Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 685

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: А.Баясгалан,

Хохирогч: Т.А,

           Шүүгдэгч: Э.О өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Од холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805032650675 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Э.О, 1993 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Э.О нь 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн .... тоотод эхнэр Т.Аг гэр бүлийн маргааны улмаас зодож биед нь баруун бугалга, шуу, баруун гуя, зүүн гуя, шилбэний цус хуралт, зүүн шилбэний цус хуралт, зүулгаралт, умайн булчингийн цочрол, зулбахыг завдалт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр уг асуудал болсон. Тухайн өдөр би цохиогүй, өшиглөөгүй. Гэр дотор орны толгой мөргүүлээгүй. Надад тодорхой хэмжээний буруу байгаа. Хохирогчийн биед цохиж гэмтэл учруулаагүй, зууралдах явцад тухайн гэмтэл учирсан” гэв.

Хохирогч Т.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бид хоёр тусдаа байхаар болоод эмээ, ээжийндээ ирсэн. Тухайн өдөр О.Э ямар нэг үг дуугүй орж ирээд хоёр хүүхдэдээ бэлэг өгсөн. Тэгсэн том охиныг минь авч явах гэсэн. Би өгөхгүй гэхэд үг дуугүй дайрч, намайг түлхэж унагаагаад гэрээс гарах гэж оролдсон. Гэрээс гарсны дараа би дахин хүүхдээ өгөхгүй гээд зууралдахад дахин намайг унагаасан. Гэрт хоолой боогоод ална шүү, хүүхдээ шороон дээр байлгахгүй гэж хэлсэн. Манай ээж, эмээг доромжилсон. Ямар нэг юм хэлэхгүй хүүхэд аваад явсан. Манай гэрийнхнээс ямар нэг уучлал гуйгаагүй. Би тухайн үед жирэмсэн байсан. Би ээж рүү нь ярихад хүүхэд өгөхгүй гэж хэлсэн, хүүхдийг минь надтай сар уулзуулаагүй. Шүүх цагдаагаар явахад хүүхдийг минь өгсөн. Би гомдолтой байна. Бид хоёр хүүхдээ авахуулна гэж ярьсан байсан. Би хүүхдээ авахуулах гэж байна, мөнгөний туслалцаа байна уу гэж хэлэхэд ямар нэг хариу үзүүлээгүй. Миний биед учирсан гэмтлийг О.Э учруулсан. Би гэмтэлдээ эмчилгээ хийлгээгүй. Шүүх эмнэлэгт 8.000 төгрөгөөр, 45.000 төгрөгөөр эмнэлэгт үзүүлсэн. О.Эээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Хохирогч Т.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: “...хашаан дотор гартал гэр рүү түлхэж унагаагаад ээж хажуунаас хүүхдийг нь өгөөч гээд очиход бас түлхээд, би хүүхдээ авах гээд босоод иртэл намайг заамдаж байгаад би хүүхдээ авахад миний гарыг мушгиж газар унагаагаад хүүхдээ булааж аваад, манай ээж миний хүүхдийг авах гээд оролдоход “холд, ална шүү” гэж сүрдүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 17/,

Гэрч Т.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...О.Э миний зээ охин Аг үсдээд дарчихсан хөл, гараараа өшиглөөд охиноо булаагаад авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 19/,

Гэрч Х.Эийн мөрдөн байцаалтад өгсөн: “...О.Э орж ирэнгүүтээ том охин 2 настай Хуг хувцаслаад шууд аваад гарах гэхээр нь А би хүүхдээ чамд өгч явуулахгүй гэж хэлээд урд нь зогссон чинь Агийн аль гарыг санахгүй байна, бугалга хэсэг рүү нь цохьсон чинь А гэрийн баруун талд байрлах орны модон хөл дээр баруун талаараа унасан. О.Э шууд Хуг аваад гарах үед О.Эийн хувцасны араас нь А татаад гарсан. Би санаа зовоод араас нь гарсан чинь О.Эээс, А охиноо авах гээд зууралдахаар нь би дундуур нь ороод зээ Хуг авах гэсэн чинь О.Э хол байгаарай ална шүү гээд миний баруун гарын сарвуу хэсэг рүү цохьсон. Би айгаад холдсон. Харин А зууралдсан хэвээр байсан чинь О.Эээс А охиноо аваад тэвэрсэн. Энэ үед О.Э Аг түлхэж газар унагаж байгаад үснээс нь зулгааж байгаад Хуг аваад шууд машиндаа суугаад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 53/,

Шинжээчийн 7030 тоот дүгнэлтэд: “...Т.Агийн биед баруун бугалга, шуу, баруун гуя, зүүн гуя, шилбэний цус хуралт, зүүн шилбэний цус хуралт, зулгаралт, умайн булчингийн цочрол, зулбахыг завдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хх-н 24/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 5/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 35-43, 60/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 44-45/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Э.О нь 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн .... тоотод эхнэр Т.Атай хүүхдээ авч явна гэсэн гэр бүлийн маргааны улмаас зодож биед нь баруун бугалга, шуу, баруун гуя, зүүн гуя, шилбэний цус хуралт, зүүн шилбэний цус хуралт, зүулгаралт, умайн булчингийн цочрол, зулбахыг завдалт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.Агийн: “... хашаан дотор гартал гэр рүү түлхэж унагаагаад ээж хажуунаас хүүхдийг нь өгөөч гээд очиход бас түлхээд, би хүүхдээ авах гээд босоод иртэл намайг заамдаж байгаад би хүүхдээ авахад миний гарыг мушгиж газар унагаагаад хүүхдээ булааж аваад, манай ээж миний хүүхдийг авах гээд оролдоход “холд, ална шүү” гэж сүрдүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 17/, гэрч Т.Хгийн: “...О.Э миний зээ охин Аг үсдээд дарчихсан хөл, гараараа өшиглөөд охиноо булаагаад авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 19/, гэрч Х.Эийн: “...О.Э орж ирэнгүүтээ том охин 2 настай Хуг хувцаслаад шууд аваад гарах гэхээр нь А би хүүхдээ чамд өгч явуулахгүй гэж хэлээд урд нь зогссон чинь Агийн аль гарыг санахгүй байна, бугалга хэсэг рүү нь цохисон, А гэрийн баруун талд байрлах орны модон хөл дээр баруун талаараа унасан. О.Э шууд Хуг аваад гарах үед О.Эийн хувцасны араас нь А татаад гарсан. Би санаа зовоод араас нь гарсан чинь О.Эээс, А охиноо авах гээд зууралдахаар нь би дундуур нь ороод зээ Хуг авах гэсэн чинь О.Э хол байгаарай ална шүү гээд миний баруун гарын сарвуу хэсэг рүү цохисон. Би айгаад холдсон. Харин А зууралдсан хэвээр байсан чинь О.Эээс А охиноо аваад тэвэрсэн. Энэ үед О.Э Аг түлхэж газар унагаж байгаад үснээс нь зулгааж байгаад Хуг аваад шууд машиндаа суугаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 53/, шинжээчийн 7030 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Шүүгдэгч нь эхнэр Т.Атай хүүхдээ булаацалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Оийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн нь гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.О нь хохирогч Т.Аг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Агийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Э.Оийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал, хохирогч шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал тус тус гаргасан ба шүүх шүүгдэгч Э.Оийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

    Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Оийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3.     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР