| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00339/И |
| Дугаар | 314/ШШ2026/00102 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 314/ШШ2026/00102
2026 01 20 314/ШШ2026/00102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын *** дүүргийн ** дугаар хороо, **** тоотод оршин суух, ** онд төрсөн, ** настай, ** овгийн **** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар баг, ** дүгээр гудамжны, ** тоотод байрлах “*****” ХХК,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар багт байрлах “***” ХХК,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ** дугаар баг, *** тоотод оршин суух, **онд төрсөн, ** настай, **,
Хариуцагч: Улаанбаатар хот, **** дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар байр, *** тоотод оршин суух, **онд төрсөн, ** настай, **** нарт холбогдох
“Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 56832500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч, “***” ХХК, “***” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч ***, *** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, нарийн бичгийн дарга Д.Бямбадолгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** нь “***” ХХК, “***” ХХК, ***, *** нарт холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 56832500 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2. Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Өвөрхангай аймагт байр худалдан авах зорилгоор аймгийн зарын фэйсбүүк групп дээрээс 1 өрөө Б-1 давхрын байр зарна гэсэн зарын дагуу *** болон түүний хүү болох *** нартай холбогдсон. Тухайн зарыг *** нь байршуулсан байсан. Уг байр нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг, ***ийн 4 дүгээр гудамж, *** дүгээр байрны *** давхрын 1 тоотод байсан. Улмаар бид харилцан тохиролцоод уг байрыг худалдаж авахаар болсон. Ингээд байрны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж авах гэтэл *** болон түүний хүү *** нар нь уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээ нь “***” ХХК-ийн нэр дээр байдаг. Бид тус компанитай санхүүгийн түрээсийн гэрээ хийж авч байсан юм. Одоо үлдэгдэл нь 13107500 төгрөг байгаа, гэрчилгээ нь бидэнд байхгүй “***” ХХК-ийн нэр дээр байгаа, үлдэгдэл төлбөрийг төлөөд ав гэж хэлсэн. Тэгээд ***ын төрсөн эгчтэй хамт “***” ХХК дээр очиж уулзсан чинь *** гэдэг хүн уг байрыг манайхаас 2020 онд 33107000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Одоо үлдэгдэл нь 13107500 төгрөг байна гэж хэлсэн. Та манай компанитай тухайн *** гэх хүний худалдаж авч байсан 33107000 төгрөгөөр худалдаж авснаар гэрээ байгуулаад үлдэгдэл 13107500 төгрөгийг төлбөл өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгнө гэж хэлсэн. Ингээд. “***” ХХК 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ” хийсэн. ***, *** нар нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг, ***ийн 4 дүгээр гудамж, *** дүгээр байрны *** давхарын 1 тоотод байрлах 38,95 м2 байрыг 63000000 төгрөгөөр худалдана гэсэн. Ингээд 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Хангамж-Өргөө” ХХК-ий Хас банкны 5002551458 тоот дансанд 13107500 төгрөг, мөн 9, 10 дугаар сарын худалдан авсан түрээсийн төлбөрт 600000 төгрөг, нийт 13707500 төгрөг шилжүүлсэн. ***, *** нарт өгөх төлбөрөө 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ***ын Худалдаа хөгжлийн банкны 432025459 тоот дансанд 40000000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 3125000 төгрөг нийт 43125000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 6000000 төгрөгийг хувааж өгөхөөр тохиролцсон. Ингээд уг байрыг өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж шилжүүлж авсан. Гэтэл 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос иртэл уг байрны угаалгын өрөөнөөс бохир хальсан байдалтай байсан. Ингээд Онги-Ус суваг руу дуудлага өгсөн. Мөн хөрш айлуудад энэ талаар хэлэхэд тухайн айлууд зүгээр байсан бөгөөд наад байр чинь өмнө нь хэд хэдэн удаа бохир нь хальдаг байсан гэж хэлсэн. Мөн Онги-Ус суваг ТБОНӨОХХК нь өмнө нь бохир ус хальдаг байсан талаар хэлсэн. ***, түүний хүү *** нар болон *** ХХК нь уг байрыг надад худалдахдаа бохирын ус хальдаг, мөн сантехникийн асуудалтай талаар огт хэлээгүй. Ингээд энэ талаар ***, түүний хүү *** нарт хэлэхэд уг нь засвар хийгээд янзалчихсан байсан юм гэж хэлсэн. Би гэрээгээ цуцлаад мөнгөө буцааж авъя, та нар надад доголдолтой эд хөрөнгөө зарсан байна гэж хэлсэн. Тэгтэл одоо наад байрыг чинь өөр хүнд зарж байж чиний мөнгийг гаргаж өгнө гэж хэлсэн. Гэтэл одоо болтол энэ талаар хариу өгөхгүй, миний мөнгийг буцааж өгөхгүй байна. Одоогийн байдлаар уг байр нь ойр ойрхон бохирын ус хальдаг болсон. Ямар ч хүн амьдрах боломжгүй байдалтай байна. Бохирын ус хальснаас болж үнэр их гардаг болсон. Ханын доод хэсгүүдээр мөөгөнцөр үүссэн. Мөн уг байранд огт амьдраагүй байхад хэрэглээний зардлууд нэхэгдэж байна. Иймд талуудын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, худалдаж авахаар төлсөн 56832500 төгрөгийг ***, *** болон *** ХХК-иас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *** нь 2024 онд зарын сайтаар дамжуулан *** овогтой *** гэдэг хүнтэй холбогдож Арвайхээр сумын 13 дугаар багт байрлах *** дүгээр байрны Б1 давхрын 1 тоот байрыг худалдан авахаар харилцан тохиролцож үзэж танилцсан байдаг. Тийнхүү тохиролцох үед тухайн байрны өмчлөх эрхийн гэрчилгээ нь “***” гэдэг компанийн нэр дээр байдаг талаар тайлбарласан. Ингэхдээ *** нь “***” компанитай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд нийт 13107500 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. “***” компанийн зүгээс үлдэгдлийг бүрэн төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлж өгөх боломжтой гэсэн байдаг. Үүний дагуу нийт 13107500 төгрөгийг “***” ХХК-ийн Хас банкны данс руу 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн, мөн 2024 оны 9, 10 дугаар сарын түрээсийн гэрээний төлбөрт нийт 600000 төгрөгийг нэмж шилжүүлснээр нийт 13707500 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “***” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Нийт 38 м² талбайтай байрыг 63000000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, ***ын данс руу 2024 оны 10 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд нийт 43125000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл мөнгийг хувааж төлөхөөр тохиролцсон байдаг. Гэтэл 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тухайн байрны угаалгын өрөөнөөс бохир хальсан байдал илэрч, үүний дагуу “Онги Ус Суваг” ХХК-руу дуудлага өгч, хажуу айлуудаас тодруулахад ийм бөглөрлийн асуудал гараагүй талаар хэлж, “Онги Ус Суваг” ХХК-ийн ажилтнууд дуудлагын дагуу ирэхдээ өмнө нь уг байранд удаа дараа бохир хальж байсан талаар хэлсэн байдаг. Байрыг худалдаж авах үед ***, *** нар нь тухайн байрны бохир хальдаг талаар огт дурдаагүй, харин засвар хийсэн, асуудал гарахгүй гэж тайлбарлаж байсан. Үүний улмаас нэхэмжлэгч *** нь гэрээг цуцалж, төлсөн мөнгөө буцаан авах хүсэлт гаргахад удахгүй байрыг зарж мөнгийг буцаан өгнө гэж хэлсэн боловч бодитоор буцааж өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь “Онги Ус Суваг” ХХК-д албан ёсоор хүсэлт, гомдол гаргасан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 150 дугаартай албан бичгээр 12 дугаар сумын 13 дугаар багт байрлах *** дүгээр байрны *** давхрын 1 тоотод оршин суугч *** нь 2024 оны 1 дүгээр сараас эхлэн ариутгах татуургын шугамд нийт 6 удаагийн дуудлага өгч засварлуулсан, цаашид байрны хэвтээ шугамд засвар хийж, бохир ус дахин халахгүй нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай гэсэн гүйцэтгэх захирал Ц.***гийн албан бичиг ирсэн. Мөн 2025 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан гомдолд хариу өгсөн уг албан бичигт Арвайхээр сумын 13 дугаар багийн *** дүгээр байрны *** давхрын 1 тоотод бохир ус хальсан шалтгаан нь тухайн байрны хэвтээ шугамын гаргалгаанд бөглөрөл үүссэнтэй холбоотой, цаашид үл буцах клапан суурилуулах шаардлагатай, эс бөгөөс бохир хальсаар байна гэсэн байдаг. Иймээс нэхэмжлэгчийн зүгээс доголдолтой эд хөрөнгийг доголдолтой гэдгийг мэдэгдэлгүйгээр худалдсан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. “***” ХХК болон “***” компани руу шилжүүлсэн санхүүгийн түрээсийн гэрээний төлбөр 13107500 төгрөг, 9, 10 дугаар сарын түрээсийн төлбөр 600000 төгрөг, нийт 13707500 төгрөг, мөн ***, *** нараас шилжүүлсэн 43125000 төгрөгийг тус тус хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгч ***ад олгож өгнө үү гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бохир хальсан талаар хэлж байгаагүй гэсэн. 2024 оны 12 дугаар сард бохир ус хальчихсан байна гээд дуудахаар нь би яваад очсон чинь хальчихсан байсан. Тэгээд компанид нь танай талаас болж энэ асуудал үүсээд байгаа юм биш үү? гэхэд оршин суугчийн үйлдлээс болж байна гэж байсан. Бохирын суваг яагаад ингээд байдаг юм бэ? гэж асуухад оршин суугч өвгөнөөс шалтгаалж хальдаг байж магадгүй гэж ярьсан. Тэгээд барилгын шугамын талаар таньдаг инженерээс асуухад бохирын хоолой нь анх 150-200 метрийн хоолой байх ёстой атал 100 метрийн хоолойгоор явсан байж магадгүй. Тэгээд хальж байгаа байж болзошгүй гэж байсан. Тэгээд *** бойлуураа асаадаггүй юм. Засвар хийж байх үед гал тогооны тавилга, угаалтуурын орчимд бохир ихтэй, ариун цэврийн байдал муу байсан тул бодис хийлгэж, “Онги Ус Суваг” ХХК-ийн ажилтныг дуудаж цэвэрлүүлсэн. Эхэндээ бид бойлуур, гал тогооны хэрэглээнээс шалтгаалж бохир хальж байна гэж ойлгоод байсан чинь дараа нь засвар хийсний дараа бараг хүн амьдраагүй байхад дахин бохир ус хальсан тохиолдол гарсан. Үүнээс харахад энэ асуудал нь манай талаас бус, харин тухайн компанийн шугам сүлжээний буруугаас шалтгаалж байна гэж үзэж байна. Нэхэмжилж байгаа зүйлийн хувьд хариуцагч нараас мөнгө гаргаж өгнө гэсэн ойлголт байхгүй. Мөн тухайн *** гуай олон жил уг байранд амьдарч амьдарсан. Компанийн зүгээс бол ***өөс болж хальж байна гэж хэлдэг байсан гэв.
6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “***” ХХК-тай *** гуай нь өмнө нь *** давхрын орон сууцны байруудыг түрээсийн гэрээгээр түрээслэн, улмаар түрээслээд худалдаж авах нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээг 7 жилийн хугацаатай байгуулж байсан. Уг хугацаанд түрээслэгч нар солигдож явсан бөгөөд анх Сандагсүрэн гэдэг хүнтэй гэрээ байгуулж байсан, дараа нь *** гуай тухайн байранд орж ирж, харилцан тохиролцсоны үндсэн дээр түрээсийн гэрээ байгуулан орсон. Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг биелүүлэхгүй тохиолдолд тухайн байрыг сар бүр 300000 төгрөгийн түрээсийн төлбөртэйгөөр түрээслэн ашигласан гэж тооцож, гэрээг цуцална гэсэн заалт гэрээнд тусгагдсан. Мөн түрээсийн хугацаанд сууж байгаад уг байрыг бусдад зарахдаа нэмэгдэл үнэ авч, өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байж 40 гаруй сая төгрөгийг өөрийн дансандаа авсан атлаа түүнийг төлөхгүй гэсэн асуудлыг манайх хүлээн зөвшөөрөх боломжгүй. Манай компанийн хувьд нэхэмжлэгч Б.***ын түрээсийн хугацаанд манай дансанд шилжүүлсэн санхүүгийн түрээсийн гэрээний болон түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа боловч байрыг манай компанийн нэр дээр буцаан шилжүүлж өгсөн тохиолдолд, эсхүл хариуцагч нараас зөрүү мөнгөө бүрэн авсан тохиолдолд манайх тухайн байрыг буцаан авахдаа санхүүгийн түрээсийн гэрээгээр тогтоогдсон 33800000 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээнд төлбөр хийх боломжтой. *** гуайн хувьд хэрэв байрыг шилжүүлэн өгсөн тохиолдолд *** гуайн тухайн байранд сууж байсан хугацааны түрээсийн төлбөрийг тооцон зөрүү мөнгөнд нэмж бодож буцаан олгож болно. Харин *** гуайн хувийн дансанд орсон мөнгийг манай компани төлөх боломжгүй гэв.
7. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг гаргаж өгсөн: иргэний үнэмлэхний хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн итгэмжлэл, ***ын иргэний үнэмлэхийн лавлагаа, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1920 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, Н.Батхүү, *** нарын иргэний үнэмлэхний хуулбар, 001088649, 001234337 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, “Онги Ус суваг” ТБОНӨОХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 150 тоот албан бичиг, Хас банкны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн төлбөрийн баримтууд, Хаан банкны 2024 оны 10 дугаар сарын 25, 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шилжүүлгийн баримтууд, гэрэл зургууд, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №***/13 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээний хуулбар, хавсралтууд, “Онги Ус суваг” ТБОНӨОХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 131 тоот албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
9. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***ын хүсэлтээр 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №***/05, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №***/13 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээний хуулбар, хавсралтууд, “Онги Ус суваг” ТБОНӨОХХК-аас 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот албан бичиг, “Онги Ус суваг” ОНӨААТҮ газрын 2024 оны дуудлага үйлчилгээний бүртгэлийн хуулбар, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Хаан банкны 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1920 дугаартай худалдах, худалдан авах гэрээ, “***” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, схем зураг, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн БУ-06/2019 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 001234337 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар тус тус бүрдүүлсэн.
10. Хариуцагч нар нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *** дараах үндэслэлээр шаардах эрхээ “...худалдан авсан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг, ***ийн 4 дүгээр гудамж, *** дүгээр байрны *** давхрын 1 тоот байрны угаалгын өрөөнөөс бохир халихад Онги-Ус суваг руу дуудлага өгөхөд наад байр чинь өмнө нь хэд хэдэн удаа бохир нь хальдаг байсан талаар хэлсэн. ***, түүний хүү *** нар болон “***” ХХК нь уг байрыг надад худалдахдаа бохирын ус хальдаг, мөн сантехникийн асуудалтай талаар огт хэлээгүй...” гэж тайлбарласан.
Харин хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нэхэмжлэлийн шаардлагын татгалзлыг “...бохир хальсан талаар хэлж байгаагүй гэсэн. *** 2024 оны 12 дугаар сард бохир ус хальчихсан байна гээд дуудахаар нь би яваад очсон. Тэгээд компанид нь танай талаас болж энэ асуудал үүсээд байгаа юм биш үү? гэхэд оршин суугчийн үйлдлээс болж байна гэж байсан. Нэхэмжилж байгаа зүйлийн хувьд хариуцагч нараас мөнгө гаргаж өгнө гэсэн ойлголт байхгүй...” гэж,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нэхэмжлэлийн шаардлагын татгалзлыг “...нэхэмжлэгч ***ын түрээсийн хугацаанд манай дансанд шилжүүлсэн санхүүгийн түрээсийн гэрээний болон түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа боловч байрыг манай компанийн нэр дээр буцаан шилжүүлж өгсөн тохиолдолд, эсхүл хариуцагч нараас зөрүү мөнгөө бүрэн авсан тохиолдолд манайх тухайн байрыг буцаан авахдаа санхүүгийн түрээсийн гэрээгээр тогтоогдсон 33800000 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээнд төлбөр хийх боломжтой...” гэж тус тус тайлбарлан маргажээ.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ***/13 тоот санхүүгийн түрээсийн гэрээгээр ***, Б.Энхтөгөлдөр нар нь “***” ХХК-тай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг, ***ийн 4 дүгээр гудамж, *** дүгээр байрны *** давхрын 1 тоотын 38,95 мкв талбайтай 1 өрөө бүхий “***” ХХК-ийн өмчлөлийн орон сууцыг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 525/ оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 97 сарын хугацаатай түрээслүүлжээ.
Хариуцагч *** нь дээрхи орон сууцыг түрээслэхдээ 4100000 төгрөгийг төлж үлдэгдэл 29007500 төгрөгийг 97 сарын хугацаатайгаар сар бүр 300000 төгрөг төлөхөөр “***” ХХК-тай харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгч *** нь ***, *** нартай Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ***дугаар баг, **н 4 дүгээр гудамж, *** дүгээр байрны *** давхрын 1 тоот 38,95 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцсон байна.
4. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг, ***ийн 4 дүгээр гудамж, *** дүгээр байрны *** давхрын 1 тоот 38,95 мкв талбайтай 1 өрөө орон сууц нь “***” ХХК-ны өмчлөлд байсан учир нэхэмжлэгч *** нь “***” ХХК-тай дээрхи орон сууцыг худалдах худалдан авах гэрээг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан бөгөөд дээрхи гэрээний талаар зохигчид маргаагүй болно.
Нэхэмжлэгч *** нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу “***” ХХК-д 13107500 төгрөгийг мөн уг орон сууцны 2 сарын түрээсийн төлбөр 600000 төгрөг, ***, *** нарт 43125000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хас банкны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн төлбөрийн баримт, Хаан банкны 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шилжүүлгийн мэдүүлгийн баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгч нь “***” ХХК-д Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг, ***ийн 4 дүгээр гудамж, *** дүгээр байрны *** давхрын 1 тоот 38,95 мкв талбайтай 1 өрөө орон сууцны 2 сарын түрээсийн төлбөр 600000 төгрөгийг шилжүүлсэн боловч нэхэмжлэгчтэй орон сууц түрээслэх түрээсийн гэрээ байгуулаагүй байна.
5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч ***, ***, “***” ХХК, “***” ХХК нар нь эрхийн болон биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй байна.
6. Гэвч дээрхи гэрээний дагуу Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг, ***ийн 4 дүгээр гудамж, *** дүгээр байрны *** давхрын 1 тоот 38,95 мкв талбайтай 1 өрөө орон сууцны бохир ус хальдаг доголдолтой байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан “Онги Ус суваг” төрийн болон орон нутгийн өмчийн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 150 дугаартай албан бичиг, “Онги Ус суваг” ОНӨААТҮГазрын дуудлага үйлчилгээний бүртгэл зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч *** нь дээрхи орон сууцны бохир хальдаг доголдлыг арилгуулахаар хариуцагч нарт мэдэгдсэн боловч хариуцагч ***, ***, “***” ХХК, “***” ХХК нь дээрхи доголдлыг арилгаж чадаагүй байна.
Иймд нэхэмжлэгч *** нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж хариуцагч нарт төлсөн орон сууцны төлбөрийг шаардах эрхтэй байна.
7. Харин нэхэмжлэгч *** нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг, ***ийн 4 дүгээр гудамж, *** дүгээр байрны *** давхрын 1 тоот 38,95 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг худалдан авахаар “***” ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулсан боловч гэрээний төлбөрт 13107500 төгрөгийг “***” ХХК-д шилжүүлсэн нь банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул “***” ХХК-наас 13107500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд хариуцагч “***” ХХК-аас 13707500 төгрөг, хариуцагч ***, *** нараас 43125000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***ад олгож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ***” ХХК-аас 226487 төгрөг, хариуцагч ***, *** нараас 373575 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 450262.5 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “***” ХХК-аас 13707500 төгрөг, хариуцагч ***, *** нараас 43125000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***ад олгож, “***” ХХК-аас 13707500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ***” ХХК-аас 226487 төгрөг, хариуцагч ***, *** нараас 373575 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 450262.5 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА