Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 194

 

 Б.Бийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох

 захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:          М.Батсуурь,

            Шүүгчид:                        Д.Мөнхтуяа,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

                                                   Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар
хот дахь гаалийн газрын даргын ажилд эргэн орох хүсэлтийг
шийдвэрлээгүй Гаалийн ерөнхий газрын даргын үйлдэл хууль бус болохыг
тогтоолгох, Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын
даргын ажилд томилохыг хариуцагчид даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0890 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 169 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0890 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.6, 23
дугаар зүйлийн 23.3.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 35
дугаар зүйлийн 35.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бийн гаргасан
нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Бийн ажилдаа буцаж орох
хүсэлтийг шийдвэрлээгүй Гаалийн ерөнхий газрын даргын үйлдэл хууль бус
болохыг тогтоож, Б.Бийг Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын
албан тушаалд томилохыг хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 169 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 890 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Тийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т би Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.05-ны өдрийн 169 тоот магадлалыг 2020.03.27-ны өдөр гардан авсан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр 14 хоногт багтаан хяналтын гомдол гаргаж байна. Б.Б нь гаалийн албанаас түр чөлөөлөгдсөн байх хугацаандаа буюу ГЕГ-ын даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/447 тоот тушаал хүчин төгөлдөр байх үед өмнө эрхэлж байсан Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын албан тушаалдаа эргэн томилогдох хүсэлтээ 2019 оны 8 дугаар сарын 26- ны өдөр Гаалийн ерөнхий газарт хандан гаргасан байдаг.

4. Энэ өргөдөл хүсэлтэд Гаалийн ерөнхий газраас 2019 оны 09 дүгээр сарын 25- ны өдрийн 01-1/3514 дугаартай албан тоотоор тодорхой хариу өгсөн байна. Уг өргөдлийн хариуг өгөхдөө Б.Бийг гаалийн албанд буцаан авахгүй, эгүүлэн томилохгүй гэсэн хариулт огт өгөөгүй бөгөөд “Төрийн албан хаагчийн нөөц”- д бүртгэлтэй иргэн Төрийн албаны тухай хуулийн 27, 33 дугаар зүйлд заасны дагуу эргэн Гаалийн албандаа ажиллах бүрэн боломжтойг дурдсан.

5. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Б болон Гаалийн ерөнхий газар хооронд Захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэх хэрэг маргаан үүсээгүй, гагцхүү Гаалийн байгууллагын хэмжээнд батлагдсан орон тооны хэмжээнд сул орон тоо гарахыг хүлээж байх энэ хугацаанд шүүх захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан шаардлагыг зөрчин хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн ажиллагаа болсон гэж үзэж байна.

6. Учир нь Б.Бтэй холбоотой өргөдөл гомдлыг Гаалийн байгууллага захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх боломжтой байсаар байтал шүүхийн журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд 2019.12.10-ны өдрийн 128/ШШ2019/0890 дугаартай шийдвэр, 2020.03.05-ны өдрийн 169 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгөхийг хүсье.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгч Б.Б болон Гаалийн ерөнхий газар хооронд Захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэх хэрэг маргаан үүсээгүй, гагцхүү Гаалийн байгууллагын батлагдсан орон тооны хэмжээнд сул орон тоо гарахыг хүлээж байх энэ хугацаанд шүүх захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан шаардлагыг зөрчин, хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн ажиллагаа болсон гэж үзэж байна” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.

9. Учир нь, нэхэмжлэгч Б.Б өмнө нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан, Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын ажилд эргүүлэн томилуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын ажилд томилохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШЗ2019/5916 дугаар захирамжаар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан “урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

10. Нэхэмжлэгчээс уг шүүгчийн захирамжийг хэрэгжүүлж, Гаалийн ерөнхий газрын даргад 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ажилдаа эргэн орох тухай өргөдөл гаргасан боловч хариуцагчаас, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 01-1/3514 тоот албан бичгээр “...сул орон тоо гарсан даруй танд мэдэгдэж, та Төрийн албаны тухай хуулийн 27, 33 дугаар зүйлүүдэд заасны дагуу эргэн томилогдох боломжтой...” гэсэн хариуг авч, шүүхэд нэхэмжлэл гаргасан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хуульд заасан урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлж дахин  нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, иймд энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.

11. Анхан болон давж заалдах шатны шүүхээс, нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүний ажилдаа буцаж орох хүсэлтийг шийдвэрлээгүй Гаалийн ерөнхий газрын даргын үйлдэл хууль бус болохыг тогтоож, Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна.

12. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Б.Б нь Гаалийн ерөнхий газрын харъяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргаар томилогдон ажиллаж байгаад, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Гаалийн ерөнхий газрын даргад “...урт хугацааны эмчилгээ сувилгаа шаардлагатай болсон тул ажлаас түр чөлөөлж, нэг жилийн чөлөө олгоно уу” гэсэн өргөдөл гаргасны дагуу тус газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Б.Бийг ажлаас түр чөлөөлөх тухай” Б/447 дугаар тушаалаар, ...,Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1, 23.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1,...-д заасныг тус тус үндэслэн, ...Б.Бийн эрүүл мэндийн байдлыг харгалзан, өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь түр чөлөөлжээ.

13. Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар төрийн албанаас түр чөлөөлөхөөр, 23.5-д “энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцох”-оор, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болохыг тус тус хуульчилсан. 

14. Хариуцагчаас, нэхэмжлэгч Б.Бийг Б/447 дугаар тушаалаар төрийн албанаас түр чөлөөлсөн, нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй байгаа гэж шүүхэд тайлбарлах боловч тухайн захиргааны актад нэхэмжлэгчийг төрийн албанаас түр чөлөөлж, төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцох талаар заагаагүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасныг баримталсан зэргээс дүгнэхэд тус захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актад түүнийг гаргах болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, мөн зүйлийн 40.4-т захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заасан байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна.

15. Түүнчлэн, нэхэмжлэгч Б.Б нь түүнийг ажлаас түр чөлөөлсөн Б/447 дугаар тушаал гарснаас хойш, 2 сарын дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажилдаа буцаж орох хүсэлтийг Гаалийн ерөнхий газрын даргад гаргасан, мөн түүнийг хүсэлт гаргасны дараа, түүний ажиллаж байсан албан тушаалд Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/592 дугаар тушаалаар Д.Солонгыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б.Бийн ажилдаа буцаж орох хүсэлтийг шийдвэрлээгүй Гаалийн ерөнхий газрын даргын үйлдэл хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан 2 шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.       

16. Иймээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0890 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 169 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.БАТСУУРЬ

                                   ШҮҮГЧ                                                        Б.МӨНХТУЯА