Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 684

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Б.Бямбадагва,

           Шүүгдэгч: Д.Н өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Нд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805036590743 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д.Н,  1957 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, тахир дутуугийн группт байдаг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ....тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Гурвалжин” захын орчимд хамтран амьдрагч Л.Атэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүр рүү нь борооны шүхрээр хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр барилгийн Гурвалжин захын урд борооны шүхэр зараад байж байсан. Эхнэр манай хүүхэд 35.000 төгрөг нэхээд байна гэж хэлсэн. Би зонтокоо зараад 35.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгтэл чи манай ээж, хүүхдийг дандаа ална гэж хэлдэг гээд маргалдсан. Намайг араас зонтокоор хатгаад байхаар нь зүгээр байгаач гэхэд тоглож байна гээд хатгаад байхаар нь ингэж тоглодог юм уу гээд эргэж хараад зонтокоороо хатгахад нүүр лүү нь оноод цус гарсан. Энэ үйлдэл бол миний буруу, үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Л.А нь сэтгэцийн өвчтэй намайг байнга зодлоо гэж худлаа цагдаад дууддаг. Баянгол дүүргийн цагдаагийнхан бүгд мэддэг болсон. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Хохирогч Л.Аийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хамтран амьдрагч Д.Н бид 2 Нарантуул захаас нилээн хэдэн зонток худалдаж аваад Гурвалжин захын барилгын материалын дэлгүүрийн гадна Нэргүй бид 2 зонтокоо зараад маргалдаж байгаад сүртэй ч юм болоогүй, би жаахан уурлаад Нэргүйд хэдэн юм хэлсэн. Тэгсэн намайг том зонтокны хошуугаар миний хацар руу хүчтэй цохьсон. Би гэнэт ухаан манараад толгой эргээд миний хацраас цус гоожсон. Тэгээд цусаа гоожуулаад хорооллын эцсийн гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/,

Шинжээчийн 8366 дугаартай дүгнэлтэд: “...Л.Аийн биед зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 10/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 2/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 28-34/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Гурвалжин” захын орчимд хамтран амьдрагч Л.Атэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүр рүү нь борооны шүхрээр  хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Л.Аийн: “...2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хамтран амьдрагч Д.Н бид 2 Нарантуул захаас нилээн хэдэн зонток худалдаж аваад Гурвалжин захын барилгын материалын дэлгүүрийн гадна ...зонтокоо зараад маргалдаж байгаад сүртэй ч юм болоогүй би жаахан уурлаад Нэргүйд хэдэн юм хэлсэн. ...том зонтокны хошуугаар миний хацар руу хүчтэй цохисон. Би гэнэт ухаан манараад толгой эргээд миний хацраас цус гоожсон. Тэгээд цусаа гоожуулаад хорооллын эцсийн гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/, шинжээчийн 8366 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Шүүгдэгч нь хамтран амьдрагч хохирогч Л.Аийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Нгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Н нь хохирогч Л.Аийг борооны шүхрээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Аийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Д.Нгийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч Д.Нгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал 70 хувийн хөдөлмөр чадвар алдалттай зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ торгуулийн ял оногдуулж, уг ялыг хувааж төлөх боломж олгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Д.Нд шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Нг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Д.Нд шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР