Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 121

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,

Улсын яллагч Ц.Батзориг,

Хохирогч П.М,

Гэрч Ж.С, Д.Б, Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү,

Шүүгдэгч П.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокурооос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пайлаагийн Мөнхбаярт холбогдох эрүүгийн 1826001270079 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт П.М

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.М нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багийн нутаг Зэвсэгт хүчний 0256 дугаар ангийн урд талын бетон гүүрний хойд хэсэгт орон нутгийн засмал зам дээр өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, ногоон өнгөтэй, Супер Даюун маркийн мотоцикль жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж иргэн Ж.С-н эзэмшлийн 96-44 ӨВА улсын дугаартай, цэнхэр өнгийн “Киа Бонго” маркийн автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гарган мотоциклийн ард сууж явсан зорчигч П.М-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

Шүүгдэгч П.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр мартын 8-ны өдөр байсан. Тэгээд би гэртээ байж байсан чинь манай ах аймаг явъя гэж хэлсэн. Аймагт ирээд малын тариаг нь авчихаад буцаж явсан. Цэргийн ангийн тойрог өнгөрөөд миний өмнө цагаан машин явж байсан. Тэр машины өмнө нь портер явж байсан. Тэгсэн чинь тэр портер миний өмнө явж байсан цагаан машиныг гаргачихаад дохио өгөхгүй гэнэт эргэсэн. Та яагаад дохиогоо өгөөгүй юм бэ гэж хэлсэн. Ж.С-т гомдолтой байна гэв.

Хохирогч П.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би цалингаа авчихаад аймаг ороод малын эм авчихаад буцаж явж байгаад портер машинд мөргүүлсэн тэгээд би ухаан алдсан. Портер дохио өгөлгүй гэнэт эргэсэн. Тухайн үед юу болсныг санахгүй байсан. Сүүлд нь санасан. П.М-с нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Ж.С-т гомдолтой байна гэв.

Гэрч Ж.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би аймаг орчихоод буцаж явсан. Аймгаас малын тэжээл ачсан. Тэгээд манай гэр лүү эргэдэг уулзвараар дохио өгөөд эргэх гэсэн чинь араас хар машин ирж байсан. Тэгээд тэр машиныг оруулчихаад толиндоо харсан чинь юм харагдахгүй байхаар нь эргэсэн чинь мотоцикль ирээд мөргөсөн. Тэгээд би ослын гэрлээ асаачихаад бууж очсон. Тэгээд чи яагаад гэрлээ асаахгүй явж байгаа юм бэ гэсэн чинь миний гэрэл асахгүй байгаа гэж хэлсэн. Миний машин бүрэн байсан. Би өдөржингөө машинтайгаа аймгийн төвөөр явсан. Зүүн талын толь ослын үед хугарсан байсан. Би осол болсоны маргааш хэрэг болсон газар очоод түүж авсан. Тэгээд байцаагчийг авчирч өг гэхээр нь авчирч өгсөн  гэв.

Гэрч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би цэргийн анги явж байсан. Тэгсэн чинь мотоцикльтой хүн гүйцэж түрүүлсэн. Тэгээд цаашаа явж байсан чинь портер зогсож байсан. Портер машиныг цагаан машин гүйцэж түрүүлсэн. Мотоцикль цагаан машины ард нь явж байсан. Мотоцикльтой хүн портертой мөргөлдсөн. Тэгээд очсон чинь хохирогч газар хэвтэж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Осол болсны дараа портерийн толь байхгүй байсан. Би толь чинь байхгүй байна гээд жолоочид хэлсэн чинь сая бутраад уначихлаа гэж байсан. Портер машин дохио өгсөн эсэхийг анзаараагүй гэв.

Гэрч Д.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б.Б бид 2 цэргийн анги руу явж байсан.Тэгсэн чинь мотоцикльтой хоёр хүн бид хоёрыг гүйцэж түрүүлсэн. Тэгээд портер машин мотоциклийг мөргөсөн. Портерийн жолоочийг цагдаа дуудсан уу гэсэн чинь дуудаагүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Осол болсны дараа портерийн зүүн талын толь байхгүй байсан. Мотоциклийн жолооч хамгаалах малгайтай байсан. Арын хүн нь малгайгүй байсан. Осол болохын өмнө Портер машин тольтой байсан эсэхийг анзаараагүй. Харин ослын дараа очиход тольгүй байсан гэв.

Хохирогч П.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэр өдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр миний цалин буугаад өөрийн дүү болох П.М-н хамт М-н эзэмшлийн ногоон өнгийн мотоцикльтой малын тариа авахаар аймгийн төвд ирсэн. Цаг сайн мэдэхгүй байна, үдээс хойш л байсан юм. Аймгийн төв орж ирээд шууд малын эмийн сангаас малын эм аваад Их Уул 6 дугаар багт байх хөдөө гэр рүүгээ дүү М-н хамт явсан. Хөдөө гэр рүүгээ явж байгаад цэргийн ангийн тойргийн үзүүр дээр аваарт орсон. Яаж аваарт орсноо, аваарт орсныхоо дараа ямар байдалтай байснаа мэдэхгүй байгаа юм. Нэг сэрэхэд эмнэлэгт хэвтэж байсан. ...М бид хоёр архи согтууруулах ундааны зүйл юу ч хэрэглээгүй байсан. ...Би санахгүй байна, малын эм аваад явж байснаа л санаж байна. Манай дүү надад Портер маркийн автомашинтай мөргөлдсөн л гэж хэлсэн. ...М-н өөрийнх нь мотоцикль байгаа юм, шинэ мотоцикль байсан. ...Үе үе хөл өвдөнө, толгой өвдөнө, би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 хуудас/,

 

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Зэвсэгт хүчний 256 дугаар ангид ажилладаг юм. Тэр өдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн орой хүнд гар утас хүргэж өгөхөөр цэргийн анги руу явсан юм. Өөрийн эзэмшлийн 61-04 ӨВО улсын дугаартай “Порестер” маркийн автомашинтай найз Б-н хамт явсан. Намайг цэргийн анги руу явахаар хуучин цагаан хаалгаар гарахад оройн 19 цаг 15 минут болж байсан юм. Миний машин 60 км/цагаас дээш гардаггүй болохоор би 60 орчим км/цагийн хурдтай л явж байсан. Тэгээд намайг цэргийн ангийн тойргийн наана /самбартай тойргийн/ явж байхад мотоцикль гүйцэж түрүүлсэн. Жолооч нь улаан өнгийн каскан малгай өмсчихсөн, ардаа нэг хүн суулгачихсан явж байсан. Мотоциклийнх нь өнгийг хараагүй. Тэгээд намайг араас нь засмалаар явж байсан чинь гүүрний цаана зам дээр цэнхэр өнгийн Портер маркийн автомашин цаашаа хараад зогсож байгаа юм шиг харагдсан. Хажуугаар нь суудлын автомашин гүйцээд түрүүлж байсан. Түүний араас миний автомашиныг гүйцэж түрүүлсэн мотоцикль явж байсан. Гүйцэж түрүүлсэн автомашин Портерийн хажуугаар яваад өнгөрсөн, Портер зүүн гар тийш эргээд машины ард явж байсан мотоцикльтой мөргөлдсөн. Портер маркийн автомашины жолооч талын хаалгыг мотоцикль мөргөөд замын хажуу руу түрэгдээд гарч байгаа харагдсан. Бөөн тоос манараад мотоциклийн ард сууж явсан зорчигч нь цаашаа шидэгдээд унаж байгаа харагдсан. Тэгээд бид хоёрыг очиход машинаас жолооч нь буугаад ирчихсэн мотоциклийн жолооч, машины жолооч хоёр нь хоорондоо маргалдаад зогсож байсан. Би шууд цаана шидэгдсэн хүн рүү нь очсон. Намайг очиход тэр хүн дээшээ хараад хэвтчихсэн, хамар амнаас нь цус гарчихсан, нүүр хэсэг нь танигдахын аргагүй болсон байсан. Тэгээд бид хоёр жолооч дээр очиход Портерийн жолооч утсаар яриад байсан. Тэгээд "та хоёр цагдаа түргэн дуудаач ээ" гээд би өөрийнхөө утсаар цагдаа болон эмнэлэг рүү дуудлага өгсөн. Мотоциклийн жолооч улаан өнгийн каскан малгай өмссөн байсан. Ард нь сууж явсан хүн малгай өмсөөгүй байсан.  Мотоциклийн гэрэл асаатай байсан үгүйг мэдэхгүй. Гадаа үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Оройн 19 цаг 30 минутын орчимд болсон. Би 40-50 метрийн зайтай явж байсан. Портер машин дохио өгсөн үгүйг анзаараагүй. Аваар болсны дараа очиход Портер маркийн автомашин аваарын гэрлээ асаасан байсан.  Осол болсны дараа очиход Портер маркийн автомашины зүүн талын толь нь байхгүй байсан. Тэр үед би ямар нэгэн зүйл яриагүй. Тэгээд цагдаа эмнэлэгт дуудлага өгчихөөд цэргийн анги руу явж хүний гар утас өгчихөөд буцаад ирэхэд Онгийн голын постны цагдаа ирчихсэн байсан. Тэгээд би Портерийн жолооч ахад "зүүн талын толь чинь байхгүй байна шүү дээ" гэхэд жолооч "сая бутраад уначихсан, олдохгүй байна, бутраад явчихсан байна" гэж хэлж байсан. Осол болохоос өмнө зүүн талын толь нь байсан үгүйг мэдэхгүй. ...Аль алинаас нь архи үнэртээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байсан шиг санагдаж байна. Гэхдээ өдрийг нь муухан санаж байна. Би өөрийн найз болох Б-н хамт түүний эзэмшлийн “Субару Порестер” маркийн автомашинтай цэргийн анги руу явсан. Би анги орох ажилтай байсан юм. Аймгийн төвөөс хэдэн цагт гарснаа мэдэхгүй байна, цаг хараагүй, гадаа ямар ч байсан гэгээтэй байсан. Манай найзын машин хурдан явж болдоггүй, 80 км/цагаас хэтэрдэггүй болохоор бид хоёр зөөлхөн явж байсан. Бид хоёрыг цагаан хаалга өнгөрөөд явж байхад бид хоёрын зүүн талаар мотоцикльтой 2 хүн гүйцэж түрүүлээд гарсан. Ямар өнгийн мотоцикль байсныг одоо санахгүй байна. Жолооч нь хамгаалалтын малгай өмссөн, арын хүн нь өмсөөгүй байсан. Тэр мотоцикль гэрлээ асаасан байсан. Тэгээд бид хоёрын өмнө ороод явсан. Ойролцоогоор 60 орчим метрийн зайтай явж байсан. Тэгтэл зам дээр Бонго маркийн автомашин зогсож байгаад зүүн гар тийш эргээд бид хоёрын өмнө явж байсан мотоцикльтой мөргөлдсөн. Бид хоёр дөхөж очоод автомашинаа зогсоогоод гүйгээд очиход мотоциклийн ард сууж явсан хүн нь цаана шидэгдчихсэн, нүүр ам нь цус болчихсон байсан. Мотоциклийн жолооч нь сандраад л тэрүүгээр уйлаад л гүйгээд байсан. Мотоцикль 60 орчим км/цагийн хурдтай л явж байсан байх. Мотоциклийн жолооч каскан малгай өмссөн байсан. Ард нь сууж явсан эрэгтэй хүн нь малгай өмсөөгүй байсан.  Ямар ч байсан цэнхэр өнгийн Бонго маркийн автомашин зам дээр зогсож байгаад зүүн гар тийш эргээд мотоцикльтой мөргөлдсөн. Дохио өгсөн үгүйг анзаараагүй. Осол болохоос өмнө тэр автомашины зүүн талын толь байсан үгүйг мэдэхгүй. Осол болсны дараа очоод харахад зүүн талын толь нь байхгүй байсан. Архи үнэртэхгүй байсан. Мотоциклийн жолооч бол ухаан алдаагүй. Ард нь сууж явсан хүн харин ухаангүй болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/,

Гэрч Ж.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 07-ны орой өөрийнхөө эзэмшлийн 96-44 ӨВА улсын дугаартай Портер машинтайгаа хөдөө гэр рүүгээ харих гээд Өвөрхангай аймгаас гараад Онгийн голын постны наагуур засмал замаас хойш салах гээд дохио өгсөн чинь нэг машин миний араас гүйцэж түрүүлэх гээд явж байхаар нь тэр машиныг өнгөрөөгөөд замаас хойш салж шороон зам руу орох гэсэн чинь гэнэт гэрэлгүй мотоцикль хойноос орж ирээд миний машины зүүн талын хаалгыг мөргөөд замаас хойш гараад унасан. Тэр мотоцикльтой хоёр хүн явж байсан ногоон өнгөтэй мотоцикль байсан, би уначихаар нь бууж очоод харсан чинь мотоциклийн араар сууж явсан хүн нь надтай хамт Зэвсэгт хүчний 256 дугаар ангид харуул хийдэг М, мотоцикль жолоодож явсан нь түүний төрсөн дүү М байсан. Манай гэр 256 дугаар ангийн баруун талд байдаг, М 256 дугаар ангийн хойд талд байдаг, бид нар нэгийгээ таньдаг төрөл садангийн холбоо байхгүй. Би тухайн үед М-г чи гэрэлгүй ямар хурдтай явдаг юм гэсэн чинь миний мотоциклийн гэрэл асдаггүй гэсэн. М мотоциклиос унаад нүүр нь битүү цус болчихсон ёолоод байсан. Тэгээд эмнэлгийн түргэн түүнийг ирээд аваад явсан. Түүний дараа цагдаа ирсэн.  Би тухайн үед хойшоо эргэх гэсэн чинь миний араас машин гүйцэж түрүүлж байсан түүнийг өнгөрөөгөөд дохио өгөөд зүүн тийш замаас хойш салж шороон зам руу орох гээд дөнгөж хөдөлсөн чинь араас гэнэт гэрэлгүй мотоцикль ороод ирсэн. М мотоцикльтойгоо миний араас орж ирээд зүүн талын хаалгыг мөргөөд, зүүн талын хаалганы цонхыг хагалсан. Тухайн үед араас ирж байсан манай ажлын залуу машинтайгаа ирээд зогссон. Тэр залуу мотоциклийн араас явж байсан юм шиг байна лээ. Миний бие зүгээр ямар нэгэн шарх, гэмтэл байхгүй. Би машиндаа ганцаараа явсан. Би жолоодож явсан машинаа 2018 оны 01 дүгээр сард худалдаж авч байсан. Н гэж хүний нэр дээр байдаг, өөрийнхөө нэр дээр шилжүүлж амжаагүй байгаа. Би 2007 онд Өвөрхангай аймагт жолооны сургуульд сураад 2008 онд В ангиллын үнэмлэх авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/,

Гэрч Ж.С-н мөрдөн байцаалтанд 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дахин өгсөн: “...Хар өнгийн Приус 20 маркийн автомашин байсан. Их цагаан Лед гэрэлтэй машин байсан. Намайг дохио өгөөд шороон зам руу орох гэтэл гэрлээрээ дохьсон. Би тэр автомашиныг ойртсон байна гэж бодоод хүлээгээд өнгөрөөсөн. Тэгээд толиндоо харахад ямар нэгэн гэрэл харагдаагүй. Тэгээд би зүүн гар тийшээ дохио өгсөн чигээрээ эргээд асфальтан замын зах дээр ирэхэд миний зүүн талаас мотоцикль ирээд мөргөсөн. Намайг эргэхэд ямар нэгэн гэрэл харагдаагүй. Тэгээд машинаасаа буугаад М-г "...гэрлээ тавихад яадаг юм бэ" гэхэд М "миний гэрэл асахгүй байгаа юм" гэж хэлсэн. Автомашины зөв талын хаалга цөмөрсөн, шил хагарсан, толь хагарсан байна. Өөр эвдэрсэн зүйл байхгүй. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Эвдрэлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Эвдрэлийн үнэлгээг нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/,

Гэрч Х.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.М хамт 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 19-20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар баг, цэргийн ангийн тойрог дээр болсон ослын дуудлаганд очсон. Би хэмжилтээ хийж байсан, мөрдөгч Б.М-г хэргийн газрын ерөнхий байдлаа бичиж бай гэж хэлээд хэмжилтээ хийж байгаад дэслэгч Б.М хэргийн газрын үзлэгээ хийчихлээ, тоормозны мөр гээд хэргийн газрын үзлэгтээ биччихлээ гэхээр нь би “наад гарсан мөр чинь тоормозны мөр биш, шарвалтын мөр байна, үзлэгийн тэмдэглэлээ засаарай” гэж хэлсэн. Тухайн хэргийн газар дээр тормозны мөр биш шарвалтын мөр гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/,

Гэрч Б.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Намайг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байхад 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 19 цаг өнгөрөөд 20 цагийн орчим Өвөрхангай аймгаас зүүн тийш Цэргийн анги, Замын цагдаагийн постны орчим автомашин, мотоцикль хоёр мөргөлдлөө гэсэн дуудлага ирсэн. Би тухайн үед криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Гүен, Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Түмэнбайлдагч нартай хэрэг учрал болсон газарт очиход хот хоорондын асфальтан зам дээр Портер маркийн автомашин, мотоцикль хоёр мөргөлдсөн байсан. Би уг хэрэг учрал болсон газар хэргийн газрын үзлэг хийсэн. Тухайн үед осол гарсан газар мотоцикль замын хажуу тал руу гарсан дугуйны мөр байсан ба би түүнийг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл дээр тоормосны мөр гэж биччихээд Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Түмэнбайлдагчаас энэ мөр тоормосны мөр мөн үү гэж асуухад наад мөр чинь шарвалтын мөр байна гэсэн. Би хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл дээр бичсэн тоормосны мөр гэснийг шарвалтын мөр гэж залруулж бичих гэж байгаад амжаагүй материалыг ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Өлзийжаргалд шилжүүлсэн. Маргааш нь би Улаанбаатар хот руу сургалтанд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/,

Гэрч Г.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сард 96-44 ӨВА улсын дугаартай “Киа Бонго” маркийн автомашиныг Ж.С-т 2500000 төгрөгөөр зарсан юм. Мөнгөө бэлнээр нь авсан. Энэ автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Наранбаатар гэх хүний нэр дээр байдаг. Би энэ автомашиныг 2016 оны 09 дүгээр сард Сант сумын харъяат М гэх хүнээс 2500000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Тэгээд энэ оны 01 дүгээр сард худалдан авсан үнээрээ С-т зарсан. М нь Наранбаатар гэх хүнээс худалдан авч байсан гэсэн. Тэгээд худалдан авахдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь нэр дээрээ шилжүүлээгүй юм байна лээ. Би худалдан авсныхаа дараа нэр дээрээ тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь шилжүүлээгүй байж байгаад С-т зарсныхаа дараа Наранбаатар гэх хүнтэй нь холбоо барихад "Улаанбаатарт байна" гэж байсан. Тэгэхээр нь би "бичиг баримтаа явуулаадахаач, нэрийг нь шилжүүлэх гэсэн юм" гэхэд тэр хүн паспортын хуулгаа өгөөд явуулсан байсан. Одоо Н гэх хүний утасны дугаар, хаягийг мэдэхгүй байна. Улаанбаатар хотод л амьдардаг гэсэн. ...Ж.С бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага байхгүй. Энэ автомашин С-н эзэмшлийн автомашин байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 хуудас/,

Зам тээврийн осол дээр тогтоосон: “...2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 20 цаг 00 миунтын орчимд Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их Уул 6-р багийн ЗХ-ний 256 дугаар цэргийн ангийн урд бетон гүүрний хойд засмал зам дээр улсын дугааргүй, Даюун маркийн мотоцикль жолоодож явсан жолооч П.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3а “...Тээврийн хэрэгслийн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед хол, ойрын гэрлүүд асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 10 дугаар бүлгийн 10.1а “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө урд яваа тээврийн хэрэгсэл чиг өөрчлөх дохио өгсөн эсэхийг мэдсэн байвал зохино”-уудыг зөрчиж Киа Бонго маркийн 96-44 ӨВА улсын дугаартай автомашины хажуу талаас мөргөж зам тээврийн осол гаргасан байна гэж актыг тогтоов.

Тусгай тэмдэглэлд: Даюун маркийн мотоцикль жолоодож явсан жолооч П.М нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3в” мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 2 дугаар бүлгийн 2.2а “Монгол улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн байна...” гэсэн акт /хх-ийн 46-47/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №175 дугаартай шинжээчийн:

“...1. П.М-н биед дух, суурийн хэсгээр цусархаг няцрал, гавал ясны нүүрний хэсэг хоншоор яс холбоос тасарсан, цөмөрсөн хугарал /бяцарсан/. Нүүрний зүүн хэсэгт арагш, баруунаасаа 1.6 см чихэгдсэн зөрөөтэй хугаралтай. Зүүн ухархайн дээд ханын зүүн хэсгээс яс тархины эд рүү орсон цөмөрсөн хугарал. Гавлын том нүхний баруун хэсэг дагз руу босоо, урдаа суурийн хөндий нэвтэрсэн цуурал, зөрөөгүй хургарал. Баруун хөлийн тахилзуур болон шаант ясны далд хугарал. Духны хэсэгт мэс заслын оёдол бүхий шарх, нүүрний хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 51/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 153 дугаартай криминалистикийн шинжээчийн: “...Ж.С-н унаж явсан гэх 96-44 ӨВА улсын дугаартай, “Киа Бонго” маркийн автомашины зүүн гар талын толины хугарал нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-ийн 100-101/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 154 дугаартай криминалистикийн шинжээчийн: “...1. П.М-н унаж явсан улсын дугааргүй, ногоон өнгийн “Супер Даюун” маркийн мотоциклийн их гэрэл эвдрэлтэй байна.

2. П.М-н унаж явсан улсын дугааргүй, ногоон өнгийн “Супер Даюун” маркийн мотоциклийн их гэрэл нь 96-44 ӨВА улсын дугаартай “Киа Бонго” маркийн автомашинтай мөргөлдөх үед эвдэрсэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 111/,

Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Лэндс ХХК”-ий 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №03/41 дугаартай: “...Киа Бонго маркийн 96-44 ӨВА улсын дугаартай бага оврын ачааны автомашины эвдрэлийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг нийт зардлын дүн-320000 төгрөг гэж үнэлэв...” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 133-135/,

Техникийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн: “1. 96-44 ӨВА улсын Киа Бонго маркийн автомашиныг жолоодож явсан Ж.С нь замын хөдөлгөөний дүрэм журам зөрчсөн байх үндэслэл тогтоогдохгүй байна. Улсын дугааргүй, ногоон өнгийн Супер Даюун маркийн мотоцикль жолоодож явсан П.М нь Монгол улсын ЗХД-ийн 10 дугаар бүлгийн 10.6-б дахь заалт "зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр /баруун гap талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдол/ гүйцэж түрүүлэхийг хориглоно"-ыг, мөн ЗХД-ийн 10 дугаар бүлгийн 10.1-в дахь заалт-"Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө урд яваа тээврийн хэрэгсэл чиг өөрчлөх дохио өгсөн эсэхийг мэдсэн байвал зохино"-ыг, мөн замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3в дэх заалт "Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх"-ыг, мөн замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2а заалт "Монгол улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх"-ыг тус тус зөрчсөн учраас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй.

2. Жолооч Ж.С нь 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр жолоочийн эрх авч "528570" дугаартай "В" ангиллын хүчинтэй үнэмлэхтэй байна, жолооч П.Мөнхбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр жолоочийн эрх авч "1098011" дугаартай "А.В" ангиллын хүчинтэй үнэмлэхтэй байна.

3.Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Түмэнбайлдагчийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гаргасан зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 164/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-8/,

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-11/,

“Супер Даюун маркийн мотоцикль”-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-14/,

“Киа Бонго маркийн автомашин”-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-17/,

“Киа Бонго маркийн автомашины толины хэлтэрхийнүүд”-ийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-19-20/,

Шүүгдэгч П.Мн хувийн байдлыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-167/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-168/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-169/ зэрэг болно.

Шүүгдэгч П.М нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багийн нутаг Зэвсэгт хүчний 0256 дугаар ангийн урд талын бетон гүүрний хойд хэсэгт орон нутгийн засмал зам дээр өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, ногоон өнгөтэй, Супер Даюун маркийн мотоцикль жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж иргэн Ж.С-н эзэмшлийн 96-44 ӨВА улсын дугаартай, цэнхэр өнгийн “Киа Бонго” маркийн автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж,  П.М-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч П.М нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багийн нутаг Зэвсэгт хүчний 0256 дугаар ангийн урд талын бетон гүүрний хойд хэсэгт орон нутгийн засмал зам дээр өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, ногоон өнгөтэй, Супер Даюун маркийн мотоцикль жолоодож явахдаа “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.6-б дэх заалт "зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр /баруун гap талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдол/ гүйцэж түрүүлэхийг хориглоно", 10 дугаар бүлгийн 10.1-в дэх заалт "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө урд яваа тээврийн хэрэгсэл чиг өөрчлөх дохио өгсөн эсэхийг мэдсэн байвал зохино", 2 дугаар бүлгийн 2.3-в дэх заалт "Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх", 2 дугаар бүлгийн 2.2-а дахь заалт "Монгол улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх" гэснийг тус тус зөрчсөн болох нь  зам тээврийн осол дээр тогтоосон акт, Техникийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн осол болохыг харсан гэрчүүд болох Б.Буянхишигийн “...Гүйцэж түрүүлсэн автомашин Портерийн хажуугаар яваад өнгөрсөн, Портер зүүн гар тийш эргээд машины ард явж байсан мотоцикльтой мөргөлдсөн. Портер маркийн автомашины жолооч талын хаалгыг мотоцикль мөргөөд замын хажуу руу түрэгдээд гарч байгаа харагдсан...”, гэрч Д.Батмэндийн “...Зам дээр Бонго маркийн автомашин зогсож байгаад зүүн гар тийш эргээд бид хоёрын өмнө явж байсан мотоцикльтой мөргөлдсөн. Бид хоёр дөхөж очоод автомашинаа зогсоогоод гүйгээд очиход мотоциклийн ард сууж явсан хүн нь цаана шидэгдчихсэн, нүүр ам нь цус болчихсон байсан...”, гэрч Ж.С-н “...Толиндоо харахад ямар нэгэн гэрэл харагдаагүй. Тэгээд би зүүн гар тийшээ дохио өгсөн чигээрээ эргээд асфальтан замын зах дээр ирэхэд миний зүүн талаас мотоцикль ирээд мөргөсөн...” гэсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч П.М-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч П.М-н эрүүл мэндэд “дух, суурийн хэсгээр цусархаг няцрал, гавал ясны нүүрний хэсэг хоншоор яс холбоос тасарсан цөмөрсөн хугарал /бяцарсан/. Нүүрний зүүн хэсэгт арагш, баруунаасаа 1.6 см чихэгдсэн зөрөөтэй хугаралтай. Зүүн ухархайн дээд ханын зүүн хэсгээс яс тархины эд рүү орсон цөмөрсөн хугарал. Гавлын том нүхний баруун хэсэг дагз руу босоо, урдаа суурийн хөндий нэвтэрсэн цуурал, зөрөөгүй хугарал. Баруун хөлийн тахилзуур болон шаант ясны далд хугарал. Духны хэсэгт мэс заслын оёдол бүхий шарх, нүүрний хэсэгт зулгаралт” бүхий хүнд хохирол учирсан болох нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №175 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч П.М-н амбулатори, поликлиникээр үйлчлүүлэгчдийн карт, гэрч Д.Б-н “...Намайг очиход тэр хүн дээшээ хараад хэвтчихсэн, хамар амнаас нь цус гарчихсан, нүүр хэсэг нь танигдахын аргагүй болсон байсан...”, гэрч Д.Б-н “...Мотоциклийн ард сууж явсан хүн нь цаана шидэгдчихсэн, нүүр ам нь цус болчихсон байсан...”, гэрч Ж.С-н “...М мотоциклиос унаад нүүр нь битүү цус болчихсон ёолоод байсан...” гэсэн мэдүүлгүүдээр тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “ Энэ хэрэгт шүүгдэгч П.М буруутай. Портер машины жолоочийг буруугүй гэж гаргасан техникийн шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа. Жолооч чиглэлээ өөрчлөхийн өмнө дохио заавал өгөх ёстой гэсэн заалт байгаа. Хохирогч нь дохио өгөөгүй гэсэн мэдүүлэг өгч байгаа. Дохио өгөөгүй байх үндэслэл нь гэрчүүд дохио өгснийг нь анзаараагүй гэж мэдүүлдэг. Ж.С-н унаж явсан автомашин тольгүй байсан гэдэг талаар гэрч Б, Б нар мэдүүлдэг.  Хэргийн газарт үзлэг хийхдээ хагарсан гэх толийг тэр хавиас нь хайж олоод бэхжүүлж болох байсан. Гэтэл 8 хоногийн дараа толины хэлтэрхийг авч бэхжүүлсэн нь эргэлзээтэй. Үүнийг үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримт гэж үзэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д “энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасан. Замын хөдөлгөөний дүрмийн  6.5 дугаар зүйлд “ар талаа харах толь, салхины шил, нарны хаалтгүй болсон” үедээ замын хөдөлгөөнд орсон нь буруу гэж үзэж байна. Иймд эд мөрийн баримтаар тооцох тогтоолыг нотлох баримтаас хасуулах саналтай байна” гэжээ.

96-44 ӨВА улсын дугаартай “Киа Бонго” маркийн автомашины зүүн талын толь нь тухайн ослын улмаас хагарч унасан, гэрч Ж.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч  Ж.С-н мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 153 дугаартай криминалистикийн шинжээчийн ““...Ж.С-н унаж явсан гэх 96-44 ӨВА улсын дугаартай, “Киа Бонго” маркийн автомашины зүүн гар талын толины хугарал нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт,  Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Техникийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “96-44 ӨВА улсын Киа Бонго маркийн автомашиныг жолоодож явсан Ж.Сүхбаатар нь замын хөдөлгөөний дүрэм журам зөрчсөн байх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Мөн “Киа Бонго маркийн автомашины толины хэлтэрхийнүүд”-ийг эд мөрийн баримтаар тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх  тул шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүүгийн “эд мөрийн баримтаар тооцсон тогтоолыг нотлох баримтаас хасуулах тухай”  хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч П.М-н  автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч П.М-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.М-т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.М нь ял шийтгүүлж байгаагүй, бусдад төлөх төлбөргүй болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-167/, хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жилийн хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Шүүхээс шүүгдэгч П.М-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгчид оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолж, шүүгдэгч П.М-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Киа Бонго” маркийн машины толины 57 ширхэг хагархай, толины хүрээний 19 ширхэг хагархай зэргийг устгаж,

Шүүгдэгч П.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч П.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1. 2.3, 2.4, 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1,1, 1.2, 4, 5 дахь хэсэг. 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн П.М-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч П.М-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч П.М-г оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг түүнд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

6. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1. 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч П.М-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Киа Бонго” маркийн машины толины 57 ширхэг хагархай, толины хүрээний 19 ширхэг хагархайг устгасугай.

8. Шүүгдэгч П.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай,

9. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.