| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 2419004630155 |
| Дугаар | 2025/ДШМ/58 |
| Огноо | 2025-09-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/58
Т.Год холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
прокурор: Ц.Цэрэндулам,
хохирогч: М.Г, Б.Б ,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Жаргалсайхан,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы давж заалдсан гомдолд үндэслэн, шүүгдэгч Т.Год холбогдох 2419004630155 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхбүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.*.
2.Шүүгдэгч Т.Г нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн * тоотод хамтран амьдрагч М.Гтай “хаалганы цоож эвдлээ” гэж маргалдан улмаар хутгаар түүний баруун гарын 5 дугаар хурууны шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан, мөн Б.Б ийн эзэмшлийн iphone 16 promax маркийн гар утас, М.Ггийн эзэмшлийн редми маркийн гар утсуудыг шидэж Б.Б т 2,200,000 төгрөг, М.Гд 80,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Дорноговь аймгийн прокурорын газраас Т.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4.Анхан шатны шүүх: “…Шүүгдэгч Т.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Год 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Год 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Год Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох тус тус оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 1,100,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Год шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Т.Гоос 2,408,847 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б т, 244,400 төгрөгийг гаргуулан хохирогч М.Гд тус тус олгож,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдсан гомдолдоо болон тус шүүх хуралдаанд тайлбартаа: “Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, түүнээс үүсч болох үр дагаврыг хэргийн бодит байдалд нийцүүлэн дүгнэж чадаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлтэй холбогдуулан Т.Гын гэрт түүний зөвшөөрөлгүйгээр гэрийнх нь үүд, хаалгыг шууд эвдэн орон байранд хууль бусаар нэвтрэн орсон энэ хэргийн хохирогч нар болох М.Г, Б.Б нарын хууль бус үйлдэлд шууд хамааралтай нөхцөл байдлыг орхигдуулсан нь учир дутагдалтай.
Өөрөөр хэлбэл, Т.Гын хувьд энэхүү хохирогч нарын хууль бус үйлдэл буюу түүний гэрт хууль бусаар нэвтрэн орсонд маш ихээр цочирдон балмагдаж, бухимдан энэ нөхцөл байдлыг үүсгэсэн байж болзошгүй үндэслэлтэй уялдаатайгаар түүнийг гэм буруутайд тооцсон бусдын эд зүйлсийг гэмтсэн байхыг үгүйсгэх аргагүй үндэслэлийг зөв зүйтэйгээр дүгнэхийг хүсч байгаа ба тиймээс ч Т.Г нь энэхүү үйлдлийг хэдийд ямар байдлаар яаж үйлдэгдсэн болохыг тодорхой санадаггүй, мэддэггүй учраас уг үйлдлийн гол шаардлага болох гэм буруугийн санаатай үйлдэлтэй холбогдон хөндөгдөх санаа зоригийн хэлбэрийг зөв тогтоох нь чухал юм.
Нөгөө талаас, хохирогч нарын гар утас ширээн дээр байсан, түүнийг Т.Г хэдийд ямар байдлаар яаж авч шидсэн гэх үйл баримтыг хэн ч бодитойгоор үзэж харсан байдлаар тодорхой мэдүүлдэггүй атал энэ бүгдийг зөвхөн тухайн болсон үйл баримтын хийсвэр сэтгэхүйгээр төсөөлж 2 хохирогч гарахад ширээн дээр байсан утас буцаж орж ирэхэд эвдэрсэн байсан гэх логикоор дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хууль зүйн шаардлагатай зөрчилдөж байгаа болно.
Ийнхүү Т.Год холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл холбогдол нь эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдох боломжгүй тул уг үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч М.Г гаргасан тайлбартаа: “Тухайн өдөр эмнэлэгт очиж гараа боолгоод цагдаагийн зөвлөснөөр утсаа үнэлүүлээд мөрдөгчид дүгнэлтийг өгсөн. Тухайн өдөр бид хоёр гэрт ороод ширээн дээр гар утсаа тавьсан. Тэгээд цагдаа дуудах гээд утаснуудаа хайсан чинь ширээ дээр байхгүй, паарны ардуур унасан байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
7.Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Б.Б гаргасан тайлбартаа: “Гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэхээр би тухайн утсыг аваад удаагүй байж байгаад эвдлүүлсэн. Зүгээр байсан утсыг хана руу шидээд паарны ард унагасан байсан. Тэгээд тухайн үед шилэн наалт нь л хагарсан гэж бодсон чинь эх дэлгэц рүүгээ орж хагарсан байсан. Мөрдөгч хүртэл харсан. Одоо утсаа зарах гэсэн ч үнэд хүрэхгүй, учир нь дэлгэц сольсон” гэв.
8.Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Цэрэндулам гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмтээх гэмт хэргийг юугаар тогтоосон гэхээр хохирогч нарын удаа дараа мэдүүлсэн мэдүүлгүүд байгаа. Тухайн хэрэг болдог өдөр гэрт орж ширээ дээр утсаа тавьсан байхад Т.Г гаднаас орж маргаан бүхий үйл баримт болсон. Маргаан болсны дараа хохирогч нар гадаа гараад гадна үйл явдал өрнөөд Т.Гыг цагдаа нар ирээд явсны дараа утсаа хайгаад гэртээ ороход хоёр утас паарны ардаас эвдэрхий байдалтай гарч ирсэн нөхцөл байдал нь хохирогч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлтийг үйлдсэн. Т.Г тухайн утсыг эвдсэн талаар мэдэхгүй байна гэж анхан шатны шүүх хуралдааны үед мэдүүлдэг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг зөвтгөх шалтгаан болохгүй гэдэгтэй адил энэ үйлдлээ мэдэхгүй байна гэдгийг хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй. Өөрөөр хэлбэл, яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, үйлдсэн байх гэмт хэргээ нотлохгүй байх эрхээ эдэлж ингэж мэдүүлж байна гэж харж байгаа. Хоёрдугаарт, Т.Г хагалгаанд орсноос хойш мартаж санадаг, түргэн уурладаг болсон гэж мэдүүлдэг. Үүнтэй нь холбоотой байхыг ч үгүйсгэхгүй. Мэдэхгүй байна гэдэг мэдүүлгийг үндэслэн энэ хэргийг хэрэгсэхгүй болгох нь учир дутагдалтай. Мөн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн үйлдэл байна гэж өмгөөлөгч тайлбарлаж байна. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийсэн. Яагаад гэхээр Т.Г гуайн мэдүүлэгт “манай гэрт энэ хоёр хүн зөвшөөрөлгүй орсон” гэсэн байдаг учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан орон байранд хууль бусаар нэвтэрсэн үйл баримт байгаа эсэх талаар шалгасан. Гэмт хэрэг гарсан газар буюу Дорноговь аймгийн * тоотод М.Г, Т.Г нар нь хамт амьдарч байсан. Эдгээр хүмүүс 22 жил гэрлэлтийн баталгаагүй ч гэсэн хамтран амьдарч байсан нь хэрэг авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Үүнийг гэрч Отгонтөгс нотолдог. Мөн багийн Засаг даргын тодорхойлолтоор дээрх хүмүүс хамт амьдардаг нь үнэн гэдэг нь тогтоогддог тул орон байранд хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үгүйсгэгдэж байгаа. Мөн хохирогч М.Г бид хоёр ялимгүй зүйлээс болж маргалдан би хот руу явж биеэ үзүүлэх гэж хоёр сарын хугацаагаар явахад гэртээ орох боломжгүй болдог юм уу, миний гэр шүү дээ гэсэн яриа нь хэргийн бодит байдалтай нийцэж байсан учраас бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг байхгүй байна. Харин Т.Г түлхүүрээ үлдээгээгүйн улмаас хохирогч хаалгаа нээж чадахгүй гадаа хүйтэн байсан учраас хаалганы цоожийг эвдэлж гэрт орсны улмаас Т.Г уурлаж хохирогч М.Ггийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч М.Г болон Б.Б нарын гар утсыг шидэж гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Гын өмгөөлөгч Ж.Жаргалсайханы давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Гыг хохирогч М.Ггийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, мөн хохирогч М.Г, Б.Б нарын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болсон гэж давж заалдах шатны шүүх үзсэн.
3.Дорноговь аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Гын хохирогч М.Ггийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хохирогч Б.Б т 2,200,000 төгрөгийн, хохирогч М.Гд 80,000 төгрөгийн хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
4.Хэрэгт авагдсан баримтуудаар 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн * тоотод шүүгдэгч Т.Г нь хамтран амьдрагч М.Гтай хаалганы цоож эвдлээ гэж маргалдан, улмаар хутгаар хохирогч М.Ггийн биед буюу баруун гарын 5 дугаар хурууны шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан,
мөн хохирогч Б.Б ийн эзэмшлийн Айфон-16 про макс загварын гар утас, хохирогч М.Ггийн эзэмшлийн Рэйдми маркийн гар утаснуудыг шидсэний улмаас эвдэрч, Б.Б т 2,200,000 төгрөгийн, М.Гд 80,000 төгрөгийн хохирол тус тус учирсан үйл баримт тогтоогдсон байна.
5.Шүүгдэгч Т.Гын гэм буруутай нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-2-5/, хохирогч М.Г, Б.Б нарын мэдүүлгүүд, хохирогч М.Ггийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02/531 дугаартай “Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээнд: 1.М.Ггийн биед баруун гарын 5 дугаар хурууны шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3.Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт /хх-22/, “Ашид билгүүн хөрөнгийн үнэлгээ” ХХК-ийн “Iphone-16 pro max дэлгэц 2,200,000 төгрөг, Redme маркийн гар утасны дэлгэц 80,000 төгрөг” гэж үнэлсэн үнэлгээний тайлан /хх-25-29/, “Хас үнэлгээ” ХХК-ийн “Айфон 16 про макс гар утас дэлгэц 1,950,000 төгрөг” гэж үнэлсэн үнэлгээний тайлан /хх-53-56/, гар утас засварын болон худалдан авсан и-баримт, гэрч Д.Оийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдсон ба шүүгдэгч Т.Гын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр тус тус өгсөн мэдүүлгээр батлагдсан байна.
6.Шүүгдэгч Т.Год холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн шалган тогтоосон, хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
7.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Г нь өмгөөлөгчөөрөө дамжуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл холбогдол нь эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдох боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй гэж дүгнэв. Учир нь:
Шүүгдэгч Т.Г, хохирогч М.Г нар нь 10 гаруй жил хамтын амьдралтай бөгөөд гэрээсээ хохирогч М.Г нь яваад 2 сарын дараа эргэж ирэхэд гэрийн цоожоо сольсон, түүнийг гэртээ харихаар ирж явааг мэдсээр байж гэртээ байхгүй, утсаар дуудахад ирэхгүй байсан тул гэрийн цоожоо эвдэж орсныг Т.Гын өмчлөлд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, багийн Засаг даргын тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрдүүлж, цуглуулсан нотлох баримтуудаар хохирогч М.Г, Б.Б нарын гар утас эвдэрсэн нь нотлогдсон бөгөөд тус эд хөрөнгийн эвдрэл нь шүүгдэгч Т.Гын үйлдэлтэй шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тус гэмт хэргийн материаллаг шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийн эд хөрөнгийг гэмтээх, устгах үйлдлийг харсан үзсэн гэрчгүйгээр логикоор дүгнэлт хийсэн гэх гомдол үндэслэлгүй.
8.Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж дүгнэв.
9.Эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Гын өмгөөлөгч Ж.Жаргалсайханы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Гын өмгөөлөгч Ж.Жаргалсайханы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг мэдэгдсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой үндэслэлээр хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
Д.МӨНХБҮРЭН