| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0235/э |
| Дугаар | 2018/ШЦТ/243 |
| Огноо | 2018-08-29 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,
Улсын яллагч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 1821003250227 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: *******, Дорнод аймгийн Сүмбэр суманд ..... оны ..... сарын ....-ны өдөр төрсөн, 43 настай, эмэгтэй, Монгол Улсын иргэн /РД: *******.../, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, ************** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл гэх.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Сургуулийн байрны ******* тоотод хохирогч *******ын BSB брендийн 48 инчийн зурагтын нүүрэн талд нь гараараа цохиж гэмтээсний улмаас 900000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 сарын 15-ны орой хойд айлын хүн болох ******* аав ******* нь согтуу гэрийн гадаа ирээд ахыгаа оруулаад өгөөч гэхэд би түүнийг оруулж өгсөн. Маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 16-ны орой 23 цагийн орчимд гадаа нохой хуцаад байхаар нь гараад харахад ******* гуай гадаа согтуу зогсож байсан. Тэрээр “даралт ихэсээд байна, эмчийг дуудаад өгөөч” гэж хэлж байсан. Би “шөнө болсон хойно юу гэж эмч ирэхэв дээ та гэр рүүгээ ор” гэхэд “тэгүүл намайг гэрт оруулаад өгөөч” гэхэд нь би түүнийг гэрт нь оруулж өгсөн. Тэднийд ороход нэг согтуу халзан толгойтой өвгөн унтаж байсан. Тэгтэл ******* “за ахын дүү суу, архи уу” гээд нэг архи хийж өгсөн. Тэгэхээр нь би тэр архинаас нь нэг уусан. Дахиад хийж өгөхөөр нь би “одоо уухгүй” гэхэд “уу гэж байна” гээд намайг архиар шахаад байсан. Би урд талын орон дээр сууж байсан, миний хажууд ******* гуай архи бариад сууж байсан. Хойд талын орон дээр нэг халзан толгойтой өвгөн байсан. Тэгэхээр нь би “уухгүй” гээд аягыг нь гартай нь хамт цохиход аяга нь зурагт руу нь шидэгдсэн байсан, би шууд гараад явсан. Ингээд 2018 оны 05 сарын 18-ны өглөө манай гэрт орж ирээд “Б эгчээ та яагаад манай зурагтыг хагалж байгаа юм бэ” гэхэд нь би тэдний зурагтыг хагалсан талаар мэдсэн...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, би хохирлыг бүрэн барагдуулах болно...” гэжээ. /хх 31-33/
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 сарын 16-ны өдөр манай аав ******* манайд түр ирээд гэрт байсан...2018 оны 05 сарын 17-ны өглөө Баянтүмэн сум орохоор явсан. Манайх хүүгийнхээ үсийг 2018 оны 05 сарын 18-ны өдөр авсан бөгөөд хүүхдийн үс авахад бэлдээд гадуур ажилтай явж байсан, мөн тус өдөр гэртээ очиж хоноогүй юм. Ингээд 2018 оны 05 сарын 18-ны өглөө аав над руу утсаар ярьж “урд айлын чинь хүн болох Б нь зурагтыг чинь хагалсан” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ яваад очиход зурагтны нүүр хагарсан байдалтай асааж үзэхэд дүрс гарахгүй эвдэрсэн байсан...зурагтаа бүтэн болгож авмаар байна...2016 оны 11 сард худалдаж авч байсан...” гэжээ. /хх 22/
Хэрэгт цугларсан нотлох баримтанд: Дээрх болон Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ******* /хх 9/, шүүгдэгч ******* /хх 23-24/ нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 6/, Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харьяалалын дагуу шилжүүлэх тухай санал /хх 13/, Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх 14/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 15/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, /хх 16/, Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-18/, Эд мөрийн баримт хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх 19/, Эд зүйлийн үнэлгээ /хх 36/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 39/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Сургуулийн байрны ******* тоотод хохирогч *******ын “BSB” брендийн 48 инчийн зурагтын нүүрийг гараараа цохиж гэмтээсний улмаас 900000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:
Гэмт хэргийн эх сурвалжаа зааж, тодорхой мэдүүлсэн хохирогч *******ын “...2018 оны 05 сарын 16-ны өдөр манай аав ******* манайд түр ирээд гэрт байсан...Ингээд 2018 оны 05 сарын 18-ны өглөө аав над руу утсаар ярьж “урд айлын чинь хүн болох Б зурагтыг чинь хагалсан” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ яваад очиход зурагтны нүүр хагарсан байдалтай асааж үзэхэд дүрс гарахгүй эвдэрсэн байсан...зурагтаа бүтэн болгож авмаар байна...2016 оны 11 сард худалдаж авч байсан...” /хх 22/ гэх,
Гэрч *******ын “...Тэгсэн чинь орой 23 цагийн орчимд манай урд эгнээнд байдаг Б гэх эмэгтэй гаднаас нэлээд их согтуу орж ирээд “та манай нөхөр бид хоёрыг цагаан сараар их муухай үгээр хэлсэн” гэж согтуурхаад олон юм яриад байсан юм. Тэгээд зурагтын урд талд сууж байснаа гэнэт зангидсан гараараа зурагтын нүүр рүү нэг удаа цохисон юм. Тэгэхээр нь “чи байж бай би чамайг цагдаад барьж өгнө” гэсэн чинь шууд гараад явчихсан. Тухайн үед зурагт асаалттай “Сүүдэрт ургасан цэцэг” нэртэй солонгос кино үзэж байсан юм. Б-г гараараа цохих үед зурагтын нүүр туяараад цацраад явчихсан...” /хх 9/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 6/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 15/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, /хх 16/, Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-18/, Эд мөрийн баримт хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх 19/, Эд зүйлийн үнэлгээ /хх 36/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******-гийн үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Шүүгдэгч ******* нь бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хагалж гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзнэ.
Хохирогч *******ын “BSB” брендийн 48 инчийн зурагт гэмтсэн нь шүүгдэгч *******-гийн зурагтыг гараар цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч *******-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 900000 төгрөгийн хохирол учирсан байх ба /хх 36/ шүүгдэгч хохирлыг төлж барагдуулсан болох нь шүүхийн мэдэгдэх хуудсанд хариулсан түүний “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хариултаар нотлогдож /хх задгай/ байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж тооцох үндэстэй байна.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.
Эрүүгийн 1821003250227 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн **************... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 хэсэг, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д анхааруулсугай.
4. Эрүүгийн 1821003250227 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн *******........ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ