2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 193/ШШ2026/00348

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 193/ШШ2026/00348

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Багахангай,******* Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч буюу хүсэлт гаргагч: *******,*******,******* Цагдаагийн хэлтсээс

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******,*******,*******,*******,******* оршин суух, Боржигин овогт *******ын /РД:/-ыг

 

Захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

... Г. нь аав,******* амьдардаг. Ээж нь цагдаад байнга хүсэлт гаргадаг. Өмнө нь явуулах гээд шүүхэд хүсэлт гаргасан боловч, өөрөө эмчилгээнд хамрагдана гэсэн. Тэр өдрөөс хойш эргүүлийн хугацаанд 2 удаа согтуугаар надтай таарсан. Өчигдөр бүлэглэн архидан согтуурсан байна гэх дуудлагаар очиход Г. нь ын гэрт буюу айлд согтуугаар унтаж байсан. Ажил хийж байгаа гэсэн боловч 2023 оноос хойш нийгмийн даатгал төлөгдөөгүй байсан. Мөн ар гэрээс нь дахин дахин хүсэлт ирсэн. Гудамж талбайд архидан согтуурч тасраад унах эрсдэлтэй. Эмнэлэг дээр дагуулж очиж эмнэлгийн дүгнэлт үнэн зөв эсэх талаар асуусан. Эмч үнэн зөв талаар амаар хэлсэн. Г. гомдол гаргаагүй. Иймд архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Би урьд шүүх хурал дээр архи дарс ахиж ер нь хэрэглэхгүй гэж амлалт өгсөн. Тэр бол үнэн. Тэр шүүх хуралдаанаас хойш би гэр бүлээрээ ярилцаад, одоо баяр ёслол болох гэж байгаа учраас архи дарснаас хол байя гэж шийдсэн. Миний хувьд архи дарс уухгүй, өмнө хийсэн үйлдлүүдээ давтахгүй гэж бодсон. Дахиад боломж олговол өөрөө архины эмчилгээнд хамрагдана. Олон сараар явбал зээлээ төлж чадахгүйд хүрнэ. Тийм учраас албадан эмчилгээнд явахгүй гэсэн өмнө гаргасан тайлбараа дэмжиж байна. Эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч гомдол гаргаагүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс нь Г.г захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал, 15 дугаар зүйлийн 15.4-т Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтийг тус шүүхэд гаргасан. Түүнчлэн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4-т заасан хүсэлт гаргах эрхтэй этгээд нь гэр бүлийн гишүүн ээж Р.Эрдэнэчимэг нь нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан нь хуульд нийцэж байна.

 

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д согтуурах, мансуурах донтой хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор захиргааны журмаар албадан эмчлэх, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заасан.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл Г. нь архидан согтуурч, нийгмийн хэв журмыг зөрчдөг, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй болох нь**************ны засаг даргын тодорхойлолт,**************ны хамтарсан багийн хурлын тэмдэглэлээр, түүнчлэн зөрчил гаргаж байсан, удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан болох нь Цагдаагийн бүртгэл хяналтын системээс гаргасан баримт,******* Цагдаагийн хэлтсийн тодорхойлолт, тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Түүнчлэн гуравдагч этгээд Г. нь архины хамааралтай болох нь******* Эрүүл мэндийн төвийн эмч нарын Согтуурах мансуурах донтой F10.8 захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болно гэх дүгнэлтээр тогтоогдох бөгөөд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д Энэ хуулийн 5.2-т заасан  дүгнэлтийг тухайн хүн, түүний гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн эс зөвшөөрвөл сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллагад хандан гомдол гаргаж болно гэж заасны дагуу Г. нь эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, уг дүгнэлтийг маргаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Түүний хувийн байдал болон хэрэгт авагдсан баримтаар өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон болох нь тогтоогдсон, согтуурах донтой болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн өмнө нь өөрөө сайн дураар эмчлэгдэх талаар хүсэлт гаргаж байсан ч үр дүн гараагүй үндэслэлээр захиргааны журмаар албадан эмчлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг баримтлан Боржигин овогт *******ын /РД:/-ыг албадан эмчилгээнд явуулсугай.

 

2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Г.г албадан эмчилгээнд явуулж буй талаар холбогдох хүмүүс болон байгууллагад ажлын 5 хоногийн дотор мэдэгдэхийг******* Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар албадан эмчилгээг 3-6 сар хүртэл хугацаагаар хийх бөгөөд эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдсүгэй.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

5. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн биелүүлэхийг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА