| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2509002120145 |
| Дугаар | 2025/ДШМ/1042 |
| Огноо | 2025-09-03 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/1042
2025 09 03 2025/ДШМ/1042
О.Г-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Ганцэцэг,
шүүгдэгч О.Г-,түүний өмгөөлөгч А.Буянжаргал,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/1679 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Г-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2509002120145 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн О-гийн Г-, ........, /РД:......../,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэн,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 304 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.
Шүүгдэгч О.Г- нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 724 дүгээр шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 00 цаг 10 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 7 буудлын замд “Corolla Fielder” загварын ****УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан /1.55%/ үедээ дахин жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: О.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч О.Г-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаартай шүүгчийн захирамжаар О.Г-ийн эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 17 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 4 сар 17 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 106 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Г- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… автобус баазад ажилд орж ажиллаж байхдаа 2024 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цаг 10 минутын орчимд дарс уусан байхдаа тээврийн хэрэгсэл жолоодон журамлагдаж улмаар ажлаас түдгэлзүүлж ажилгүй болсон. Үүнээс хойш 2 хоногийн дараа буцаад Т.Т.Түлшний цэг дээр ачигч борлуулагч хийж байгаад 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүх хурлаар орох хүртлээ ажил хийж байсан. Гэтэл намайг эрхэлсэн тодорхой ажилгүй, олон жил хорих ял эдэлж гарч ирээд сэтгэл санаагаар унаж, архи дарс ууж яваад гэмт хэрэгт холбогдсон мэтээр эрх зүйн байдлыг минь илт дордуулсан байдалтайгаар дүгнэсэн байна. Мөн хураагдсан эд зүйл Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал шүүгчийн туслахад байхад байхгүй гэж бичсэн байна. Үүнд 2 ширхэг сим карттай гар утас, бэлнээр 21.000 төгрөг, ноосон малгай, хос савхин бээлий, хар ширэн өмдний тэлээ зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан. Миний бие 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 6 сараас 3 жил хүртэл хорих ялын санкцтай зүйл ангиар 03 жил 04 сар 17 хоногийн ял сонсож өмнөх авсан ялаасаа эрх зүйн байдал минь дордож алдсан алдаан дээр минь яллах бодлого давамгайлж байгаад үнэхээр их харамсаж байна. Миний бие ганц бие амьдардаг тул ганц олдсон орон гэр маань хашаа хороо байхгүй, зам дагуу задгай газарт эрсдэх магадлал маш өндөр байгаа тул яллахаасаа өмнө орон гэрийг минь харж хандах боломж бололцоог олгож өгөхийг хүссэн юм. Хэрвээ орон гэр минь үрэгдсэн тохиолдолд хэнээс, хаанаас би нэхэмжлэх вэ гэдэг асуудалтай байна. Иймд миний эрх зүйн байдлыг минь дордуулалгүйгээр уг хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч О.Г- нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 724 дүгээр шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 00 цаг 10 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 7 буудлын замд “Corolla Fielder” загварын ****УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан /1.55%/ үедээ дахин жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн болох нь:
гэрч Д.Э-гийн “... харин 2024 оны 12 дугаар сарын 28-ны орой гадаа хүйтэн болохоор нь гадаа байсан машинаа Г- ахаар грашд тавиулахаар бариулж явуулсан. ... согтуу явж байгаад цагдаагийн албан хаагч нарт баригдаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулчихсан байсан байна лээ. Манай ахын найз өмнө нь архи дарс хэрэглэдэггүй, авто баазад ажиллаж байгаа гээд сүрхий яваад байхаар нь машинаа итгээд өгөөд явуулсан. ...” /хх 36/,
О.Г-ийн яллагдагчаар өгсөн “... би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажил дээрээсээ дэлгүүр орох гээд ойрхон газар гэж бодоод 800 м орчим тээврийн хэрэгслээ жолоодож явсан. ...” /хх 52/ гэсэн мэдүүлгүүд,
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг драйгер багажаар үлээлгэж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /драйгер багаж үлээлгэхэд 1.55%/ /хх 5-8/,
Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол /хх 9/,
О.Г-ийн жолоодох эрхийн лавлагаа /хх 11/,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ЗШ/1796 дугаар шийтгэвэр /хх 29-32/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд О.Г-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч О.Г-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч О.Г- нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны шөнө 03 цаг 11 минутын орчимд “Toyota axio” загварын ****УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар /0.78%/ жолоодсон зөрчил гаргаж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1796 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ дахин 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 00 цаг 10 минутын орчимд “Corolla Fielder” загварын ****УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар /1.55/ жолоодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдгэч О.Г-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаартай шүүгчийн захирамжаар О.Г-ийн эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 17 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 4 сар 17 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч О.Г- нь урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 304 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн бөгөөд уг ялыг эдэлж байгаад Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаар захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 17 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ.” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч О.Г-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан гэдгээ мэдсээр байж дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй тул уг гэмт хэрэг нь санаатайгаар үйлдэгдсэн гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх шүүгдэгч О.Г-ийн сүүлд үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн 3 жил 4 сар 17 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч О.Г-ийн гаргасан “ял оногдуулахад эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч О.Г-ийн гаргасан “шийтгэх тогтоол гарах үед шүүхийн шатанд хураагдсан эд зүйлийг буцаан олгоогүй” гэх агуулгатай давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хураагдсан “Ланд ровер” загварын гар утас 1 ширхэг, ноосон саарал малгай 1 ширхэг, хар тэлээ 1 ширхэг, хос хар савхин бээлий 1 ширхэг, 20.100 төгрөг зэргийг хууль ёсны эзэмшигч О.Г-т олгохоор шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж шийдвэрлэлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч О.Г-ийн зарим давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээр дурдсан үндэслэлээр нэмэлт заалт оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч О.Г-ийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нийт 71 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/1679 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
“Хэрэгт шүүгдэгчээс хураагдсан “Ланд ровер” загварын гар утас 1 ширхэг, ноосон саарал малгай 1 ширхэг, хар тэлээ 1 ширхэг, хос хар савхин бээлий 1 ширхэг, 20.100 төгрөг зэргийг хууль ёсны эзэмшигч О.Г-т буцаан олгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нийт 71 /далан нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ