Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 351

 

Н.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 27 дугаар магадлалтай, Н.З-д холбогдох 1918006850001 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булганы гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эмэгтэй, 33 настай, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Н-ийн З нь

2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын  7 дугаар баг, Найрамдлын гудамжинд 73-66 *** улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Л-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  “... шүүгдэгч Н.З-ыг “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Хохирогч нь эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж” шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булганы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан шатны шүүх “Шинжээч нар дүгнэлтдээ шүүгдэгчийг 60 км цагаас дээш хурдтай явсан гэж дүгнээгүй байх ба харин тухайн нөхцөл байдалд тохирсон хурдтай яваагүй, осол гэмтэл тохиолдох нөхцөл үүссэн үед зогсоох арга хэмжээ авч чадаагүй байна гэж дүгнэжээ. Хэдийгээр хохирогч гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан байх боловч шүүгдэгч хохирогчийг мөргөн унагаж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулжээ” гэж дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар жолооч Н.З нь тухайн нөхцөл байдалд тохирсон хурдтай яваагүй гэдгийг нотлоогүй юм. Явган зорчигч зам хөндлөн гарч явсан гэж таамгаар дүгнэжээ. Хохирогч н.Л-гийн хавтаст хэргийн 17 дугаар хуудаст авагдсан “... тэгээд араас нэг машин ирээд мөргөсөн” гэх мэдүүлгээс үзэхэд хохирогч нь замын зорчих хэсгээр хөндлөн гаралгүй харин зорчих хэсгийн дагуу явж байсан гэдэг нь нотлогдож байна.

Тээврийн цагдаагийн албаны 520 тоот шинжээчийн дүгнэлтийн 7-д: Тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна гэж дүгнэсэн атлаа жолооч Н.З нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Мөн 12.4 “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км гэсний дагуу цагт 60 км цагийн хурдыг хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэж өөр хоорондоо зөрүүтэй эргэлзээтэй дүгнэлт гаргасныг нотлох баримтаар үнэлсэн. Энэ дүгнэлт нь жолооч Н.З, насанд хүрээгүй гэрч Б.Ө нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-д заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол хэргийн бодит байдалтай нийцээгүй байх гэсэн үндэслэл болж байна.

Шүүх эмнэлгийн шинжээчийн 685 тоот дүгнэлтээр Б.Л-гийн биед зүүн дунд чөмөгний хүзүү хэсгийн битүү хугарал гэмтэл тогтоогдлоо гэсэн ба шүүх хуралдаанд шинжээч н.Отгончимэг мэдүүлэхдээ энэ дүгнэлтээ гэмтлийн эмчийн оношоор тогтоосон, би нарийн мэргэжлийн эмч биш учир рентген зургаас хугарал мөн бишийг мэдэхгүй гэж мэдүүлэг өгсөн. Хавтаст хэргийн 105 дугаар хуудаст гэмтлийн эмчийн Б.Л 2019 оны 10 дугаар сарын 04-нд машинд мөргүүлж гэмтлийн тасагт зүүн дунд чөмөг ясны хүзүүний хугарал тархи доргилт,цээжний няцрал оношоор хэвтсэн. Ор хоног 5 гэсэн тодорхойлолтоос өөр баримт байхгүй. Энэ тодорхойлолтоор гэмтлийн зэрэг тогтоосон бол нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Энэ тодорхойлолтод тархи доргилт, цээжний няцрал гэсэн байхад шинжээчийн дүгнэлтэд эдгээр гэмтэл тусгагдаагүй байна. Зүүн дунд чөмөгний хүзүү хэсгийн хугарлыг оношилсон баримт, өвчтөний түүх хэрэгт авагдаагүй байхад шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна.

Яллагдагч Н.З Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчдийн гаргасан 2 удаагийн дүгнэлт эргэлзээтэй нэг талыг барьсан гэж үзээд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн инженер механикийн сургуулийн эрдэмтэн багш нараар эсвэл шүүх шинжилгээний албаар дахин дүгнэлт гаргуулах хүсэлтийг хяналт тавьсан прокурорт хүсэлт гаргасан боловч Хан-Уул дүүргийн замын цагдаагийн тасгийн алба хаагчдаар дүгнэлт гаргуулсан нь нэг байгууллагынхан нэг талыг барьсан эргэлзээтэй дүгнэлт гаргалаа гэж үзэх үндэслэл байна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэн хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Мөнхбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Н.З-д холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хэргийн бодит байдал, үйл баримтад нийцсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна. Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээг оногдуулсан нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.З нь хөдөлгөөнд аюул саад тулгарч болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүй болох нь шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булганы гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Н.З нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Найрамдлын гудамжинд 73-66 *** улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Л-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Зын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гаргасан зөрчил нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж дүгнэн, түүний уг үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байхыг шаарддаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлаар мэргэшсэн этгээдийг шинжээчээр томилдог бөгөөд шүүгдэгч Н.З нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “жолооч ... тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн” заалтуудыг зөрчсөн үйлдлийн улмаас хохирогч Б.Л-гийн биед “зүүн дунд чөмөгний хүзүү хэсгийн битүү хугарал ... цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүд болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдсон болно.

Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй байх бөгөөд хэргийн үйл баримтыг бүрэн, эргэлзээгүй байдлаар нотолжээ.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд хэдийгээр хохирогч Б.Л нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан нь гэмт хэрэг гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх боловч шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэх, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэл болохгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булганы “... хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар дэлгэрэнгүй, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд үг, үсгийн алдаагүй бичиж байхыг анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 27 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булганы хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                   ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                   ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                        С.БАТДЭЛГЭР

                                                                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН