүүхэд шилжүүлсэн гэсэн” үндэслэлгүй хариу мэдэгдсэн байна. Иймд гомдлыг хянан шийдвэрлүүлэхгүйгээр шилжүүлсэн болно…гэсэн хариуг ирүүлсэн.
Улмаар Аймгийн ерөнхий прокуророос 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгох тогтоол” гарсан. Уг тогтоолын үндэслэл нь ...өмгөөлөгч Г.Амартүвшин, яллагдагч ******* нараас гаргасан гомдлыг хүлээн авч яллах дүгнэлтийг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн.
Өөрөөр хэлбэл дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргасныг дээд шатны прокуророос хангаж шийдвэрлэсэн байна. Гэтэл прокурорын зүгээс дээд шатны прокурорын шийдвэрийг хүргүүлэхгүйгээр дахин шүүх рүү хэргийг шилжүүлсэн байна.
Иймээс өмгөөлөгчийн зүгээс шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2-т “оролцогч шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж болно. 27.8 дугаар зүйлийн 1-т “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээний хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх ,прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ... гэсний дагуу бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан.
Дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах үндэслэл нь:
Хэргийн 224 дугаар хуудсанд авагдсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн оношийн үндэслэлд:
-оношийн шинжилгээ: толгойны томографуудад баруун чамархай хэсэгт бага” зэрэг зөрүүтэй шугаман хугаралтай...гэжээ.
Үндсэн онош: гавал доргих, гавал доторхи ил шархгүй, гэмтлийн шалтгаант тархины хаван, нүүр-зүүн-чих хуйхны зүсэдсэн шарх гэжээ. Өөрөөр хэлбэл Гэмтэл согог судлалын үндэсний төвийн томографийн оношоор “толгойны томографуудад баруун чамархай хэсэгт “бага” зэрэгт зөрүүтэй шугаман хугаралтай…гэсэн байхад Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч О.Нансалмаагийн 2024 оны 06 дугаар 24-ний өдрийн 8238 дугаартай дүгнэлтэд …бага зэргийн зөрүүтэй гэдэг оношийг тусгаагүй нь бодит дүгнэлт гарсан эсэх, яагаад зэргийн зөрүүтэй гэдэг оношийг тусгаагүй нь бодит дүгнэлт гарсан эсэх, яагаад томографид тусгасан бага зэргийн гэдэг үгийг хасаж дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байна. Мөн хохирогч нь эмчийг үзлэгийн тэмдэглэлээс үзвэл 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр эмнэлэгт хэвтсэн ба 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр эмнэлгээс гарсан ба эмнэлгээс гарах үеийн тэмдэглэлд “Хүндрэл-үгүй, хийгдсэн ажилбар мэс засал-үгүй” гэсэн байна.
Хоёрдугаарт. Хэргийг үйлдсэн этгээдийг бодитойгоор олж тогтоогоогүй байна. Хэргийн газрын үзлэгээр …” даавууг сөхөхөд хагарсан шилний үйрмэг хэд хэдэн газарт байв. гэснээс үзэхэд шил нь шүүгдэгчийн худ болох *******ын хэвтэж байсан орноос олдсон нь С.*******ын удаа дараа өгсөн мэдүүлгээр эргэлзээтэй байна. Хэргийн 33 дугаар хуудсанд авагдсан С.*******ын хамгийн анх хэрэг болсон болсон өдөр өгсөн мэдүүлэгт ... би архи уучаад жаахан унтах гээд хэвттэл хүүхэд орилох шиг болсон, тэгэхээр нь би босоод иртэл ******* манай 2 зээг зодож байсан... ******* гартаа архины шил барьчихсан хүүхдүүдийн толгой хэсэг рүү цохиж байсан...
Гэтэл хэргийн 26-р хуудсанд авагдсан мэдүүлгээр... Би нойр хүрээд дарсандаа унтаад өгсөн, гэтэл хүүхдүүд хашгирах уйлах чимээ гарсан, юу боловоо гээд хартал ананд, амина 2 нүүр ам нь зүсүүлсэн уйлж байсан, тэгээд босоод гал тогооны өрөөнд ортол Э.******* гартаа хагархай архины шил бариад зогсож байсан...
Мөрдөгчөөс: *******, ******* 2-ын биед хэн гэмтэл учруулсан бэ гэсэн асуултад:
намайг унтаж байхад чимээ гараад сэрэхэд ******* ганцаараа гартаа архины шил бариад зогсож байсан, Тийм учраас ******* гэмтэл учруулсан гэж бодож байна... гэсэн нь эргэлзээтэй байна.
Өөрөөр хэлбэл хэргийн газрын үзлэгээр *******ын хэлсэнчлэн гал тогооны өрөөнөөс шилний хагархай олдоогүй ба өөрийнх нь хэвтэж байсан орноос шилний үйрмэг илэрсэн байна. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар дүгнэхдээ ...нэгэнт өмгөөлөгчийн зүгээс архины шил, шилний үйрмэгийн талаар маргасан тул шүүхээс дээрхи байдлаар үйл баримтын талаар дүгнэлт хийсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн архины шил байгаа эсэх нь хамааралгүй, зэвсэг хэрэглэсэн гэж хүндрүүлээгүй тул... гэж дүгнэсэн эрх зүйн үндэслэл бүхий байна ... гэжээ. Өмгөөлөгчийн зүгээс архины шилний үйрмэгийн талаар маргахдаа зүйлчлэл талаасаа бус хэн, хаана аль өрөөнд байхдаа хохирол учруулсан эсэх асуудлыг тогтоогоогүй гэснийг шүүх өнгөцхөн ойлгож дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
Мөн шинжээчийн дүгнэлтээр *******ын долоовор хуруу нь шилэнд зүсэгдсэн шарх илэрсэн ба *******ын биед шилэнд зүсэгдсэн шарх илрээгүй эргэлзээтэй байна.
Гуравдугаарт. Шүүгдэгч Э.*******ын биед 13 нэр бүхий шарх учирсан ба энэ шархыг хэн учруулсанг тогтоогоогүй байна. Шинжээчийн дүгнэлтээр Э.*******ын биед ...чамархайн зүүн тал шарханд 2х0,3 см овойж хавдсан шарх, ...зүүн чихний дэлбэн талд хөндлөн байрлалтай 3см, зүүн чихний омогний урд хэсэгт хөндлөн байрлалтай 1см, дагзны баруун талд 3см хөндлөн байрлалтай, духны баруун талд 1.5см хөндлөн байрлалтай, зүүн нүдний дээд зовхинд хөндлөн байрлалтай 3 см, баруун гарны тохойн дотор талд хөндлөн байрлалтай 1,5см, зүүн гарын бугалга гадна дунд хэсэгт 1см оёдол бүхий шархуудтай...
Зүүн чамархайд ташуу байрлалтай 4.2см, шилэн хүзүүний баруун талд 4х2 босоо байрлалтай...01х01 см зүүн хөмсөгний доор талд босоо байрлалтай 1х1 нуруунд 2х1 улаан хүрэн өнгийн зулгаруулттай шархууд илэрсэн байна.
Гэтэл энэ талаар С.******* нь мэдүүлэг өгөхдөө ... нэг бол ноцолдсон эсхүл ...би Э.*******тай зодолдсон зүйл юу ч байхгүй... би босоод *******ыг бариад автал миний гар *******ын барьж байсан шилэнд хэд хэдэн удаа зүсэгдсэн..., мөн *******ын гар зүсэгдэх шиг болсон...Над руу дайрахаар нь би гарыг нь мушгиад шилийг нь тавиулсан...ноцолдоод байшингаас гарахын зэрэгцээ манай охин ороод ирсэн... гэх мэт эргэлзээтэй мэдүүлгүүд өгсөн байгааг нарийн шалгаагүй байна.
Дөрөвдүгээрт. Насанд хүрээгүй 2 хохирогчийн мэдүүлэг нь үнэн эсэхэд эргэлзээтэй ба мэдүүлэг өгөх үед С.*******ын охин Б.******* нь байнгын хамт байсан нь өөрийн аавыг хэрэгт холбогдуулахгүй талаам нь хэлүүлсэн байх боломжтойг анхаараагүй байна.
Хэргийн 18 дугаар хуудаст насан хүрээгүй хохирогч Д.*******г мэдүүлэг өгөх үед мөрдөгчөөс “Ахын дүү мэдүүлэх авах ажиллагаа эхлэхийн өмнө үнэн зөв мэдүүлэг өгөхийн учир холбогдлыг тайлбарлаж өглөө. Ахын дүү ойлгосон уу?” гэхэд насан хүрээгүй хохирогч хариулаагүй байна…
Тавдугаарт. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хувийн байдал, сэдэл зэргийг тогтоогоогүй байна. Насан хүрээгүй хохирогч нарыг өвөө С.******* нь байнга асардаг харин Э.*******ын хувьд бол анх удаа ач нараа харж байгаа ба яагаад ач нараа гэнэт зодох болсон шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй байна.
Зургаадугаарт. Иргэдийн төлөөлөгчийн зүгээс дүгнэлт гаргахдаа… Энэ хэрэгт дан ганц *******ыг буруутай гэж үзэхгүй байна. С.*******ын оролцоо байгаа учраас дахин шалгуулах шаардлагатай байна гэснийг шүүх бүрэлдэхүүнээс өөрчлүүлсэн нь хуралдааны бичлэгт тодорхой байгаа болно.
Энэ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаасан дүгнэлт огт хийгээгүй байна. Иймээс Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хэлэх тайлбар байхгүй. Анх харж байгаа хүүхдүүддээ хэзээ ч гар хүрэхгүй. Худынхаа барааг ч анх удаа харсан. Ганц буруудсан нь архи уусан. Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй, хэвээр үлдээх саналтай байна. Хоёр хүүхэд гэмтээсэн атлаа өөрийгөө би ингэж өвдсөн гэдэг. Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Прокурорын шатанд болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд бүрэлдэхүүнтэй шинжээч томилох хүсэлтүүдийг гаргаж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, эсхүл үндэслэлгүй байгаа тухай нэмэлтээр, дахин шинжээч томилуулахаар зохицуулсан. Хэрэгт авагдсан нотлох баримт болох *******ын хүнд гэмтэлтэй холбоотой ямар нэг эргэлзээтэй зүйл байгаагүй. ... Шүүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь дүгнэж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тэгэхээр энэ хэрэгт холбогдуулан дахин шинжилгээ гаргуулах шаардлагагүй. ... Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хоёр хохирогч эрүүл мэндээрээ хохирсон. Хоёр хохирогч хэдийгээр 4, 5 настай бага насны хүүхэд байгаа ч хэн зодсон талаарх мэдүүлгийг өгсөн байгаа юм. Анх удаагаа Э.******* гэх өвөөтэйгөө танилцаад ирсэн гэх үйл баримтыг ярьсан. Анх удаагаа ирсэн учраас Э.*******ыг танихгүй хүн гэж мэдүүлэг өгдөг. Харин С.*******ыг хамт амьдардаг, өсгөсөн учраас өвөө гэж мэдүүлэг өгдөг. Тэгэхээр танихгүй хүн зодсон гэх мэдүүлгийг өгсөн. … Шүүгдэгч Э.*******ыг гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна.
Э.*******т хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татахыг татгалзаж шийдвэрлэсэн. Үндэслэл нь биеэ хамгаалах чадваргүй, бага насны 4, 5 настай хүүхдүүдийг гэмт хэрэг үйлдэж, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй үйлдлийг таслан зогсоох үедээ хохирол учруулсан гэж үзсэн. Энэ талаар дүгнэлт хийсэн хавтаст хэрэгт байгаа гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Э.*******т холбогдох эрүүгийн 2431002410235 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
3. Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 05 цаг 00 минутын орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум ***** дугаар баг, *****дугаар хэсэг, **** тоот гэртээ согтуурсан үедээ архины шилээр насанд хүрээгүй хохирогч Д.*******ын биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун чамархай ясны зөрүүтэй шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрх голомтот цусан хураа, дух, хоёр зулай дагз, зүүн чихний дэлбэн, зүүн доод зовхи, зүүн хацар, зүүн сарвууны ар хэсэгт няцарсан шарх, баруун чамархай, баруун шанаа, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, зүүн шанаа нуруунд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
-хоёр хүний буюу насанд хүрээгүй хохирогч Д.*******г бие хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодсны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зүүн зулай, дагзны хуйх, зүүн чамархай, зүүн хөмсөг, баруун хацар, хамрын зүүн угалзанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол, гэмт үйлдлийг таслан зогсоохоор оролцсон хохирогч С.*******ын эрүүл мэндэд баруун гарын 2 дугаар хуруу шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад бага насны хохирогч Д.*******гийн өгсөн: “...Намайг Д.******* гэдэг. Би 5 настай. Би аав, ээж өвөөтэйгөө Сэлэнгэ аймаг руу явсан аа санаж байна. Би хөдөө танихгүй байшинтай айлд очсон. Байшин дотор юу болсон талаар санаж байна. Намайг зодсон, танихгүй хун цохисон намайг архины шилээр цохисон. Тэгээд бас гараараа цохисон. Эрэгтэй хүн цохисон хөгшин хүн байсан. Би өвөөгийн утсаар авраарай гэж залгасан. Намайг гараараа хана мөргүүлсэн. Нүүр лүү цохисон архины шилээр хамар руу цохисон, мөн гараараа цохьсон. Тухайн үед байшин дотор 1 архичин согтуу хүн байсан. ******* өвөө унтаж байгаад сэрээд гарнаас нь түлхээд гаргасан. ******* байсан, өвөө байсан би байсан танихгүй нэг хүн байсан. ******* өвөө нь ******* та хоёрыг цохиогүй танихгүй хүн цохисон. Намайг цохиж байхад зөндөө өвдсөн” гэх мэдүүлэг,
- Бага насны хохирогч Д.*******ын өгсөн: ”...Би 4 настай цэцэрлэгт явдаг. Сэлэнгэ аймагт аавын аавынх нь гэрт очсон. Байшин руу орсон. Байшин руу ороход 1 хүн эрэгтэй хүн байсан. Байшин дотор байсан эрэгтэй хүнтэй өмнө нь уулзаж байгаагүй. ...Архины шилээр цохисон. /Нүүр, толгой руу цохисон гэж гараараа заав/ Намайг зодсон хүнийг харвал танина. Нэрийг мэдэхгүй. ******* миний өвөө, намайг архины шилээр цохих үед байшин дотор Д.*******, тэгээд 2 эрэгтэй хүн байсан. Тухайн үед зөндөө өвдсөн. ******* өвөө нь намайг цохиогүй” гэх мэдүүлэг,
-Хохирогч С.*******ын “...2024 оны 06 дугаар сарын 11-ний 04 цагийн үед Сэлэнгэ аймагт очоод шууд хүргэн хүүгийн аав Э.*******ын гэрт очсон. Тэгээд гэрийнх нь гадаа очиход миний охин 3 сартай хүүхэдтэй байсан учир орохгүй гээд машиндаа үлдсэн юм. ...Гэрт ороход ******* ганцаараа байсан. ******* нь *******, ******* бид гуравт газраар унт гээд ор засаж өгсөн. Тэгээд ******* аавдаа гээд нэг шил архи өгсөн. Тэрийг нь ******* шууд задалсан. Тэгээд би танилцангаа 3-4 хундага уусан үлдсэнийг нь ******* өөрөө уусан. Тэр үед *******, ******* 2 утас үзээд тоглоод байж байсан. Хүргэн хүү ******* нь *******, ******* хоёрыг “машинд орж унт” гэхэд өвөөгөө дагаж байна надтай унтана гээд үлдсэн. Тэгээд би нойр хүрээд ядарсандаа унтаад өгсөн. Тэгтэл гэнэт хүүхдүүд хашхирах, уйлах чимээ гарсан. Юу болов оо гээд хартал *******, ******* хоёр цус болчихсон уйлж байсан. Тэгээд босоод гал тогооны өрөөнд нь ортол ******* гартаа хагархай архины шил барьчихсан зогсож байсан. Тэгтэл ******* нь над руу дайрсан би гарыг нь бариад ноцолцоод гэрээс нь над руу архины шилтэй гараараа чичлээд дайраад байсан би арай гэж гарыг нь мушгиад шилийг нь тавиулсан. Ноцолцоод байшингаас гарахын зэрэгцээ манай охин хашааны хаалгаар нь ороод ирсэн. Тэгээд гэр лүү буцаж орж 2 зээгээ аваад шууд Сэлэнгэ аймгийн төв эмнэлэг рүү очсон. Хоёр зээгээ эмнэлэгт үзүүлж байтал “Хүүе ахаа гараас чинь цус гараад байна ш дээ” гээд нэг эмэгтэй хэлсэн. Тэгээд гараа хартал миний баруун гарын долоовор хуруу зүсэгдээд ангайчихсан байсан. Тухайн үед 2 хүүхэд аймар цус болчихсон айж сандраад өөрийнхөө гарыг харах сөхөөгүй байсан байна лээ.” гэх мэдүүлэг,
- Бага насны хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б.******* өгсөн: “...Би нөхөр ******* болон хүүхдүүд болох *******, *******, *******ын хамт ам бүл тавуулаа амьдардаг. Манай нөхөр их завгүй ажилтай байдаг юм. Тэгээд сая буюу 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр манай нөхөр 3 хоног амрахаар болж тэр амралтаар нь Сэлэнгэ аймаг руу гэр бүлээрээ аав *******ын хамтаар аялахаар явсан юм. ...хадам аав *******ын гэрт 04 цагийн үед очсон. Би очоод гэрт ороогүй манай бага маань 2 сартай байсан болохоор машиндаа үлдсэн юм. Хадам аав *******ын гэр лүү манай нөхөр *******, аав ******* 2 орсон юм. ...нөхөр аавдаа нэг шил архи авсан байсан тэрийгээ өгөөд манай аав *******тай хувааж уусан юм байна лээ. ...Нөхөр бид 2 машины явдалдаа ядраад машиндаа унтаж байтал 07 цагийн үед миний охин Д.******* над руу залгасан утсаа автал “ээжээ бөөн юм болсон, өвдөөд байна аймар байна. Энд аймаар юм болж байна ээжээ хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд гэрийнх үүд хэсэгт яваад очтол хадам аав ******* нь хагархай архины шил барьсан гараа аав руу чиглүүлээд хатгах гээд дайраад байсан. Би шууд гэр лүү яваад ортол манай 2 хүүхэд суусан байдалтай орон дээр дэр нь тэр чигтээ цус болчихсон байсан. Миний охин *******гийн хамар, гар нь хацар нь зүсэгдээд уруул нь хавдаж хөхөрсөн, нүүр хэсэг нь тэр чигтээ улаан цус болчихсон. Нүүр, уруул нь хавдаж товойж бомбойсон байсан. Толгойны ар хэсэгт том зүсэгдсэн байсан. Маш их цус алдаж байсан. *******ын зүүн чих нь том зүсэгдээд салах гэж байгаа юм шиг хүү маань чихээ барьчихсан зүүн гар бас зүсэгдээд том ангайсан байсан. Нүүр, толгой нь битүү цус хөх няц болчихсон. Нүд, хөмсөг хэсгээр 1-2 тооны зүсэгдсэн байсан. ...нөхрөө дуудаад Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү явж тэнд анхан шатны эмчилгээ хийлгэж, Улаанбаатар хот руу эмнэлгийн машинаар зөөвөрлөсөн. ...гэрт *******, миний аав *******, охин *******, хүү ******* тэр 4 байсан.” гэх мэдүүлэг,
-Гэрч Н.*******ий өгсөн: “... Би 2024 оны 06 дугаар сарын дунд үеэр миний эрхэлсэн ажил 3 хоног амрахаар болж эхнэр Б.*******, Хадам аав С.*******, хүүхдүүд *******, *******, ******* нарыг аваад өөрийн төрсөн нутаг Сэлэнгэ аймаг руу аавынхаа гэрт очсон. Бид үүрээр 4 цаг өнгөрөөд очсон. Тэгээд хадам аав *******, миний аав *******, 2 нэг шил архи хувааж уусан. Тэгээд би эхнэр болон бага хүүхэд ******* бид 3 машинд сууж байтал миний охин ******* ээж рүүгээ “Туслаарай” гээд залгасан. Тэгээд гэр рүү яваад ортол *******, ******* хоёрын толгойноос цус гарсан, *******ын зүүн чих нь сэтэрсэн ерөнхийдөө цусандаа хутгалдчихсан, тухайн үеийн дүр зураг аймаар байсан” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 8238 дугаартай, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 8237 дугаартай, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 313 дугаартай дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.
4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Согтуугаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж учруулсан” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “Согтуугаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан ”хоёр, түүнээс олон хүнийг” 2.7 дахь заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж учруулсан” гэх хүндрүүлэх байдалтайгаар тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
5.Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон гэж үзнэ.
6.Шүүгдэгч Э.******* болон түүний өмгөөлөгчөөс давж заалдах гомдлын үндэслэлээ шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй ба дүгнэлт нь “амь насанд аюултай” гэсэн шинжийг тодорхойлсон боловч ойлгомжгүй тул бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтийг шийдвэрлээгүй, хэргийг үйлдсэн этгээдийг бодитойгоор олж тогтоогоогүй тул хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэлтэй гэж тайлбарласан.
7.Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 8238 дугаартай дүгнэлтээр “бага насны хохирогч 4 настай Д.*******ын биед хэрэг учрал болсноос хойш 13 хоногийн дараа үзлэг шинжилгээ хийж, дүгнэлт хэсэгт Д.*******ын биед баруун чамархай ясны зөрүүтэй шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрхи голомтлог цусан хураа, дух, хоёр зулай, дагз, зүүн чихний дэлбэн, зүүн доод зовхи, зүүн хацар, зүүн сарвууны ар хэсэгт няцарсан шарх, баруун чамархай, баруун шанаа, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, дагз, зүүн шанаа нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна.
Баруун чамархай ясны зөрүүтэй шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрхи голомтлог цусан хураа нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-д зааснаар хохирлын ХҮНД, дух, хоёр зулай, дагз, зүүн чихний дэлбэн, зүүн доод зовхи, зүүн хацар, зүүн сарвууны ар хэсэгт няцарсан шарх, баруун чамархай, баруун шанаа, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, дагз, зүүн шанаа нуруунд зулгаралт нь тус журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд бага насны хохирогч Д.*******ын биед баруун чамархайн ясны хугарал гэмтэл тогтоогдсон нь Гэмтэл согогийн үндэсний төвийн эмчийн клиникийн оношийн үндэслэл зэрэг баримтуудаар тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн гаргасан дээрхи хүсэлтийг хэлэлцэн хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Хэргийг үйлдсэн этгээдийг бодитойгоор олж тогтоогоогүй гэсэн гомдлын хувьд тухайн гэмт хэрэг гарах үед Э.*******ын гэрт бага насны 2 хохирогч түүний өвөг эцэг болох *******, Э.******* нараас өөр хүн байгаагүй, бага насны хохирогч нар, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба Э.******* нь хэдийгээр гэмт хэргийг үйлдээгүй байж болзошгүй гэж байгаа боловч архи ууж согтуурснаас хэрэг болсон талаар санахгүй байна гэсэн мэдүүлэг өгсөн зэргээр тухайн гэмт хэргийг Э.******* үйлдсэн болох нь тогтоогдсон гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон, түүнийг буруутгах үндэслэлгүй байна.
Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдээгүй байж магадгүй гэж мэдүүлж байгаа боловч түүнийг гэм буруутай гэж дүгнэсэн дээрх нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хавтас хэрэгт тусгагдаагүй, шүүгдэгчид холбогдох хэргийг шалган шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН