| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2026/00036/И |
| Дугаар | 304/ШШ2026/00178 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 304/ШШ2026/00178
| 2026 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 304/ШШ2026/00178 | Булган аймаг |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: **** аймаг, Б******* сум, Б******* * дүгээр багт оршин суух, Б.Н*******гийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ц.М*******той хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай 304/2026/00036/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүхийн оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.Н*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.
1. Хүсэлт гаргагч Б.Н******* нь нөхөр Ц.М*******той хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Б.Н******* миний бие өөрийн гэр бүлийн хүн болох Ц.М*******той 2010 онд анх танилцаж, 2011 оны 05 сараас өнөөдрийг хүртэл хамт амьдарч байна. Бидний дундаас 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүү Н.Г******* төрсөн. Бид малчин хүмүүс учир сумын төв орж чадахгүй байснаас болж мөн төдийлөн ач холбогдол өгөхгүй явснаас болж өнөөдрийг хүртэл албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй.
Миний бие өөрийн нөхөр Ц.М*******той танилцаж хамтран амьдрахаас өмнө гэр бүл зохиож байсан ба өмнөх нөхөр Б.Б******* 1995 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулж, 2006 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр тус шүүхээр гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан. Дундаасаа 2 хүүхэдтэй.
Миний бие өндөр насныхаа тэтгэвэрт гарах гэсэн боловч Ц.М*******той гэрлэлтээ батлуулаагүй байгаа шалтгаанаар боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
Иймд Б.Н******* намайг Ц.М*******той 2011 оны 05 дугаар сараас өнөөдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/,
-Хүсэлт гаргагч Б.Н*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,
-гэр бүлийн фото зураг /хэргийн 5-р хуудас/,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн CVL2563010001000467 дугаар гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 6-р хуудас/,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн CVL2563010001000468 гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хэргийн 7-р хуудас/,
-***** аймгийн Б******* сумын Б******* багийн Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 12 тоот албан бичиг зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Ж.Ц*******, С.Б******* нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Н*******гийн Ц.М*******той 2011 оны 05 дугаар сараас өнөөдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч нь 2011 оны 05 дугаар сараас өнөөдрийг хүртэл нөхөр Б.М*******той хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Хүсэлт гаргагч Б.Н******* нь нөхөр Ц.М*******той 2011 оны 05 дугаар сараас 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хамтран амьдарсан болох нь гэр бүлийн фото зураг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн CVL2563010001000467 дугаартай 1995 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б.Баяраа, Б.Н******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн CVL2563010001000468 дугаартай Б.Н*******гийн гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12/68 тоот албан бичигт: Иргэн Б.Н******* ГВ76090106/-ийн ХААТР-1 маягтын хуулбарыг хүргүүлэв. 1988 оноос өмнө төрсөн хүнд ХААТР-11 маягт байхгүй болно гэжээ. 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 12 тоот Булган аймгийн Б******* сумын Б******* багийн Засаг даргын албан бичигт: “Цэрэннадмид овогтой М******* /НН74052596/ нь Баасандорж овогтой Н******* нь /ГВ76090106/ нар нь 2012 оноос хойш хамтран амьдарч байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт зэрэг нотлох баримт авагджээ.
-гэрч Ж.Ц*******: “Б.Н******* нь Ц.М*******той 2011 онд нэг гэр бүл болж хамтран амьдарч гэр бүл болоод 2012 онд нэг хүүтэй болсон. Б.Н*******, Ц.М******* нар өмнө нь тус тусдаа гэр бүл зохиож байсан болохоор гэрлэлтээ батлуулаагүй байх. Ц.М******* нь өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй, гэрлэлтээ шүүхээр цуцлуулна гэж байсан. Үүнтэй холбоотой гэрлэлтээ батлуулаагүй байхаа. Ц.М******* болон Б.Н******* нарын дундаас төрсөн хүүхэд нь ээж Б.Н*******гаар овоглодог. Гэр бүл болохдоо тэд ах, дүү нарыгаа цайлж байсан гэх,
-гэрч С.Б*******: “Б.Н******* нь 2011 оноос эхлэн миний аавын төрсөн эгчийн хүүхэд болох Ц.М*******той нэг гэр бүл болж хамтран амьдраад дундаасаа нэг хүүхэдтэй болсон. Тухайн үед хамтран амьдарч байсан. Яагаад гэрлэлтээ батлуулаагүй талаар сайн мэдэхгүй байна. Б.Н*******, Ц.М******* нар өмнө нь гэрлэж байсан байх. Ц.М*******, Б.Н******* нар нь тус тусдаа хоёр хоёр хүүхэдтэй гэв. Хүүхэд нь Б.Н*******гаар овоглодог. Гэр бүл болохдоо тэд ах дүү төрөл садны хүмүүсээ гэртээ оруулж цай уулгаж, найр хийж байсан” гэх,
Б.Н*******, Ц.М******* нарыг хамтын амьдралтай байсан болохыг тодорхойлсон мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
3. Хүсэлт гаргагч Б.Н******* нь Ц.М*******той 2011 онд нэг гэр бүл болж хамт амьдарснаас хойш гэрлэлтээ төрийн байгууллагад албан ёсоор бүртгүүлээгүй ч 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Н.Г*******ыг төрүүлэн ам бүл 3 хамт амьдарч байсан нь дээрх нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Б Н*******г, Ц М******* нарыг 2011 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс, 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ