Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2018/0414

 
     

П.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, гуравдагч этгээд Ц.О, түүний өмгөөлөгч Н.Э, гуравдагч этгээд Т.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0301 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Ц.О-ийн гаргасан давж заалдах гомдлоор, П.Б-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0301 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан П.Б-ын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Газрын албанд холбогдуулан гаргаснаар “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/340 дүгээр захирамжийн Ц.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, П.Б-ын газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/187 тоот захирамжийн Т.М-т холбогдох хэсгийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

   Гуравдагч этгээд Ц.О давж заалдах гомдолдоо: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Сүхбаатар дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 27.4, 31.3, 29.1-д заасныг зөрчсөн гэж үзсэн боловч энэ үндэслэл нь нотлох баримтаар нотлогдоогүй, хэрэгт байхгүй, шалгагдаагүй үйл баримт байна. Ц.О би энэ газарт аав ээжийн хамт гэр бүлээрээ 1983 оноос эхлэн зусланд гарч байсан, амьдарч байсан гэх тайлбар гаргасан байхад энэ үйл баримтад дүгнэлт өгөөгүй, шалгаагүй зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэсэн. Нэхэмжлэгчийн “2005 онд өргөдөл гаргасан гэх ямар байршилд газар эзэмшихийг хүссэн өргөдөл болох нь харагдахгүй баримтыг үнэлсэн нь буруу. П.Б нь Шаргаморьтод их олон газарт газар эзэмшдэг тул эдгээр газрын алинд ч холбогдох өргөдөл байх боломжтой. Миний эцэг эх 1983 оноос эхлэн энэ газарт зуслангийн байшин барьж амьдарсаар өдгөө тэнгэрт хальсан бөгөөд улмаар би газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль ёсны дагуу гаргуулж авсан. Би болоод миний эцэг эх Монгол Улсын иргэний хувьд газар эзэмших, ашиглах эрхийг хэний ч адил тэгш эдлэх эрхтэй гэж үзэж байна. Ийм учраас дүүргийн Газрын албаны байцаагч мэргэжилтнүүд бодит байдал дээр хэн нь эзэмших давуу эрхтэй вэ гэдгийг мэдэдгийн үндсэн дээр хууль ёсны дагуу гэрчилгээ гаргаж өгсөн байгаа. Хэн нэгэн …, … нэгэн нь дарамтлах, дээрэлхэх аргаар бусдын эрхийг хаах ёсгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь тухайн маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй гэдгийг зөвхөн Нийслэлийн Засаг даргын албан бичгээр тогтоосон нь дүүргийн Засаг даргад хуулиар олгогдсон эрхийг үгүйсгэсэн, Газрын тухай хуулийн 29.1-д зааснаар П.Б нь гэр бүлийн хэрэгцээнд зориулж гэр хашаа байшингийн зориулалтаар 0,7 га газраас илүүгүй хэмжээний газрыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй байтал дэлгүүр, зуслангийн байшингийн зориулалтаар яг энэ орчинд 4-5 газрыг эзэмшиж, энэ хавийн газрын эзэн мэтээр хууль бус зарга үүсгэсэн байхад өргөдөл гаргасан огноо, газрын байршил, эзэмшигчдийн түүх зэргийг шалгаагүй, шууд л П.Б-ын эрх зөрчигдсөн гэж үзсэн нь хуулийн үндэслэлгүй болсон.

Ц.О надад газар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/340 дүгээр захирамжийн холбогдох хэсэг нь хууль бус байсан гэдгийг нотлох баримт эрх зүйн акт байхгүй нөхцөлд энэ захиргааны актын дагуу эрхээ эдэлж, өөр этгээдэд газар эзэмших эрх шилжүүлсэн үйлдлийг шууд түдгэлзүүлж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дүгнэлт гаргах хангалттай нотлох баримтгүй учраас л “түдгэлзүүлэх” гэсэн иргэдийг хооронд нь хагаралдуулсан, маргааныг улам дэвэргэсэн утга учиргүй шийдвэр гаргалаа. Хэрэв үнэхээр хууль байсан бол нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зөв дүгнэлт хийж, шийдвэр гаргах байсан. Энэ байдлаараа анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0301 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

   Анхан шатны шүүх “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/187 дугаар захирамжийн Т.М-т холбогдох хэсгийг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

   Нэхэмжлэгч П.Б нь “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/187 дугаар захирамжийн Т.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, П.Б-ын газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгуулах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/340 дүгээр захирамжийн Ц.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах“ тухай нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газрын албанд холбогдуулан гаргажээ.

   Анх гуравдагч этгээд Ц.О-т Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Шарга морьтод байрлах нэгж талбарын 00000 дугаартай 623 м.кв талбай бүхий газрын Сүхбаатар дүүргийн Засаг даргын “Зуслангийн зориулалтаар газар эзэмших эрх шинээр олгохыг баталгаажуулах” тухай 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/340 дүгээр захирамжаар тус газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

   Улмаар Ц.О нь өөрийн эзэмшлийн дээрх газраа Т.М-т шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд гаргасныг үндэслэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо нутаг дэвсгэрт, Шарга морьтод байрлах нэгж талбарын 00000 дугаартай 623 м.кв талбай бүхий газрыг Т.М-т шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/187 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг зөрчөөгүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан “Газар баталгаажилт”-ын хувийн хэргийн баримтаар тогтоогдож байна.

   Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт зусланд 425 м.кв газрыг 23 жил ашиглаж амьдарч байх бөгөөд тус газар дээр зуслангийн байшин байгаа. Газрын албанд 2005 оноос хойш уг газраа эзэмшихээр хүсэлт гаргаж байсан байхад газрын албаны хариуцлагагүй үйлдлээс болж өнөөдрийг хүртэл газраа эзэмших хууль ёсны гэрчилгээ авч чадахгүй хохирч байна” гэж тодорхойлжээ.

   Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэгчийн гаргасан дээрх үндэслэлээр маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/187 дугаар захирамжийн Т.М-т холбогдох хэсгийг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/340 дүгээр захирамжийн Ц.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

   Учир нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/340 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Ц.О-ийн эзэмшүүлэхээр олгосон байсан Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо нутаг дэвсгэрт, Шарга морьтод байрлах 623 м.кв талбай бүхий газрыг өмнө Ц.О-ийн аав болох Ч.Ц-д Улаанбаатар хотын зуслангийн товчооны 1992 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 00000 дугаар гэрчилгээгээр эзэмшүүлж байсан болох нь нотлогдож байна.

   Тодруулбал, маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо нутаг дэвсгэрт, Шарга морьтод байрлах 623 м.кв газрыг зуслангийн зориулалтаар Ч.Ц нь 1992 оноос, түүний охин гуравдагч этгээд Ц.О 2015 оноос хойш эзэмшиж байсан болох нь хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны газрын 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 217 дугаар албан бичгээр тогтоогдсон.

   Нэхэмжлэгч нь “2005 оноос хойш маргаан бүхий газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан” гэж маргаж байгаа боловч түүний нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн “Газар эзэмших, нэр шилжүүлэх, хүсэлт хүлээн авсан тухай” 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн баримтаар гуравдагч этгээд нарт эзэмшүүлэхээр олгосон газар буюу “Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо нутаг дэвсгэрт, Шарга морьтод байрлах 623 м.кв газар”-ыг эзэмшихээр хүсэлт гаргаж байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

   Тиймээс “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/187 дугаар захирамжийн Т.М-т холбогдох хэсгийг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/340 дүгээр захирамжийн Ц.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч П.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

   Мөн нэхэмжлэгчийн маргаан бүхий газрыг эзэмших талаар гаргасан хүсэлтэд Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албаны 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 217 дугаар албан бичгээр “таны Шарга морьт зусланд газар эзэмших гэрчилгээ хүссэн газар нь ирэн Ч.Ц-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа тул танд гэрчилгээ олгох боломжгүй байна” гэсэн хариуг хүргүүлснээс үзвэл Сүхбаатар дүүргийн Газрын алба нь түүний хүсэлтэд хариу өгөхгүй хууль бус эс үйлдэхүй гаргаагүй юм.

   Иймд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь гуравдагч этгээд Ц.О, Т.М нарт газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зөв гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд Ц.О-ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0301 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Б-ын “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/187 тоот захирамжийн Т.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, П.Б-ын газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгуулах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/340 дүгээр захирамжийн Ц.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ц.О-ийн давж заалдах гомдлыг хангасугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан гуравдагч этгээд Ц.О-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргаж, түүнд буцаан олгосугай.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                 Э.ХАЛИУНБАЯР