Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2018/01560

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2018/01560

 

 

Ориент инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00906 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ориент инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Мятавт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 94 137 800  төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг даалгах, барьцаа хөрөнгийн үнэлгээг 55 000 000  төгрөгөөр тохиролцсон болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ориент Инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: А.Мятав нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 44 дүгээр байрны 51 тоот хаягт байрлах 122.5 м.кв талбайтай авто зогсоолыг  барьцаалан 55 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.9 хувийн хүүтэй зээл олгохыг хүсэж, түүний гаргасан өргөдөл, бусад холбогдох баримтыг хянан үзээд А.Мятавт 3 сарын хугацаатай, 3.9 хувийн хүүтэй 55 000 000 төгрөгийг 16/2076 тоот зээлийн болон 16/4077 тоот хөрөнгө барьцаалах гэрээ байгуулан гэрээг нотариат болон улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн газарт баталгаажуулж, А.Мятавт 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 55 000 000 төгрөг олгосон. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон ч зээлийн төлбөр төлөөгүй. Барьцааны гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 44 дүгээр байрны 51 тоот хаягт байрлах 122.5 м.кв 4 өрөө орон сууц, 51 тоотод байрлах 18 м.кв талбайтай автозогсоолын харилцан тохиролцсон үнэлгээг 55 000 000 төгрөг болохыг тогтоолгох, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5, 16/2076 тоот зээлийн гэрээний 3.12.11-д заасныг үндэслэн А.Мятав нь барьцаа хөрөнгийн хөлслөгч болж нэг сарын хөлсийг 1 800 000 төгрөгөөр харилцан тохиролцсон болохыг тогтоож өгнө үү. Үндсэн зээл 55 000 000 төгрөг, зээлийн хүү 33 676 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 448 300 төгрөг,  нотариатын зардал 13 000 төгрөг, нийт 94 137 800 төгрөг нэхэмжилж байна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Мятавын тайлбарт: Би Ориент Инвест ББСБ ХХК-аас 3.9 хувийн хүүтэй 55 000 000 төгрөгийн зээл авч, 2005 онд ашиглалтад орсон 122.5 м.кв 4 өрөө орон сууцыг 18 м.кв талбайтай автозогсоолын хамт барьцаанд тавьсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй нь үнэн.  Би нэг сарын хүүд 145 000 төгрөг болж байгаа. Үүнд эхний 3 сар 6 345 000 төгрөг болно. Миний хувьд одоогоор санхүүгийн боломж байхгүй. Эхнэр маань өвчтэй байгаа, бүтэн жилийн тэтгэврийн зээл аваад эмчилгээний зардалд зарцуулсан тул 85 552 755 төгрөгийн хэмжээнд тохиролцож эвлэрэх саналтай байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн  дугаар зүйлийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Авирмэдийн Мятав РД:/ХВ49052511/-аас үндсэн зээл 55 000 000 төгрөг, зээлийн хүү  33 676 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 448 300 төгрөг, нотариатын зардал 13 000 төгрөг нийт 94 137 800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ориент Инвест ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгийн үнэлгээг 55 000 000 төгрөгөөр тохиролцсон болохыг тогтоолгох  шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Мятав төлбөр төлөөгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 44 дүгээр байрны 51 тоот хаягт байрлах, Ү-2206006656 улсын бүртгэлийн дугаартай, 00050183 тоот гэрчилгээтэй, 122.5 м.кв 4 өрөө орон сууц, зогсоолын 51 тоотод байрлах 18 м.кв талбайтай авто зогсоолыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 812 888 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 628 639 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ориент Инвест ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч А.Мятавын давж заалдах гомдолд: Шүүх талуудын тэгш байдлыг хангаж чадаагүй, нотлох баримтыг үнэн зөв талаас нь үнэлээгүй. Зээлийн гэрээний дагуу би 3 сарын зээлийн хүүд 6 435 000 төгрөг /сарын хүү 2 145 000 төгрөг/, 12 сар 15 хоногийн хүүд 26 061 750 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5 212 350 төгрөг, үндсэн зээл 55 000 000 төгрөг нийт 92 137 800 төгрөг төлөх үүрэгтэй байхад шүүх үндэслэлгүйгээр 2 000 000 төгрөг илүү гаргуулж байгаад гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч маргааны үйл баримтад хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ориент Инвест ББСБ ХХК нь хариуцагч А.Мятавт холбогдуулан үндсэн зээл 55 000 000 төгрөг, зээлийн хүүд 33 676 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5 448 300 төгрөг, нотариатын зардалд 13 000 төгрөг, нийт 94 137 800 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг даалгах, барьцааны хөрөнгийн үнэлгээг 55 000 000  төгрөгөөр тохиролцсон болохыг тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

             

Зохигчид 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 44 дүгээр байрны 51 тоотод байрлах 122.5 м.кв талбай бүхий орон сууц, 18 м.кв талбай бүхий автозогсоолыг барьцаалж, 55 000 000 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн байна.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв.

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл 55 000 000 төгрөг, хүүд 6 435 000 төгрөг, нийт 61 435 000 төгрөг төлөх үүргээ 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаанд биелүүлээгүй үйл баримт тогтоогдсон.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.3-т ... гэрээний хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээлийн хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлэн хүүг төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч нь үндсэн зээл 55 000 000 төгрөг, зээлийн хүүд 26 169 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 946 800 төгрөг, нотариатын зардалд 13 000 төгрөг, нийт 85 128 800 төгрөг гаргуулахыг шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, зээлийн хүүд 33 676 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5 448 300 төгрөг нэмж тооцон нийт 94 137 800 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Шүүх хариуцагчийн хүлээх үүргийг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөр тооцох ёстой байхад 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаагаар тооцож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.

 

Иймд хариуцагчийн гэрээгээр хүлээх үүрэг, хариуцлагыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн өдрөөр буюу 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөр бодох нь зүйтэй. Зээлийн хүүг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 465 хоногоор тооцоход нийт 33 247 500 төгрөг төлөхөөр байна. Зээлийн хүүд төлөгдөх 33 247 500 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүүг тооцоход 6 649 500 төгрөг байх боловч нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр 5 448 300 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

Нотариатын зардалд 13 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардахдаа холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохирол гэж үзэхгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3, гэрээний 2.3-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байх тул энэх талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт үнийн дүнгийн өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00906 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 94 137 800 төгрөг гэснийг 93 695 800 төгрөг гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад 628 639 төгрөг гэснийг 626 429 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

А.МӨНХЗУЛ