Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар  2025/ДШМ/1052

 

2025           09            04                                                                                         2025/ДШМ/1052

 

Т.Ө-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Машлай,

шүүгдэгч Т.Ө-,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1481 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Ө-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2439001490219 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ө- овгийн Т-ийн Ө-, ........., /РД:.........../,

Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан;

Шүүгдэгч Т.Ө- нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр сургуулийн урд байрлах түрээсийн байрандаа байхдаа М.Т-ыг залилах зорилгоор түүнтэй холбогдож “гар утас хямд зарна, чи ав, зээл гаргаж өгье” гэж хуурч, E-Mongolia, фэйсбүүкээр нэвтрэх нэр, нууц үгийг өөрөөс нь гаргуулан авч, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 23 цаг 34 минутад “*******” ББСБ-ийн Мопеу-М аппликейшнд бүртгүүлж, 2,800,000 төгрөгийн зээлийн эрх үүсмэгц тухайн байгууллагатай хамтран ажилладаг Smart shop дэлгүүрээс цахимаар “lphone-14 pro” загварын rap утас залилсан,

-мөн дээрх хувийн мэдээллийг нь хуурч аван залилах үйлдлээ үргэлжлүүлэн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 00 цаг 29 минут 59 секундэд Numur аппликейшнаар дамжуулан 1,000,000 төгрөгийн бэлэн мөнгөний зээл, 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цаг 42 минут 44 секундэд Next Electronics дэлгүүрээс 659,900 төгрөгийн худалдан авалтын зээл, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цаг 12 минут 13 секундэд “****” гэх газраас 250,000 төгрөгийн худалдан авалтын зээл авч тус тус залилан, хохирогч М.Т-д нийт 4,709,900 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн **** хороо, 14 дүгээр сургуулийн урд талд байх түрээсийн байрны 2 давхрын 9 тоотод байхдаа Д.А-тай харилцаа холбооны хэрэгсэл ашиглан холбогдож “түүний хүү М.Ө-д Улаанбаатар хотын 3, 4 дүгээр хороолол, Монголын Үндэсний Их сургуулийн хажууд Эх нялхсын хойно байр түрээслүүлнэ” гэж хуурч, түрээслэх байр байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, Д.А-аас 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 600,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 500,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөгийг өөрийн арилжааны банкны данс ашиглан шилжүүлэн авч, хохирогч Д.А-д 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн орчим Баянзүрх дүүргийн **** хороо, 14 дүгээр сургуулийн урд талд байх түрээсийн байрны 2 давхрын 9 тоотод байхдаа өөрийн фейсбүүк хаягаас Д.Х-г “гар утасны дугаарыг чинь интернэт банктай холбож өгье” гэж Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэрт байхад хуурч, хохирогчийн банк санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авахад шаардагдах мэдээллийг авч, тухайн мэдээллийг нь ашиглан 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр *** аппликейшнаас 50,000 төгрөг, мөн өдөр “***” ББСБ-аас 80,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр *** аппликейшнаас 500,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр *** аппликейшнаас 2,888,000 төгрөгийн зээл авч, хохирогч Д.Х-д нийт 3,518,000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 2024 оны 06 дугаар сарын 03-наас 04-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн **** хороо, Тэнгэр плазагийн баруун талд Офицер хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны засал хийж байх явцдаа иргэн Э.Б-тай фейсбүүк чат буюу цахим хэрэгсэл ашиглан харилцаж, түүний регистрийн дугаар болон иргэний үнэмлэхийн зургийг авч, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ***** дугаараар “***” ББСБ-д бүртгэл үүсгэн, “Iphone-15” загварын гар утсыг Э.Б-ын нэрээр зээл авч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн 4,383,000 төгрөгийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан,

-мөн Дорнод аймгийн Матад суманд байрлах Хилийн цэргийн 0306 дугаар ангид 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Цэргийн гэрээт байлдагч, түрүүчээр хаах” гэрээний дагуу гэрээт хилчнээр томилогдон ажиллаж, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цэргийн албанаас 3 хоногийн чөлөө зохих журмын дагуу авсан боловч чөлөөний хугацаа дууссан байхад эргэж ирэлгүй, цэргийн албанаас оргон зайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймгийн прокурорын газар: Т.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Т.Ө-ыг “үргэлжилсэн үйлдлээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах”, “цэргийн албанаас оргон зайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, ялуудыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоон, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Ө-аас нийт 13,710,900 төгрөгийг гаргуулан хохирогч М.Т-д 4,709,900 төгрөг, хохирогч Д.А-д 1,100,000 төгрөг, хохирогч Д.Х-д 3,518,000 төгрөг, хохирогч Э.Б-т 4,383,000 төгрөгийг тус тус олгож,

Хил хамгаалах ерөнхий газар, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А- нь нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Ө- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа ба тогтоолтой хэргээ нэмж нэгтгэж чадаагүй. Анхан шатны шүүхэд амаар мэдүүлэг өгсөн ба прокурорын шатанд амаар, бичгээр өгсөн ч авч хэлэлцээгүй эрх зүйн байдлыг минь дордуулсан тул хэргээ нэмж нэгтгүүлэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

Прокурор Р.Машлай шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүх шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдааны явцад хэрэг нэгтгэх талаар дурдагдаагүй, хэд хэдэн тогтоолоор хэргийг хянан шийдвэрлэх боломжтой. Яллагдагчаар татсан гэх асуудал байхгүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх” гэх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

1. Шүүгдэгч Т.Ө- нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн **** хороо, 14 дүгээр сургуулийн урд байрлах түрээсийн байрандаа байхдаа М.Т-ыг залилах зорилгоор түүнтэй холбогдож “гар утас хямд зарна, чи ав, зээл гаргаж өгье” гэж хуурч, E-Mongolia, фейсбүүкээр нэвтрэх нэр, нууц үгийг өөрөөс нь гаргуулан авч, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 23 цаг 34 минутад “*******” ББСБ-ийн Мопеу-М аппликейшнд бүртгүүлж, 2,800,000 төгрөгийн зээлийн эрх үүсмэгц тухайн байгууллагатай хамтран ажилладаг Smart shop дэлгүүрээс цахимаар “lphone-14 pro” загварын rap утас залилсан,

-мөн дээрх хувийн мэдээллийг нь хуурч аван залилах үйлдлээ үргэлжлүүлэн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 00 цаг 29 минут 59 секундэд Numur аппликейшнаар дамжуулан 1,000,000 төгрөгийн бэлэн мөнгөний зээл, 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цаг 42 минут 44 секундэд Next Electronics дэлгүүрээс 659,900 төгрөгийн худалдан авалтын зээл, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цаг 12 минут 13 секундэд “****” гэх газраас 250,000 төгрөгийн худалдан авалтын зээл авч тус тус залилан, хохирогч М.Т-д нийт 4,709,900 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн **** хороо, 14 дүгээр сургуулийн урд талд байх түрээсийн байрны 2 давхрын 9 тоотод байхдаа Д.А-тай харилцаа холбооны хэрэгсэл ашиглан холбогдож “түүний хүү М.Ө-д Улаанбаатар хотын 3, 4 дүгээр хороолол, Монголын Үндэсний Их сургуулийн хажууд Эх нялхсын хойно байр түрээслүүлнэ” гэж хуурч, түрээслэх байр байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, Д.А-аас 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 600,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 500,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөгийг өөрийн арилжааны банкны данс ашиглан шилжүүлэн авч, хохирогч Д.А-д 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн орчим Баянзүрх дүүргийн **** хороо, 14 дүгээр сургуулийн урд талд байх түрээсийн байрны 2 давхрын 9 тоотод байхдаа өөрийн фейсбүүк хаягаас Д.Х-г “гар утасны дугаарыг чинь интернэт банктай холбож өгье” гэж Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэрт байхад хуурч, хохирогчийн банк санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авахад шаардагдах мэдээллийг авч, тухайн мэдээллийг нь ашиглан 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр *** аппликейшнаас 50,000 төгрөг, мөн өдөр “***” ББСБ-аас 80,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр *** аппликейшнаас 500,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр *** аппликейшнаас 2,888,000 төгрөгийн зээл авч, хохирогч Д.Х-д нийт 3,518,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 06 дугаар сарын 03-наас 04-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн **** хороо, Тэнгэр плазагийн баруун талд Офицер хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны засал хийж байх явцдаа иргэн Э.Б-тай фейсбүүк чат буюу цахим хэрэгсэл ашиглан харилцаж, түүний регистрийн дугаар болон иргэний үнэмлэхийн зургийг авч, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ***** дугаараар “***” ББСБ-д бүртгэл үүсгэн, “Iphone-15” загварын гар утсыг Э.Б-ын нэрээр зээл авч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн 4,383,000 төгрөгийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан,

- Дорнод аймгийн Матад суманд байрлах Хилийн цэргийн 0306 дугаар ангид 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Цэргийн гэрээт байлдагч, түрүүчээр хаах” гэрээний дагуу гэрээт хилчнээр томилогдон ажиллаж, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цэргийн албанаас 3 хоногийн чөлөө зохих журмын дагуу авсан боловч чөлөөний хугацаа дууссан байхад эргэж ирэлгүй, цэргийн албанаас оргон зайлсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч М.Т-гийн “... би 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зүс таних залуу Ө-тай ... уулзахад “найз нь ээжийн бие өвдөөд мөнгөний хэрэг гараад байна, найзаасаа Iphone 15 загварын гар утас хямдхан авах уу” гэхээр нь би “тэгье, харин одоохондоо надад мөнгөний бололцоо бага байна” гэхэд “заа болно, найздаа регистрийн дугаараа өгчих” гэхээр нь “яах гэж байгаа юм бэ” гэж хэлэхэд “цахимаар зээл авдаг юм байдаг юмаа, аваад би мөнгөө авъя, чи утсаа ав” гэж хэлээд хэсэг хугацааны дараа Ө- “миний утас болохгүй болчихлоо, зээл худлаа болчихлоо” гэхэд нь би салаад Өлзийт тосгонд байх ажил руугаа унаанд суугаад явсан. Маргааш өдөр нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 13-нд 13 цагийн үед би И-Монголиа руугаа орж зээл авсан баримтуудаа харахад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр "*******" ББСБ-аас 2.800.000 төгрөг зээл авсан байхаар нь би Ө-ын фэйсбүүк чат руу баримтыхаа зургийг дарж явуулаад “чи авсан юм уу, найздаа хэзээ буцааж өгөх вэ, бага багаар хуваагаад төлж болно” гэхэд тэр өдрөө миний голомт банкны ****** тоот данс руу Ө- хаан банкны ****** тоот данснаас 80.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш 2024 оны 03 дугаар сарын эхээр фэйсбүүкээр Ө-тай холбогдоод найзынхаа мөнгийг өгөх хэрэгтэй байна гэхэд надад мөнгө байхгүй, цагдаадаа хэлээд аваарай гэж хэлснээс нь хойш холбогдож чадаагүй байна. ...” /1хх 10-12/,

хохирогч Д.А-ын “... нөгөө түрээслэх хүний дугаарыг нь би хүүгээсээ аваад ****** гэх дугаарлуу залгаж ярихад эрэгтэй хүүхэд утсаа аваад би байр түрээслэх гэж байгаа хүн гээд ярихад нөгөө хүү “өө тийм үү, танай хүү байр түрээсэлнэ гэж ярьсан сарын түрээс нь 600.000 төгрөг” гэж хэлсэн. Тэгээд утсаа таслаад байж байтал нөгөө байр түрээслүүлнэ гэх хүү ****** гэсэн дугаараас дансны дугаараа явуулсан. Тэгэхээр нь би Хаан банкны ****** дугаарын данс руу 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн Голомт банкны интернэт банкнаас 600.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл 2024 оны 01 дүгээр сарын 23-ны орой надруу нөгөө байр түрээсэлнэ гэсэн хүү залгаад “та дараа сарын байрны түрээсээ хийгээд өгч болох уу, би ээжийнхээ буяны 1 жилийн ой болж байгаа би буян хийх гэсэн юм” гэхээр нь би дахиад Хаан банкны ****** дугаарын данс руу 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн Голомт банкны интернэт банкнаас 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр хүүхэд дахиж манай хүү болон надтай холбогдоогүй, утсаа аваагүй. ...” /1хх 161-162/,

хохирогч Д.Х-гийн “... 2024 оны 05 сарын эхээр би хөдөө хонио хариулаад явж байтал манай нутгийн дүү Т.Ө- надруу өөрийн Т.Ө- гэх хаягаас чат бичээд “ахаа таны гар утасны дугаар чинь интернет банктай холбоотой юу” гэхээр нь би “үгүй” гэхэд “би холбоод өгье” гэхээр нь “за” гээд өөрийн дугаараа өгөхөд виза картны чинь зураг хэрэгтэй байна гэхээр нь урд талых нь зургийг дараад явуулахад ар тал нь бас хэрэгтэй гээд авсан. Тэгээд миний и-монголиагаар аппликейшнд холбож байна гэж байсан. Би ч сайн ойлгоогүй. Би мал дээрээ байж байгаад Батноров сумын төв ороход миний данснаас мөнгө гараад байхаар нь би гайхаад банкинд очоод лавлахад 2024 оны 05 сарын 12-ны өдөр *** аппликейшн-ээс 50.000 төгрөгийн зээл, 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ***** аппликейшн-ээс 80.000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр *** аппликейшн-ээс 500.000 төгрөгийн зээл гаргуулан авсан байсан. Мөн 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр *** аппликейшн-ээс 2.880.000 төгрөгийн зээл гаргасан гэх мессэж ирснийг лавлахад тус зээл над дээр гарсан байсан. Би хөдөө мал малладаг хүн тухайн аппликейшнүүдийг хэрэглэж мэдэхгүй гар утсан дээрээ татаж ч үзээгүй. Мөн Т.Ө- нь миний хувийн мэдээллүүдийг хуурч аваад 5 хоногийн дараагаар намайг блок хийгээд алга болсон. ...” /3хх 17-18/,

Хил хамгаалах ерөнхий газар, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А-ын “... Тус ангид гэрээт цэргийн алба хааж байсан Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн харьяат Т-ийн Ө- нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 3 хоногийн чөлөө авч явсан. Т.Ө- нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө ажилдаа ирчихсэн байх ёстой байсан ч өнөөдрийг хүртэл ажилдаа ирээгүй цэргийн албанаас оргон зайлчихаад байгаа юм. Миний бие Т.Ө-тай 3 удаа утсаар холбогдож тус ангид ирүүлэх арга хэмжээ авсан боловч "одоо очлоо, унаанд сууж байна, очоод албаа нэртэй хаана" гэж хэлээд утсаа хаагаад ирэхгүй байгаа. Гэрээт цэргийн алба хаагч Т.Ө- нь “ээжийнхээ газар дээр очно” гэж чөлөө авсан бөгөөд энэ талаар аав Т-той ******, Дорнод аймагт оршин суух эгч Т.Т-тэй ******* дугаартай утсаар холбогдож тодруулахад аав, болон эгч дээрээ огт очоогүй байсан. Т- нь Ө-ын өргөж авсан аав нь бөгөөд “Улаанбаатар хотод төрсөн ээж нь байдаг” гэх мэдээллийн дагуу эгч Т-ээр энэ талаар асуулгахад чөлөө авснаас хойш нэг удаа төрүүлсэн ээжтэйгээ уулзсан байна гэж эгч Т- хэлсэн. Гэрээт цэргийн алба хаагч Т.Ө- нь 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 2 жилийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр дуусах ёстой. ...” /2хх 107/,

гэрч М.Ө-н “... байр хайж байгаад Ө- гэдэг хүнтэй холбогдож байрыг нь түрээслэхээр болсон юм. Тэгээд би энэ талаараа ээждээ хэлээд Ө- гэдэг хүнтэй холбогдуулсан ...” /1хх 167-168/ гэх мэдүүлгүүд,

Т.Ө-ын Хилийн цэргийн ангиас 3 хоногийн чөлөө хүссэн талаарх өргөдөл, бусад баримтууд /2хх 139-144/,

“*******” ББСБ-ын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 47/24 тоот албан бичиг, хавсралтаар ирүүлсэн нотлох баримтууд /2хх 134-138/

Т.Ө-ын зээлийн мэдээллийн лавлагаа /1хх 132/,

“Нөмөр” ББСБ-ын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02/01657 тоот албан бичиг /2хх 140/

Т.Ө-ын Төрийн банкны дансны гүйлгээ хийсэн баримт /1хх 111/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 154-157/,

Фэйсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 11-12/,

“Титан си ар эй змс” ХХК-ийн сайнскор зээлийн мэдээллийн сан /1хх 53/,

Хил хамгаалах ерөнхий газар, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/11 тоот албан бичиг /1хх 107/,

Цэргийн гэрээт албыг байлдагч, түрүүчээр хаах гэрээ /1хх 117-119/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Т.Ө-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Т.Ө-ыг үргэлжилсэн үйлдлээр, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг, мөн түүнийг цэргийн алба хааж байх хугацаандаа цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн ангиас олгосон чөлөө дууссаны дараа эргэж ирэлгүйгээр цэргийн албанаас оргон зайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч Т.Ө-ын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс мөн оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр “бусдад байр түрээслүүлнэ”, “гар утас зарна”, “зээл гаргаж өгнө”, “гар утасны дугаарыг чинь интернет банктай холбож өгье” гэх мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч нарын банк, санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авахад шаардагдах мэдээллийг авч, тухайн мэдээллийг ашиглан зээлийн аппликэйшнуудаас бусдын нэр дээр зээл авч бусдад нийт 13.710.900 төгрөгийн хохирол учруулж залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Хилийн цэргийн 0306 дугаар ангид 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн гэрээт хилчнээр томилогдон ажиллаж байх үедээ 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цэргийн албанаас 3 хоногийн хугацаагаар албан чөлөө авсан боловч чөлөөний хугацаа дуусахад эргэж ирэлгүй цэргийн албанаас оргон зайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг. 

 

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаарна.  

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шүүгдэгч Т.Ө- нь “... өөр цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж буй хэргүүдээ нэгтгэн шийдвэрлүүлэх ...” агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Ө-т холбогдох 2439001490219 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн асуудлыг хэлэлцэн, ял оногдуулж, шийтгэх тогтоол гаргасныг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.Ө-т холбогдох яллагдагчаар татагдсан өөр гэмт хэрэг байгаа эсэх нь тогтоогдоогүй байх тул тэрээр өөрт холбогдох гэмт хэргийн шинжтэй бусад үйлдлүүдийг нэгтгэн шалгуулах замаар энэ хэргээс тусад нь мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” зохицуулалтын дагуу шүүхээс хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэх байдлаар шийдвэрлүүлэх боломжтой.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Т.Ө-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Т.Ө-ын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт 94 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1481 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Ө-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө-ын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт 94 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ