| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0231/э |
| Дугаар | 2018/ШЦТ/237 |
| Огноо | 2018-07-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,
Улсын яллагч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 1821004190253 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд *******. оны ******* дугаар сарын .....-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: *******..../, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг **************..... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 10 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ******* ******* тоотод 7 нас 8 сартай буюу бага насны хохирогч *******ийн толгойн тус газар цахилгаан тогооны залгуураар зохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Яллах дүгнэлтэд бичсэн зүйл үнэн зөв. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 сарын 15-ны өглөө би хүргэн дүү ******* хүү 7 настай “Чи гэрийнхээ үүдэнд байгаа хогийг цэвэрлэ, гэрийн чинь үүдээр дүүрэн цаас хог байна” гэж хэлэхэд миний хэлсэн үгийг тоохгүй хашаанаас гараад урд гудамжинд тоглож байхад нь би араас нь очиж дагуулаад буцаж гэрт нь оруулаад “Яагаад миний үгэнд орохгүй байгаа юм” гэж цахилгаан тогооны залгуураар 2 удаа гуядахад толгой нь хагарч цус гойжсон...” гэжээ. /хх 38-40/
Бага насны хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 сарын 15-ны өглөө...ээжийн ах М надад хандан “Гэрийн гадна талын хогийг цэвэрлэ, хар халуунд хаачих гээд байгаа юм” гэж хэлэхэд нь би өөдөөс нь юм хэлэхгүй зогсож байтал намайг гэр рүү оруулаад цахилгаан тогооны залгуураар гуядаж зодсон юм...” гэжээ. /хх 23/
Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг ажил дээрээ очоод удаагүй байж байтал миний төрсөн эгч гар утас руу залгаад “ ах чинь зодчихлоо, цагдаа дуудчихлаа, нөхөр чинь хүүг чинь аваад эмнэлэг явсан” гэж хэлэхээр нь би шууд хүлээн авах тасагт очиход миний хүү толгойн ар хэсэгтээ хагарчирсан, хоёр чих нь хавдчихсан, нуруу нь шалбарч улайсан байдалтай байсан...” гэжээ. /хх 20-22/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 сарын 17-ны өдрийн 531 тоот дүгнэлтэд: “1.******* биед дагзанд язарсан шарх, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашил эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 33/
Бичгийн нотлох баримтад: Дээрх болон зөрчлийн талаар насанд хүрээгүй хохирогчийг байцаасан тэмдэглэл /хх 9-10/, Зөрчлийн талаар холбогдогчийг асуусан тэмдэглэл /хх 11-12/, гэрч /хх 25-26/, /хх 27-28/, /хх 28-29/, Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8/, насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолсон тэмдэглэл /хх 14/, Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15,17/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 42/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 43/, Хэрийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогчийн төлөөлөгч, шүүгдэгч нарын хүсэлт /хх 44-45/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 07 сарын 15-ны өглөө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг, ******* ******* тоотод бага насны “хог цэвэрлэсэнгүй гэх шалтгаанаар” цахилгаан тогооны залгуураар зодож түүний эрүүл мэндэд “дагзанд язарсан шарх, нуруунд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:
Бага насны хохирогч Б.н эх сурвалжаа зааж, тодорхой мэдүүлсэн /хх 23/, Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* /хх 20-22/, Үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч /хх 25-26/, /хх 27-28/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолсон тэмдэглэл /хх 14/, Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15,17/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******-ийн үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Шүүгдэгч *******-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Бага насны хохирогч ний эрүүл мэндэд учирсан “дагзанд язарсан шарх, нуруунд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол нь түүний толгойн тус газарт цахилгаан тогооны залгуураар цохисон *******-н үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.
Мөн Прокурорын газраас шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч нарын хүсэлтээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.5-д заасан нөхцөл байдлыг хангасан, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550000 төгрөгөөр торгох ялын саналыг яллагдагч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн 1821004190253 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогчийн төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хор уршигт “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан тогооны залгуурыг устгаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгчийн **************... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д анхааруулсугай.
4. Эрүүгийн 1821004190253 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан тогооны залгуур 1 /нэг/ ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устагасугай.
7. Баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-н ****************************... регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ