Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1030

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Төмөрбат, шүүгч Н.Дамдинсүрэн, иргэдийн төлөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, Д.Б нарыг оролцуулан “Ц*******-******* ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: “Ц*******-******* ” ХХК

Хариуцагч:   Ашигт малтмал, газрын тосны газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-д Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон бол шаардагдах захиргааны актыг гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах шийдвэрийг гаргана гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, хугацааг сунгахыг Ашигт малтмалын газарт даалгах, мөн 70.2.6-д захиргааны байгууллага, албан тушаалтнаас иргэн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчлөх, хасах гэж заасны дагуу Ашигт малтмалын газраас манай байгууллагад учруулсан 35 сая төгрөгийн хохирлыг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ц*******-******* ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

“... “Ц*******-******* ” ХХК нь Баянхонгор аймгийн Ш сумын нутаг дахь Улаан чулууны нэртэй талбайд тоот тусгай зөвшөөрлийн хууль ёсны эзэмшигч бөгөөд их хэмжээний зардал гаргаж тус хайгуулын талбайд барилгын өрлөг шавардлага элс болон хайрганы элсний ордуудыг нээж илрүүлсэн юм. Гэтэл Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу 2010 оны хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй гэх үндэслэл бүхий 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1027 дугаар шийдвэрээр тоот тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцалсан юм.

Бид өөрсдийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээлгэхээр захиргааны хэргийн шүүхэд хандахад, шүүхээс 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 257 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийг сэргээж шийдвэрлэсэн юм. Үүний дагуу тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 553 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн бүртгэж, тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд өөрчлөлт оруулах тухай шийдвэрийг гаргасан.

Ийнхүү бид хайгуулын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, ажлын үр дүнгийн тайланг бэлтгэж, 2012 оны 11 дүгээр сараас 02-ны өдрөөс эхлэн шинжээч томилуулах, тайланг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх болон Мэргэжлийн зөвлөл хуралдах хүртэлх хугацаанд бидний тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг сунгах хүсэлтийг удаа дараа гаргасан. Үүнтэй холбогдуулан Кадастрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ч******* 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 6-54 тоот албан бичгээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар тайланг батлах хүртэлх хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх боломжтой талаар мэдэгдсэн.

Улмаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж Х******* тоот дүгнэлт гаргасан. Ингээд бид 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Ашиглалтын өмнөх үйл ажиллагаа явуулах болон Х******* тоот дүгнэлтэд заасан нөөцийг улсын нөөцийн нэгдсэн санд бүртгүүлэх тухай хүсэлтийг удаа дараа гаргасан ч тус газраас үндэслэлгүйгээр татгалзсаар ирсэн юм. Ийнхүү бид өөрсдийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээлгэхээр Захиргааны хэргийн шүүхэд дахин хандаж, шүүхээс 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 502 тоот шийдвэрээр дээрх нөөцийг улсын нөөцийн нэгдсэн санд бүртгэх тухай шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газарт даалгасан. Энэхүү шийдвэрийн дагуу тус агентлагийн даргын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 504 тоот шийдвэрээр нөөцийг улсын нөөцийн нэгдсэн санд бүртгэсэн. Энэ үед бид Геологи, уул уурхайн хэлтэс, Кадастрын хэлтэст Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Үүний дагуу Ашигт малтмалын газраас холбогдох шийдвэр гарч Кадастрын хэлтсээс 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 6-560 тоот албан бичгээр тусгай зөвшөөрөл нь ашиглалтын өмнөх гэрээ дуусгавар болох хүртэл хугацаанд хүчинтэй байх тухай мэдэгдсэн. Бид ч тухайн шийдвэрийн дагуу Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээний төслийг 3 хувь үйлдэн баталж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн тус газарт хүргүүлсэн. Ингээд Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны 2014/09/18 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сунгаж, тусгай зөвшөөрлийн хавсралт дээр бичилт хийж, вебсайт дээрээ энэ талаарх мэдээллийг байрлуулсан.

Гэтэл Уул, уурхайн хэлтсийн дарга С.Б******* 2014 оны 3 дугаар 05-ны өдөр 5-911 тоот албан бичгээр ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах үндэслэл тодорхойгүй байна, 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5-4614 тоот албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр 23 дугаар зүйл хүчин төгөлдөр бус болсон тул ... хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө хянан шийдвэрлэгдэж дуусаагүй танай эзэмшлийн тоот тусгай зөвшөөрлийн талбайд гэрээ байгуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болсныг тус тус мэдэгдэж, 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр тусгай зөвшөөрлийг хүчинтэй хугацаа дууссан талаарх мэдээллийг өөрийн вебсайт дээрээ байршуулсан.

Бид нэг агентлагийн 2 хэлтэс дээрх байдлаар өөр хоорондоо харилцан уялдаагүй ажиллаж, эсрэг шийдвэр гаргаж буй дээрх үйл ажиллагаатай холбогдуулан 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/05 тоот болон 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/06 тоот албан бичгээр тус газрын дарга Д.Ү*******д гомдол гаргасан.

Үүний хариуд Кадастрын хэлтсийн даргаас 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6-5606 тоот албан бичгээр Даргын зөвлөлийн хурлын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар тэмдэглэлээр талбайн сонирхсон хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж, үлдсэн талбайн хугацааг сунгах боломжтой байдлаар бидний хүсэлтийг шийдвэрлэсэн тухай мэдэгдсэн.

Үүний дагуу бид хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгохоор шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн хандахад Кадастрын хэлтсийн онлайн бүртгэл болон зураг зүйн бүртгэлд тоот тусгай зөвшөөрлийн мэдээлэл, бүртгэл байхгүй байсан. Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 257 тоот шийдвэр болон Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 553 тоот шийдвэрээр манай тусгай зөвшөөрлийг буцаан сэргээхдээ энэ талаарх мэдээллийг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд оруулаагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан нь хожим ийнхүү илэрсэн юм.

Бид 2014 оны 12 дугаар сарын 23 болон 30-ны өдөр, 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичгүүдээр тусгай зөвшөөрлийн мэдээллийг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд оруулах болон тусгай зөвшөөрлийг сэргээх хүсэлтийг удаа дараа гаргасан. Үүнтэй холбогдуулан Ашигт малтмалын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Ү*******гаас 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 1/1104 тоот албан бичгээр ... талбайд ашиглалтын өмнөх үйл ажиллагаа явуулах хүсэлтийг шийдвэрлэх ажиллагаа нь талбайн нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дүгнэлт гаргаагүй, мөн ордын нөөцийг улсын бүртгэлд бүртгээгүй байснаас удааширсан байна.

Ашигт малтмалын газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 504 тоот тусгай зөвшөөрлөөр талбайн ордын нөөцийг бүртгэж шийдвэрлэх явцад тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон байна. Хэдийгээр тус газрын даргын зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар 2014 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах асуудлыг Кадастрын хэлтэст үүрэг болгосон боловч энэ хууль батлагдахаас өмнө тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн хугацаа дуусгавар болсныг кадастрын тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэсэн байх тул нэгэнт дуусгавар болсон тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн хариу ирүүлсэн.

Эдгээрээс үзэхэд Ашигт малтмалын газар нь бидний эзэмшлийн тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцалж, захиргааны хэргийн шүүхээс тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхээр шийдвэрлэж, холбогдох актыг гаргах хүртэл 9 сар, хайгуулын ажлын үр дүнд илэрсэн нөөцийг улсын нөөцийн нэгдсэн санд бүртгэхээс хууль бусаар татгалзаж, шүүхийн байгууллагаас зохих бүртгэл хийхийг даалгах шийдвэр гаргах хүртэл 10 сар, нийтдээ 19 сарын хугацааг алдаж, хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох хүсэлт гаргах үед холбогдох мэдээллийг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд оруулаагүй (Захиргааны хэргийн шүүхээс 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 257 тоот шийдвэр, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 553 тоот шийдвэрийн тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд өөрчлөлт оруулах хэсгийг биелүүлээгүй нь хожим илэрсэн) зэрэг гэм буруутай үйл ажиллагаа явуулсан.

Түүнчлэн Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны шийдвэр гарч, үүний дагуу тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сунгаж, тус газраас ирүүлсэн 3 хувь гэрээний төслийг баталж явуулсаар байхад санаатайгаар хугацаа хожиж, тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дуусгаж, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхээс хууль бусаар татгалзаад байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-т Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон бол шаардагдах захиргааны актыг гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах шийдвэрийг гаргана гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, хугацааг сунгахыг Ашигт малтмалын газарт даалгасан шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч “Ц*******-******* ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулахдаа:

“...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэж заасныг үндэслэж 70 дугаар зүйлийн 70.2.1-т “...маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” 70 дугаар зүйлийн 70.2.2-т “...эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож хүлээн зөвшөөрөх”, 70 дугаар зүйлийн 70.2.4-т “...Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон бол шаардагдах захиргааны актыг гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах шийдвэрийг гаргана” гэж тус тус заасны дагуу Ашиглалтын өмнөх гэрээ хийгдсэн болохыг тогтоолгох, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашиглалтын өмнөх гэрээ хийсэн Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхтэйг тогтоож өгнө үү,

Энэ хугацаанд Ашигт малтмалын газар хугацаа алдагдуулж ашиглалтын өмнөх гэрээнд гэрээний дагуу ашиглалтын эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүйг тогтоож өгнө үү. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.6 дахь хэсэг “Захиргааны байгууллага, албан тушаалтнаас иргэн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчлөх, хасах” гэж заасны дагуу Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас өөрт учирсан хохирол болох 35,000,000 (гучин таван сая) төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Баянхонгор аймгийн Ш сумын нутаг дэвсгэрт байрлах Улаан чулууны нуруу нэртэй 14744.19 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 5372 тоот тусгай зөвшөөрлийг анх 2003 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Кадастрын албаны даргын (хуучин нэрээр) шийдвэрээр Х******* ХХК-д олгожээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Х******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хянаж үзээд Баянхонгор аймгийн Ш сумын нутаг дэвсгэрт байрлах Улаан чулууны нуруу нэртэй 14744.19 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 5372 тоот тусгай зөвшөөрлийг “Ц*******-******* ” ХХК-д Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын (хуучин нэрээр) 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1298 дугаар шийдвэрээр шилжүүлэн бүртгэсэн байна.

НЭГ: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: ...хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгохоор шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн хандахад Кадастрын хэлтсийн онлайн бүртгэл болон зураг зүйн бүртгэлд тоот тусгай зөвшөөрлийн мэдээлэл, бүртгэл байхгүй байсан. Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 257 тоот шийдвэр болон Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 553 тоот шийдвэрээр манай тусгай зөвшөөрлийг буцаан сэргээхдээ энэ талаарх мэдээллийг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд оруулаагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан нь хожим ийнхүү илэрсэн юм гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн (хуучнаар) 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 257 тоот шийдвэрийг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын (хуучнаар) 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 553 тоот шийдвэрээр “Ц*******-******* ” ХХК-ийн эзэмшиж байсан Баянхонгор аймгийн Ш сумын нутаг дэвсгэрт байрлах Улаан чулууны нуруу нэртэй 14744.19 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 5372 тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэн 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цаг 13 минутад кадастрын системд тус хэлтсийн мэргэжилтэн Э.Амартүвшин бүртгэсэн байна.

ХОЁР: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: ... Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны шийдвэр гарч, үүний дагуу тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сунгаж, тус газраас ирүүлсэн 3 хувь гэрээний төслийг баталж явуулсаар байхад санаатайгаар хугацаа хожиж, тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дуусгаж, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхээс хууль бусаар татгалзаад байна гэжээ.

Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтэст “Ц*******-******* ” ХХК-ийн ирүүлсэн Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулахыг хүссэн хүсэлтийг хүлээн аваад тус хэлтсийн дарга С.Б******* 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 5-911 тоот албан бичгээр ...Хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах хүсэлт гаргасан үндэслэл тодорхойгүй байна гэсэн хариуг өгсөн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараах тохиолдолд дуусгавар болно мөн хуулийн 53.1.1 дэх заалтад тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан гэж заасны дагуу “Ц*******-******* ” ХХК-ийн эзэмшиж байсан Баянхонгор аймгийн Ш сумын нутаг дэвсгэрт байрлах Улаан чулууны нуруу нэртэй 14744.19 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 5372 тоот тусгай зөвшөөрлийн хуулиар олгогдсон 9 жилийн хугацаа 2014 онд дуусгавар болсон.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу дуусгавар болсон “Ц*******-******* ” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 5372 тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх, сунгах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Иймд “Ц*******-******* ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв .

Хариуцагч Ашигт малтмалын газраас нэхэмжлэгчийн өөрчлөн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

“... “Ашиглалтын өмнөх гэрээ хийгдсэн болохыг тогтоолгох, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашиглалтын өмнөх гэрээ хийсэн Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхтэйг тогтоож өгнө үү, Энэ хугацаанд /нэхэмжлэлийн шаардлагад дурдсан болон нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацаа/ Ашигт малтмалын газар хугацаа алдагдуулж ашиглалтын өмнөх гэрээнд гэрээний дагуу ашиглалтын эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүйг Ашигт малтмалын газрын буруутай үйлдэл болохыг тогтоож өгнө үү, Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас өөрт учирсан хохирол болох 35.000.000 /гучин таван сая/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна 

НЭГ: Баянхонгор аймгийн Ш сумын нутаг дэвсгэрт байрлах “Улаан чулууны нуруу” нэртэй 14744.19 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 5372 тоот тусгай зөвшөөрлийг анх 2003 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Кадастрын албаны даргын / хуучин нэрээр / шийдвэрээр “Х*******” ХХК-д олгожээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг үндэслэн “Х*******” ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хянаж үзээд Баянхонгор аймгийн Ш сумын нутаг дэвсгэрт байрлах “Улаан чулууны нуруу" нэртэй 14744.19 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 5372 тоот тусгай зөвшөөрлийг “Ц*******-эшиа ” ХХК-д Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1298 дугаар шийдвэрээр шилжүүлэн бүртгэсэн байна.

Баянхонгор аймгийн Ш сумын нутаг дэвсгэрт байрлах “Улаан чулууны нуруу” нэртэй 14744.19 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 5372 Фоот тусгай зөвшөөрлийг анх 2003 оны 02 дугаар сарын 04-ний өдөр олгогдсон бөгөөд 9 жилийн хугацаа нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу 2012 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болох байжээ.

Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1027 тоот шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрөл нь 9 дэх жилийн хугацаа нь дуусгавар болохоосоо 3 сарын өмнө цуцлагдсан байна.

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн /хуучнаар/ 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 257 тоот шийдвэрийг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучнаар/ 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 553 тоот шийдвэрээр “Ц*******-эшиа ” ХХК-ийн эзэмшиж байсан Баянхонгор аймгийн Ш сумын нутаг дэвсгэрт байрлах “Улаан чулууны нуруу” нэртэй 14744.19 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 5372 тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэн 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цаг 13 минутад кадастрын системд тус хэлтсийн мэргэжилтэн Э.Амартүвшин бүртгэсэн байна.

Дээрх үйл баримтаас харахад “Ц*******-******* ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын 5372 тоот тусгай зөвшөөрлийг 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 10 жил 7 сар 14 хоног уг тусгай зөвшөөрлийг эзэмшсэн байна.

“Ц******* ******* ” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын тоот тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т зааснаар дуусгавар болгосон.

“Ц******* ******* ” ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 5372 тоот тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулаагүй болох нь гэрч нарын мэдүүлэг, шүүхийн үзлэгээр нотлогдсон.

ХОЁР: “Ц******* ******* ” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын тоот тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулаагүй тул төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т зааснаар дээрх тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон.

Ашигт малтмалын хайгуулын тоот тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу дуусгавар болсон тул мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “... талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй" гэж заасан шаардлагыг “Ц******* ******* ” ХХК нь хангахгүй байна. Иймд уг компанид ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй юм.

ГУРАВ: Ашигт малтмалын тухай хууль /тухайн үед мөрдөгдөж байсан заалтын дагуу/-ийн 23 дугаар зүйлд заасан Ашиглалтын өмнөх гэрээ байгуулах хүсэлтээ ирүүлсэн боловч уг заалтын дагуу тавигдах шаардлагуудыг хангаагүй байснаас гэрээ байгууллагдаагүй байна.

“Ц******* ******* ” ХХК нь эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын тоот тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаандаа ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж байгаагүй байна.

Маргаан бүхий тусгай зөвшөөрлийг сэргээж шийдвэрлэсэн 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс хойш тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэл хийгдсэн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх хооронд буюу 2 жил 2 сар орчим хугацаанд нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлж ажиллаагүй, биелүүлж ажиллах оролдлого хийгээгүй болох нь өмнө өгсөн хариу тайлбар, хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Иймд “Ц******* ******* ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгуй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “Ц*******-******* ” ХХК-ийн гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах, Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулсан аж ахуйн нэгж ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхтэй болохыг тогтоолгох, “Ц*******-******* ” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 35 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Ашигт малтмалын газрын Кадастрын албаны даргын /хуучин нэрээр/ 2003 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 61 тоот шийдвэрээр Баянхонгор аймгийн Ш сумын нутагт орших Улаан чулууны нурууны 1******* rектар талбайд ашигт малтмалын хайгуулын тоот тусгай зөвшөөрлийг анх “Х*******” ХХК-д эзэмшүүлжээ. 

Улмаар Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1298 дугаар шийдвэрээр дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “Ц*******-******* ” ХХК-д шилжүүлэн бүртгэхээр шийдвэрлэсний дагуу ХV-******* тоот гэрчилгээний хавсралтад нэхэмжлэгчийн нэр дээр шилжин бүртгэгдсэн байна.

Ашигт малтмалын газрын даргын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1027 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Ц*******-******* ” ХХК-ийн дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу цуцалсныг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 257 дугаар шийдвэрээр дээрх 1027 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээсэн байна.

Улмаар Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 553 дугаар шийдвэрээр дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч “Ц*******-******* ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн тухай мөн өдрийн 6/5177 тоот албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгджээ.

Нэхэмжлэгч “Ц*******-******* ” ХХК нь маргаан бүхий дугаар бүхий зөвшөөрөлтэй ашигт малтмалын хайгуулын талбайд ашигт малтмалын ордын нөөц тогтоолгон, уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн нөөцөд бүртгэлд бүртгүүлэхээр хариуцагч Ашигт малтмалын газарт /хуучнаар/ удаа дараа хандсан боловч тус байгууллагын зүгээс татгалзсаныг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 502 дугаар шийдвэрээр хууль бус болохыг тогтоож, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн нэхэмжлэгч “Ц*******-******* ” ХХК-ийн эзэмшиж буй тусгай зөвшөөрөлтэй холбоотой нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна. 

Ашигт малтмалын газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 504 дүгээр шийдвэрээр маргаан бүхий хайгуулын тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарагдах Улаан чулууны барилгын элс ба элс хайрганы холимогийн нөөцийг Ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг Геологи, Мэдээллийн төв архивт зөвшөөрсөн байна.

Нэг. Ашигт малтмал, газрын тосны газрын Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Ц*******-******* ” ХХК нь “2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1/01 дугаар албан бичгээр анх Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах тухай хүсэлтээ холбогдох баримтын хамт хавсарган хүргүүлснийг шийдвэрлээгүй, улмаар 50 хоногийн дараа “хүсэлт гаргасан үндэслэл тодорхойгүй” гэх хариу ирүүлсэн нь хууль бус” гэж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “нэхэмжлэгч “Ц*******-******* ” ХХК нь хайгуулын тоот тусгай зөвшөөрлийг 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 10 жил 7 сар 14 хоног эзэмшсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар тусгай зөвшөөрөл дуусгавар болсон. Нэхэмжлэгч “Ц*******-******* ” ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын дугаар тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулахаар ирүүлсэн баримт бичгийн бүрдэл хангаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж тайлбарлан маргаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлээр Ашиглалтын өмнөх үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулж байсан бөгөөд хуулийн дээрх заалт нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцогдсон боловч маргааны үйл баримтын талаар дүгнэлт өгөхөд хуулийн уг заалтыг тайлбарлан хэрэглэх нь зүйтэй байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлд “23.1-т Хайгуулын ажлын явцад ашигт малтмалын орд тогтоогдож түүний нөөцийг нь улсын бүртгэлд бүртгэснээс хойш ордыг ашиглах зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхай барьж байгуулах, бүтээгдэхүүн гаргах хүртэлх үеийг уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе гэж үзнэ, 23.2-д Ашигт малтмалын ордыг ашиглаж эхлэх буюу уурхай байгуулж эхлэх хугацаа нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 3 жилээс илүүгүй байна, 23.3-т Ашиглалтын өмнөх үйл ажиллагааг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан ашиглалтын өмнөх гэрээгээр зохицуулна, 23.4-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 23.2-т заасан хугацаанд мөн хуулийн 32.2-т заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн 7-9 дэх жилийн төлбөр төлнө.” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн зүгээс ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах хүсэлт гаргах эрх 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр буюу маргаан бүхий дугаар тусгай зөвшөөрлийн талбайд хамаарагдах ашигт малтмалын нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэснээр үүссэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч “Ц*******-******* ” ХХК нь 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/01 дугаар албан бичгээр ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах тухай хүсэлтээ холбогдох баримтын хамт хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн нь тус газрын архивт хийсэн баримт бичгийн үзлэгээр илэрсэн бичиг хэргийн бүртгэл болон ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээний танилцах хуудас /хх-244/ зэргээр тогтоогдож байна. Тус бичиг хэргийн бүртгэлд нэхэмжлэгч “Ц*******-******* ” ХХК 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1/01 тоот албан бичгийг 01 дүгээр сарын 22-ны өдөр 7 хуудас хавсралтын хамт өгсөн гэсэн бүртгэл байх боловч Ашигт малтмал, газрын тосны газрын ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээтэй холбоотой баримт хадгалагдаж байгаа өрөөнд хийсэн үзлэгээр ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээний танилцах хуудсаар хавсаргасан баримт бүрэн байгаа тэмдэглэсэн байгааг дурдах нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс өөрийн эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг нөхөн тооцуулах, ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах тухай хүсэлтийг Ашигт малтмалын газарт /хуучин нэрээр/ 2014 оны 01 дүгээр сарын 28, 02 дугаар сарын 17-ны өдөр тус тус гаргаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх ба хариуцагчийн зүгээс 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр “хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах хүсэлт гаргасан үндэслэл тодорхойгүй”, 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон тул танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг тус тус хүргүүлсэн байна.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсныг”, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах хүсэлтийг хариуцагч Ашигт малтмалын газар /хуучнаар/ хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа “...иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг 30 хоногт, шаардлагатай бол 30 хоног сунгадаг, ... амаар мэдэгдсэн...” гэж тайлбарлаж байгаа боловч “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар тогтоолын 5-д “Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1, 19.2.3, 19.2.4, 19.3, 19.7, 20 дугаар зүйлийн 20.2, 22 дугаар зүйлийн 22.4, 26 дугаар зүйлийн 26.3.1, 26.3.4, 26.4-т заасан “бичгээр мэдэгдэх” гэж төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргасан этгээдэд гардуулсан буюу хүргүүлснийг хэлнэ.”, 6-д “Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.2, 30 дугаар зүйлийн 30.2, 39 дүгээр зүйлийн 39.5, 51 дүгээр зүйлийн 51.7, 51.8, 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, 62 дугаар зүйлийн 62.6-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж тус тус зааснаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацааг сунгасан болох нь баримтаар нотлогдохгүй, мөн хугацааг сунгасан тухайгаа хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй болох нь тогтоогдож байх тул хуульд заасан өргөдлийг хянан шийдвэрлэх хугацааг хариуцагч нь зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны 78 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т “Ашигт малтмалын газрын уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гэрээ байгуулах албан хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гэрээний нөхцлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирч байгуулна”, 4.3-д “Энэ журмын 4.2-т заасан хугацаанд Ашигт малтмалын газрын уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээний нөхцөл дээр тохиролцоонд хүрээгүй тохиолдолд энэ тухайгаа албан бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд хариуцагч Ашигт малтмалын газар нь нэхэмжлэгчийн гаргасан ашиглалтын өмнөх гэрээ байгуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Хоёр. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах шаардлагын тухайд: Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээтэй холбоотой харилцааг зохицуулж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйл нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцогдсон байх бөгөөд “Ц*******-******* ” ХХК-ийн зүгээс “нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар хугацаа хэтрэх нөхцөл үүссэн”, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын зүгээс “хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд гэрээ байгуулаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж маргаж байна.

Хэдийгээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын ашиглалтын өмнөх гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон боловч шүүхийн шийдвэр гарах үеийн цаг хугацаа, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх чанар зэргийг харгалзан хүчингүй болсонд тооцогдсон хуулийн зүйл заалтыг баримтлан хариуцагчид даалгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Гурав. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулсан аж ахуйн нэгж ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхтэй болохыг тогтоолгох шаардлагын тухайд: Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд маргаан бүхий дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нэхэмжлэгч “Ц*******-******* ” ХХК бөгөөд энэ талаар талууд маргаагүй боловч хариуцагчаас нэхэмжлэлийн дээрх шаардлагыг эс зөвшөөрч “...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд ашиглалтын өмнөх гэрээ байгуулаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т зааснаар тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж тайлбарласан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй.” гэж заасан бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд нэхэмжлэгчийг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах боломжоор төрийн захиргааны байгууллага хангаагүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Ц*******-******* ” ХХК-ийн эзэмшиж байсан тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус байсныг шүүхээс тогтоож шийдвэрлэж байгаа учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх;” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулсан аж ахуйн нэгж ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхтэй болохыг тогтоолгох” шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дөрөв. “Ц*******-******* ” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” шаардлагын тухайд: Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 26 дугаар зүйлд “26.1.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 25.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна: 26.1.1.өргөдлийг өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрт бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх; 26.1.2.бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх. 26.2.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1.2-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа дараахь зүйлийг тодруулна: 26.2.1.хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч уг зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол хүсэлт гаргасан талбай нь хайгуулын талбайн хилийн дотор бүрэн багтаж байгаа эсэх; 26.2.2.хүсэлт гаргасан талбай нь тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэгэн байдлаар давхцаж байгаа эсэх; 26.2.3.хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэх, 26.3.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ: 26.3.1.өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх; 26.3.2.хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбайд олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх; 26.3.3.хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй бол уурхайн талбай олгож, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх; 26.3.4.хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 26.3.3-т заасан талбайн аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, шалтгаан үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, энэ тухай өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэх.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “Ц*******-******* ” ХХК-ийн зүгээс хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаж байгаагүйтэй талууд маргаагүй учраас хариуцагчид хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч өргөдөл гаргаагүй байхад хариуцагч байгууллагын өргөдлийг хянан үзэх хуульд заасан эрхийг хөндөж ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна.

Тав. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 35 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулах шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа “... Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны журмыг мөрдөж ажилласан бол нэхэмжлэгчид 35.000.000 төгрөгийн хууль зүйн туслалцаа авах шаардлага үүсэхгүй байсан” гэж дурдсан байх бөгөөд уг гэрээг байгуулсан явдал нь Ашигт малтмал, газрын тосны газрын шууд буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол гэдэг нь тогтоогдохгүй байна. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өөрийн эрх ашгаа хамгаалахаар өмгөөлөгч авсан байх бөгөөд өмгөөллийн зардалд 35.000.000 төгрөгийн төлсөн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас учирсан гэдэг нь тогтоогдохгүй байна. 

Иймд нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.5, 106.3.13-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 /2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүчингүй болсонд тооцсон/, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц*******-******* ” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын “Ашигт малтмал, газрын тосны газрын Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулсан аж ахуйн нэгж ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхтэй болохыг тогтоолгох” шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох “ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах, “Ц*******-******* ” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 35 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Ц*******-******* ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ц*******-******* ” ХХК-д олгосугай. 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

      

 

ШҮҮГЧ                                Ц.ОДМАА

                                                       С.ТӨМӨРБАТ

                                                            Н.ДАМДИНСҮРЭН