Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/00165

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/00165

 

 

 

О.Ш - ХХК, Л.Э -гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/02946 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч О.Ш - ХХК, Л.Э - нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.С - ХХК-д холбогдох

 

Нэхэмжлэгч О.Ш - ХХК-ийн хамтран ажиллах гэрээнээс гарч, хамтын үйл ажиллагааны хураамжид төлсөн 113 312 000 төгрөгийг гаргуулах,

Нэхэмжлэгч Л.Э -гийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 63 375 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.С - ХХК-ийн нэхэмжлэгч Л.Э -д холбогдуулан гаргасан, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Энхчимэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Оюунчимэг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч О.Ш - ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Т.С - ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 17/001 дугаар хамтран ажиллах гэрээ байгуулан Улаанбаатар хотод байрлах тус бүр нь 1000 м.кв талбайтай, 4 хүлэмж нийт 4000 м.кв хэмжээтэй, халаалт усалгааны төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон хүлэмжийг буулган Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, 347 дугаар гарамын урд байрлах газарт нүүлгэн шилжүүлэх, барих, тус хүлэмжид нарийн ногоо буюу огурцы тарих, тарьсан огурцыг даршлах, борлуулах хэлбэрээр хамтран ажиллахаар тохиролцон, 100 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, хүлэмжийг нүүлгэх ажлыг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор хийх, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс огурцы хувиарлах, ингэхдээ 51, 49 хувиар ашгаа хуваахаар гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийж нийт 113 312 000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн. Гэрээнд заасны дагуу 4000 м.кв хүлэмжийг бусдад барьцаалахыг хориглосон боловч хариуцагч нь уг хүлэмж болон газар талбайг Голомт банк ХХК-д барьцаалсан, энэ асуудлаар шүүхэд дуудагдсан талаар бидэнд хэлэлгүй зориуд санаатайгаар нууж санхүүжилт авсан байна. Хүлэмжийг гэрээнд заасан хугацаанд барьж гүйцэтгээгүй, банктай байгуулсан гэрээнээс хамааран уг хөрөнгө нь бүхэлдээ битүүмжлэгдэн захиран зарцуулах боломжгүй болсон байсан ба сүүлд энэ талаар мэдэхэд бид асуудлаа шийдвэрлэх гэж байна түр хүлээгээч гэх мэт шалтаг тавьж байсан боловч мөн л цахилгаан болон бусад байгууллагатай байнгын асуудалтайгаас хамааран хүлэмжид ногоо тариулах, ургац хураах зэрэг ажлууд нь хангалттай явагдахгүй гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байсан.

 

Харилцан ашигтай хамтран ажиллах үүргээ биелүүлэх боломжгүй, нөхцөл байдлаа санаатай нуун, хууран мэхэлж, хөрөнгө оруулалт хийсний дараа дээрх байдал нь илэрснээр гэрээний дагуу ажиллах боломжгүй болох нь тодорхой болсон тул бид гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүргүүлсэн. Энэ хугацаанд нэг л удаа 4605,2 кг огурцы нийлүүлж 6 907 800 төгрөг өгсөн. Манайхаас өмнө нь 1 072 700 төгрөгийн огурцы борлуулж өгнө гэснийг хасаад 5 235 100 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тооцоо нийлж гэрээ дүгнэсэн. Асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхээр удаа дараа оролдож саналыг нь сонсож, уулзалт хийж, утсаар ярьж байсан боловч, ямар ч санал санаачлага гаргахгүй байсан. Анх шүүхэд Т.С - ХХК-д оруулсан хөрөнгө оруулалт болох 113 312 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Үүнийг 4 640 000 төгрөгөөр багасгаж 108 672 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.С - ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Оюунчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хамтран ажиллах гэрээ нь 5 жилийн хугацаатай хийгдсэн. Гэрээнээс хэн аль нь татгалзах талаар 2018 оны 10 дугаар сараас эхлэн албан бичиг хүргүүлэн мэдэгдсэнээс хойш ажил зогссон. Хамтран ажиллах гэрээний дагуу О.Ш - ХХК-ийн зүгээс 100 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй. 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлэмжийн үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгө гэж Я.Эрдэнэбаярын 5129002133 гэсэн дансанд 25 000 000 төгрөг, мөн сарын 23-ны өдөр 11 560 000 төгрөгийг Я.Эрдэнэбаярын дансанд, мөн оны 7 дугаар сарын 25-ны өдөр Л.Э -гийн нэрээр 500 000 төгрөгийг Я.Эрдэнэбаярын дансанд, мөн оны 5 дугаар сарын 05-ны өдөр 5 500 000 төгрөгийн хүлэмжийн үйл ажиллагааны зардал гэж О.Ш - ХХК-аас Я.Эрдэнэбаярын дансанд, мөн 7 дугаар сарын 28-ны өдөр О.Ш - ХХК-аас Я.Эрдэнэбаярын дансанд 10 000 000 төгрөг, мөн оны 8 дугаар сарын 21-ний өдөр 4 172 000 төгрөг цехийн засвар гэж О.Ш - ХХК-аас Я.Эрдэнэбаярын дансанд, мөн оны 8 дугаар сарын 31-ний өдөр 3 000 000 төгрөг хүлэмж барьсан цалин гэж О.Ш - ХХК-аас Я.Эрдэнэбаярын дансанд орж нийт 59 732 000 төгрөгийг дансаар орж ирсэн. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Я.Оюунчимэгийн ХААН банк ХХК-ийн 5129002122 дугаартай дансанд 10 000 000 төгрөг орж ирсэн. Я.Эрдэнэбаярт бэлнээр О.Ш - ХХК-аас 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 12 000 000 төгрөг бэлнээр, мөн оны 6 дугаар сарын 10-ны өдөр 4 000 000 төгрөг бэлнээр өгсөн бөгөөд нийт 87 732 000 төгрөг болж байна. Хамтран ажиллах гэрээний дагуу энэ мөнгийг хариуцагч тал төлөх ёстой ч хамтын үйл ажиллагаанаас олсон ашгаас төлөх ёстой. Гэхдээ хамтын үйл ажиллагаанаас олсон ашиг гэж байхгүй. Хүлэмжийг нэг газраас нөгөөд нүүлгээд барьсан. Хамтран ажиллах гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийгээд олсон үр ашгийг 51, 49 хувиар авахаар гэрээнд заасан. Гэтэл бэлтгэх үйл ажиллагааны эдгээр мөнгө хариуцагчийн дансанд орсон түүнээс биш ашиг огт ороогүй. Хүртсэн ашиг гэж байхгүй. Ашгаас эргэн төлөлт хийгдэх байсан болохоор хүлээн зөвшөөрөхгүй. Энэ компанитай хамтран ажиллах гэрээ хийгээгүй бол хүлэмжийг барих, эдгээр төлбөрийг зарлагдах хэрэг байгаагүй. Ашиг аль аль нь олоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Э - шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Т.С - ХХК-д хүлэмжийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зориулалтаар 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 32 500 000 төгрөгийг 2,5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлүүлсэн. Зээлийн гэрээнд барьцааны гэрээ байгуулан Т.С - ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн бус 4/16103 хаягт байрших 000321712 дугаар гэрчилгээтэй, 1,150 м.кв талбайтай газрыг барьцаалан гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан. Энэхүү зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч тал төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Удаа дараа зээлийн төлбөр төлөхийг шаардсан боловч төлбөр төлөхгүй хугацаа авч, шалтаг тоочиж байсан. Иймд хариуцагч Т.С - ХХК-аас үндсэн зээл 32 500 000 төгрөг, хүү 9 750 000 төгрөг, алданги 21 125 000 төгрөг, нийт 63 375 000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.С - ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Оюунчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Э -гээс манай компани нь 32 500 000 төгрөгийг зээлсэн зээлийн гэрээний дагуу бодитоор мөнгө хүлээн аваагүй. 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Л.Э -, Я.Оюунчимэг нарын хооронд 202 дугаартай зээлийн гэрээ хийгдсэн бөгөөд 10 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 0,5 хувийн алданги тооцохоор байгуулаад Я.Оюунчимэгийн данс руу 10 000 000 төгрөг шилжсэн. 32 500 000 төгрөгийн зээлийн гэрээ хийгдсэн боловч бодит байдлаар мөнгө нь орж ирээгүй. Энэхүү зээлийн гэрээг газар барьцаалсан барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд нөхөж хийсэн. Л.Э -гээс Я.Оюунчимэгийн зээлийн гэрээний дагуу авсан 10 000 000 төгрөг нь хүлэмжийн ажлын эргэлтийн хөрөнгөнд зарцуулагдсан. Хариуцах этгээд нь Т.С - ХХК биш. Нэхэмжлэгч Л.Э -гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.С - ХХК-аас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Л.Э - нь Т.С - ХХК-ийн хувьцаа эзэмшигч Я.Оюунчимэгт 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч Я.Оюунчимэг надад зээлсэн 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд барьцаа тавихыг шаардаж, улмаар Т.С - ХХК-ийн газрыг барьцаалахын тулд 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 32 500 000 төгрөгийн зээлийн гэрээг хийсэн ба энэхүү гэрээний дагуу Т.С - ХХК-д 32 500 000 төгрөгийг дансаар болон бэлнээр шилжүүлээгүй болно.

2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 32 500 000 төгрөгийн зээлийн гэрээ нь Я.Оюунчимэгт зээлсэн 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд газар барьцаалах зорилгоор нөхөж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хууль зөрчиж хийсэн гэрээ юм.

Иймд 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Л.Э - болон Т.С - ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Т.С - ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн бүс, 4/16103 хаягт байрлах 000321712 дугаартай гэрчилгээтэй, 1150 м.кв талбайтай газрын гэрчилгээг нэхэмжлэгч Л.Э -гээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Э -гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Л.Э -гээс хариуцагч Т.С - ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор 10 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Дахин 25 000 000 төгрөгийг зээлж нийт 35 000 000 төгрөг авсан. Ингээд 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Л.Э - болон Т.С - ХХК-ийн хооронд 32 500 000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатчаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан ба Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн бүс 4/16103 хаягт байрлах 000321712 дугаар бүхий гэрчилгээтэй газрыг барьцаалсан. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь нотариатаар батлуулсан хүчин төгөлдөр хэлцэл болно. Зээлийн гэрээнд заасан мөнгөн төлбөрийг зээлдэгч нь хүлээн авсан болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.2.1, 480.3-т заасны дагуу хариуцагч Т.С - ХХК-иас 108 672 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч О.Ш - ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Т.С - ХХК-иас 63 375 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Э -д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасны дагуу хариуцагч Т.С - ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Т.С - ХХК-ийн эзэмшлийн газар эзэмших эрхийн 000321712 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 168023/5218 18633307545581 дугаар бүхий, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-4/16103 хаягт бүртгэлтэй, ногоо тарих зориулалттай, 1150 м.кв талбайтай газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасны дагуу нэхэмжлэгч Л.Э -гөөс газар эзэмших эрхийн 000321712 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 168023/5218 18633307545581 дугаар бүхий, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-4/16103 хаягт бүртгэлтэй, ногоо тарих зориулалттай, 1150 м.кв талбайтай газрын гэрчилгээг гаргуулж хариуцагч Т.С - ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу хариуцагч Т.С - ХХК нь Л.Э -, Т.С - ХХК-ийн хооронд нь 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн

хураамжид нэхэмжлэгч О.Ш - ХХК-иас төлсөн 724 510 төгрөг, нэхэмжлэгч Л.Э -гөөс төлсөн 545 025 төгрөг, хариуцагч Т.С - ХХК-иас төлсөн 320 450 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 545 025 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Э -д, нэхэмжлэгч Л.Э -гөөс 70 200 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч О.Ш - ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр давж заалдах гомдолдоо: Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг илтэд ноцтой зөрчсөн.

О.Ш - ХХК болон Т.С - ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 17-001 дугаартай хамтран ажиллах гэрээг байгуулсан ба гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээ байгуулагдсан эсэх дээр маргадаггүй. Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнд заасан гэрээний гол зүйл болох 4000 м.кв талбай бүхий хүлэмж газрыг бусдад барьцаалахыг хориглосон байхад хариуцагч тал Голомт банк ХХК-ийн барьцаанд тавьсан байсан. О.Ш - ХХК нь хамтран ажиллах гэрээний хөрөнгө оруулалтаа 100% оруулсаны дараа газар болон хүлэмж нь барьцаанд байгааг мэдсэн. Хамтран ажиллах гэрээг байгуулж байх үед газар болон хүлэмжийн талаар шүүхэд маргаан үүсчихсэн байсан. Анхнаасаа зориуд мэхэлж гэрээ байгуулж хөрөнгө оруулалт авсан байсан тул хамтын ажиллагаа цаашид үргэлжлэх боломжгүй болсон.

Т.С - ХХК нь өөрийн газар дээрээ О.Ш - ХХК-ийн хөрөнгөөр хүлэмжээ барьсан үүнийг шүүх хамтран ажиллах гэрээний үргэлжлэл гэж үзсэн. Хүлэмжээ буулгаж барьсаны дараа барьцаанд байгааг мэдээд талуудын хооронд үл ойлголцол үүссэн. Түүнээс хүлэмжинд ногоо тарьж түүнийгээ хураан авч, боловсруулан худалдаж ашиг олж байгаагүй. Ашиг олж байсан гэх баримт хавтаст хэрэгт огт байхгүй юм.

Шүүх Нэхэмжлэгч талаас хамтран ажиллах гэрээний дагуу хураамж төлөх үүргээ гүйцэтгэхээр 2017 онд 108 672 000 төгрөгийг гэрээний дагуу авсан талаарх баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна гэж дүгнэсэн атлаа шилжүүлэн нүүлгэсэн, нарийн ногоо тарьж ургуулан хурааж авсан, боловсруулсан, худалдсан байна гэх ямар нэгэн баримт байхгүй, тогтоогдохгүй байхад гэрээний зорилгыг биелүүлэхийн тулд нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө нь ногоо тарих ажилд зарцуулагдсан гэх дүгнэлтийг хийхдээ нь бодитойгоор харьцуулан, нотлох баримтад үндэслээгүй дүгнэлт болсон.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, Т.С - ХХК-аас 108 672 000 төгрөг гаргуулах шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

1. Нэхэмжлэгч О.Ш - ХХК нь хариуцагч Т.С - ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, хамтын үйл ажиллагааны хураамжид төлсөн 113 312 000 төгрөг буцаан гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа 108 672 000 төгрөг болгон багасгажээ.

Талууд 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, О.Ш - ХХК нь мөн оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор 100 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, Т.С - ХХК нь Улаанбаатар хотод байрлах тус бүр нь 1000 м.кв талбай бүхий 4 ширхэг хүлэмжийг буулган 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 347 дугаар гарамын урд байрлах газарт нүүлгэн шилжүүлж, барих, мөн сарын 31-ний өдрийн дотор нарийн ногоо буюу огурцы тарих, даршлах, борлуулах үүргийг тус тус хүлээсэн, мөн хамтын ажиллагаанаас олсон ашгийн 51 хувийг О.Ш - ХХК, 49 хувийг Т.С - ХХК авахаар тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хамтран ажиллах гэрээ зэрэг баримтаар нотлогдсон байна. /1хх11-15, 2хх122,123/ Энэ гэрээний дагуу талуудын төлсөн хураамжаар тэдгээрийн дундын хөрөнгө бий болж, улмаар хамтын үйл ажиллагаа явуулж байсан үйл баримтыг хэрэгт авагдсан ХААН банкны депозит дансны хуулга, тооцоо нийлсэн баримт, зохигчдын тайлбар зэрэг баримтуудыг шүүх харьцуулан үнэлэн зөв тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Учир нь нэхэмжлэгч О.Ш - ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь гэрээнээс татгалзах агуулгатай байна. Иргэний хуулийн 479 дүгээр зүйлд хамтран ажиллах гэрээний үргэлжлэх хугацаанаас хамаарч татгалзах, гарах үндэслэл, 478 дугаар зүйлд хамтын үйл ажиллагаанаас бий болсон ашгийг хуваарилах, алдагдлыг хүлээх хариуцлагын талаар тухайлан зохицуулсан.

Нэхэмжлэгч компани хамтран ажиллах гэрээнээс ашиг олоогүй, хариуцагч ногоо тариагүй, ашиг, алдагдал хуваарилаагүй, хамтын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөөгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзсан гэж тайлбарлажээ. Энэ тохиолдолд нөгөө талын үүргийн зөрчлийг нотолсон байхыг шаардана. Зохигчид хамтран ажиллах гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан байх ба дээрх хуульд заасан гэрээнээс гарах урьдчилсан нөхцөл бүрдсэн, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн, нэхэмжлэгч нэмэлт хугацаа өгөх шаардлагагүй гэдгийг нотлосон баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзан, оруулсан хөрөнгөө буцаан шаардаж, гэрээний үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт нийцжээ. Энэ шийдвэр нь талуудын хоорондын хамтран ажиллах гэрээний дагуу үүсэх бусад үр дагавар буюу хамтын үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлэх, эсхүл хамтран ажиллах гэрээг дуусгавар болгохтой холбоотой зохих ажиллагааг хийхэд саад болохгүй юм.

2. Нэхэмжлэгч Л.Э - нь хариуцагч Т.С - ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 63 375 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, түүнд холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар сөргөөр нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаасаа татгалзсныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Талууд 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Л.Э - нь зээлдэгч Т.С - ХХК-д 32 500 000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч тал сар бүрийн 25-ны өдрийн дотор зээлийн хүүг, хугацаа дуусахад үндсэн зээлийг төлөх, Т.С - ХХК нь гэрээнд заасан хугацаанд зээл, түүний хүүг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн 0.5 хувиар алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь зээлийн гэрээ, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдсон байна. /1хх52, 2хх125/

Гэрээ байгуулсан хүсэл зоригийн талаар маргаж, хариуцагч үндэслэлээ гэрээний дагуу мөнгийг бодитойгоор шилжүүлэн аваагүй, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх зорилгоор гэрээг байгуулсан гэж тайлбарлажээ. /хх-87/

Шүүх хэрэгт цугларсан ХААН банкны дансны хуулга, тэдгээрийн тайлбар мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай баримт, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үнэлээд О.Ш - ХХК-ийн захирал Л.Э -гээс Т.С - ХХК-ийн хувьцаа эзэмшигч Я.Оюунчимэг нь эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор өөрийн дансаар 10 000 000 төгрөг, компанийн захирал Я.Эрдэнэбаярын дансаар 25 000 000 төгрөг шилжүүлэн авсан үйл баримтыг тогтоогдсон гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ. Мөн зээлийн гэрээг хууль зөрчиж, дүр үзүүлэх мөн өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулах хүсэл зоригтой байсан гэх татгалзлаа хариуцагч баримтаар нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэгч Л.Э -, хариуцагч Т.С - ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлсэн мөнгөө буцаан төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь хууль болон гэрээгээр тохирсон үүргээ биелүүлсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.Э -гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Т.С - ХХК-аас үндсэн зээл, зээлийн хүү болон алдангид 63 375 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Л.Э - нь зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, зээлдэгч Т.С - ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн бүс байрлах, 1150 м.кв талбай бүхий газрыг барьцаалан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /1хх53-54/ Уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Т.С - ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Энэ асуудлаар зохигчид гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/02946 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Ш - ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Ш - ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 701 310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Ч.ЦЭНД