| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2406011263849 |
| Дугаар | 2025/ДШМ/1015 |
| Огноо | 2025-08-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/1015
А.О-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнхтулга,
шүүгдэгч А.О-, түүний өмгөөлөгч Э.Түвдэн,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1382 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.О- болон түүний өмгөөлөгч Э.Түвдэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.О-д холбогдох 2406011263849 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн А-ийн О-, .........., /РД:........../,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн.
Шүүгдэгч А.О- нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа зүс таних Ю.О-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байгааг далимдуулан түүний халаасанд байсан хохирогч Ч.З-ын Хаан банкны ******* тоот дансны дугаартай виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, виза картнаас 1.020.000 төгрөгийг гарган авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А.О-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, виза картнаас 1.020.000 төгрөгийг гарган авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.О-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч А.О-гээс хохирлын 570.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.З-т олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.О- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдэл дээрээ ямар нэгэн маргаангүй ба өөрийн хийсэн үйлдэл дээрээ маш ихээр гэмшиж байна. Миний бие хохирол төлбөр мөнгөө бүрэн барагдуулж дууссан билээ. Миний бие ээж болон охинтойгоо ам бүл гурвуулаа амьдардаг бөгөөд бие муутай ээж болон бага насны охиноо харж ханддаг тул ар гэрийн хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түвдэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч А.О- нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар мараагүй, түүний өмгөөлөгчөөс “...зүйлчлэл болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба хохирол төлбөрийн заримыг төлсөн /450.000 төгрөгийг/ ...” гэж шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно” гэж дүгнэсэн атлаа “Уг тогтоолоор шүүхээс хийсэн гэм буруугийн дүгнэлтэд “Шүүгдэгч А.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдал /энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшээгүй, шүүхийн шатанд оргон зайлсан/ зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ гэсэн байна.
Миний үйлчлүүлэгч А.О- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүхийн шатанд гэм буруугаа ойлгож хүлээн мэдүүлж, хохирогчид учруулсан хохирол төлбөрийн тодорхой хувийг төлж. үлдэгдэл хохирол төлбөрийг цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилжээ.
Иймээс миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан үлдэгдэл хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгчид 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан нөхцөл байдал байна. Ийм боловч шүүгдэгч нь өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлж байсан. Шүүгдэгч нь дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байгаа тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч А.О- нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа зүс таних Ю.О-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байгааг далимдуулан түүний халаасанд байсан хохирогч Ч.З-ын Хаан банкны ******* тоот дансны дугаартай виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, виза картнаас 1.020.000 төгрөгийг гарган авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ч.З-ын “… би өмнөх өдөр нь архи уучихсан шартаад байхаар нь О-д өөрийн хаан банкны ******* дансны дугаартай картаа өгөөд кодыг нь хэлж өгөөд дэлгүүр рүү архинд явуулсан боловч ирээгүй. О- манай зүс таних дүү Б-ы гэрт орой нь ороод “энэ карт З-ын ахынх” гээд миний картыг өгсөн байсан. Тухайн үед миний гар утас унтарсан байсан болохоор картнаас зарлага гарсныг нь мэдээгүй. Б- надад 01 дүгээр сарын 14-ний өдрийн 19 цагийн орчим манай гэрт миний картыг авчирч өгсөн. Дараагийн өдөр болох 01 дүгээр сарын 15-ны өдөр би гар утсаа асааж үзэхэд миний картнаас 1.000.000 төгрөг 01 дүгээр сарын 14-ний 16 цаг 03 минутад гарсан зарлагын мэдээ байсан. 01 дүгээр сарын 15-ны өглөө би О-ийн гэрээс нь Б-аар дуудуулаад гэртээ авч ирээд яагаад данснаас мөнгө авсан талаар асуухад “би мөнгө аваагүй, арай ч тийм үйлдэл хийхгүй” гэсэн. Тэгээд О- бодож байгаад надад хандаж О- гэж эмэгтэйн гэрт хүмүүстэй архи уусан, надаас О- таны картыг авсан, тэр мөнгө авсан байх гэж хэлсэн. О-тэй би 01 дүгээр сарын 15-наас хойш өнөөдрийг хүртэл ****** гэсэн дугаараар холбогдож мөнгөө нэхсэн боловч утсаа авчихаад дуугарахгүй таслаад, блок хийгээд байгаа тул цагдаад хандаж байна. …” /хх 13-14/,
гэрч Ю.О-ийн “… З- ах Д-ын эхнэрийг нэг шил архи болон хүүхдүүддээ зайрмаг авч өгөөрэй гээд өөрийнхөө хаан банкны зартыг өгөөд явуулсан. Д-ын эхнэр буцааж картыг нь авчирч өгөөд Б- болон Д- эхнэрээ дагуулаад З- ахын гэрээс гараад явсан. Тэгээд З- ах намайг дэлгүүрээс дахиад архи, идэх юм аваад ир, хоёулаа ууя гээд өөрийнхөө Хаан банкны картыг өгөөд кодыг бас хэлж өгсөн. … би буцах замдаа А- эгчийн гэрт ороод авсан архиа ууж байхад О- тэдний гэрт хамт байсан. О- нь А-гийн төрсөн охин байгаа юм. А- эгчийн гэрт О-гийн нөхөртэй би архи уусан бөгөөд би нилээн муудаад тэдний гэрт унтахаар хэвтсэн бөгөөд жаахан амраадахъя гэж А- эгчид хэлсэн. А- эгч тухайн үед юманд явлаа гээд гарсан. Би унтаад сэрэхэд надад З-ын хаан банкны карт байсан, би гэртээ очоод амарсан. Маргааш өглөө нь Б- манай гэртирээд З- ах картаа нэхэж байна гэхээр нь би картыг нь Б-д өгчихсөн. … А- эгчийн гэрт очиж З- ахын картнаас мөнгө гарчихсан байна гэхэд О-гийн төрсөн эгч М-ийн нөхөр Д- гэх залуу “О- л авсан байгаа, өөр тэгж картнаас мөнгө хулгайлах хүн байхгүй“ гэсэн. … О- намайг Баялаг дэлгүүрээс юм худалдаж авч байхад картны кодыг харсан байсан болохоор АТМ-ээс мөнгө гаргаж авсан байх. …” /хх 19-20/,
А.О-гийн яллагдагчаар өгсөн “… би 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.З-ын хаан банкны картнаас мөнгө авсан. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, цаашид ахин ийм алдаа, дутагдал гаргахгүй ажиллаж амьдрах болно. …” /хх 87-88/ гэсэн мэдүүлгүүд,
Хаан банкны ******* тоот дансны хуулга /хх 32-51/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд А.О-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.О-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Шүүгдэгч А.О-гийн зүс таних Ю.О-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байгааг далимдуулан түүний халаасанд байсан хохирогч Ч.З-ын Хаан банкны ******* тоот дансны дугаартай виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, виза картнаас 1.020.000 төгрөгийг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.
Шүүгдэгч А.О- болон түүний өмгөөлөгч Э.Түвдэн нар “... шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хүүхдийг асран хамгаалах хүн байхгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.
Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна түүний үйлдсэн гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгожээ.
Хэдийгээр шүүгдэгч А.О- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлсөн боловч шүүгдэгч А.О- нь урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргээс үзэхэд түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангасан гэж үзэхээр байна.
Дээрх хуулийн зохицуулалт болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд А.О-г ганц бие эх гэж үзэх боломжгүй, хүүхдийн эцэг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байх тул О-гийн Уянгад хүүхдийн асрамж тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Иймд хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар гаргасан шүүгдэгч А.О- болон түүний өмгөөлөгч Э.Түвдэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин анхан шатны шүүх шийтгэх тоогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг нэрлэн зааж гэм буруутайд тооцох ёстой байтал тухайн гэмт хэргийн үйл баримтыг тоочиж гэм буруутайд тооцсон нь хууль зүйн техникийн хувьд алдаатай байна гэж давж заалдах шатны шүүхээс үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч А.О- болон түүний өмгөөлөгч Э.Түвдэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч А.О-гийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 97 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1382 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Б- овгийн А-ийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, виза картнаас 1.020.000 төгрөгийг гарган авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Б- овгийн А-ийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчлөлт оруулж, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-гийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 97 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Шүүгдэгч А.О-гээс хохирогч Ч.З-т 570.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ