Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/1043

 

2025             09             03                                                                                         2025/ДШМ/1043

 

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Жамъандорж,

хохирогч Б.Б-,

шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1212 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2310000200449 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А- адуут овгийн Д-ын Б-, ……….., /РД:………../,

 

Шүүгдэгч Д.Б- нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 24 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “****” салонд Б.Б-тай маргалдан биед нь халдан цохиж, зодон эрүүл мэндэд нь хүзүү нугалмын зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б- нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-гаас 247.650 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д олгож, хохирогч Б.Б-гийн нэхэмжлэлээс 14.579.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Б- гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой зардал, ажилгүй байсан хугацаанд олох ёстой байсан орлогын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б- нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр миний биед гэмтэл учруулж, шинжээчийн дүгнэлтэд толгойн хэсэгт хөнгөн зэргийн гэж дүгнэсэн боловч эмнэлгийн хайнга байдалд үндэслэн цаг хугацаа, нас, хүйс зэргийг өөрчлөн бичсэн. Мөн миний бие удаа дараа 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр түргэн дуудаж үзүүлсэн боловч Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэх, хэвтэн эмчлүүлэх явцын цаг хугацааг буруу бичсэн бөгөөд гэмтэл авсны дараа шатнаас унаад гэмтсэн байдлаар нэг талд шалгаад шийдвэрлэсэн. Б.Б-гийн миний биед хохирол учруулсан байдлыг дутуу шалгаж, зөвхөн намайг гэм буруутай гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Б-тай муудалцсаны улмаас миний толгой, хөл, хэвлий хэсэгт мөн миний хувцсыг урж, эд материалын хохирлыг тогтоолгох шаардлагатай байна. Мөн гэрчүүдийн нэг талыг барьж мэдүүлсэн мэдүүлгийг үнэлж, буруу шалгасанд гомдолтой байна.

Миний биед учирсан гэмтлийн холбогдох баримтууд Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн боловч нотлох баримтаас хасч, дутуу шалгасан байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч Б.Б-гийн биед хөнгөн гэмтэл учирсан байна гэх шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16429 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Тухайн дүгнэлтэд “Б.Б-гийн бид хүзүүний зүүн нугалмын зөөлөн эдийн няцрал, хүзүү баруун нугаламд цус хуралт...” гэмтэл учирсан байна. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна гэж тусгагдсан байдаг. Уг дүгнэлтийг гарахад тухайн үед хэрэгжиж байсан Шүүх шинжилгээний тухай хууль, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тушаал хэрэгжиж байсан. Дээрх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь заалтад “...Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед  гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно…” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл тухайн үед хүчин төгөлдөр хэрэгжиж байсан гэмлийн зэрэг тогтоох журам дээр хохирогч Б.Б-гийн биед учирсан шарх, зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй байдлаар хуульчлан зохицуулагдсан байна. Үүнээс дүгнэхэд хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээ төрүүлж байна. Хэрэв хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учраагүй бол миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх нь өөрөө үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг хангаж байгаа нотлох баримт буюу шинжээчийн дүгнэлт нь гол баримтлах ёстой гэмтлийн зэрэг тогтоох журмаасаа зөрчилдсөн дүгнэлт гарсан байгаа тул шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлттэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр даалгаж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Б.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн надад учруулсан гэмтлээс болж би 14 хоногийн хугацаанд хэвтрийн дэглэмтэй, хүзүүндээ бэхэлгээтэй ажил хийх ямар ч боломжгүй нөхцөл байдалтай байсан. Би цаг алдахгүй гэмтлийн эмнэлэгт хандаж дараа нь шүүх эмнэлэгт үзүүлсэн. Шинжээчийн дүгнэлт үнэн зөв гарсан. Иймд шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Прокурор Б.Жамъяандорж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шинжээчийн дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч эмчийн ажлын туршлыг харгалзах нь зүйтэй байх гэж прокурорын зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Б- нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 24 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “****” салонд Б.Б-тай маргалдан биед нь халдан цохиж, зодон эрүүл мэндэд нь хүзүү нугалмын зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.Б-гийн “… **** салондоо ажлаа хийгээд байж байхад Д-ын Б- гэх эмэгтэй ирээд **** салоны өмнөх захирал болох О- гэх эмэгтэйг хайгаад орилж хашхичаад байсан. Тэгэхээр нь би “дотор үйлчлүүлэгчтэй байна, бид нар энэ салоныг түрээслээд ажиллаж байгаа, О- эгч энд байхгүй” гэсэн чинь уурлаа “чи О-ийг нуулаа” гээд над руу дайрч үсдээд маникюрын өрөө рүү үсдэж ороод миний гэдэс хэвлий хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөж цохисон. Мөн ажлын хувцаснаас зуураад доош дараад байсан болохоор хүзүү зулгарч өвдөөд байсан бөгөөд намайг “өвдөөд байна” гэж хэлэхэд “битгий жүжиглээд бай” гэж хэлээд улам татаад байсан. Тухайн үед би салгая гэж оролдсон ч салгаж чадаагүй. …эхлээд орж ирээд үүдний хаалганы дэргэд үсдэж аваад намайг маникюрын өрөөнд чирч ороод нэг гараараа хувцаснаас зуурч нөгөө гараараа миний хоолойг боож тэр хоорондоо хөлөөрөө гуя хэвлий хэсэг рүү өшиглөж жийгээд байсан. …” /1хх 44-45, 47/,

гэрч Б.Б-ийн “… **** салонд үйлчилгээ авахаар 15 цагийн үед орсон, хаалгаар ороод хойд зүг рүү харсан эхний хаалганд нэг эмэгтэй орилоод байсхийгээд утсаар яриад орилоод хүн доромжлоод байсан. … намайг өрөөнд ороход Б-гийн хүзүү хэсэг нь ором гарчихсан юм шиг улайчихсан, уйлчихсан айдастай зогсож байхаар нь би “дараа ороод ирье” гэхэд Б- “бид 2, 3 хоног энэ коридорт орилоод байгаа эмэгтэйгээс болоод үйлчлүүлэгч авч чадаагүй болохоор өнөөдөр таныг авмаар байна, тэгэхгүй бол хоол ундны мөнгөгүй болчихлоо” гэхээр нь би “за за” гээд үйлчилгээгээ авахаар болсон. …тэгснээ сүүлд нөгөө коридорт орилоод байсан эмэгтэй өрөөнд орж ирээд Б-д “яах гэж үйлчлүүлэгч ав гэсэн юм, би чамд хэлээ биз дээ, одоо наад хүнээ гарга, би өмнөөс нь мөнгийг нь төлчихье” гэж хэлээд бас “тэр Оюунаа гэх хүнээ дууд” гээд орилж байгаад гараад явчихсан. Тэгээд 20, 30 минутын дараа гаднаас хүн орж ирж байгаа нь сонсогдоод нөгөө эмэгтэй нь өрөөнөөс галзуу юм шиг гарч ирээд хашхичаад байгаа нь сонсогдсон, тэгж байхад нэг хүүхэдтэй намхан шар эмэгтэй орж ирээд Б-г “миний дүү зүгээр үү” гэж асуусан. Тэгэхэд Б- наад эмэгтэй чинь намайг үг хэлэхийн завдалгүй шууд жийгээд үсдэж аваад цохисон гээд биеэ харуулсан. Тэгэхээр нь толгойгоо эргүүлээд харахад бие нь энд тэндгүй хөхөрсөн байсан, тэгсэн чинь нөгөө эмэгтэй араас орилоод орж ирсэн. Оюунаа гэх эмэгтэй хоёулаа гаръя гээд нөгөө эмэгтэйг дагуулж гарсан чинь коридорт яаж байгаа нь мэдэгдэхгүй унаад цохиод байгаа нь мэдэгдэхгүй тас няс чимээ гараад хүүхэд уйлаад эхэлсэн. Тэгсэн удаагүй миний үйлчилгээ авч байсан өрөөнд О- гэх эмэгтэй унаад ороод ирсэн, тэгсэн араас нь нөгөө эмэгтэй орж ирээд О-г өшиглөөд байх шиг байсан. …” /1хх 56-57/,

гэрч Г.Э-гийн “… бид нар ажлаа хийгээд өрөөндөө байж байхад гэнэт Б- эгч хашхичаад Б-г “чамайг ална, чи миний нөхөр рүү залгаж намайг явуулдаг хэн бэ” гээд хашхичаад байхаар нь Энэрэл эгч бид хоёр өрөөнөөс гарч коридорт очсон, Б- эгч Б-г үсдэж дараад доороо хийчихсэн, гараараа цохиод, өшиглөөд байсан. Тэгээд Энэрэл эгч бид хоёр салгасан. Б- эгч Б- руу дайраад “би ална” гээд хашхичаад байсан. Б- мөн Б-г үсдээд бас хэд хэдэн удаа цохиж өшиглөөд байсан. …Б- эгч Б-гийн үснээс зулгаасан, мөн зөрүүлээд Б- Б-гийн үснээс зулгаачихсан, Б- эгч Б-г толгой, хүзүүгүй цохиж өшиглөж байсан. Б- болохоор өөрийгөө хамгаалаад байх шиг байсан. …” /1хх 60-61/,

гэрч Ч.Э-ийн “… би араас нь гарсан чинь Б- Б- хоёр бие биенийгээ үсдээд хөл гараараа бие биеэ цохиод чи тавь гээд хашхичаад байхаар нь Э- бид хоёр дундуур нь ороод салгасан. Тэгээд Б- өрөөндөө ороод утсаар яриад уйлаад байсан. …” /1хх 65-66/,

гэрч Д.О-ийн “… Б- уйлаад утсаар “Б- эгч намайг зодчихсон, та ирээд учрыг нь олоод өгөөч, Б- эгч явахгүй байна” гэхээр нь би хүүхдээ аваад очсон. Намайг очиход Б- ажлаа хийж байсан. Б- над руу хашхичаад нөхөртэйгөө хардаад байсан Тэгсэн Б- намайг Б-гийн өрөө рүү түлхэхээр нь би хүүхэдтэйгээ газар унасан чинь Б-гаар үйлчлүүлж байсан хүн “чи яаж байгаа юм бэ, цагдаа дуудна” гэсэн чинь Б- цагдаа дууд гээд байсан. …” /1хх 69-70/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16429 дүгээр “Б.Б-гийн биенд хүзүүний нугалмын зөөлөн эдийн няцрал, хүзүү, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх 76-77/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Д.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

 

Шүүгдэгч Д.Б-гийн хохирогч Б.Б-тай маргалдан биед нь халдан цохиж эрүүл мэндэд нь хүзүү нугалмын зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тус тус тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

 

Шүүгдэгч Д.Б- “… Б.Б- нь миний биед хөнгөн хохирол учруулсан байхад шүүх энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн, …” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6711 дүгээр шинжээчийн дүгнэлтээр “Д.Б-гийн биед тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдож, түүний биед учирсан тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн бол харин түүний хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлийг хэрэг болсон гэх 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үүсээгүй байна” гэсэн дүгнэлт гаргасан байхаас гадна ГССҮТ-ийн 17382 дугаартай өвчний түүхийн тэмдэглэлд “2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12 цагийн үед 4 метр шатнаас унасан. 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүнд зодуулсан, тэр үед толгой эргэж, дотор муухайрсан гэнэ.” гэж тусгагдсан байна.

Мөн дээрх шинжээчийн дүгнэлтийг тодруулахад шинжээч эмч М.Золжаргал “… хэрэгт авагдсан 17382 дугаартай ГССҮТ-ийн өвчний түүхийг үндэслэж тархи доргилт гэмтэл учирсан гэж дүгнэлт гаргасан. Тус гэмтэл нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Д.Б-гийн толгойд хүч үйлчилсний улмаас толгойн хуйханд тархи доргилт, зөөлөн эдийн гэмтэл учирсан байх боломжтой. … Д.Б- нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ГССҮТ-д 2 хоног хэвтэн эмчлүүлсэн ба тархи доргилт оношоор эмчлэгдэж эмнэлгээс гарсан. Өвчний түүхэнд тэмдэглэснээр 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12 цагийн үед 4 метр шатнаас унасан гэх өгүүлэмжтэй байсан ба тухайн үед эмчийн үзлэгээр толгойн үстэй хэсэгт бага зэргийн хавантай, няцралтай, өвчин эмзэглэлтэй байсан бөгөөд тархи доргилт, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр учирсан байх боломжтой, шинэ гэмтэл байх боломжтой. Хэрэв дээр гэмтэл учирсан бол 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ГССҮТ-д үзүүлэх үед бүрэн эдгэрсэн байх боломжтой гэж үзнэ. Тархи доргилт, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 1 механизмаар, 1 хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэж мэдүүлсэн байх тул Б.Б-гийн үйлдлийн улмаас Д.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Б-гийн гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин шалгуулах”-аар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1212 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

                

                

                                    ДАРГА-Ч, ШҮҮГЧ                                           М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                            Ц.МӨНХТУЛГА

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ